Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

   2018          01          04                                     13

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

өсвөр насны шүүгдэгч: Р.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.О,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Амар /2563/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Рагчаагийн Эд холбогдох эрүүгийн 1705 0019 90212 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас, 2 сар, 13 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, Монгол овогт Рагчаагийн Э.

 

Өсвөр насны шүүгдэгч Р.Э нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн ломбард”-ны орчим “төрүүлсэн ээж Б.О-д архи уулгасан байна” гэж андуурч иргэн Я.Чийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч-Р.Э мэдүүлэхдээ:

Хэрэг болох үед би гурван найзтайгаа хамт дөрвүүлээ 0.5 грамм хэмжээтэй архи уусан байсан. Хохирогчийг цохих болсон шалтгаан нь манай ээж тэр хүний машинд нь суусан байсан ба ээж архи уусан байсан. Тэгэхээр нь тэр хүнийг ээжид маань архи өгч уулгасан гэж би андуураад түүнийг зодсон. Би хохирогчид хөнгөн гэмтэл учруулж, машины урд шилийг нь хагалснаа хүлээн зөвшөөрч байна. Автомашины салхины шил авахад 154 000 төгрөг төлж, мөн бэлнээр 100 000 төгрөг Я.Ч гэдэг хүнд төлсөн. Хохирогч би одоо гомдол саналгүй, цагдаад өгсөн өргөдөлөө буцааж авна, манай хүүхдийн машин угаалгын газар 7 хоног ажилла гэсэн тул би хоёр найзтайгаа хамт өглөө 8 цагаас шөнийн 24 цаг хүртэл гурван өдөр ажилласан. Гэтэл өргөдөлөө буцааж аваагүй. Манай ээж маань ажил хийдэг, аав группд байдаг. Би өөрөө мэргэжил сургалт үйлчилгээний төвийн 3 дугаар дамжаанд суралцдаг. Цаашдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй. Архи уугаагүй байсан бол энэ хэрэгт холбогдохгүй, болсон асуудлыг зөвөөр ойлгох байсан. Өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж байна. Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Я.Ч мэдүүлэхдээ:

      ...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны “Сайн ломбард”-ны автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн 58-38 УБС улсын дугаартай, “Тоёота королла” маркийн автомашинтай зогсож байгаад хүмүүс аваад дээшээ Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны байрны дээшээ өгсөөд, буцаад доошоо 800 метр орчим зайд явж байхад 40 орчим насны эмэгтэй гар өргөөд зогссон. Тэгээд дээшээ айл руу очоод ирье, 1000 төгрөг өгье гэхээр нь суулгаад дээшээ хорооны байрны орчим өгсөөд тэндээсээ буцаад уруудаж байхад нөгөө эмэгтэй “манай хүү явж байна, зогсоорой” гэхээр нь “чи согтуу байна, хэрэггүй байхаа. Би гэрт чинь буулгая” гэсэн. Зам дээр 2 охин, 2-3 залуу байсан. Тэгээд нөгөө эмэгтэй хүүхэдтэйгээ уулзана гэхээр нь машинаа зогсоогоод хүлээж байхад 16-17 насны хүүхэд ирээд миний хаалгыг онгойлгоод “чи миний ээжтэй үхсэнээ хийж байгаа юм” гээд намайг заамдаад, өшиглөөд, миний урд талын хиймэл шүд хугартал цохьчихсон. Тэр үед би машинаасаа буулгүй суугаад байсан. Миний талын цонхыг хөлөөрөө өшиглөөд хагалсан гэжээ. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.О мэдүүлэхдээ:

...хэрэг болдог өдөр би гэртээ архи уусан бөгөөд гарч архи авах гээд такси авсан юм. Ингээд шөнө 02 цагийн орчим архи аваад замдаа архинаасаа ганц нэг уусан ба Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн гудамж, 771 тоотын ойролцоо гэр лүүгээ харих гээд такситай явж байхад хүү Эыг явж байхаар нь дуудсан чинь ирээд л таксины жолоочийг намайг дагуулж архи уулгалаа гэж ойлгоод эхлээд машины урд салхины шилийг өшиглөж хагалаад, таксины жолооч ахыг барьж аваад нүүр лүү нь цохиод авахаар нь салгаад машинд суугаад доошоо хүүхдээсээ зугтаасан. ...Тухайн үед би жолооч ахтай хамт яваад машины хагалсан цонхны үнэлгээг хийлгэж, мөн урд салхины шилийг нь 135 000 төгрөг болсон үнийг нь өгсөн. Нийт 154 000 төгрөг өгсөн ба тэр ах өөрөө шилээ хийлгэнэ, цагдаагаас өргөдлөө авна гэж хэлсэн гэжээ. (хавтаст хэргийн 38 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Л.Рагчаа мэдүүлэхдээ:

Тэр өдөр намайг унтаж байх хооронд эхнэр О нь гэртээ архи уугаад, шөнө гараад явсан байсан.  Хүү Э надад “ээж О машин дотор суучихсан явж байна, сая доошоо явчихлаа” гэсэн. Юу болов гэхэд “ээж архи уучихсан, машин дотор явж байна. Жолоочтой нь хамт архи уусан юм шиг байна. Тэгэхээр нь би машины цонхыг нь хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн шөнө 04 цагийн үед эхнэр О нилээн согтуу ирсэн юм. Ирээд юм яриагүй. Бидний зүгээс хүүгийнхээ учруулсан хохирлыг төлнө. Хүү маань жоохон түргэн зантай, бие бялдар сайтай, хүнтэй яриа хөөрөөтэй хүүхэд байгаа юм. Одоо 17 настай. Түргэн зан, ээжийнхээ байгаа байдлаас болоод л ийм асуудалд холбогдсон юм гэжээ. (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9363 тоот дүгнэлтэд:

      1. Я.Чийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун бугалганы цус хуралт, баруун чих, хамрын үзүүрийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 10 дугаар хуудас)

     

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Р.Э ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Өсвөр насны шүүгдэгч Р.Э нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн ломбард”-ны орчим “ээж Б.Од архи уулгасан байна” гэсэн шалтгаанаар таксины жолооч, хохирогч Я.Чийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи баруун бугалганы цус хуралт, баруун чих, хамрын үзүүрийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Я.Ч, гэрч Б.О, Л.Рагчаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9363 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Р.Эт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Б.Ч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь хохирогч Б.Чт 254 000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Рагчаагийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Р.Эыг 121 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Р.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхийг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Р.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Р.Эт Төв аймгийн Баянчандмань сум дахь Барилга, сантехникчийн Мэргэжил сургалт үйлчилгээний төвийн сургуульд суралцаж төгсөх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Р.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН