Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Б.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгат овогт Баясгалангийн Цэрэнтогтоход холбогдох 1729000530001 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрладаг “Их-Өлзийт” дэлгүүрийн орчимд иргэн Б.Дүгэрсүрэнгийн гээгдүүлсэн хэтэвчтэй бэлнээр 275,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Голомт банкны виза болон зэс карт, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны виза карт зэргийг хувьдаа завшин бусдад нийт 332,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд нэг дэлгүүрийн гаднаас бор өнгийн хэтэвч олсон. Би дэлгүүр рүү ороод худалдагчид харуулаад ийм зүйл оллоо гэж хэлэхэд тэнд байсан худалдагч нь “мэдэхгүй, энд үлдээчихгүй юу” гэсэн. Тэгэхээр нь би фэйсбүүкэд зар тавьж эзэнд нь өгье гээд гараад явсан. Тэр өдрөө би хот руу ажил руугаа явах ёстой байсан. Явахаасаа өмнө хэтэвчинд байсан юнителийн симний үүр дээр бичигдсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд шөнөжингөө явсаар хот ороод тэндээсээ ажилчдын автобусанд суугаад Дорноговь аймгийн Мандах сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Их Говь Энержи” ХХК руу очсон. Тэнд сүлжээ муу учраас  фэйсбүүкэд орж зар тавьж чадаагүй. Ажил амраад хот руу явахдаа өөрийнхөө жижиг тэргээр явсан ба машиныхаа урд хайрцганд нөгөө хэтэвчийг хийгээд орхисон байсан. Ингээд 28 хоног ажиллачхаад машинаа унаад Ханбогд сум руу буцах замдаа Цогтцэций сумаас нөгөө юнителийн дугаар руу залгаж, хохирогчтой холбогдож “хэтэвч чинь надад байна, авахгүй юм уу” гэхэд би цагдаагаар дамжуулаад олчихно гэж хэлэхээр нь би “за за” гэж хэлээд утсаа салгасан. Нөгөө хэтэвчээ гээсэн залуу миний фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт явуулсан байсан. Би дүүгээрээ дамжуулан бичиг баримттай хэтэвчийг нь өгүүлсэн. Хэтэвчинд байсан 275,000 төгрөгийг би өөрийн дансандаа хийсэн байсан бөгөөд тухайн данс миний зээлийн данс байсан тул банкнаас зээлийн төлөлтөд 275,000 төгрөгийг суутгачихсан байсан. Би тухайн үедээ хотын хүн байна, хотод тааралдаад өгч болох байх гээд аваад явсан юм. Би хэтэвчинд байсан 275,000 төгрөг бусад бүх зүйлийг нь эзэнд нь хүлээлгэж өгсөн. Энэ хэрэгт хариуцлага хүлээхэд бэлэн байна.”  гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8 дугаар хуудас/

Хохирогч Б.Дүгэрсүрэн /РД:ИЭ80102974/-ийн:”...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 30 минутаас 12 цагийн хооронд Ханбогд сумын “Их-Өлзийт” дэлгүүрийн хажууд байдаг бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө аваад тухайн дэлгүүрээс 75,100 төгрөгийн гүйлгээ хийгээд дэлгүүрийн гадна талд байрлах ногоон контейнроос савтай газ авч, машинаа асаагаад хөдөлж байхад ажлаас хүн залгаад барилгын материалын дэлгүүрээс юм аваад ир гэхээр нь авахаар хэтэвчээ хайтал олдохгүй болохоор нь замын хажуу руу машинаа зогсоож байгаад үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь буцаад “Их-Өлзийт” дэлгүүрийн хажуу талын контейнорт унагаачихсан юм байх гээд очтол дэлгүүрээс газ авч өгсөн эгч гараад ирэхээр нь би сая энд хэтэвчээ гээчихсэн юм шиг байна гэхэд сая хөдөлсөн машин аваад явсан гэсэн. 2017 оны 11 дүгээр сарын дундуур над руу танихгүй дугаараас залгаад “би хэтэвчтэй эд зүйлийг чинь олсон. Хөдөө ажиллаж байгаад өгч чадахгүй явлаа” гэсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед манай эхнэр Х.Нарантуяад миний гээсэн бэлэн мөнгөнөөс бусад эд зүйлийг өгсөн. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 12 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл 195,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Н.Эрдэнэтуяагийн: ”...ногоон цамцтай залуу дэлгүүрт хэтэвч оллоо гэсэн, тэгээд касс дээр 55,000 төгрөгийн тооцоог бэлнээр өөрийн барьж явсан бор өнгийн жижиг цүнхнээс гаргаж өгсөн. Тэгээд худалдагч, бид хоёр түүнээс наад хэтэвчний эзэн нь хэн гэж байна харъя гэхэд харуулаагүй, харин би фэйсбүүк дээр зар тавина гээд гараад явсан, би араас нь гараад тэр залуугийн машины дугаарыг харах гээд чадалгүй явуулсан. Тэгээд тэр зүүн талын урсгалаар яваад өгтөл араас нь шахуу нөгөө “ЗАГ” ХХК-ийн гэх хүн хэтэвчээ хаясан байна гээд хүрээд ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-н 25 дугаар хуудас/

Б.Цын яллагдагчаар өгсөн: “...би 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ханбогд сумын төвд нэг дэлгүүрийн гаднаас бор өнгийн хэтэвч олсон. Дэлгүүр рүү ороод худалдагчид хэтэвч оллоо фэйсбүүкэд зар тавьж эзэнд нь өгнө гэж хэлээд гарсан. Тэр залуугийн данс руу би өөрийн данснаас мөнгийг шилжүүлсэн. Бусад эд зүйлийг нь эхнэрт нь өгсөн.” гэх мэдүүлэг /хх 31-32 дугаар хуудас/

Б.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 38 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Цын гэрэл зураг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Б.Цын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 44-60 дугаар хуудас/

Хохирогч Б.Дүгэрсүрэнгийн хохирол барагдуулсан гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар /хх-н 63 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг хэлэх бөгөөд тухайн эд хөрөнгийг санамсаргүй олсон этгээд өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах эрхтэй болсон үйлдлээр тухайн гэмт хэргийн объектив талын шинж тодорхойлогдоно.

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрладаг “Их-Өлзийт” дэлгүүрийн орчимд иргэн Б.Дүгэрсүрэнгийн гээгдүүлсэн хэтэвчийг санамсаргүй байдлаар олж, хэтэвчинд байсан 275,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Голомт банкны виза болон зэс карт, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны виза карт зэргийг хувьдаа завшин бусдад нийт 332,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс Б.Цод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох саналаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б.Дүгэрсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд хохирол барагдуулсан, шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мянгат овогт Баясгалангийн Цэрэнтогтохыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд тус бүр 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Дүгэрсүрэн нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Цын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Цод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН