Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1987

 

 

 

                                      “Э Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01706 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭХ” ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1025 дугаартай захирамжаар “Монгол улсын хөгжлийн Банк” ХХК-д 611 109 400.31 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014675 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах 354 м.кв талбайтай хоёр давхар барилга, Ү-2202007731 дугаарт бүртгэлтэй 176 м.кв талбайтай хувийн орон сууц болон уг хаягт байрлах Г-2202000506 дугаартай 700 м.кв газрыг 220 703 000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг барьцаа эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, худалдаа үйлчилгээний газруудад ойр, ашигтай байршилд байдаг бөгөөд одоо тус үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэлгээ нь 420 000 000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Гэвч тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал ашиглаж, ямар судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй байх ба дээрх барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлж, үнэлгээ тогтоосон байна. Үнэлгээг хийхгүй байх нөхцөл нь талууд харилцан тохиролцсон бол тохиролцож тогтоосон үнээр дуудлага худалдааг явуулах учиртай. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн тус ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч “Эрд хул” ХХК, “Монгол улсын хөгжлийн банк” ХХК, өмчлөгчийг харилцан тохиролцож шийдвэрлэх боломжоор хангахгүйгээр шинжээчийг томилсон. Төлбөр төлөгч “ЭХ” ХХК үнийн саналаа 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээр өгсөн бөгөөд тус үнийн саналд нийт хөрөнгүүдийг 420 000 000 төгрөгөөр үнэлсэн. Харин өмчлөгчийн хувьд 2 үнийн санал өгсөн бөгөөд хоёулаа 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-ийн хувьд албан бичиг гэж өгөөгүй байсан бөгөөд харин гэнэт танилцуулаагүй бичгийг шийдвэр гүйцэтгэх газар гаргаж өгсөн байна. Энэхүү албан бичигт хариу хүргүүлэх тухай, Танай газраас ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4/6650 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцлаа гэсэн байдаг. Гэтэл тус албан бичгийг 2 дахь хуудсанд үнийн санал ирүүлэх тухай танай газрын албан бичигт дараах баримтуудыг хавсралтаар ирүүлжээ гээд үүнд нь “Э Х” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг багтсан байдаг. Гэтэл 3 дугаар сарын 03-ны өдрийн бичигт манай хожим явуулсан бичиг хавсралт журмаар орж очих боломжгүй юм. Иймд дээрх бичгийг сүүлд хийсэн албан бичиг гэж үзэж байна. Түүнчлэн тус бичигт “Монгол улсын хөгжлийн банк” ХХК хариу үнийн саналыг 107 042 100 төгрөг болгож үнэлсэн. Энэхүү албан бичгийг хүлээн авсан даруй шинжээчийг томилсон. Гэтэл манай төлбөр төлөгч талд тус албан бичгийг танилцуулж байгаагүй бөгөөд өмнө нь нэг ч удаа харж байгаагүй. Харилцан тохиролцох боломжоор хангаж, “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-ийн үнийн саналыг бидэнд мэдэгдэх ёстой атал энэ үүргээ биелүүлээгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 тоот захирамжаар төлбөр төлөгч “Эрд хул” ХХК-аас 611 109 400.31 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 1 642 599 төгрөгийг хамт гаргуулж “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн Ү- 2202014675 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 630 тоот хаягт байрлах 354 м.кв талбайтай хоёр давхар барилга, Ү-2202007731 дугаарт бүртгэлтэй 176 м.кв талбайтай хувийн орон сууцыг Г-2202000506 дугаарт бүртгэлтэй газрын хамт битүүмжлэн, хурааж шинжээчээр үнэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Үнэлгээг “Баян модот” ХХК тогтоосон. Хэрэв талуудаас үнийн санал аваагүй байсан бол шинжээч томилох ажиллагаа хийгдэх боломжгүй байсан. Шинжээч томилсон тухай үнийн саналыг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн байгаа. Хэн нэгэнд мэдэгдэлгүй, үнийн санал авахгүйгээр шинжээч томилох юм бол процесс алдаа болох учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-ийн өгсөн бичгийг хуурамч гэж байна. Тийм байсан бол шинжээч томилох ажиллагаа хийх шаардлага байхгүй. Талууд тохиролцоогүй учраас шинжээч томилсон. Талуудын өгсөн үнийн санал нь зөрүүтэй байсан буюу тохиролцоогүй учраас нөгөө талд нь заавал мэдэгдэх шаардлага байхгүй. Манайх хуулийн дагуу шинжээч томилох эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай “Э Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4/6650 дугаар албан бичиг, төлбөр төлөгч “Эрд хул” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4/6651 дугаар үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд уг үнийн санал ирүүлэх тухай албан бичигт “ЭХ” ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр үнийн саналыг 420 000 000 төгрөгөөр үнэлж хүргүүлсэн, өмчлөгч Д.Дуламсүрэн нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2 албан бичгээр 300 000 000 төгрөг, 420 000 000 төгрөгөөр үнэлж хүргүүлсэн, төлбөр авагч “Монгол улсын хөгжлийн банк” ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/349 дугаар албан бичгээр төдбөр төлөгч болон өмчлөгч нарын үнийн саналыг зах зээлээс хэт өндөр үнээр үнэлсэн гэж үзэж, 351 060 402 төгрөгөөр үнэлж хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч. төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба тэд тохиролцож чадаагүйгээс шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжлийн үнэлгээчин “Баян модот” ХХК-ийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаар тогтоолоор томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн. Хэрэв үнэлгээг талууд, өмчлөгч харилцан тохиролцоогүй бол үнэлгээг хийлгэж, тус үнэлгээний тогтоосон зах зээлийн 70 хувиар тооцох юм. Дуудлага худалдаа явуулахын өмнө үнэлгээ хийнэ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нар “Эрд хул” ХХК, “Монгол улсын хөгжлийн банк” ХХК, өмчлөгч нарыг харилцан тохиролцож шийдвэрлэх боломжоор хангахгүйгээр шинжээчийг томилсон. Энэ нь үнэлгээ хийлгэх зорилгод нийцээгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудыг хөрөнгийн үнэлгээний үнийн саналыг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлэх тухай албан тоотыг ирүүлсны дагуу “ЭХ” ХХК үнийн саналаа хүргүүлсэн. Харин төлбөр авагч буюу “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-аас ямар нэг үнийн саналыг ирүүлсэн талаар мэдэгдээгүй. Иймээс төлбөр төлөгч нь төлбөр авагч этгээдтэй харилцан тохиролцож үнэлгээг тогтоох боломжтой байсан.

