Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04485

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04485

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, Хайлааст * гудамж, * тоотод оршин суух * овогт ** /рд:а*/

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, Зүүн ард аюушийн өргөн чөлөө гудамж, * байр, * тоотод оршин суух * овогт * * /рд:*/

Нэхэмжлэлийн шаардлага: 12,560,470 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 13,417,496 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү,

Гэрч*,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.     Нэхэмжлэгч* нь хариуцагч М.*д холбогдуулан 12,560,470 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай нөхөр * нь хариуцагч М.*тай 2019 онд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 11 дүгээр гудамж, 169 тоот хаягт байрлах хашаа байшинг 18,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 9,500,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 8,500,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр амаар тохирч, худалдаж авсан байдаг. Ийнхүү тохиролцсоны дагуу бид хашаа байшингаа биетээр нь хүлээн авсан боловч шууд орж амьдрахад хүндрэлтэй, зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан тул миний бие өөрөөсөө 12,560,470 төгрөгийн зардал гаргаж, байшингийн дотор засвар хийж бүрэн тохижуулсан. Манай нөхөр * нь тухайн үед өөрөө сар бүр 500,000 төгрөгийг төлж байшингийн төлбөрийг дуусгана, чи өөрөө байшингийнхаа дотор заслыг хийлгэ гэж хэлж байсан. Гэвч манай нөхөр * нь байшингийнхаа үлдэгдэл төлбөрийг огт төлөөгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн тул М.* нь байшингийн урьдчилгаа 9,500,000 төгрөгийг надад буцаан өгч, байшингаа буцаан авахаар шаардах болсон. Бидний хувьд бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй, амаар ярилцаж тохиролцон худалдах худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээ цуцлагдаж байгаа тохиолдолд өгсөн авсан бүх зүйлээ буцаан өгөхөөр хуульд заасан тул уг байшинтай холбоотойгоор миний гаргасан зардлыг хариуцагч М.* нь төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Байшинг анх худалдаж авахад дотор дулаалга муутай, дотор засал болон шал, хана, тааз зэрэг нь хуучирч муудсан байсан тул миний бие эдгээрийг өөрөөсөө зардал гаргаж, төрсөн ахаараа бүрэн шинэчилж засвар хийлгэсэн. Одоо худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж байгаа тохиолдолд тэдгээр засвар, шинэчилсэн зүйлүүдээ буцаагаад салгаад авах боломжгүй бөгөөд М.*ын хувьд өмнө нь өгсөн байшингаасаа илүү сайн засвар хийлгэсэн байшинг бодит байдал дээр хүлээн авч байгаа тул надад гаргасан зардлыг маань буцаан өгөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлд заасны дагуу тул миний бие өөрт учирсан хохирол буюу гаргасан зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж байна. Хашаа байшинг хариуцагч М.* нь хүчээр шахам, өвлийн хүйтэнд тог цахилгааныг тасалж, ганц бие эмэгтэй бага насны хүүхэдтэйгээ амьдрах аргагүй болгож байгаад өөрийн мэдэлд авч, хаалганы голыг сольсон. Иймд Чингэлтэй дүүрэг, *дүгээр хороо, Хайлааст * дүгээр гудамж, * тоот хаягт байрлах байшингийн засварын зардалд гаргасан 12,560,470 төгрөгийг хариуцагч М.*аас гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анх М.* нь хашаа байшин худалдах худалдан авах гэрээг * байгуулж байсан. Тухайн гэрээний нөхцөлийг талууд тохиролцохдоо гэрээ байгуулсан өдөр 7,000,000 төгрөг бэлнээр өгөөд 2,500,000 төгрөгийг дундын танил болох * хамт ажилладаг н.Батсайхан гэх хүн өглөг авлагын асуудалтай байсан. Түүнд нь суутгаад 9,500,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хашаа байшингаа суллаад хүлээлгэж өгөөд сар бүр 500,000 төгрөг төлөөд 2 жилийн хугацаанд төлж барагдуулъя гэж  тохиролцсон. Төлбөрийг төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр харилцсан тохиролцсон байсан. Гэтэл н.Даваадорж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Төлбөрөө төлж өөрийн болгоогүй байж тухайн байрандаа засвар хийсэн. Энэ талаараа нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэлдээ бичсэн байдаг. 12,560,470 төгрөгийг М.*аас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл М.* хариуцагч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тухайн байшинг хүлээж авах үед засварын асуудал яригдаж байгаа. Амьдрах боломжгүй байсан зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан гэдэг зүйл яригдаад байгаа. М.* өөрөө 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл энэ байшиндаа эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Тэгэхээр амьдрах боломжгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Засвар хийсэн гэх баримтаа хавсарган өгсөн бөгөөд нэхэмжлэгч*гийн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх Хаан банкны 5135357509 тоот дансны хуулгыг нотлох баримт болгон гаргаж өгсөн байна. Энэ баримтуудаас харахад дээрх засварын зардалд зарцуулагдсан гэх мөнгө нь энэ засварт зарцуулагдаагүй гэдэг нь тодорхой харагддаг гэжээ. 

