Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч А.Амгалан,

Хохирогч Э.Буяннэмэх /онлайнаар оролцсон/,

Хохирогч Г.Дуламцоо,

Хохирогч Г.Дуламцоогийн өмгөөлөгч Н.Сундуй,

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Д.Б, Т.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Дэлгэрийн Б, Балсан овогт Төмөрчөдөрийн Г нарт холбогдох 1729000680035 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б 2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө “Истана” маркийн 12-76 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.1а дахь хэсгүүдэд заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 113 дахь км-т осол гарган, Г.Дуламсүрэнгийн амь насыг хохироож, иргэн Э.Буяннэмэхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 10  дугаар сарын 17-ны өглөө “Руншинь Шан” ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 93-84 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 80-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.в, 6.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 113 дахь км-т осол гарган, Г.Дуламсүрэнгийн амь насыг хохироож, иргэн Э.Буяннэмэхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би өөрийн хувийн ажлаа амжуулаад Гашуун Сухайт  боомт дахь ажил руугаа явахаар тус өдрийн 00 цагт Цагаан хад явах Истана маркийн машинд суусан. Жолооч нь нэг эмэгтэй хүн байсан. Шөнийн 03 цагт Цогтцэций  суманд очиж ачаа ачаад хөдөлсөн ба тухайн үед би унтаж явсан. Сумаас гараад 80 километр орчим яваад хатуу хучилттай зам дээр зогссон. Би талийгаач Дуламсүрэнг  “таны нойр хүрээд байна уу, унтаж байгаад явах юмуу” гэж асуухад тиймээ гээд машинаа унтраасан. Талийгаач маань “чи жоохон машин бариад яваад өгөөч, би амрая” гэж хэлсэн. Тэгээд би машиныг жолоодож явсан ба 90-ийн гуанз өнгөрөөд явж байтал замын эсрэг талаас ирж байгаа машины гэрэл их гялбаатай байсан учир гэрлээ шилжүүлнэ үү гэсэн дохио 2-3 удаа өгсөн. Тухайн машин гэрлээ шилжүүлээгүй тул хурдаа хасаад ойрын гэрэлтэй явж байсан учир гэнэт гэрэлд цагаан юм харагдсан. Ингээд тормозлоход зогсож  байсан машины араас мөргөсөн байсан. Үүний улмаас талийгаачийн амь нас хохирч, Буяннэмэхийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан. Энэхүү гэмт хэрэг нь надаас шалтгаалсан учраас талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Та бүхэн намайг уучлаарай, миний уучлалыг хүлээж авна уу” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: “Би Тавантолгойгоос нүүрс ачаад Цагаанхадны чиглэлд 113 дахь километр дээр явж байх үед буюу шөнийн 02 цаг өнгөрч байхад миний машин эвдэрч зогссон. Ингээд аав, найз хоёр руугаа утастаж багаж захисан. Шөнийн 03 цаг болж байхад багажийг таньдаг хүний машинаар явуулсан байсан ба би машинаа засах гэж оролдоод дийлээгүй. Тухайн үед ослын тэмдэг байгаагүй тул хантаазаараа анхааруулах тэмдэг хийж, хувинд ороогоод машины ард ойрхон зайд байрлуулсан. Утсаа цэнэглэх гээд машиныхаа кабинд байж байтал машин бага зэрэг хөдлөх шиг болсон. Тэгээд буугаад машины араар тойроод хартал осол болсон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Э.Буяннэмэх болон Г.Дуламсүрэнгийн ар гэрээс уучлалт гуйж байна “ гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-18 дугаар хуудас/,

Цогцос болон түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-30 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/,

Хохирогч Г.Дуламцоогийн: ”...би талийгаачийг зам тээврийн осолд орж нас барсан гэж бодож байна. Дүү маань Цагаан хаданд бараа оруулж гаргадаг ажил хийгээд 3 жил гаруй болж байна. Талийгаачийн охин Бямбасүрэн түүний гурван хүүхэд миний асрамжид үлдэж байна. Талийгаачийг нутаглуулах, хоног хураах зардалд нийтдээ 8,872,000 төгрөгийн зардал гарсан. Баримтуудыг нь цуглуулж өгнө. Мөн талийгаачтай нэг ам бүлд амьдарч байсан 1998 онд төрсөн хүү Батаагийн Бүүвэй нь Анагаах ухааны их сургуулийн 3 дугаар курсын оюутан. Түүнийг төгсөх хүртэлх сургалтын төлбөр болох 3,500,000 төгрөг, мөн талийгаач Голомт банкнаас авсан картын эрхтэй зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, ослын улмаас эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон 12-7 УНЭ улсын дугаартай Истана маркийн машины үнэ болох 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг нийт 24,872,000 төгрөгийг осолд буруутай талуудаас гаргуулахаар нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42 дугаар хуудас/,

Хохирогч Э.Буяннэмэхийн: “...би биедээ маш их гэмтэл авсан. Тархи толгойн өвчтэй болж хохироод байна. Мөн ойрын 1 жил ажил хийж болохгүй гэж эмч хэлсэн. Биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол, би өөрөө эмэгтэй хүн учраас гоо сайхны хохирол гээд их л гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардал 4,000,000 төгрөг, нааш цааш явсан унааны зардал 500,000 төгрөг, одоо эмчилгээ дуусаагүй байгаа, цаашид эмчлүүлэх зардал хэд гарахыг би мэдэхгүй байна. Би ажилдаа ороод явж байсан бол 1 сарын 800,000 төгрөгийн цалин аваад явж байх байсан. Иймээс 1 жилийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Г.Батдэлгэрийн: “...Би “Руншинь Шан” ХХК-нд тээвэр хариуцсан менежерээр ажилладаг. 93-84 БЧ дугаарын чиргүүлтэй, 80-65 УНР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшлийнх. Компанийн зүгээс Гтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Хятад талдаа машиныг хариуцсан хүн Т.Гад машиныг олгож тээвэрт явуулсан байсан. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд ямар нэгэн мөнгөөр илэрхийлэгдэх эвдрэл гараагүй.” гэх мэдүүлэг /хх-н 51-52 дугаар хуудас/,

Гэрч Б.Ууганцэцэгийн:.” ...Би “Руншинь Шан” ХХК-нд Монгол талыг хариуцсан менежерээр ажилладаг. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө манай компанийн Батдэлгэр эгч над руу утсаар холбогдоод “манай компанийн 80-65 УНр улсын дугаартай нүүрс тээврийн машин зам дээр эвдрээд зогсож байхад нь араас нь Истана машин мөргөөд хүн нас барсан байна. Чи цагдаад мэдэгдээд хэргийн газар руу оч” гэсэн. Т.Г нь манай компанийн миний хариуцсан цувааны 80-78 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7-8 сар жолоодож байгаад, сүүлд 2 дугаар цувааны 80-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож эхлээд 1 сар гаруй болж байсан. Тухайн ослын үед 80-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын тэмдэг байгаагүй, хувингийн гадуур хантааз ороож зам дээр тавьсан байсан гэж жолооч хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54д дүгээр хуудас/,

Гэрч Д.Бямба-Очирын: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө намайг Гашуун сухайт авто зам ХХК-ийн шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэг дээр мэдээлэл шуурхай зохицуулалтын ажил үүрэг гүйцэтгэж байхад 06 цаг 25 минутад шалган 3 дугаар цэгээс тухайн өдрийн ээлжийн оператор нүүрс тээврийн авто замын Тавантолгой уурхайгаас 112 дахь км-т Микро маркийн автомашин Хово маркийн автомашины араас мөргөөд хүн нь хавчуулагдсан байна гэсэн мэдээлэл 88443551 дугаараас ирлээ гэж ярьсан. Тэгээд би Цагаан хадны цагдаагийн дуудлагын утас руу залгахад утсаа авахгүй байсан учир Ханбогд сумын Эмнэлэг рүү ослын талаар мэдэгдсэн. Тэгээд Цагаан хадны цагдаагийн даргатай холбоо барихад Ханбогдын Цагдаад мэдэгд гэсний дагуу цагдаагийн жижүүрийн утсанд мэдэгдэж ажилласан. Тэгээд эргээд анх мэдээлэл өгсөн жолоочтой холбоо барихад мөргөлдсөн 2 машинаа салгасан, мөргөсөн машин дотор 2 хүүхэд, 2 том хүн байх шиг байна. хүнийг нь салгаж дийлэхгүй байна гэсэн. Тэгээд энэ талаар Ханбогдын цагдаад мэдэгдэж Оюутолгойн аврах дуудаад өгөөч гэж дамжуулж хэлж өгөөд манай ээлж солигдсон.” гэх мэдүүлэг /хх-н 55-56 дугаар хуудас/,

Гэрч Р.Адъяабаатарын: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 8 цагийн үед би нүүрс тээврийн 114 дэх км-т ирэхэд осол гарч машин мөргөлдсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-н 57-58 дугаар хуудас/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний албаны 34 дүгээр дүгнэлт /хх-н 57-58 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №34 дугаартай шинжээчийн “...талийгаачид гавлын зүүн чамархай хэсгийн цөмөрсөн хугарал, хугарлын дээд үзүүрээс дагз руу үргэлжилсэн, уг хугарлаас том нүх хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, турк эмээл зүүн хэсэгт бяцарсан олон тооны хугарал, их тархины баруун, зүүн бөмбөлгийн чамархайн хэсэгт тархмал нимгэн цус харвалт, өвчүүний дунд 1/3 хэсгийн хугарал, элэгний эдийн няцрал урагдал, гол судас дагуух зөөлөн эдийн цус харвалт, баруун 2-10- хавирга, 4-6-р хавирганы хоёрлосон хугарал, бүсэлхийн 4-5-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун гарын бугуйн үений далд хугарал, дух, баруун шуу, гуя, шилбэнд шарх, баруун, зүүн хацар, хамар, эрү, цээж, хэвлий, баруун бугалга, шуу, сарвуу, шилбэ, зүүн тохой, шуу, шилбэнд зулгаралт, шарх болон зулгаралтын эргэн тойрон болон зүүн дээ зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд, шинэ гэмтэл байна. талийгаачид учирсан хугарал болон бусад гэмтлүүд нь зам тээврийн ослын үед автомашины бүхээг дотор авах боломжтой. Талийгаач нь гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10182 дугаартай шинжээчийн “...Гармаа Дуламсүрэн 46 н/эм 10.17 Ханбогд, гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-н 66 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13358 дугаартай шинжээчийн “Э.Буяннэмэхийн биед баруун талын дух ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш титэм заадас хүрсэн, чамархайн урд доод хэсэгт цөмөрсөн, суурь ясны баруун талын их далавч дайрсан зөрөөтэй, 2 суурийн хөндийн хана дайран зүүн тийш хөхлөг сэртэн дайрсан зөрөөгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, гайморовын хөндийн урд болон ар, дотор хана, баруун хацар яс, зүүн талын хоншоор яс, хамар ясны хугарал, баруун талын бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцрал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 76 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №583 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас /,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №584 дугаартай шинжээчийн “...Б.Бадамгаравын биед баруун тохойн үений зөөлөн эдийн гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нв тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас /,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 76-79 дүгээр хуудас /,

Замын цагдаагийн шинжээчийн 16 дугаар дүгнэлтэд “...ослын үед Хово маркийн 80-65 УНР улсын дугаартай 93-84 БЧ чиргүүлтэй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-в-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын дохионы гэрлийг хэрэглэнэ” гэсэн заалтыг, мөн 6.3-т заасан “ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг осол гарсан байна. Ослын үед Истана маркийн 12-76 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас /,

“Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн “...Санёон Истана /Ssangyong Istana/ маркийн 12-76 УНЭ улсын дугаартай автомашины зах зээл дээрх үнийн судалгаа, манай архивт бүртгэгдсэн байдал зэргээс үндэслэн 6,500,000 төгрөгөөр тогтоогдсон” гэх дүгнэлт /хх-н 85 дугаар хуудас/,

Авто тээврийн Үндэсний төвийн Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн 10/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-91 дүгээр хуудас /,

Шүүгдэгч Д.Бгийн яллагдагчаар өгсөн: ”...эсрэг урсгалаар явж байгаа машины гэрэлд гялбасан. Би гэрлээ шилжүүлээд гэрлээ шилжүүлэхийг анхааруулан дохисон боловч эсрэг урсгалын машин гэрлээ шилжүүлээгүй, би хурдаа хасаад яг тэр машины гэрэлтэй зөрөөд өнгөртөл миний жолоодож явсан машины ойрын гэрэлд зам дээр миний явж байсан урсгалд хэмжээг нь хэлж мэдэхгүй байна цагаан өнгөтэй зүйл харагдсан. Би дотроо за энийг мөргөх нь дээ гэж бодоод конс, торомз хоёроо зэрэг гишгэсэн. Тэр агшинд зам дээр зогсож байсан зүйлийг мөргөсөн. ...зам дээр явж байсан жолооч нар болон хүмүүс ирээд машиныг хойш нь татаж нөгөө машин урагшаа хөдөлж хоёр машиныг салгаж намайг гаргасан. Би осол болсны дараа ухаан ороод хажууд сууж явсан эгчийг дуудсан боловч хариу өгөөгүй. ...аврах багийн хүмүүс ирж талийгаачийн цогцсыг машинаас гаргасан ба цагдаа, эмнэлгийн хүмүүс өглөөгүүр ирсэн. Би ослын акт болон зам тээврийн ослын дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Э.Буяннэмэхийн эмчилгээний зардалд 2,000,000 гаруй төгрөг өгсөн. Хохирогч Дуламцоогоос нэхэмжлэлтэй холбоотой зардлын баримтыг ирүүлбэл нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 104-107 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Гын яллагдагчаар өгсөн:”...машины аккумулятор суучих байх гээд унтраасан. Бусдад анхааруулж тавьсан хантаазаар ороосон хувингаа зам дээрээс аваагүй. Тэгтэл миний машины араас Истана маркийн машин мөргөсөн.би эхний байцаалтуудад сандарч буруу мэдүүлэг өгсөн. Тухайн осолд би өөрийгөө тодорхой хэмжээгээр гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би үүнийгээ ухамсарлан “Руншинь Шан”  ХХК-тай хамтарч хоёр талын хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-115 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 116-122, 124-125 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бгийн гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 126-127 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 128-131, 133-135 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Гын гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 136-137 дугаар хуудас/,

Д.Б, Т.Г нарын Арилжааны банкуудад харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 141-155 дугаар хуудас/,

Хохирогч Г.Дуламцоогийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 172-201 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Дуламцоод “Руншинь шан” ХХК хохирол төлбөр барагдуулсан санал, гомдолгүй талаарх тайлбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх-ийн 209-210 дугаар хуудас/,

Хохирогч Э.Буяннэмэхийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 212-225 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Буяннэмэхэд “Руншинь шан” ХХК хохирол төлбөр барагдуулсан талаарх хэлцэл, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх-ийн 209-210 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн авто тээврийн төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 164-167 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өглөө “Истана” маркийн 12-76 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 2.1а дахь хэсэгт “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх-тэй байна” гэж заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 113 дахь км-т осол гарган, Г.Дуламсүрэнгийн амь насыг хохироож, иргэн Э.Буяннэмэхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 10  дугаар сарын 17-ны өглөө “Руншинь Шан” ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн 93-84 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 80-65 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.в “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед-ослын дохионы гэрэл хэрэглэнэ”, 6.3 дахь хэсэгт “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.” гэж заасныг зөрчсөнөөс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн 113 дахь км-т осол гарган, Г.Дуламсүрэнгийн амь насыг хохироож, иргэн Э.Буяннэмэхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Д.Б, Т.Г нарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Т.Г нар нь  анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дуламцоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгч нарт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол, төлбөрт “Руншинь шан” ХХК-иас 24,872,000 төгрөг, Д.Бгээс 2,000,000 төгрөг өгсөн. Залуу хүмүүс нэг удаа алдаа гаргажээ гээд өөр хэлэх зүйл алга, дүүгээ алдсандаа л харамсаж байна. Цаашид талийгаачийн үр хүүхдүүдэд нь өөрсдөө ухамсраараа тусалж дэмжээд яваарай гэж хэлье..” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Буяннэмэхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Адилхан залуу хүмүүс учраас надад одоогоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохиролд “Руншинь шан” ХХК-иас 14,100,000 төгрөг, Д.Бгээс 4,162,420 төгрөг өгсөн. Би цаашид дахин хагалгаанд орж, эмчилгээ хийлгэх учраас үүнтэй холбогдон гарах зардлыг нэхүүлэхгүйгээр өгөөрэй гэж хэлмээр байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б, Т.Г нарт тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Хохирогч Э.Буяннэмэх нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар хувин 1 ширхэг, даавуун хантааз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Дэлгэрийн Бгийн В ангиллын 974455 тоот жолооны үнэмлэх, Төмөрчөдөрийн Гын ВС, Е ангиллын 534783 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж шийдвэрлүүлэхээр заалаа.

Шүүгдэгч Д.Б, Т.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох  хүртэлх хугацаанд Д.Б, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт Дэлгэрийн Б, Балсан овогт Төмөрчөдөрийн Г нарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар

– Шүүгдэгч Дэлгэрийн Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял эдлүүлэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх,

- Шүүгдэгч Төмөрчөдөрийн Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасаж, хорих ял эдлүүлэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б, Т.Г нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дуламцоо, хохирогч Э.Буяннэмэх  нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Буяннэмэх нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж хуванцар хувин 1 ширхэг, даавуун ханааз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Дэлгэрийн Бгийн В ангиллын 974455 тоот жолооны үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Төмөрчөдөрийн Гын ВС, Е ангиллын 534783 тоот жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б, Т.Г нарт  урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН