Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/166  

 

 

 

                                            

          

Б.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Алтангэрэл,  

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Баярцэцэг,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2210019481232 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

66 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000 байрны 12 давхарт иргэн Э.Мтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, зүүн чихийг хазах зэргээр биед нь халдаж, зүүн чихний дэлбэнд шарх, хүзүү, баруун бугуйнд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Мд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Б.М миний бие гэр бүлийн дундын өмчийн объектыг бусдад түрээсэлж орлого олдог байсан. Энэхүү орлогоосоо хохирогчид хохирол төлбөрт 10,913.000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо тус объектод засвар хийж дуусч байгаа бөгөөд спортын клуб ажиллуулж дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа болно. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхэд спорт клубын үйл ажиллагаа зогсох, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох гээд байгаа болно.

Миний бие урьд ял шийтгэгдэж байгаагүй, хохирогчид хохирол төлбөрөө төлсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргадаггүй. Торгуулийн ялыг биелүүлэх боломжтой болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч өглөөний 09 цагаас оройны 21 цаг хүртэл нийтэд тустай ажил хийж байгаа. Б.М нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд торгуулийн ялыг биелүүлэх боломжтой. Түүний үйлдсэн гэмт хэргийн хувьд сонгох санкцтай тул нийтэд тустай ажил хийх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэв.  

Прокурор А.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М нь гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч Б.Мд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.  

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Мд холбогдох эрүүгийн 2210019481232 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Мгийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.   

Б.М нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 байрны 12 давхарт иргэн Э.Мтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, зүүн чихийг хазах зэргээр биед нь халдаж, зүүн чихний дэлбэнд шарх, хүзүү, баруун бугуйнд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.Мийн: “...байранд өөрийн ээж болох Ц.Бүжидмааг оруулж өгтөл ээжийн гэрт ахын найз гэх Б.М, өөр нэг залуу, ах гурав архи уугаад байж байсан. Тэгтэл Б.М гэх залуу миний нүүр хэсэг рүү 5-6 удаа атгасан гараараа цохисон. Тухайн эрэгтэйг барьж аваад түлхэж байтал М гэх залуу миний зүүн талын чихнээс хазсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 19-20/,

гэрч Ц.Бүжидмаагийн: “...гэртээ орох зорилгоор өөрийн том хүү Этэй ярихад манай хүүхэд согтуу байсан учир хажуу талын орцонд амьдардаг бага хүү болох Мийг дуудсан. Мэ гэрт орж гаражийн түлхүүр аваад гэрт архи ууж байсан. М, Х, Өнар архи одоо больцгоо гэж хэлээд гарч ирээд намайг тосож авсан. Мэ ачаагаа зөөгөөд гэртээ орсон түүний дараагаар би араас нь орж явтал манай бага хүүхэд та хэд одоо болиод яв гэтэл М гэх залуу манай бага хүүхэд рүү дайраад барьцалдаад авсан. Тэгээд гэрт байсан хүмүүс гарч ирээд тэр хоёрыг салгаад М гэх залууг барьтал М урагш тэмүүлээд манай бага хүү Мийн чихийг хазаж харагдсан. Дараа нь хартал бага хүүгийн чих тасарсан байсан...” /хх 23-24/,

гэрч Ө.Төгөлдөрийн: “...Би Мг Э хаалганы хажууд нь үлдээгээд өөрөө ороод том өрөөний буйдан дээрээс утсыг нь аваад гарч байхад Мэ Мг ажилгүй архичин зайл гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байсан. Тэр үед М орцонд хаалганы үүдэнд сонсож байгаад юу гэнээ гэхэд Мэ Мгийн шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Би салгахаар дундуур нь ороод салгаж дийлээгүй. Тэр хоёр хэд, хэдэн удаа харилцан цохилсон. Тэр үед Э эхнэр, Мийн ээж хоёр бас салгах гэж орсон. Бид гурав цугтаа салгаад байж байтал М Мийг тэвэрч аваад зүүн чихнээс нь хазсан. Тэр үед би шууд салгаад Мг аваад гарсан...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10239 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Э.Мийн биед зүүн чихний дэлбэнд шарх, хүзүү, баруун бугуйнд зулгаралттай, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” /хх 35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №834 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...№1 №2 N23 зурагт: Чихэнд тавигдсан оёдол харагдана. №4 Дээрх зурагт бүрэн эдгэрээгүй чихний шарх харагдана. №5 Чихний дэлбэн бүрэн эдгэрсэн чихний дэлбэнгийн дээд хэсэгт тасарсан байна.

- Гэмтлийн зэрэгт өөрчлөгдөхгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна.” /хх 44-45/ гэх дүгнэлтүүд,

шинжээч Б.Цолмонгийн: “...Чихний хэлбэр дүрс алдагдсан тул ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг, алдагдах хувиас хамаарна. Мэ чихний 3/1 хэсэг тасарсан, хөдөлмөрийн алданги 5 хувиар тогтонги алдагдуулна. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Үзлэг хийхэд Мэ зүүн чихэнд “дэлбээнд” боолттой, урт үргэлжилсэн мэс заслын оёдолтой, хавдаж овойсон чихний хэлбэр алдагдсан байсан тул зүүн чихний дэлбээнд шарх гэж тодотгож бичсэн. ...” гэх мэдүүлэг /хх 39-40/,

2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 давхар цайвар өнгийн дундуураа хоёр ширхэг бор босоо судалтай 92 гэсэн орон сууцанд... 12 давхарт гарахад цахилгаан шатнаас хойш 14 метр зайд цус мэт улаан хүрэн өнгийн хоёр ширхэг толбо байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...”, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.Мгийн “...хохирогч Э.Мтэй маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, зүүн чихийг хазах зэргээр биед зүүн чихний дэлбэнд шарх, хүзүү, баруун бугуйнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэсэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах төрлийн ялуудаас шүүх шүүгдэгч Б.Мд нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон 240 цагийн хугацаагаар оногдуулсан нь шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэх болсон нөхцөл байдал, хохирогчид учруулсан гэмтлийн хэр хэмжээ, түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүхээс Б.Мд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байх тул шүүгдэгч Б.Мгийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