Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар  2023/ДШМ/277     

 

2023            03             09                           2023/ДШМ/277                                                                                                                                                 

Д.З-т холбогдох эрүүгийн

                                                 хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.З-ын өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 00 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          Н овгийн Д-н З, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: 00/.

          Шүүгдэгч Д.З нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ренталон” төвийн 0 давхрын 00 тоотод “эхнэрийг нь доромжилсон” гэх шалтгаанаар иргэн Н.Э маргалдаж, улмаар түүний зүүн гарыг мушгиж түлхэн, нүүр, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт, уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт Д-н З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,  90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.З-аас 720,000 /долоон зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н-н Э-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо  Иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ. 

          Шүүгдэгч Д.З-ын өмгөөлөгч Х.Ургаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хохирогчид үүсэн гэмтлийг Д.З-ын ямар үйлчлэлийн улмаас үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.З-ын учруулсан гэх гэмтлийг шинжээчийн дүгнэлтэд тусгахдаа “уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн байх ба чухам ямар идэвхтэй үйлдэл, санаатай хүсэж хийсний улмаас тухай гэмтэл гарсныг мөн харилцан ямар шалтгаант холбоо байсныг огт дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу. Шүүх шинжилгээний тухай хуулийн 4-р зүйлд шүүхийн шинжилгээний зарчмыг хуульчилсан бөгөөд шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийхийг тусгаж өгсөн. Шинжээч эмч нар удаа дараагийн шинжилгээний дүгнэлт гаргахдаа дүгнэлтийн үндэслэл болж буй “МЕД ТРАВМА” эмнэлгийн эмч Нямбаярын МРI шинжилгээ нь чухам хэзээ хийгдсэн шинжилгээ болохыг тогтоохгүйгээр тухайн хариунд үндэслэн дүгнэлт гаргаж байгаа боловч тухай шинжилгээний хариу нь огноо байхгүй байхад энэхүү эмнэлгийн үзлэг шинжилгээ нь чухам хэзээ хийгдсэн шинжилгээ болохыг нарийвчлан тогтоохгүйгээр дүгнэлт гаргаж буй нь үндэслэлгүй болсон. Энэ талаар анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэж оролцсон боловч өмгөөлөгчийн тухайн өмгөөллийн дүгнэлт гаргаж байгаа тайлбарт хэрхэн хариу няцаалт өгч байгаа нь шийтгэх тогтоолд огт тусгаагүй. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд байсан гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт холбогдогчийн мэдүүлгээр зүүн гарыг мушгисан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд энэ байдалд шүүхээс огт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд тодорхойлсон бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны практикт гэмт хэргийн шинж гэж тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай, харин дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах үйл ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Э-ийн гарыг мушгисан үйл явдал болоогүй. Одоо Н.Э эрүүл, саруул явж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд зөвхөн мэс заслын аргаар эдгэрнэ гэсэн байдаг. Н.Э нь 2022 оны 12 дугаар сараас хойш огт мэс засал хийлгээгүй эрүүл, зүгээр явж байгаа. Шүүх хуралдаанд нэг ч оролцоогүй. Н.Э ажлын байранд орж ирж танхайрснаас болж хэрүүл маргаан үүссэн. Тухайн үед нүүр рүү нь цохисон, гарыг мушгисан үйлдэл гаргаагүй. Тасарсан шөрмөс дахиж эдгэдэггүй, гагцхүү мэс заслын аргаар эдгэрнэ. Н.Э огт мэс засал хийлгээгүй 2 жил болж байна. Дахин MRI шинжилгээ авбал асуудал тодорхой болох юм. “МЕД ТРАВМА” эмнэлгийн эмч Нямбаярын МРI шинжилгээ нь 1 дүгээр сарын 5-ны өдөр гарсан. Би очиж асуухад шинжилгээ хийлгэх цагаа 1 дүгээр сарын 10-ны өдөр авсан байдаг. Эмч рүү залгаж шинжилгээний дүгнэлтээ 1 дүгээр сарын 10-ны өдөр болгож засаад өгөөч гэхэд тухайн үед мөрдөгч байсан цагдаа нь 1 дүгээр сарын 5-ны өдрөөр авсан гэж хэлээд өөрчлөөгүй. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байна.” гэв.

          Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлэг болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 удаагийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт, уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь хангалттай нотлогдож, тогтоогддог. Өмгөөлөгчийн хэлсэн мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь хавтас хэрэг авагдсан баримтаар шүүгдэгч хохирогчийн гарыг нь мушгин түлхсэн гэдгийг хохирогч өөрөө мэдүүлдэг. Мөн дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч тухайн үед мөрөө өргөж болохгүй, эвгүй байна гэдэг талаар мэдүүлж байсангэдэг талаар мэдүүлдэг. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь гадаргуугаараа нөлөөлж гэмтээж байгааг ойлгох учраас дээрх дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон гэж үзэж байна. “МЕД ТРАВМА” эмнэлгийн MRI зурагт мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн маргадаг. 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр үзүүлсэн гэж маргадаг. Анх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны дүгнэлтээр хөнгөн гэж гарсан байдаг. Тухайн үед MRI зураг авхуулаагүй байсан. 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нэмэлтээр гарсан дүгнэлт нь “МЕД ТРАВМА” эмнэлгийн MRI зургийг үндэслэн хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учиржээ гэдэг. Үүнд хэргийн оролцогч болох шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гомдол гаргахдаа ....“МЕД ТРАВМА” эмнэлгийн MRI шинжилгээний огноо тавигдаагүй байна... гэдэг. Гомдлыг нь хүлээн авч, прокурорын тогтоолоор дахин шинжээч томилж, MRI зургийг хэзээнийх вэ гэдэг талаар тодруулсан. 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 281 дугаар дүгнэлтээр сиди нь дээрх MRI зургийн үзлэг 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр үзүүлсэн байна гэдэг. Мөн хохирогчийг үзсэн эмчээс мэдүүлэг авахад 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Н.Э-ийг үзсэн талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанаар энэ талаар дахин маргаан үүсэж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 15 дугаар дүгнэлтээр “MRI зургийн үзлэг 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр үзүүлсэн байнагэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон байдаг. Мөн гарыг мушгисан гэх үйлдэл тогтоогдохгүй байна, субъектив шинжийг хангахгүй байна гэдэг. Хүний гарыг мушгиж, түлхсэн тохиолдолд тухайн хүний биед гэмтэл учрах боломжтой гэдгийг хүний ухамсрын түвшинд ойлгох боломжтой. Үүнийг ойлгож мэдсээр байж, хүсэж хийгээд үйлдэж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрч байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Д.З нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ренталон” төвийн 3 давхрын 301 тоотод “эхнэрийг нь доромжилсон” гэх шалтгаанаар иргэн Н.Э-тэй маргалдаж, улмаар түүний зүүн гарыг мушгиж түлхэн, нүүр, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт, уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтууд тогтоогдсон байна.

          Хохирогч Н.Эийн “ ... Тус компанийн инженер эмэгтэйтэй 0 тоотод барилгын зураг дээр тоо хэмжээ гаргаж байгаад бид хоёр маргалдсан. Гэтэл ширээний голд сууж байсан 30 орчим насны өндөр залуу намайг зайл п ... минь гэж хэлэхээр нь би дургүй хүрээд миний хүүхэд шиг залуу намайг зайл гэж хөөсөн болохоор уурандаа “би чамаар зайлуулахгүй, чи юу юм бэ” гэхэд над дээр хүрч ирснээ нүүр рүү хоёр, гурван удаа цохисон, хажууд сууж байсан залуу салгах гээд дундуур ороход намайг цохисон залуу дахиад миний гарт байсан гар утсыг булааж аваад үүднийхээ хаалга руу намайг түлхсэн. Тэр үед миний зүүн мөр эвгүй болоод өвдөөд эхэлсэн … утсаа авах гээд сарвагнасан боловч намайг дахиад хэд хэд толгой, нүүр хэсэг рүү цохиод үсдээд коридор руу гаргасан ... намайг сүүлд үсдээд коридор руу гаргах үед миний баруун чихэн дэх сонсголын аппарат алга болчихсон байсан ... Намайг зодсон гэх залуу миний зүүн гарт байсан утсыг авах гээд мушгиад татаж булааж авах тэр агшинд миний мөр рүү яг урагдсан юм шиг мэдрэмж төрөөд гар эвгүй болчихсон, ... өмдөө татаж чадахгүй, гараа өргөж болохгүй хөндүүрлээд байсан. Би урьд өмнө зүүн мөрөндөө огт гэмтэл авч байгаагүй. Би тухайн үйл явдал болж байх үед хоёр чихэндээ хоёуланд нь аппараттай байсан. Зүүн чихэнд байдаг аппарат нь далд буюу сувгийн аппарат, баруун талын буюу ил аппарат нь зодуулж байх үед алга болчихсон байсан. ... Үсдэж татах, цохиж байх үед л унасан, зодуулж байх үед унаад эвдэрсэн ...” /1 хх 26-29/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн нэмэлт тогтоолоор гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 124 дүгээр шинжээчийн “Н.Э-ийн биед хийгдсэн зүүн талын мөрний үений соронзон резонанс томографийн шинжилгээгээр зүүн талын мөр өргөгч шөрмөсний бүрэн урагдал, шөрмөсний уналт, 2 толгойт булчингийн шөрмөсний суналт гэмтэл тогтоогдлоо. Тус гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /1хх 61-63/,

          шинжээч эмч Н.Т-ийн “... Эдгээр гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн нэг гэмтэл юм. Тус тусад нь салгах боломжгүй учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь унах болон татах үед үүсэх боломжтой, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ...” /1хх 54-56/,

          шинжээч эмч Н.Т-ийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1015 дугаар, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 124 дүгээр дүгнэлтдүүд хоорондоо зөрүүтэй, эргэзээтэй үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр мөрдөгчийн “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоолоор гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 281 дүгээр бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1015 материалаар хийсэн шүүх эмнэлгийн 124 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй. Н.Э-ийн биед зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт, уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. ...” /1хх 74-76/,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас бүрэлдэхүүнтэй шинжээч дахин томилуулах тухай хүсэлт гаргаж, 1689 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар шинжээчийн “... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1015 дугаар дүгнэлт, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 124 дүгээр дүгнэлт, шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 281 дүгээр дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Н.Э-ийн биед зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт, уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт гэмтэл учирчээ. Н.Э-ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Н.Э-ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.Э-ийн биед учирсан зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уруулын цус хуралт, зулгаралт, зовхи, хамрын зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Н.Э-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ШШҮХ-ийн дүрслэл оношилгооны хариу үндэслэлтэй байна. Уг дискт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н.Э-ийн биед хийсэн МRI-н шинжилгээний зураг байна. /2хх 121-127/ гэх дүгнэлтүүд,

          гэрч Ч.М-ын “... манай нөхрийн нүүрэн дээр салаавч гаргасан, тэгэхээр нь гар гэж хэлээд түлхээд бие биеийнхээ энгэрээс заамдчихаад гарахгүй зогсоод байсан...” /1хх 36-37/,

          гэрч Г.О-ын “... заамдалцчихаад З ах хаалга руу тэр хүнийг түлхээд гаргах гэж байх тэр үед би дундуур нь салгасан. Салах хүртлээ 5 орчим минут заамдалцчихаад хэрэлдээд зогсоод байсан ...” /1хх 39-41/,

          гэрч, эргүүлийн офицер Б.Б-ын “... хохирогч нь миний биед халдсан, аппаратыг эвдэлсэн гэж ярьж байсан, хэлтэс дээр мэдүүлэг авах үед өгсөн мэдүүлэгтээ зүүн мөр, гар өргөж болохгүй байна, баруун шанаа хөдөлж болохгүй, зүүн хөмсөгний хажууд халцарсан, уруул язарсан гэж мэдүүлсэн ...” /1хх 43/,

          гэрч эргүүлийн цагдаа Х.А “... тухайн өрөөнд ороход дотор нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй сууж байсан. Тэр өрөөнд сууж байсан эмэгтэй, эрэгтэй хоёр тэр ахад хандаж таныг зодсон асуудал байхгүй, гар гээд түлхсэн гэж ярьж байсан ...” /1хх 45-46/,

          гэрч Ч.А-ийн “... 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд би нэг шинжээчтэй уулзчихаад ирье гэж хэлээд гэрээс гарсан. Гарахад нь манай нөхрийн нүүр болон биед харагдах гэмтэл шарх сорви байгаагүй ... Тэгээд орж ирэхэд нь анзаарахад баруун хацар бага зэрэг зулгарчихсан улайгаад, мөн нүдний чанх ард хэсэгт зулгарчихсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад, хүнд зодуулчихлаа ... Нарангийн ажилтай холбоотойгоор маргалдсан тухай ярьсан. Тухайн үед аппарат нь эвдэрчихсэн ... бас зүүн мөр гэмтчихсэн юм шиг байна хөндүүрлэж өвдөөд байна гээд тэр шөнөдөө унтаж чадахгүй байхаар нь өвчин намдаах эм уулгаад, маргааш нь МНГ-ийн зураг авахуулсан  … хоёрдугаар эмнэлэгт үзүүлэхэд эмч нь хагалгаа хийх заалттай юм байна гэмтэл рүү яв гээд манай хүн ганцаараа явсан...” /1хх 48/,

          гэрч С.Н-ын “... Н.Э гэх хүн зураг болон бүртгэл дээрээс харахад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 33 минутад манай эмнэлгээр үйлчлүүлж шинжилгээнд орсон байна. Дүгнэлтэд 4 шөрмөсний 1 ширхэг нь урагдалтай, 2 ширхэг шөрмөс суналттай ...” /1хх 52-53/ гэх мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдсон байна.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас  “ ... “МЕД ТРАВМА” эмнэлгийн эмч Нямбаярын МРI шинжилгээ нь огноо байхгүй, хэзээ хийгдсэн шинжилгээ болохыг нарийвчлан тогтоохгүйгээр тухайн хариунд үндэслэн дүгнэлт гаргаж буй нь үндэслэлгүй ... хохирогчид үүсэн гэмтлийг Д.З-ын ямар үйлчлэлийн улмаас үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ... Иймд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

          Хэрэгт авагдсан “МЕД ТРАВМА HOSPITAL эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээгээр хохирогч Н.Э-ийн “мөр өргөгч шөрмөстэй холбоотой бүтцүүд”-ийн талаарх хариуг гаргасан байх бөгөөд тус эмнэлгийн эмч С.Нямбаяраас“... Н.Э гэх хүн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдийн 15 цаг 33 минутад манай эмнэлгээр үйлчлүүлж, шинжилгээнд орсон байна. Дүгнэлтэд 4 шөрмөсний 1 нь урагдалтай, 2 нь суналттай, үений дунд холбоос урагдалтай, 1 шөрмөсний бүрэн урагдал гэмтэл нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үүссэн бол тус өдөр үзүүлэхэд тэр хэвээрээ гарна. ...” хэмээн өгсөн мэдүүлгээс үзэхэд хохирогч Н.Э нь тус эмнэлэгт 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзүүлж, тус хариуг гаргасан болох нь тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 281 дүгээр, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар дүгнэлтүүдээр хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоожээ.  

Дээрх дүгнэлтүүдийг гаргахдаа хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1015 дугаар,  2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 124 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд болон “МЕД ТРАВМА HOSPITAL эмнэлгийн эмч С.Нямбаяр, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эмч О.Оюунбаясгалан нарын гаргасан дүрс оношилгооны хариу зэргийг үндэслэл болгосон байх бөгөөд шинжээч нарт хууль сануулсан, тэд шинжилгээ хийх явцдаа болон дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүйгээс гадна, уг дүгнэлтүүдэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх гомдлыг  хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг ба хохирогч Н.Энхтөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Д.З-ын “гарыг нь мушгисан” үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн этгээдээс хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.З-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж үзэв.

          Түүнчлэн хохирогч Н.Э-ийн “ ... Би тухайн үйл явдал болж байх үед хоёр чихэндээ хоёуланд нь аппараттай байсан. Баруун талын ил аппарат нь зодуулж байх үед алга болчихсон, дотор нь хийдэг резинтэй хэсэг нь үлдчихсэн байсан. Би өрөөнөөс хайгаад олоогүй ... хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.” /1хх-26-29/, гэрч Ч.Алтанчимэгийн “... Тухайн үед аппарат нь эвдэрчихсэн тухай хэлж байсан. ...” /1хх-48/,  гэрч, эргүүлийн офицер Б.Бадам-Очирын “... хохирогч нь миний биед халдсан, аппаратыг эвдэлсэн гэж ярьж байсан. ...” /1хх 43/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан сиди бичлэгээс үзэхэд хохирогч нь тухайн хэрэг болох үед баруун чинхэндээ сонсголын аппараттай байсан, улмаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний аппарат эвдэрч, гэмтсэн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс “дискт үзлэг хийхэд хохирогч өөрөө чихний сонсголын аппаратаа тайлж авч байгаа үйл баримт тогтоогдож байна.” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

          Хэрэгт хохирогч Н.Э-өөс Мон-Анир ХХК-иас уг сонсголын аппаратын “3.880.000 төгрөг” гэх үнэлгээг гаргаж ирүүлсэн боловч хохирогчоос сонсголын аппарат нь ямар хэмжээнд эвдэрсэн, засуулах боломжтой эсэх талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул тэрээр хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/54 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.З-ын өмгөөлөгч Х.Ургаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                               Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН