| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/01986/И |
| Дугаар | 102/ШШ2024/04372 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/04372
| 2024 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2024/04372 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг *дугаар хороо, Маргад хотхон* тоотод байрлах, * ХХК /рд:*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Дунд гол өөрийн байранд байрлах, *ХХК /рд:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус бүр нь 1000 м.кв талбай бүхий, халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч*,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *г,
хариуцагчийн өмгөөлөгч *,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч *ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Манай компани нь *ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17/001 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулан Улаанбаатар хотод байрлах тус бүр 1000м2 талбай бүхий халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг буулган мөн хотын Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо 347 дугаар гарамын урд байршилтай газарт нүүлгэн шилжүүлэх, барих, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор өргөст хэмх тарих, даршлах, борлуулах, ашиг хуваарилах үүргийг хүлээж, олсон ашгийн 51 хувийг * ХХК, 49 хувийг *ХХК авахаар тохиролцож, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 108,672,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болох нь тогтоогдсон. Харин *ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан ба мөн хүлэмж байршуулсан газрыг гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд хэн нэгэнд худалдах, барьцаалахыг хориглосон байтал Голомт банк ХХК-ийн барьцаанд тавьсан, барьцаа хөрөнгийг хураах асуудал гарч ирсэн. Иймд манайх хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалт 108,672,000 төгрөгийг буцааж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх, дуусгавар болгох буюу цуцлахад саад болохгүй, түүнтэй холбоотой гарах үр дагаврыг шийдвэрлүүлэхэд саад болохгүй болохыг дурдсан. Үүнээс хойш гэрээгээ үргэлжлүүлэх эсэх асуудлаар *ХХК-д удаа дараа хандсан, уулзалт хийсэн боловч ямар ч үр өгөөж өгөөгүй, тайлан мэдээ ирүүлээгүй, харин дахин хөрөнгө оруулалт хийвэл хамтран ажиллах боломжтой гэсэн тул бид гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй. Хамтран ажиллах гэрээний 3.2-д энэхүү хүлэмжүүд баригдаж дуусгавар болсоны дараагаар 4000м2 хүлэмжийн 51 хувь нь А талын өмчлөлд үлдэнэ гэж тохиролцсоноор шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд тус түр нь 1000м2 талбайтай халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмжийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийж хамтран ажиллахаар болж, манай компанийн өөр газарт байсан 4 хүлэмжийг буулгаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо руу нүүлгэн шилжүүлсэн. Тухайн үед манайхыг ** ХХК-иас зээлтэй гэдгийг * ХХК-ийн захирал н.Энхтүвшин мэдэж байсан бөгөөд манайхыг хариуцсан зээлийн эдийн засагчтай очиж уулзсан байсан. Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр биш гэрээ. Бидний сайхан сэтгэлийг хуурч хийсэн гэрээ юм. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч тал 100,000,000 төгрөгөө өгсөн, гэтэл манайх ус, дулаан, тог цахилгаан, ажилчдын цалин гээд бүх зардлыг гаргасан. Дээрээс нь хураасан ногоогоо нэхэмжлэгч тал бүгдийг аваад явсан. Гэрээгээр 100,000,000 төгрөг төлөөд хамтарч ажиллах нь ямар зориулалттай байсан гэхээр хүлэмжийг буулгаад өөр газар нүүлгэн бариад нарийн ногоогоо тариад тарьсан ногоогоо даршлаад борлуулах хэлбэрээр хамтран ажиллана гэсэн. Түүнээс нэхэмжлэгч тал энэхүү хүлэмжийг авахаар гэрээ байгуулаагүй. Мөн хамтарч ажиллаж чадаагүй. Гэрээний хугацаа дуусгавар болсон байгаа. Нэхэмжлэгч тал 2018 онд гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Үүнд ямар зардал гарсан, гарсан зардлуудаас энэ хугацаанд гэрэл цахилгааны төлбөр, халаалтын төлбөрөөс эхлээд хүлэмжийн үйл ажиллагаа асар их хэмжээний халаалт ордог. Энэ зардлуудыг хассан тооцоо баримтууд юу ч байхгүй хэр нь шууд хүлэмжийн хагасыг авна гэж байгаа нь шударга бус, мөн энэ маргааны үйл баримттай холбоотой асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Мөн хариуцагч талын өмчлөлийн хөрөнгө учраас 2000 мкв хүлэмжийг авна гэдэг нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хх 3/, * ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 4/, дүрэм /1хх 6-8/, * ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг /1хх 9-10/, Монгол шуудан ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05/859 тоот тодорхойлолт, хавсралт /1хх 11-12/, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/811 тоот тодорхойлолт, хавсралт /1хх 13-14/, Хүлэмжийн хөрөнгө оруулалт гэх тооцоо нийлсэн баримт /1хх 15/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /1хх 16/, Хаан банкны орлогын мэдүүлгүүд /1хх 17-20/, Бэлэн мөнгөний зарлагын баримт /1хх 19/, 4,000 м.кв талбай бүхий нийлэг хальсан хүлэмж нүүлгэж, барихад болон нөөшлөх цехийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалтын тухай баримт /1хх 21/, Голомт банкны дансны хуулга /1хх 22/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 23, 25-36/, Голомт банкны чекийн баримт /1хх 24/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 165 дугаар магадлал /1хх 37-45/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаар шийдвэр /1хх 46-54/, Гэрэл зургууд /1хх 55/, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17/001 дугаартай Хамтран ажиллах гэрээ /1хх 64-68/, Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн гаргах нь /1хх 80-81/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /1хх 161/, итгэмжлэл /2хх 166/, Хүлэмжийн зураг /1хх 95-117/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 57, 70/, дүрэм /1хх 58, 71-73/, хариу тайлбар /1хх 63/, итгэмжлэл /1хх 83/, Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /1хх 120-121, 2хх 149-150/, итгэмжлэл /2хх 171/,
5. Дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаар шийдвэртэй хэргээс нотлох баримт шинжлэн судалж, хуулбарлан хэрэгт хавсаргасан /1хх 162-250, 2хх 1-23/, Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны 542 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай тайлан /2хх 85-120/, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /2хх 128-144/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч * ХХК-иас тус бүр нь 1000м2 талбайтай халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмжийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч *ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17/001 тоот Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний 3.2-т заасны дагуу хүлэмжүүд баригдаж дуусгавар болсоны дараагаар 4000м2 хүлэмжийн 51 хувь нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэхээр тохиролцсон гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Үүнд: Хамтран ажиллах гэрээний маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн, шүүхийн шийдвэрийн 63,375,000 төгрөгийг төлсөн, уг хүлэмжийг буулгаад өөр газар нүүлгэн бариад ногоогоо тариад тарьсан ногоогоо даршлаад борлуулах хэлбэрээр гэрээг байгуулсан, нэхэмжлэгч тал уг хүлэмжийг авахаар гэрээ байгуулаагүй гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэргийн 64 дүгээр талд нэхэмжлэгч * ХХК болон хариуцагч *ХХК нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 17/001 дугаартай Хамтран ажиллах гэрээ авагдсан. Уг гэрээгээр тус бүр нь 1000м2 дөрвөн /нийт 4000м2/ өвөл, зуны хүлэмж тус бүр халаалт, усалгааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжинд нарийн ногоо буюу огурцы тарих, тарьсан огурцыг даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.
Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 165 дугаар магадлал авагдсан ба уг шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. Энэхүү шүүхийн шийдвэрээр дараах үйл баримтыг тогтоосон байна. Үүнд:
Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр * ХХК-ийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, *ХХК-ийг Улаанбаатар хотод байрлах тус бүр нь 1000м2 талбай 4 ширхэг хүлэмжийг буулган 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 347 дугаар гарамын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлж барих, мөн сарын 31-ний өдрийн дотор нарийн ногоо буюу огурцы тарих, даршлах, борлуулах үүргийг тус тус хүлээсэн, энэхүү хамтын ажиллагаанаас олсон ашгийн 51 хувийг * ХХК, 49 хувийг *ХХК авахаар тохиролцсон гэж дүгнэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрээр хамтран ажиллах гэрээнээс ашиг олоогүй, *ХХК-ийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу нарийн ногоо тариагүй, ашиг, алдагдал хуваарилаагүй, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалт болох 108,672,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий * ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрээр дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд: * ХХК нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүрэг буюу хураамжид 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 108,672,000 төгрөг төлсөн, талууд хамтын ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд явуулсан, нэхэмжлэгчийн төлсөн хураамж нь гэрээний зорилгыг биелүүлэхийн тулд гэрээнд заасны дагуу хүлэмж зөөх, барих, ногоо тарих зэрэг ажилд зарцуулагдсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн байна. Иймд * ХХК нь *ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн болохыг нотолсон байхыг шаардана. Харин * ХХК нь хуульд заасан гэрээнээс гарах урьдчилсан нөхцөл бүрдсэн, *ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, нэмэлт хугацаа өгөх шаардлагагүй болохыг нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Түүнчлэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 165 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн * дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба талуудын хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу үүсэх бусад үр дагавар буюу хамтын үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх, эсхүл хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохтой холбоотой зохих ажиллагааг хийхэд дээрх шийдвэр саад болохгүйг дурдсан байна.
4.3. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш талууд гэрээг хугацааны өмнө дуусгавар болгох эсэх, хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлаар ямар нэг шийдвэрт хүрээгүй, хамтын ажиллагаа үргэлжлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар маргаагүй.
4.4. Хамтран ажиллах гэрээний хугацаа 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна. Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болжээ.
Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4 дэх хэсэгт хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ гэж заасан.
Гагцхүү биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгох шаардлагатай бол төлөгдөөгүй байгаа хураамжийг төлөхийг шаардах боломжтой. Бусад тохиолдолд төлөгдөөгүй байгаа хураамжийг үлдсэн хөрөнгийг талуудад хуваарилахдаа тооцох хэлбэрээр дуусгавар болгоно. Хамтын үйл ажиллагааны явцад бий болсон, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн бүх үүргийг гүйцэтгэсний дараа болон гэрээний талуудын бүх төрлийн шаардлага, шаардах эрхийг хангаад үлдэх нийт хөрөнгийг талуудад хувь тэнцүүлэн хуваарилах ёстой. Хувь тэнцүүлэн хуваарилах, эсхүл үүрэг гүйцэтгэх дээрх хоёр тохиолдолд юуны өмнө хамтран ажиллах гэрээний тохиролцоог шалгах ёстой. Хэрэв гэрээнд энэ талаар заасан зүйл байхгүй бол хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ.
Хамтран ажиллах гэрээний 1.2-т Гэрээний талууд Улаанбаатар хотод байрлах тус бүр нь 1000м2 дөрвөн /нийт 4000м2/ өвөл, зуны, хүлэмж тус бүр халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 347 дугаар гарамын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжид нарийн ногоо буюу огурцы тарих, тарьсан огурцыг даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллана, 1.3-т Хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг талууд дараах байдлаар хариуцан гаргана. 1.3.1. * ХХК-иас 100,000,000 төгрөгт багтаан хөрөнгө оруулалт хийнэ. 1.3.2. *ХХК хүлэмж нүүлгэн шилжүүлж барих газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх дотоод тоног хэрэгсэл, 2.1-д хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд * ХХК дангаар хөрөнгө оруулах, *ХХК дангаар хүлэмжийн үйл ажиллагааг эрхлэх, 2.4-т Энэхүү гэрээний зүйл болсон 4000м2 хүлэмжийн эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээ, сайжруулах үйл ажиллагаа түүнтэй холбоотой гарах зардлыг *ХХК хариуцна, 3.1.1-д Энэхүү гэрээний 1.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааны зардлыг * ХХК бүрэн хариуцна, 3.2-т Энэхүү хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4000м2 хүлэмжийн 51 хувь нь * ХХК-ийн өмчлөлд үлдэнэ, 3.6-д Хамтын ажиллагаанд зориулан ашиглаж буй Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 347 дугаар гарамын урд байрлах 4000м2 хүлэмжийн газрыг талууд харилцан тохиролцохгүйгээр өөр зорилгоор ашиглахыг хориглоно, 4.1-д Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна гэж талууд тохиролцсон байна.
Талуудын гэрээний 3.2-т заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийн Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал хариуцагч *ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын урд байрлах газарт 4 ширхэг хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4000м2 хүлэмжийн 51 хувийг нэхэмжлэгч Онц шийдвэл ХХК-ийн өмчлөлд үлдээх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, талууд хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг гэрээний 1.3-т зааснаар нэхэмжлэгч 100,000,000 төгрөгт багтаан хөрөнгө оруулалт хийх, харин хариуцагч хүлэмж нүүлгэн шилжүүлж барих газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх дотоод тоног хэрэгслийг хариуцахаар гэж тодорхойлжээ. Үүнд маргааны зүйл болж буй тус бүр нь 1000м2 талбай бүхий 4 ширхэг халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны хүлэмжийг хамааруулаагүй байна. Гэрээний зүйл болох 4000м2 хүлэмжийн эвдрэл, гэмтэл, засвар үйлчилгээ, сайжруулах үйл ажиллагаа түүнтэй холбоотой гарах зардлыг *ХХК хариуцахаар гэрээний 2.4-т заасан нь уг хөрөнгийг гэрээний талуудын дундын хөрөнгө биш, *ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болохыг тодорхойлсон гэж үзэхээр байна.
Гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэрээний 3.2-т заасан нөхцөлийг харилцан тохиролцон хэлцэл байгуулсан нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл болохыг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас хамтран ажиллах гэрээний 3.2-т заасан үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр тус бүр нь 1000м2 талбай бүхий 4 ширхэг халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны хүлэмжийн 51 хувийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.
Нэхэмжилж буй эд хөрөнгө болох тус бүр нь 1000м2 талбай бүхий 4 ширхэг хүлэмжийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр 1 ширхэг өвөл, зуны хүлэмжийн зах зээлийн үнэлгээг 680,000,000 төгрөг, 4 ширхэг өвөл, зуны хүлэмжийн зах зээлийн бүгд үнэлгээг 2,720,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд зохигчид энэхүү үнэлгээний талаар маргаагүй.
Иймд тус бүр нь 1000м2 талбай бүхий 4 ширхэг хүлэмжийн зах зээлийн үнэ болох 2,720,000,000 төгрөгийн 51 хувь буюу 1,387,200,000 төгрөгийг хариуцагч *ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 701,310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 7,093,950 төгрөгийг гаргуулан 701,310 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 6,392,640 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *ХХК-иас 1,387,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 701,310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *ХХК-иас 7,093,950 төгрөгийг гаргуулан 701,310 төгрөгийг нэхэмжлэгч * ХХК-д олгож, 6,392,640 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН