Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 03

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Г.Соронзонболд

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргал,

яллагдагч: Д.Ш, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0920/,

         яллагдагч: О.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг/1280/ нарыг  оролцуулан шүүх өөрийн санаачлагаар тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Тээврийн прокурорын газраас ......... холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

........... холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1703 0000 10095 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний инженер механикч мэргэжилтэй, .  ам бүл 6, эхнэр, 0-13 насны 4 хүүхдийн хамт .тоотод оршин суух, ял шийтгэлгүй, . О.Э

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний техникч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, , Д.Ш.

 

Шүүгдэгч О.Э нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улаанбаатар Төмөр замын зүтгүүрийн депогийн цахилгаан машин явах цехийн байранд Д.Ш гэр бүлийн асуудлаар хэрэлдэж, маргалдан улмаар Д.Шын нүүр, толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 07 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улаанбаатар Төмөр замын Зүтгүүрийн депогийн хойд талын автомашины зогсоол дээр Б.Мыг нөхөр О.Этай хардсаны улмаас хоорондоо хэрэлдэж, маргалдан Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 00 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улаанбаатар Төмөр замын Зүтгүүрийн депогийн хойд талын автомашины зогсоол дээр О.Эт Б.Мын цүнхийг өгөхгүй гэх шалтгаанаар О.Эын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэнд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Ш мэдүүлэхдээ:

Би 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдөр хүүхэд төрүүлсөн. Төрснөөс хойш манай гэрт 4, 5 сард манай гэрт өдөр шөнөгүй хэрүүлтэй байснаас би сэтгэлзүйн дарамт, шоконд орсон.  Би 2012 онд О.Этай гэр бүл болсноос хойш энэ хүний төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байсан. Нөхөр О.Эыг М гэдэг эмэгтэйтэй  холбоотой гэдгийг ажлын газрынхан нь надад 3 сард хэлсэн. Намайг жирэмсэн байхад нөхөр маань ийм байдал гаргасанд их гомдсон. Би М, О.Э нарын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн санал болгосон 600 000 төгрөгийн торгуулийн ялыг зөвшөөрч байна. Уг нь би О.Эын надад гаргасан занг  тэсэх ёстой байсан байна. О.Э үр хүүхдүүд дээрээ эргээд ирээсэй гэж би хүсэж байна. Би дахиж энэ асуудлаар маргаан гаргахгүй байж чадна. Би М, О.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байна. Би ажилгүй, нялх хүүхэдтэй тул торгуулийн мөнгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Э мэдүүлэхдээ:

Би цаашдаа Штай хамт байхгүй. Хоорондын харилцаагаа өнөөдрөөс тасална. Би түүний эрүүл мэндийн байдалд нь дахин халдахгүй. Хоёр хүүхдээ өөр дээрээ аваад тэжээн тэтгээд явна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Д.Ш мэдүүлэхдээ:

О.Э 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр миний нүүр, толгойн тус газар цохиж, надад хөнгөн хохирол учруулсан боловч одоо надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би О.Эыг хүүхдүүдтэйгээ хамт байж, тэднийгээ тэжээн тэтгэсэй гэж хүсэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- О.Э мэдүүлэхдээ:

Д.Ш 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.М мэдүүлэхдээ:

...Шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан миний биед учирсан гэмтлүүдийг 2017 оны 8 дугаар сарын 24-ны өглөө Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн хойд талын автомашины зогсоол дээр байхад Д.Ш учруулсан юм. Тэр өдрийн өглөө би Тээврийн товчооны ойрхон найзуудтайгаа хоночихоод 7 цаг өнгөрөөгөөд алхаад ажил руугаа явж байхад буюу нарны гүүрний доохон талд алхаж явахад О.Э мастер цагаан өнгийн “Т.Кровн” маркийн автомашинтайгаа явж байсан юм байна лээ. Тэгээд намайг “хөөе Маа гээд дуудаад машинд суучих” гэсэн. Тэгэхээр нь би “өө яах юм бэ, суухгүй өчигдөр танай эхнэр чинь бөөн юм болсон шүү дээ” гэхэд “суучих аа өчигдрийн болсон явдлын талаар ярилцъя” гэхээр нь машинд нь суугаад Зүтгүүрийн депогийн хойно байрлах баруун талын автомашины зогсоол буюу шороон зогсоол руу орохоор нь би “энд буучихъя” гээд баруун талын зогсоол дээр буугаад О.Э мастер машинаа зүүн талын цементэн зогсоол дээр очиж байрлуулна гээд явсан. Ингээд би ажил руугаа орох гээд алхаад зогсоолоос гараагүй явж байхад араас нэг машин ирж зогсоод дотроос нь Д.Ш гарч ирээд миний араас гүйж ирээд намайг үсдэж дараад, газар шороон дээр унагаагаад, миний дээр гарч суугаад, нүүр рүү гараараа алгадаад, ноцолдсон гэжээ. (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Нямсүрэн мэдүүлэхдээ:

...2017 оны 8 дугаар сарын 23-нд 14 цаг 50 минутын үед ажил дээр Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн цахилгаан машин цехийн өрөөнд О.Э мастерын хамт байж байсан чинь гаднаас О.Э мастерын эхнэр Д.Ш, манай байгууллагад ажилладаг Б.Мын хамт хэрүүл хийгээд ороод ирсэн. Тэгээд мастер О.Э намайг “цехээс гарч бай” гэсэн. Тэгэхээр нь би шууд гараад явсан. Дараа нь би бүүр сүүлд цехдээ буцаад орсон чинь манай цехээс гараад явсан байсан гэжээ. (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Батцэцэг мэдүүлэхдээ:

...Манай найз Д.Ш намайг “манай нөхрийн ажил дээр очоод ирье” гээд бид 2 Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депо дээр очоод би ажил руу нь ороогүй, Д.Шын машин дотор автомашины зогсоол дээр хүлээгээд сууж байсан. Д.Ш Зүтгүүрийн депо руу ороод цаг гаран болсон. Тэгээд Д.Ш 16 цаг өнгөрч байхад гарч ирэхдээ нүүр нь улайсан, хамар нь хөхөрсөн, доод уруулнаас нь цус гарсан, өмсөж явсан тирко нь урагдаад, өвдөг нь цус болсон, дух нь бага зэрэг овойж хавдсан, толгойны дээд талдаа бас хавдсан, овгор болсон, улайсан шинжтэй байсан гэжээ. (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Бямбасүрэн мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 8 дугаар сарын 24-нд байхаа Улаанбаатар Төмөр замын Зүтгүүрийн депогийн цахилгаан машин цехийн үүдэнд 07 цаг 10 минутын орчимд ирсэн чинь манай цехийн үүдэнд 3 хүүхэн хэрэлдээд зогсож байсан. Тэр хүүхний нэг эмэгтэй нь манай байгууллагын ажилтан байсан. Тэгээд намайг мастер О.Э руу утсаар залгаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь О.Э мастерын 99922568 гэсэн дугаар луу залгаад “манай цехийн үүдэнд хэрүүл маргаан болоод байна, та ирэхгүй юу” гэж хэлсэн. Тухайн үед тэнд байсан нэг эмэгтэй хүнийг нь мастерын эхнэр гэдгийг мэдсэн. Мастер намайг үүдний харуул дуудаад өгчих гэхээр нь би үүдэнд ажиллаж байсан харуул дээр очоод “хүмүүс манай цехийн үүдэн дээр зодоон хийгээд байна, очоод салгаад гарга” гэж хэлсэн чинь харуул ирээд тэр хүмүүсийг аваад гаргасан гэжээ. (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Цэрэндорж мэдүүлэхдээ:

...2017 оны 8 дугаар сарын 24-нд 07 цагийн үед Зүтгүүрийн депогийн нэг засварчин ирээд “цахилгаан машин цехийн үүдэнд 3 хүүхэн хэрэлдээд байна, гаргаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би харуул Үнэнбаярт “тэр хүмүүсийг гарга” гэж хэлсэн. Тэгээд Үнэнбаяр очоод тэр 3 эмэгтэйг гаргаад явуулсан. Зүтгүүрийн депогийн харуулын үүдээр гарах үед нь ямар хүмүүс байна гээд харсан чинь үүдээр гүйгээд гараад явсан. Хоёр эмэгтэй нь манай байгууллагын ажилтан биш гадны хүмүүс байсан гэжээ. (хавтаст хэргийн 58 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Солонго мэдүүлэхдээ:

...тэр өглөө би Д.Штай хамт Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн авто машины зогсоол дээр очсон чинь Д.Шын нөхөр О.Э өөрийн машинтайгаа зүүн талын хаалган дээр зогсоод Мыг машинаасаа буулгасан. Тэгээд Д.Ш эгч араас нь гүйж очоод М гэдэг эмэгтэйг үсдээд дарсан. Эхлээд М Д.Шын
дээр гарсан газар хэвтэж байсан. Дараа нь Д.Ш дээр нь гарсан хоорондоо зууралдаад үснээсээ зулгаагаад хэрэлдээд байсан. М доор нь хэвтэж байхдаа Д.Шын гэдэс рүү нь жийсэн байж байсан. Тэгээд Д.Ш эгч Өлзий эгчтэй хамт Мыг дарга дээр чинь авч орно гээд дагуулаад явсан гэжээ. (хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Болорчимэг мэдүүлэхдээ:

...би 2017 оны 8 дугаар сарын 24-нд өглөө
Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн ажилдаа 07 цаг 35 минутын үед ирсэн чинь Зүтгүүрийн депогийн гарам дээр манай найз М,
О.Э мастерын эхнэр Д.Штай зогсож байсан. Тэгээд Мыг би хараад “чи юу хийж зогсож байгаа юм бэ” гэж асуусан чинь миний өөдөөс
М дуугараагүй байхад О.Э мастерын эхнэр Д.Ш “тус тусын ажпаа хийвэл зүгээр юм биш үү, өөрт чинь ямар ч хамаагүй, чи ор” гэсэн. Тэгээд би М руу толгойгоо дохисон чинь М найзынхаа  цүнхийг аваад  өгөөч. Энэ Д.Ш найзуудтайгаа авсан гэж байсан. Намайг анх яг гарам дээр Мыг харахад М үс нь сэгсийсэн, нүүр ам нь аймар улайсан, гараа
энгэртээ барьсан, энгэр нь урагдсан байдалтай байсан. Тэгээд 2 гараараа энгэрээ хумиад барьсан байсан. Байгаа байдал нь аймаар болсон байсан гэжээ. (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11092 тоот дүгнэлтэд:

      1. О.Эын биед хацар, нуруу, хэвлий гуянд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

      2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 77 дугаар хуудас)

     

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11085 тоот дүгнэлтэд:

1. Б.Мын биед хэвлий, гарын бугалга, сарвуу, хүзүү, шилбэнд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэдэх боломжтой,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10874 тоот дүгнэлтэд:

1. Д.Шын биед тархи доргилт, зүүн хацар, зүүн шуу, бүсэлхий, хамарт цус хуралт, 2 өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэдэх боломжтой,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас)

 

      Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О.Э ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 108 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Ш ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 101 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О.Э нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улаанбаатар Төмөр замын зүтгүүрийн депогийн цахилгаан машин явах цехийн байранд хохирогч Д.Штай гэр бүлийн маргааны улмаас хэрэлдэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, зүүн шуу, бүсэлхий, хамарт цус хуралт, 2 өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 07 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улаанбаатар Төмөр замын Зүтгүүрийн депогийн хойд талын автомашины зогсоол дээр Б.Мыг нөхөр О.Этай хардсаны улмаас хоорондоо хэрэлдэж, улмаар маргалдан Б.Мын эрүүл мэндэд хэвлий, гарын бугалга, сарвуу, хүзүү, шилбэнд шалбаралт бүхий  хөнгөн хохирол учруулсан,

мөн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 00 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улаанбаатар Төмөр замын Зүтгүүрийн депогийн хойд талын автомашины зогсоол дээр О.Эт Б.Мын цүнхийг өгөхгүй гэх шалтгаанаар О.Эын эрүүл мэндэд нь хацар, нуруу, хэвлий гуянд шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Б.М, гэрч Г.Болорчимэг, Б.Солонго, Ц.Цэрэндорж, Ш.Бямбасүрэн, Б.Батцэцэг, Х.Нямсүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11092, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11085, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10874 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Тээврийн прокурорын газраас О.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д,

Д.Шд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй  тул шүүгдэгч О.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,

 Д.Шыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос О.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500 000 төгрөгөөр торгох, Д.Шыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

 

Хохирогч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохиролтой холбоотойгоор хохирол нэхэмжлээгүй, хохирогч Д.Ш нь шүүгдэгч О.Эаас, хохирогч О.Э нь шүүгдэгч Д.Шаас тус тус хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох, 

 

шүүгдэгч Д.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Э нь торгох ялыг 6 сарын хугацаанд,

Д.Ш нь торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Э, Д.Ш нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ш, О.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН