Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/273

 

   

 

 

 

 

    2023           3              9                                        2023/ДШМ/273

 

 

Ч.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, Б.Оюунгэрэл,

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Ч.Амаржаргал, Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Зт холбогдох эрүүгийн 2205000002216 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Далайногоо овгийн Ч.З, 1980 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ......................... тоотод түр оршин суух, /РД:............................../;

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 198 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр өршөөлд хамрагдаж суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 425 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Ч.З нь “2022 оны 10 дугаар сарын 9-ний өглөөний 06 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун ард аюушийн 3-52 тоот хашаанд байдаг эсгий гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.А байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны дарамтад оруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар “машины түлхүүр өгөөгүй” гэх шалтгаанаар Г.А хоолойг нарийн олсоор боомилж, түүнийг амьсгал механик дутагдалд оруулж алсан” гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Зыг 15 /арван тав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зт оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зын цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ч.Зын хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ч.З нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас гарсан зардалд нийт 8.524.000 /найман сая таван зуун хорин дөрвөн мянга/-н төгрөг төлсөн болохыг дурдаад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас гарсан бусад гэм хорын зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан цагаан эрээн өнгийн 3 хэсэг олсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 9-ний өглөө 10:30 минутын орчим миний бие өөрөө цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 96133313 дугаарын утаснаас залгаж дуудлага мэдээлэл өгч өөрийгөө илчилсэн. Уг хэргээ анхны өдрөөс эхлэн одоог хүртэл огт маргаангүй ээдрээ төвөгтэй байдалгүй хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн болно. Миний бие гэм буруутай үйлдэлдээ өдөр бүр маш их харамсаж байгаа төдийгүй, гэмт үйлдлээс учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Иймд оногдуулсан ял шийтгэл, дэглэмийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Зын өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х ...манай дүү 4 жил орчмын өмнөөс Зтай хамтран амьдрах болсон, манай хашаанд нэг өвөл өвөлжсөн...”, гэрч С.Оын ...хажуу айлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй амьдардаг..., гэрч Г.Ариунаагийн "... 3 жилийн өмнөөс Зоригоо гэх залуутай уулздаг болсон...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч амь хохирогч нар нь албан ёсоор гэрлэгчид болоогүй тэдний хооронд хамтын амьдрал байна гэж шүүх дүгнэсэн байдаг. Гэтэл хамтран амьдрагч байгаагүй буюу найз нөхдийн холбоотой байсан болох нь гэрч Ч.Одсүрэн, X.Ариунаа, Д.Бямбасүрэн, насанд хүрээгүй гэрч Ч.Уянга нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүхээс Ч.Зыг “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж зүйлчилсэн үндэслэлгүй байна. Учир нь Ч.Зыг хамтран амьдрагч Г.А амь насыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохироосон гэж шийтгэсэн явдал нь зөвхөн хохирогчийн зохиомол мэдүүлэг болон зарим гэрчүүдийн дам мэдүүлэг зэрэгт тулгуурласан байна Эдгээр мэдүүлгүүдээр Ч.Зыг амь хохирогч Г.А хамтын амьдралтай байсан гэж үзээд хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж болохгүй. Мөн шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэсэн.  Гэтэл /1хх 1/-т байх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд Ч.З нь өөрөө хэргийн талаар дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Мөн /1хх 33/-т байх гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд Ч.З нь анх цагдаагийн байгууллагад өөрийн барьж байсан гар утсаараа дуудлага өгсөн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хт оршуулгын зардал болох 8.524.000 төгрөгийг төлсөн. Дээрх баримтуудаас үзэхэд Ч.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлыг төлсөн, өөрийгөө илчилсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Ч.З нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн талаар маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, гэм буруугүйд тооцох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн зүйл анги нь тохироогүй хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Зын өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.З нь гэмт хэрэг үйлдсэн болохоо өөрөө цагдаагийн 102 дугаарт дуудлага өгч мэдэгдэж өөрийгөө илчилсэн бөгөөд анхнаасаа гэм буруугаа хүлээсэн. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд төлж барагдуулсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэнд гомдолтой байна. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамрагдаж байгааг анхааран үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлээс хасаж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х, гэрч О, А, Сарангэрэл, Түвшинзаяа нар мэдүүлэгтээ шүүгдэгч, амь хохирогч нар ямар хугацаанд хамт амьдарсан талаар тодорхой дурдсан байдаг. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тодорхой тусгагдсан байдаг. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүх шударга ёсны зарчимд нийцсэн ял шийтгэлийг шүүгдэгч Ч.Зт оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.З нь “2022 оны 10 дугаар сарын 9-ний өглөөний 06 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун ард аюушийн 3-52 тоот хашаанд байдаг эсгий гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “машины түлхүүр өгөөгүй” гэх шалтгаанаар Г.А хоолойг нарийн олсоор боомилж, түүнийг амьсгал механик дутагдалд оруулж алсан” болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х “...Манай дүү 4 жил орчмын өмнөөс Зтай хамтран амьдардаг болсон. Манай хашаанд нэг өвөл өвөлжсөн. Өчигдөр манай дүү том эгчийн гэрт 15 цагийн орчим ороод хувцсаа солиод гарсан гэсэн.        Ч.З архи уучихсан, машинаа согтуу барих гээд байна, машины түлхүүрийг нь авчихсан, дүүд нь өгнө  гэж хэлсэн гэсэн. Өнөөдөр манай бага дүү рүү цагдаагаас залгаж, дүүг нас барсан гэж мэдсэн. ...” /1хх 46-47/,

гэрч Ч.У “...40 орчим насны ах ихэнхдээ ганцаараа амьдардаг. Хааяа эхнэр нь гээд нэг эгч ирж хонодог. 7 хоногт 1 удаа эхнэр нь ирж, 2-3 хоноод явдаг. Хамтдаа архи пиво уудаг, хааяа гаднаа хүмүүс ирж хамт уудаг. Хамт архи уухаараа хэрэлдээд, зодолдоод байдаг. Хөрш ах согтуу машинаа унаж ирсэн болохоор эхнэр нь загнаж байсан. Өнөөдөр өглөө үүрээр 05 цагийн үед нөхөр нь чемодан чирээд хашаанаас гарсан. Дараа нь эхнэр нь орилоод утсаараа цагдаа дуудаад байгаа бололтой байсан. Үүний дараа нөхөр нь буцаж орж гараад байгаа бололтой, хашааны хаалга 2-3 удаа хаагдах чимээ сонссон. Түүнээс хойш би унтаад өгсөн. Өглөө сэрэхэд хөрш айлын хаалга хаалттай, элдэв чимээ гарахгүй байсан. Нөхрийнх нь машин хашаанд байсан. Хүн гарч, орохгүй, галаа түлэхгүй, чимээгүй байдалтай байж байгаад 15 цагийн үед цагдаагийн машин ирсэн. ...” /1хх 50-52/,

гэрч Ш.С “...Манай хажуу талд 2021 оны 8, 9 сарын үед нэг үл таних 40 орчим насны ганц бие залуу амьдарч эхэлсэн. Эхнэр нь гээд 30 орчим насны эмэгтэй заримдаа ирдэг. 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өглөө үүрээр 05 цаг өнгөрч байх үед манай гэрийн ард талаар эмэгтэй хүний хоолой гараад, машиныхаа түлхүүрийг эндээс хай гээд хэлээд байсан. Гэрийн урд үүд хэсгээр хөрш залуу дуугараад машины түлхүүр өг гээд хэлээд байсан. Үүнээс хойш юу болон талаар мэдээгүй унтаад өгсөн. Намайг сэрээд удаагүй, гэрээсээ ч гарч амжаагүй байхад цагдаа нар ирсэн. Тэр эмэгтэй заримдаа ирээд 7 хоноод яваад дахиад 10-20 хоногийн дараа ирээд буцдаг. Архи уусан үедээ байнга хамт байдаг, тэр үедээ байнга хэрүүлтэй байдаг. ...”  /1хх 54-57/,

            гэрч Ж.Т “...Тухайн хашаанд 2 айл байдаг. Тэр айлаас цэнхэр приус машинтай залуу орж гарч харагддаг. Хааяа нэг туранхай эмэгтэй харагддаг ба ямар харилцаатай талаар мэдэхгүй. ...” /1хх 63/,

гэрч О.М “...2021 оны 7 дугаар сарын хавьцаа нэг эмэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа гээд А буюу Зулаа гэж дууддаг эмэгтэйг танилцуулсан. Ч.З ах хэлэхдээ Зулаагаа өөртэй нь хамт архи уудаг гэж ярьдаг байсан боловч Зулааг архи ууж байхыг нь хараагүй. 2022 оны 10 дугаар сарын 8-ны орой 18 цагийн орчимд Ч.З ахын дугаараас манай нөхрийн утас руу залгахаар нь автал Зулаа байсан бөгөөд согтуу машин барина гээд байна, машиныхаа түлхүүрийг булаагаад авчихлаа гээд утсаа тасалсан. ...” /1хх 65-66/,

гэрч Г.А “...Миний мэдэхээр одоогоор 3 жилийн өмнө Зоригоо гэх залуутай уулздаг болсон бөгөөд нэг гэртээ албан ёсоор ороогүй ч уулздаг байсан. Зоригоо гэх залуутай уулзахаараа л архи уучихдаг, гэрээсээ хөөдөг гэж хэлж байсан. 2022 оны 10 дугаар сарын 9-ний өглөө 11 цаг өнгөрч байх үед талийгаач над руу залгаад өөрийгөө хаана байгааг хэлээгүй, гэртээ харьж дулаан хувцас өмсье гэхээр нь би одоо гэртээ харь харь гэж хэлээд утсаа тасалснаас хойш огт холбоо бариагүй. ...” /1хх 68/,

гэрч Ч.О “...Над руу 2022 оны 10 дугаар сарын 8-ны орой 18 цагийн үед 96133313 дугаараас залгаад Би зулаа байна, зоригоо согтуу машин унана гээд байна, би түлхүүрийг нь авчихлаа, та ирээд машиныг нь аваад яваач” гэсэн. 2022 оны 10 дугаар сарын 9-ний 05 цаг 45 минутад дахиад над руу залгаж “Би ахад чинь хуушуур хоол өгөх гээд ирсэн чинь машинаа онгойлгосон байна, түлхүүр нь надад байгаа, илүү түлхүүртэй юм байлгүй гэснээ цаашаа дүүтэй чинь ярьж байна, Одсүрэнтэй ярьж байна" гэж орилоод байсан. Өглөө нойрмог байсан учраас цагдаа дууд гэсэн чинь хаягийг нь мэдэхгүй байна гэсэн. Анх удаа надтай утсаар ярьсан бөгөөд Зоригоо ахын найз бүсгүй гэж ойлгосон. ...” /1хх 71-73/

гэрч Г.Х “...2022 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 20 цагийн орчим эгчтэй уулзсан. Надад Зоригоо согтуу агсраад байна, машины түлхүүр утсыг нь би авчихсан, төрсөн дүүтэй нь утсаар ярьсан, дүүд нь түлхүүрийг нь өгөхөөр болсон, би эгчид 5000 төгрөг өгөөд явлаа гэж хэлээд явсан. Хааяа надад Зоригоо согтуу байна, хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийлээ, намайг цохилоо гэж хэлж байсан. Талийгаач, Зоригоо хоёр хоёулхнаа түрээсийн хашаанд гэрт амьдардаг байсан. ...” /1хх 75-76/,

гэрч Д.Б “...Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 9-ний өглөө 10 цагийн орчимд манай найз Ч.З нь манай гэрт ирсэн. Тухайн үед нь би согтуу болохоороо эхнэр, хүүхэд айлгачихна гээд гэр рүү оруулаагүй. Гарч ирэхэд нүүрсний амбаарын хажууд унтчихсан байсан. 14 цагийн үед З сэрэхээр нь би хүргэнийгээ хүргээд өг гэсэн. Удалгүй З над руу 96133313 дугаараас залгаад “Зулаа үхчихжээ” гэж хэлэхээр нь цагдаад дууд гэж хэлсэн. Удалгүй намайг цагдаагаас дуудсан. Архи уухаараа хэтрүүлж, хэд хоног нойр хоолгүй уугаад, хий юм хараад элдэв сонин юм яриад байдаг. Атай 2019 оноос хойш холбоотой байгаа. Уухаараа хоёулаа их агсам, дундаасаа үр хүүхэд байхгүй, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. ...” /1хх 82-84/,

шүүгдэгч Ч.Зын яллагдагчаар өгсөн: “...А бид хоёр хамтран амьдардаг асуудал байдаггүй байсан, ирэхгүй байж байгаад нэг ирэхээрээ 2,3 хоног хоночихоод яваад өгдөг байсан. Хэрэг болохоос өмнө 10 хоног би тасралтгүй архи уучихсан, сүүлийн 72 цаг нойргүй, архи уугаагүй байсан. 2022 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн цагт манай гэрт А ирсэн ба тэгээд бид хоёр хоол хийж идчихээд 18 цагийн үед “гэрлүүгээ харина” гээд манайхаас гараад явсан. Орой нь би гэртээ ганцаараа үлдсэний дараа Атай очиж уулзах гээд Баруунсалаа руу явж байгаад Зүүнсалаанд очоод гэрийг нь олохгүй би буугаад буцаж хариад 1 шил Хараа архи аваад талыг нь уучихаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь 07 цагийн үед А гэрт ирэхдээ 1 ширхэг том литрийн тал Боргио пиво аваад орж ирсэн бөгөөд би өчигдрийн тал архиа бас уусан. Би урьд шөнө нь ээжийндээ очмоор санагдаад чемодантай хувцсаа бэлдээд гэрийнхээ үүдэнд бэлдчихсэн байсан бөгөөд машинаа унаад явах гэсэн чинь түлхүүр олдохгүй байсан. Тэгэхээр нь би машиныхаа жижиг шилийг хагалсан чинь А цагдаа дуудлаа гээд байхаар нь би болиулсан. Би машиныхаа хаалгыг онгойлгоод чемодантай хувцсаа машин дотор хийсэн чинь дахиад цагдаа дуудлаа гээд байхаар нь би Аыг гэртээ аваад орсон. Ингээд үлдэгдэл архиа би уугаад А пиво уугаад сууж байхад эрлэгийн элч надтай яриад байгаа юм шиг надтай ярихдаа “чиний сүнсийг тэнгэр лүү авч явна, тэнгэр лүү явахдаа Аыгаа аваад явбал та хоёр сайхан болно, та хоёрт сайхан ажил оногдуулах болно” гэж миний толгойд чихэнд яриад сонсогдоод байгаа юм шиг санагдаад байсан. Энэнээс хойш би юу болсныг санахгүй байна, найзындаа очоод ухаан сэргэсэн. Бид хоёроос өөр хэн нэгэн байгаагүй. Би урьд өмнө ерөөсөө зодож, цохиж байгаагүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ үйлдлийг яг хийхдээ солиорлын байдалтай байж байхдаа хийчихсэн байна. Яг би уяаг аваад боосноо санахгүй байна. Би хийсэн үйлдэлдээ өдөр бүр маш их гэмшиж байна. ...” /1хх 188-189/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2647 дугаартай “...Талийгаач Г.А цогцост хүзүүнд дарагдлын ором, зүүн гарын чигчий хуруунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс хүзүүний дарагдлын ором нь хагас зөөлөн эд буюу уяа гогцоогоор, зүүн гарын чигчий хурууны язарсан шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хүзүүний дарагдлын ором нь гэмтлийн хүнд, зүүн гарын чигчий хурууны язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Талийгаач нь хүзүү гаднаасаа уяа гогцоогоор дарагдсанаас амьсгал механикаар бүтэж нас баржээ. 2022 оны 10 дугаар сарын 9-ний 23:35 цагт цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 16-18 цаг орчим болсон байжээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 2,2 промилли, ходоодны шингэнд 5,4 промилли илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь бэлгийн харьцаанд орсон, үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илэрсэн байна. Илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-г шинжээч эмч тогтоохгүй. Талийгаач нь жирэмсэн биш байна. Мөр судлалын шинжилгээнд ирүүлсэн цагаан эрээн өнгийн олсоор хүзүүн дэх ором нь үүсэж болно. ...” /1хх 89-92/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2873 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 3 хэсэг уяа урьд нэг бүхэл байсан байна. Зах ирмэг хэсгээр нийлж нэг бүхлийг үүсгэж байна. Дээрх 3 хэсэг уяа нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Нэг бүхлийг үүсгэж байсан 3 хэсэг уяаны өргөн 4 мм, шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Цогцост гадна үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт” дээр хүзүүний зүүн талын хэсэг үүссэн шархыг харуулав гэсэн тайлбартай зурагт хоолойд үүссэн гүн мөр ойролцоогоор 4 мм хэмжээтэй, мөн 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Цогцост гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл”-ийн 2 дугаар хуудсанд “баруун чихний омогноос доош 4 см зайд, зүүн чихний омогноос доош 4 см-д бүх талдаа 0,4 см өргөнтэй гүн мөр үүссэн гэсэн байх тул цогцсын хоолойд үүссэн гүн мөр шинжилгээнд ирүүлсэн нэг бүхлийг үүсгэж байгаа уяагаар үүссэн байж болно. ...” /1хх 103-110/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/325 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 5, 6, 7, 8 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 2, 3 дугаарласан гарын мөр нь санд MN000220002912, МN000810002389 дугаараар бүртгэгдсэн Чимэддолгор овогтой Зын баруун гарын алганы болон ядам хурууны хээтэй тохирч байна. 1,4 гэж дугаарласан гарын мөрүүд нь санд байгаа гарын мөр, дартсуудтай  тохирохгүй. Амь хохирогчийн гарын дардас нь санд урьд МN004110009361, МN005310010238 дугаараар 2 удаа бүртгэгдсэн байна. ...” /1хх 116-130/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2872 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан заазуурын ажлын хэсгийн үзүүрээс бэхжүүлсэн гэх хар өнгийн даавуун эдлэлийн сэмэрдэс нь шинжилгээнд ирүүлсэн 3 хэсэг олс уяаны дотор талын хар өнгийн сэмэрдэстэй тохирч байна. ...” /1хх 160-166/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1033 дугаартай “...Ч.З нь сэтгэцийн хувьд F10.1 архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Ч.З нь сэтгэцийн хувьд F10.1 архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Дээрх эмгэг нь олдмол шалтгаант эмгэг болно. Ч.З нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдах чадвартай байсан байна. Ч.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Ч.З нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.З нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт шинж үгүй байна. Ч.З нь хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг үйлдэгдсэний дараа мөн хэрэг үйлдэгдэхээс өмнө F10.1 архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Ч.Зт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” /2хх 22-23/ гэсэн дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-18/, цогцост гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-26/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 33-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Харин шүүгдэгч Ч.З нь “2022 оны 10 дугаар сарын 9-ний өглөөний 06 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун ард аюушийн 3-52 тоот хашаанд байдаг эсгий гэр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.А” байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны дарамтад оруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” алсан болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д -эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон.

Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.

Хэрэгт буй баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.З болон амь хохирогч Г.А нар нь  бие биенээхээ гэр орноор хааяа очиж хамтран архи уудаг, эр эмийн харилцаа үүсгэдэг байсан ч  байнга хамтран амьдардаггүй, гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь:

Хавтаст хэрэгт авагдсан гэрч гэрч Ч.У “...40 орчим насны ах ихэнхдээ ганцаараа амьдардаг. Хааяа эхнэр нь гээд нэг эгч ирж хонодог. 7 хоногт 1 удаа тэр хүн ирж, 2-3 хоноод явдаг. ...” /1хх 50-52/,

гэрч Ш.С “...Манай хажуу талд 2021 оны 8, 9 сарын үед нэг үл таних 40 орчим насны ганц бие залуу амьдарч эхэлсэн. Эхнэр нь гээд 30 орчим насны эмэгтэй заримдаа ирдэг. Тэр эмэгтэй заримдаа ирээд 7 хоноод яваад дахиад 10-20 хоногийн дараа ирээд буцдаг. ...”  /1хх 54-57/,

гэрч Ж.Т “...Хааяа нэг туранхай эмэгтэй харагддаг ба ямар харилцаатай талаар мэдэхгүй. ...” /1ххх 63/, гэрч О.М “...2021 оны 7 дугаар сарын хавьцаа нэг эмэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа гээд А буюу Зулаа гэж дууддаг эмэгтэйг танилцуулсан.. ...” /1хх 65-66/, гэрч Г.А “...Миний мэдэхээр одоогоор 3 жилийн өмнө Зоригоо гэх залуутай уулздаг болсон бөгөөд нэг гэртээ албан ёсоор ороогүй ч уулздаг байсан. ...” /1хх 68/, гэрч Ч.О “...Зоригоо ахын найз бүсгүй гэж ойлгосон. ...” /1хх 71-73/, гэрч Д.Б “...Ч.З Атай 2019 оноос хойш холбоотой байгаа. ...албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. ...” /1хх 82-84/, шүүгдэгч Ч.Зын яллагдагчаар өгсөн “...А бид хоёр хамтран амьдардаг асуудал байдаггүй байсан, ирэхгүй байж байгаад нэг ирэхээрээ 2,3 хоног хоночихоод яваад өгдөг байсан. ...” /1хх 188-189/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Ч.З, амь хохирогч Г.А нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул Ч.Зын үйлдлийг “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн хэрэг учрал болсон тухайн үед шүүгдэгч Ч.З, амь хохирогч Г.А нар нь архидан согтуурсан байсан бөгөөд“машины түлхүүр өгөөгүй” гэх шалтгаанаар уурлаж Г.А хоолойг нарийн олсоор боомилж, түүнийг амьсгал механик дутагдалд оруулж алсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн анхан шүүгдэгч Ч.Зт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болно.

            Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

            “Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байна.

            Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

            Шүүгдэгч Ч.З нь архидан согтуурсан үедээ үл ялих шалтгаанаар уурласан, мөн архины солиорлын шинжтэй хэн нэгнийг алах санаа зорилго үүссэн талаараа мэдүүлдэг бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх сэдэлт санаа зорилго бус, бусдыг шууд алах хүсэл зорилго байсан байна.

            Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүнийг алах”  гэмт хэргийг үйлдсэнээр  зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

            Мөн шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардал болох 8.524.000 төгрөгийг төлсөн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасныг нээлттэй болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

             Шүүгдэгч Ч.З нь 2022 оны 12 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ч.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон  өөрчилж зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.  

2. тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Д овогт Ч.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж, 

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зыг 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зт оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.З нь 2022 оны 12 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

  

  ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

 

  ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