| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03432/И |
| Дугаар | 102/ШШ2024/05160 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/05160
| 2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/05160 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, 16 дугаар байр 104 тоотод оршин суух, * овогт *-гийн * /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, *****-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: * ,
Гэрч: * , *
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.*шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
* гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8- дугаар хороо, 4-р хороолол, ** байрны *** тоотод байрлах 40 мкв бүхий орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 08 сарын 24-ны өдрийн ***/******* дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж авсан. Уг тогтоолыг үйлдэхдээ тухайн эд хөрөнгө байгаа газар очиж үйлдээгүй гэж үзэж байгаа. Мөн хөндлөнгийн 2 гэрчийн оролцуулалгүй эд хөрөнгө хураах тогтоол үйлдсэн. Ийм учраас 2021 оны 08 сарын 24-ны өдрийн ***/******* дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д шийдвэр гүйцэтгэгч нь тухайн эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн 2 ос доошгүй гэрчийг оролцуулсан байна гэсэн заалт байгаа. Мөн 41 дүгээр зүйлийн 41.1.3,41.1.4 дүгээр зүйлд зааснаар хөндлөнгийн гэрчээр оролцуулж байгаа тохиолдолд эрх үүргийг тайлбарлаж, мөн тэмдэглэлд тусгаж, тэмдэглэл дээр гарын үсгийг зуруулна гэсэн ийм хууль зүйн үндэслэлтэй байгаа. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхдээ гэрчүүдэд ямар нэгэн эрх үүргийг тайлбарласан тухай тэмдэглэлд тусгагдаагүй байгаа. 2 гэрчийг оролцуулан хураах тогтоол үйлдэхдээ хаана, ямар газар хураасан тэмдэглэлдээ тусгаж, тодорхой үйлдээгүй. Мөн Номин-Эрдэнэ болон Номин нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулаагүй байж, оролцуулсан мэтээр хураах тогтоол үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. * гийн эд хөрөнгө хууль бус хураах ажиллагааны үндсэн дээр явагдсан энэ ажиллагааг үндэслэж дуудлага худалдаанд ороод 3 дагч этгээд худалдан авсан өмчлөх эрхтэй холбоотой асуудал шилжсэн ийм асуудал байгаад байгаа. Шүүхээс урьдчилан шийдвэрлэх арга хэмжээний хувьд ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй хандсан байгаа. Мөн Улсын ерөнхий гүйцэтгэгч гомдлоо гаргаж, хариу авсны дараа 14 хоногийн дараа тус шүүхэд гаргасан гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч * гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/***** дугаар захирамжаар * , * нараас 94.728.311 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 104 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилэн, хурааж шинжээч томилон үнэлгээ гаргуулж 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 101.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Нэхэмжлэлд дурьдсан дээрх орон сууцыг 2021 оны 8 дугаар сарын 24-ний Өдрийн 05/20250483 дугаар тогтоолоор хураах ажиллагааг ШШГТХ-н 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулан тогтоол болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зуруулсан байна. Эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, * гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /хх-4-5/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад *-т гаргасан хүсэлт /хх-6/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-7/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тоот /хх-8/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-9/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4.Хариуцагч талаас итгэмжлэл /хх-11/, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж /хх-18-19/, 2020 оны 2 дугар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-20-21/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-22/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-24/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-25/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-26/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-27/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хх-28/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр /хх-29-30/, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-31-33/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.*нь хариуцагч *****-т холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Хэрэгт талуудаас өгсөн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:
2.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/***** дугаартай шийдвэрээр * , * нараас 94,728,311 төгрөгийг гаргуулан, “Хаан банк” ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
2.2. Тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 529 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу *****- нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20250483 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.
2.3. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8-р хороо, **-р байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын Ү-2205009611 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02/0483 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04/20250483 дугаартай тогтоолоор хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, улмаар тус үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн байна.
2.4 Нэхэмжлэгч тал дээрх үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/****** дугаартай шийдвэр гарч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
2.5 Улмаар хариуцагч байгууллага нь 2021 он 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/2025048 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8-р хороо, **-р байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын Ү-2205009611 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулсан байна.
2.6 Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 101,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч маргаагүй.
3.Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эд хөрөнгө байгаа газар очиж хураах ажиллагааг гүйцэтгээгүй, ... хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэж тайлбарлаж байна.
4.Маргаан бүхий 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор Улсын бүртгэлийн Ү-2205009611 дугаарт бүртгэлтэй, БГД-ийн 8 дугаар хороо, ** дугаар байрны **** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг хурааж, хөндлөнгийн гэрчээр * , * нар оролцож гарын үсэг зурсан байхаас гадна нэхэмжлэгч И.*гарын үсэг зуржээ.
5.Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон * , * нар нь 2021 оны 8 сард хариуцагч байгууллага дээр дадлага хийх хугацаандаа 1 удаа эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцож байсан, ... шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс тухайн хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулахдаа эрх, үүргийг тайлбарлаж өгсөн гэж мэдүүлснээс гадна хэрэгт авагдсан маргаан бүхий тогтоолд зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.
Харин гэрч * нь хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн орон сууцны байршлыг яг хаана гэдгийг сайн санахгүй байна, 9 давхар байшин байсан санагдаж байна гэж, гэрч * нь ...хураан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн баруун талд байрлах 5 давхар орон сууцанд хийгдсэн гэж санаж байна. Яг сайн хэлж мэдэхгүй байна. Тэр ажиллагаанаас хойш олон жил өнгөрсөн тул мартсан байна гэж мэдүүлжээ.
6.Ийнхүү гэрчүүд хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан орон сууцны байршлыг сайн зааж чадаагүй ч, хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, тогтоолд гарын үсэг зурсан, хөндлөнгийн гэрчийн эрх үүргийг тайлбарлаж өгсөн, маргаан бүхий тогтоолд зурагдсан хөндлөнгийн гэрчийн гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх тул хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05/******* дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хураахдаа хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчээр * , * нарыг оролцуулж, тэдэнд эрх үүргийг тайлбарлан өгч, тогтоолд гарыг үсэг зурж баталгаажуулах зэргээр хуульд тавьсан шаардлагыг хангаж ажилласан байна.
7. Хэдийгээр гэрчүүд хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан орон сууцны байршлыг сайн зааж чадаагүй нь уг ажиллагаа явагдсанаас хойш урт хугацаа өнгөрсөнтэй холбоотой байж болох тул энэ нь уг ажиллагааг хууль зөрчиж, хөндлөнгийн гэрч оролцуулахгүй явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч * гийн хариуцагч *****-т холбогдуулан гаргасан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05/20250483 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА