Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 147/ШШ2024/00327

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, ******* Г-11 гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12-р сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Миний бие 1985-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан. Мужаан нь барилгын цонх, шал, дээвэр зэргийг хийдэг байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1985-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын 287, 75, 167, 174, 41 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалууд, 287, 75, 167, 174, 41 дугаартай тогтоолуудын хавсралт, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/259 дугаартай лавлагаа, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архивын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0811895 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. ******* овогт ******* нь 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай тушаал, (тушаалын 5 дугаарт *******ыг 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мужаанаар томилсон бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын 287, 75, 167, 174, 41 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалууд, 287, 75, 167, 174, 41 дугаартай Тушаалуудын хавсралт, (мужаан *******од ажлын 22 хоногоор ээлжийн амралт олгосон бичилтүүд бүхий), Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/259 дугаартай лавлагаа, (Д.******* 1985-1990 онуудад Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),

 

5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь 1985-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан. Аймгийн захиргааны барилга, 2 дугаар сургуулийн барилга гэх мэтчилэн аймагт олон бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан. Би 1977-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь цэргээс халагдаж ирээд 1985-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан. Анх ажилд ороод миний туслахаар ажиллаж байсан. Аймгийн Нутгийн удирдлагын ордон, 8 айлын орон сууц, Сүхбаатар суманд 27 айлын орон сууцууд, одоогийн Ардчилсан намын байр зэрэгт мужаанаар ажиллаж байсан. Би 1980-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт сантехникчээр ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Д.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* ******* 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БОЛОРМАА