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд 13,417,496 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч* болон түүний нөхөр Даваадорж нартай харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо хайлаастын 11 дүгээр гудамжны 311 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй өөрийн хашаа, байшинг газрын хамт 19,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тохиролцсоны дагуу тэр өдрөө 7,000,000 төгрөг урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр 500,000 төгрөг төлж 2 жилийн хугацаанд барагдуулахаар болж 2020.02.25-нд би нүүж өөрийн хашаа байшингаа суллаж өгсөн. Үүний дараа *хамт ажилладаг Батсайхан гэдэг хүнтэй өглөг, авлагын хүрээнд 2,500,000 төгрөг суутгаж тооцуулсан. Үүнээс хойш хариуцагч нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөрийг огт төлөхгүй байсан. Миний бие удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж, уг хашаа байшинг барьцаанд тавиад мөнгөө төлчих гэдэг санал тавьж байсан боловч төлбөрийг огт төлөхгүй байсан. Ингээд бие 2023.08.13-ны өдөр арга буюу авсан 9,500,000 төгрөгөө буцаан өгч амьдарч байсан хугацааны төлбөрөө төлөөд хашаа, байшинг чөлөөлж өгөх шаардлага тавихад засвар хийсэн зардлыг өгөх юм бол байсан хугацааны мөнгөө өгнө гэсэн үндэслэлгүй шаардлага тавьж өнөөдрийг хүртэл эд зүйлээ чөлөөлж өгөхгүй өмчлөгч миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсаар байгаа тул энэ хугацаанд ашиглах, түрээслүүлэх зэрэг эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрсэн гэжээ.      

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд өнөөдрийг хүртэл эд зүйлээ чөлөөлж өгөхгүй өмчлөгч миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байгаа гэдэг нь үндэслэлгүй. 2023 оны 11 дүгээр сараас эхлэн өмчлөх эрхийн гэрчилгээгээ ашиглан тухайн байшингийн тогийг таслуулж, удаа дараа хэл ам хийж, хөөж тууж байгаад байшингаа суллаж авсан ба харин ч одоог хүртэл байшинд үлдсэн байсан эд зүйлсийг маань өгөхгүй байгаа болно. Зохигчдын хоорондын гэрээний харилцаатай холбоотой гэм хор буюу амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан гэх зүйл байхгүй, гагцхүү худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчигдсөн асуудалтай холбоотойгоор гэм хорын хохирол нэхэмжлэх боломжгүй. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэнээс биш худалдаж авч чадахаа болих юм бол түрээсийн төлбөрт тооцно гэдэг тохиролцоо болоогүй. Мөн хуулийн 287, 302, 318 дугаар зүйлүүдэд заасан эд хөрөнгө хөлслөх эсхүл түрээслэх гэрээний харилцаа үүсээгүй болно. Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч тал үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдагчид зайлшгүй орох байсан орлогод түрээсийн орлого нь хамаарахгүй. Хариуцагч нь уг байшиндаа өөрсдөө 10 жил буюу ашиглалтад орсон цагаас нь хойш амьдарч байсан талаараа тайлбартаа дурдсан байдаг тул байшинг өмнө нь түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг байсан гэж үзэх  боломжгүй буюу түрээсийн орлогоор хариуцагч нь хохирсон гэж нэхэмжлэх боломжгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.  

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Хаан банкны дансны хуулга /хх 5-13/, Гэрэл зураг /хх 14-31/, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөх тухай /хх 79-80/, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах тухай /хх 116-117/,    

 

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 37/, итгэмжлэл /хх 73/, сөрөг нэхэмжлэл /хх 82-84/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 85-86, 128-129/, Хаан банкны дансны хуулга /хх 87-88/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 89-103/,  

