Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

   2018          01          02                                     08                                                    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Еншөөбүдугаа овогт Мөнхжаргалын Жд холбогдох эрүүгийн 1705 0084 30281 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй. дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөөрөг зардаг ажилтай, сард 600 000 төгрөгийн цалинтай, 6666666тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, Еншөөбүдугаа овогт Мөнхжаргалын Ж.

 

Шүүгдэгч Мөнхжаргалын Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Ч.Эийг гэр бүлийн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Ж мэдүүлэхдээ:

Ч.Э бид хоёр 2006 онд гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болсон. Өмнө нь бидний дунд маргаан гардаг байсан ч би түүнийг зодож байгаагүй. Гэтэл манай эхнэр намайг олон удаа төмөр болон хутгаар толгой руу цохиж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би эхнэрийнхээ нүүрэн тус газар гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэрэг гарсаны дараа бид гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүд маань одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд надад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж энэ хэргийг хүлээлгээгүй гэв. 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Э мэдүүлэхдээ:

...тэгээд Ж дээр очоод “энд юу хийж байгаа юм бэ, гаръя” гэж хэлээд дагуулаад гарсан. Гарсаныхаа дараа Ж баарны үүдэнд над руу дайраад надтай хэрүүл хийсэн. Гарчихаад надад уурлаж, агсамнаж нүүр толгой руу гараараа савж цохьсон. Мөн намайг газар унагааж өшиглөсөн. Би огт хэрэлдээгүй, хэрүүл маргааныг зөвөөр ойлгуулах гэж тайлбарлаж хэлсэн. Маргааш нь бид хоёр чухал ажилтай байсан учраас би түүнийг цааш нь архи уулгаж явуулахгүй гээд авч явах гэж оролдсон. Ж харихгүй гээд цааш явахад нь би түүний араас “хөөе, харъя аа” гээд очтол эргэж хараад намайг толгой, нүүр амгүй гараа зангидаж байгаад цохиж зодсон. Тухайн үед миний уруул язарч хуваагдсан. Би доод уруулдаа 2-3 оёо тавиулсан. Тухайн үед миний үүдэн баруун дээд шүд хөдөлгөөн орж доошоо суларсан, эрүүний зүүн тал хөхөрч хавдсан байсан. Гар, гуя, шилбэ хөхөрсөн, толгой дагз хөндүүр болсон байсан.

Цаашид Жтай хамт амьдрахгүй тул дахиж хэрүүл маргаан гарч, нөхөртөө зодуулах асуудал үүсэхгүй гэж үзэж байгаа учир энэ хэргийг хааж өгнө үү. Энэхүү шийдвэрийг хэн нэгний дарамт шахалтаас болж гаргаагүй болно гэжээ. (хэргийн 20, 64 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Л.Чогсом мэдүүлэхдээ:

...Манай охин Э нөхөр Жтай 2006 оноос анх нийлсэн. Э Ж хоёр 2006 оноос 2011 он хүртэл манайд надтай хамт амьдарч байгаад 2012 оноос тусдаа гарцгаасан. Э, Ж хоёр надтай хамт амьдарч байхад Ж Эийг зодоод би салгаж Жд үг хэлэх гэхэд намайг хүртэл зодох гэж дайрч байсан. Ж манай охинтой хамт амьдарсанаас хойш маш олон удаа зодож нүддэг байсан. Би Жг Эийг зодох болгонд нь тэмдэглэл хөтлөж, Жгаар дахиж Эийг зодохгүй гэсэн баталгаа бичүүлж авдаг байсан. Би тэр тэмдэглэл болон өргөдөлүүдээ хэргийн материалд хавсаргуулсан гэжээ. ( хэргийн 22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11945 тоот дүгнэлтэд:

1. Ч.Эийн биед дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор талд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний оочны зүүн доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн өвдөгний дор цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Ж ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Этэй маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодож эрүүл мэндэд нь дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор талд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний оочны зүүн доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, зүүн өвдөгний дор цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Э, гэрч Л.Чогсомын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11945 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Жд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд М.Жг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй болно.

 

Хохирогч Ч.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол, саналгүйгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 500 000 нэгжээр торгох эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрсөн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Еншөөбүдугаа овогт Мөнхжаргалын Жг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Жг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Ж нь торгох ялыг 7 хоног хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

           

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН