Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01939

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02275 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “И-” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Б- нь 2019 оны 5 сарын 13-ны өдөр “И-” ХХК-тай машин механзим түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр түрээслүүлэгч И.Б- нь 97-71 УН улсын дугаартай эксковаторыг түрээслүүлж, түрээслэгч “И-” ХХК нь 1 сарын түрээсийн төлбөрт 28 000 000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон. Түрээсийн гэрээ ёсоор түрээслүүлэгч И.Б- нь биет байдлын болон эрхийн доголдолгүй машин механизмыг түрээслүүлэн ашиглуулсан бөгөөд өөрийн зүгээс гэрээнд заасан үүргээ ёсчлон биелүүлж байсан. Гэрээний хугацаа 2019 оны 5 сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаатай бөгөөд уг хугацааны түрээсийн төлбөрт нийт 140 000 000 төгрөгийг түрээслэгч “И-” ХХК-иас авахаас 116 000 000 төгрөгийг авсан. Авто замын ажил нь улирлын чанартай ажил бөгөөд хүйтний улиралд хийх боломжгүй. Техник л юм чинь тодорхой хэмжээний засвар шаардана гэж 2 тал тооцоолоод 1, 2 хоногийн түрээсийг тооцохгүй өдрийн 1 000 000 төгрөгөөр сарын 28 000 000 төгрөгөөр түрээсийн төлбөрөө тооцсон. Түрээслэгч талаас эксковаторын оператор н.Шинэбаярын шүд өвдөөд 2019 оны 9 сарын 12, 13-ны өдрүүдэд аймаг явсан бөгөөд уг 2 өдрийн түрээсийн төлбөрийг хасч 22 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Наадмаар амарсан гэж тайлбарлаж байх ба түрээслэгч “И-” ХХК өөрсдөө амарсан ба өөрсдөө ажиллуулаагүй. Ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэсэн Иргэний хуулийн заалт байгаа. 2019 оны 9 сарын 25, 26, 29, 30-ны өдрүүдэд засвартай байсан гэж байх ба техникийг ашиглах явцад засвар шаардана, үүнийг үгүйсгэхгүй. Хариуцагч “И-” ХХК-иас машин механизм түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: И.Б- нь 2019 оны 5 сарын 13-ны өдөр “И-” ХХК-тай машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулан 97-71 УН улсын дугаартай эксковаторыг уг өдрөөс 2019 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, сарын 28 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба 2019 оны 5 сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний 2.4-т ажлын талбайд гүйцэтгэсэн үр дүнг харгалзан үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 5 сарын хугацаанд 153 хоног ажиллахаас 127 хоног ажилласан ба түрээслүүлэгч талын буюу нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас 26 хоног ажиллаагүй. Түрээслүүлэгч И.Б- нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т зааснаар ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байсан түрээслүүлэгчийн буруутай үйлдэл буюу тоног төхөөрөмжийн эвдрэл, түүнийг ажиллуулах жолоочийн амралт зэргээс шалтгаалаад 26 хоног ажиллаагүй. Гэрээний 5.2-т тоног төхөөрөмжийн доголдлоос болж түүний ашиглалт буурсан хэмжээгээр түрээслэгчид төлөх төлбөрийг бууруулах эрхтэй гэж заасан. Түрээслэгч тал наадмаар 11 хоног амарсан ба 2 хоног бороотой байсан. 8 сард цаг агаарын саатлын улмаас бүтэн 4 өдөр, 3 хагас өдөр ажиллаагүй. 9 сарын 3-ны өдөр амарсан ба 12, 13-ны өдөр ажлаа тасалсан, 25, 26, 29, 30-ны өдрүүдэд засвар хийж байна гээд ажиллаагүй, 10 сарын 01-ний өдөр мөн сул зогсолттой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч “И-” ХХК-иас 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И-” ХХК-иас 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 4.8-д “ажлын талбайд ажиллах жолооч нь тухайн машин механизмыг ашиглах мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай, санаачилгатай, эрх бүхий байгууллагаас олгосон үнэмлэх /жолооны үнэмлэх/-тэй байх шаардлагыг түрээслүүлэгч хариуцах үүрэгтэй” гэж заасан. Түрээслүүлэгч хөлслүүлсэн тоног төхөөрөмжийг зөвхөн түүний ажиллуулж буй жолооч ашигладаг бөгөөд жолооч байхгүй тохиолдолд уг төхөөрөмжийг компанийн зүгээс ашиглах боломжгүй юм. Гэтэл тоног төхөөрөмжийг ажиллуулах жолооч нь хувийн шалтгаанаар аймгийн төв орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ажилд гарах боломжгүй болох, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг хэтрүүлж, ажлын талбайд хоцорч ирэх зэрэг зүйлсээс шалтгаалан сул зогсолт гарсан. Энэ сул зогсолтын хугацаанд компанийн өөр жолооч тоног төхөөрөмжийг хөдөлгөх, ашиглах боломжгүй тул доголдолтой болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа түрээсийн төлбөр 22 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, түрээсийн хугацаанд тоног төхөөрөмжийг бүрэн ажиллах боломжтой байсан гэж тайлбарласан. Хариуцагчийн зүгээс, түрээсийн зүйл болон жолоочоос шалтгаалж ашиглаагүй хоногийн түрээсийн төлбөрийг хасуулах талаар маргаж, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Тодруупбап, түрээсийн жопооч н.Шинэбаяр нь наадмын 5 хоногийн амралтыг хэтрүүлж, 6 хоног ажлын талбайд ирээгүй. Үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн байтал нэхэмжлэгчийн “түрээсийн зүйлийг түрээслэгч нь ашиглах эсэх асуудал өөрсдийнх нь тул төлбөрийг гаргуулж өгнө үү” гэх тайлбарыг үндэслэн, уг тайлбарыг нотолсон баримт байгаа эсэхээс үл хамаарч, уг 6 хоногийн төлбөрийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч талыг нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, нотлох баримт өөр хоорондоо зөрүүтэй гэх зэргээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 18 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас түрээсийн тоног төхөөрөмж, жолооочоос шалтгаалж түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй байсан гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн хугацаанд тоног төхөөрөмж ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, жолооч асуудалгүй ажилласан гэх нэхэмжлэлээ нотлох шаардлагатай болох бөгөөд ийнхүү нотолж чадаагүй байхад дээрх байдлаар нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Анхан шатын шүүх хариуцагч талаас гаргасан нотлох баримт нь өөр хоорондоо зөрүүтэй гэх шалтгаанаар нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслээ нотлоогүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас машин механизмын замын хуудсыг нотлох баримтаар гаргаж, уг баримтад хийсэн бүртгэлийг хүлээн зөвшөөрч, жолооч 2 өдөр аймгийн төв орсон, тоног төхөөрөмж ажлаагүй төлбөрийг хасах талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Өөрөөр хэлбэл, дээрх баримтын нэгтгэсэн хүснэгтэд шалтгааныг буруу бичсэн боловч тоног төхөөрөмжийн жолооч өдөр бүр бүртгэлийн хуудаст ямар шалтгаанаар ажилд гараагүй талаараа баримтжуулж гарын үсэг зурсан. Иймд тухайн баримтыг үндэслэн тоног төхөөрөмжийн ажилласан өдрийг тогтоох боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тоног төхөөрөмжийн жолооч н.Шинэбаярыг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хангаагүй. Хэдийгээр гэрч асуулгах хүсэлт гаргагч нь гэрчийн оршин суугаа хаягийг тодруулах үүрэгтэй боловч түрээслэгч компанийн хувьд жолоочийн утас, гэрийн хаягийн мэдээлэл байхгүй. Харин үүнийг нэхэмжлэгч талаас тодруулах боломж шүүхэд байсан бөгөөд уг хүсэлтийн агуулгад энэ талаараа тодорхой дурдсан. Хэрэв нэхэмжлэгчээс зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч, хариуцагчаас татгалзлын үндэслэлээ болгож буй баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа нөхцөлд уг 2 гэрчээс мэдүүлэг авах журмаар маргааны зүйлийг шийдвэрлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах”, гэрээний 2.4-т “... түрээслэгчээс олгосон түлшний зарцуулалтын тооцоо болон ажлын эрхтэй”, 5.4-д “түрээслүүлэгчийн буруугүйгээр тоног төхөөрөмж ашиглах боломжгүй болсон бол төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан. Хэрэгт авагдсан машин механизмын замын хуудсаас үзвэл түрээсийн хугацаанд нийт 127 хоног ажилласан бөгөөд түрээслүүлэгчийн буруутай үйлдэл буюу тоног төхөөрөмжийг эвдрэл, түүнийг ажиллуулах жолоочоос шалтгаалсан сул зогсолт зэргээс шалтгаалан нийт 26 хоног ажиллаагүй болох нь тогтоогдож байгаа. Түрээсийн гэрээний хугацаанд нийт 153 хоног ажиллах ёстой байсан бөгөөд нэг сарын түрээсийн төлбөр болох 28 000 000 төгрөгийг 30 хоногтоо хуваахад нэг өдрийн 933 333 төгрөгийн үнэ гарч байгаа. Үүнийг ажилласан 127 өдөрт тооцож үзэхэд 118 533 291 төгрөг гарч байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч И.Б- нь хариуцагч “И-” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2019 оны 5 сарын 13-ны өдөр машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч И.Б- нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эксковаторыг, нэг сарын 28 000 000 төгрөгөөр, 5 сарын хугацаанд түрээслүүлэх, хариуцагч “И-” ХХК нь түрээсийн төлбөрийг сар болгоны 10-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4-6-р тал/

 

            Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон тооцооллын зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт “... түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан гэрээний 5.4-т “түрээслэгчийн буруугүйгээр тоног төхөөрөмж ашиглах боломжгүй болсон бол төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байх тул хариуцагч “И-” ХХК нь хөлсний хэмжээг бууруулахаар шаардах эрхтэй байна.

            Тодруулбал, эксковаторын операторын үйл ажиллагаатай холбоотойгоор буюу хөлслөгчийн буруугүйгээр эксковатор нь 2019 оны 9 сарын 12, 13, 25, 26, 29, 30, 10 сарын 01, 9 сарын 24-ний тал өдөр, нийт 7 бүтэн, 1 тал өдөр ажиллаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бүртгэлийн хуудас зэргээр тогтоогджээ. /хх-ийн 37-38-р тал/

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талуудын байгуулсан гэрээний 2.1-т “машин механизмын 1 сарын түрээсийн төлбөр 28 000 000 төгрөг байна” гэж заасан байна. Үүнээс үзвэл эксковаторын түрээсийн төлбөрийг талууд сараар тогтоосон байх тул өдрийн хөлс нь 933 333 төгрөг /28 000 000₮ : 30 хоног = 933 333.3₮/, тал өдрийн хөлс нь 466 666.6 төгрөг /933 333.3₮ : 2 = 466 666.6₮/ байна. Эксковатор нь 7 бүтэн, 1 тал өдөр ажиллаагүй байх тул нийт хөлс нь 7 000 000 төгрөг /933 333.3₮ х 7өдөр = 6 533 333.1₮ + 466 666.61 тал өдөр = 7 000 000₮/ болж байх тул хариуцагч нь энэ хэмжээгээр хөлсийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.  

 

            Хариуцагч “И-” ХХК нь түрээсийн төлбөрт нийт 116 000 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байх бөгөөд хариуцагч нь хууль буюу гэрээнд зааснаар түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй юм. /хх-ийн 70-77-р тал/

 

            Иймд хариуцагч “И-” ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.Б-т олгож, нэхэмжлэлээс 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо наадмын амралт болон цаг агаарын саатлын улмаас эксковатор нь нийт 26 хоног ажиллаагүй тул энэ хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх боловч талууд ашиглалт буюу эксковатор ажилласан хоногоор хөлсийг тооцох агуулгатай гэрээ байгуулаагүй, харин эксковаторын хөлсний хэмжээг сараар тогтоосон байх тул наадмын амралт болон цаг агаарын саатлын улмаас ажиллаагүй эрсдэлийг түрээслүүлэгч талд үүрүүлэхээр шаардах эрхгүй юм.

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт “хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заасан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

            Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхээ хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг залруулан өөрчлөх боломжтой.

           

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02275 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 18.000.000 ...” гэснийг “15 000 000” гэж, “... 4.000.000 ...” гэснийг “7 000 000” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас       232 950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 247 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                            

                                        ШҮҮГЧИД                         Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                 Г.ДАВААДОРЖ