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 269 тоот албан бичиг /хх 45-72/, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 10-7/788 тоот албан бичиг /хх 118-126/ баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М.*тай хашаа байшин 18,000,000 төгрөгөөр худалдах худалдан гэрээг амаар байгуулсан, гэрээний урьдчилгаа 9,500,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 8,500,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Миний бие өөрөөсөө 12,560,470 төгрөгийн зардал гаргаж, байшингийн дотор засвар хийсэн.  Гэрээ цуцлагдаж байгаа тохиолдолд өгсөн, авсан бүх зүйлээ буцаан өгөхөөр хуульд заасан тул хариуцагч М.* нь 12,560,470 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлж өмчлөх эрхтэй болоогүй байж тухайн байшинд засвар хийсэн. Мөн 12,560,470 төгрөгийг М.*аас шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд М.* хариуцагч биш. Дансны хуулгаар 12,560,470 төгрөг нь засварын зардалд зарцуулагдаагүй байна гэж үгүйсгэсэн.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ байшинг өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан. Энэ хугацаанд ашиглах, түрээслүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэм хор учруулсан хохиролд 13,417,496 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг зохигчдын хоорондын гэрээний харилцаатай холбоотой гэм хор буюу амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан зүйл байхгүй, худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчигдсөн асуудалтай холбоотойгоор гэм хорын хохирол нэхэмжлэх боломжгүй. Түүнчлэн худалдагчид зайлшгүй орох байсан орлогод түрээсийн орлого нь хамаарахгүй. Хариуцагч уг байшинг өмнө нь түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд түрээсийн орлогоор хариуцагч хохирсон гэж үзэх боломжгүй гэж үгүйсгэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч нь Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамж, 311 тоот хаягт байршилтай хувийн сууц болон газрыг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь уг байшингийн урьдчилгаа төлбөрт 9,500,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр 500,000 төгрөгөөр 2 жилийн хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хариуцагч М.*ын Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

 

4.2. Зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

4.3. Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.

Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. 

 

4.4. Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох хувийн сууцыг нэхэмжлэгч талд шилжүүлсэн боловч худалдан авагч буюу нэхэмжлэгч хувийн сууцны үлдэгдэл төлбөрийг хариуцагчид төлж чадахгүй бодит нөхцөл бий болсон нь түүний “...Гэвч манай нөхөр * нь байшингийнхаа үлдэгдэл төлбөрийг огт төлөөгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн” гэх тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч буюу худалдагч нь гэрээнээс татгалзсан байна.

 

Гэрээнээс татгалзснаас үүсэх эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зохицуулсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагчаас урьдчилгаа төлбөрт төлсөн 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгч талд буцаан төлсөн, худалдах худалдан авах гэрээний зүйл болох хувийн сууц хариуцагчийн эзэмшилд шилжсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байхаас гадна энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. Талуудын маргааны зүйл нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах асуудал байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээнээс олсон үр шимийг буцаан олгох ёстой, үр шим нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлд заасан нөхцөлд нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Үүнд тухайн эд зүйлийг зориулалтын дагуу ашиглаж олж авсан ашиг, нөгөө талаас төлбөр гүйцэтгэснээс төлөх шаардлагагүй болсон хүүг тооцдог бөгөөд харин тухайн үр шимийг олж авахад гарсан зардал хамаарахгүй.     

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6-д үүрэг гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг буцаан өгсөн бол өөрт учирсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасан. Зардал гэдэгт тухайн эд зүйлд тустай буюу түүнийг хэвийн байдалд байлгах, сэргээн засварлах буюу сайжруулахад чиглэгдсэн эд хөрөнгө, арга хэмжээ орно. Эд зүйлийг зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчийн онцгой зорилгод нийлүүлсэн бус, түүнийг зохих ёсоор ашиглахад шаардлагатай бол зардлыг зайлшгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн байшингийн засварын зардал нь тухайн хувийн сууцыг зохих ёсоор ашиглахад шаардагдах зайлшгүй зардалд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгч*гийн хариуцагч М.*аас 12,560,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ гэж үзлээ.  

 

4.5. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд худалдагч буюу хариуцагчид учирсан хохирол нь баримтаар бодитоор тогтоогдсон байхаас гадна уг хохирол нь худалдан авагч буюу нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйтэй холбоотой, мөн тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана. Түүнчлэн хохирол нь уг үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай ажил, эсхүл бие даасан үйл ажиллагаанаас үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгчийн зайлшгүй олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэг юм.   

 

Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч гэрээнээс татгалзсанд 13,417,496 төгрөгийн хохирол хариуцагчид учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэдийгээр хариуцагчаас өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ хувийн сууцыг чөлөөлж өгөөгүйгээс болж бусдад түрээсэлж 13,417,496 төгрөгийн ашиг олох байсан гэж тодорхойлсон боловч хариуцагчаас бусадтай Түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс өөрийн шаардлагаа нотолж чадаагүй. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгч*гаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол 13,417,496 төгрөгийг шаардах эрхгүй тул хариуцагч М.*ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,920 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,040 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*д холбогдох, 12,560,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч*гийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч*д холбогдох, 13,417,496 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.*ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч*гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,920 төгрөгийг, хариуцагч М.*аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,040 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.БАЯРСҮРЭН