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-д хүргүүлсэн үнийн санал ирүүлэх тухай албан бичигт “Э Х” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн үнийн саналыг хавсаргаж, хүргүүлсэн эсэхийг тодруулах үүднээс үзлэг хийлгүүлэхэд ямар нэг албан бичиг хавсаргаагүй төдийгүй төлбөр төлөгч этгээдийн үнийн саналыг мэдэгдээгүй байсан нь тогтоогддог. Гэтэл шүүхийн зүгээс тус үзлэгээр олж тоггоосон үйл баримтыг шийдвэр гаргахдаа огт дүгнээгүй.

Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Монгол улсын хөгжлийн банк” ХХК, “Эрд хул” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 4/6650, 51 тоот үнийн санал ирүүлэх тухай албан бичиг ирүүлсэн байдаг. Тус албан бичгүүдэд хэрэв тохиролцож тогтоогоогүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгоно гэж тодорхой бичсэн байсан. Төлбөр төлөгч “Э Х” ХХК-ийн хувьд үнийн саналаа 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр албан өгсөн бөгөөд тус үнийн саналд нийт хөрөнгүүдийг 420 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Харин өмчлөгчийн хувьд 2 үнийн санал өгсөн бөгөөд хоёулаа 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-ийн хувьд албан бичиг өгөөгүй. Танилцуулагдаагүй бичгийг шийдвэр гүйцэтгэх газар гаргаж өгсөн байсан. Энэхүү албан бичигт “хариу хүргүүлэх тухай”, “Танай газраас ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4/6650 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцлаа” гэсэн байсан. Гэтэл тус албан бичгийг 2 дахь хуудсанд үнийн санал ирүүлэх тухай танай газрын албан бичигт дараах баримтуудыг хавсралтаар ирүүлжээ гээд үүнд нь “Э Х” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг багтсан байдаг. Гэтэл 3 дугаар сарын 03-ны өдрийн бичигт манай хожим явуулсан бичиг хавсралтаар өгөх боломжгүй юм. Иймд дээрх бичгийг сүүлд хийсэн албан бичиг гэж үзэж үзлэг хийлгэсэн бөгөөд үзлэгээр ямар нэг бичиг хавсаргаагүй, “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-д мэдэгдэж байгаагүй нь тогтоогдсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-ийн тус газарт хүргүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгийг хүлээн авсан даруй шинжээчийг томилсон. Гэтэл манай төлбөр төлөгч талд тус албан бичгийг танилцуулж байгаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ЭХ” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж, 630 тоотод байрлах 354 м.кв талбай бүхий 2 давхар барилга, Ү-2202007731 дугаарт бүртгэлтэй 176 м.кв талбай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2202000506 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий газрыг 220 703 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар захирамжаар, “ЭХ” ХХК нь 611 409 400 төгрөгийг “Монгол улсын хөгжлийн банк” ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар талууд эвлэрснийг баталсан байна. /хх-22-29/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ/2019/07186 дугаар захирамжийг үндэслэн дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураажээ. /хх-42-56/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 4/6650, 4/6651 дугаар албан бичгээр төлбөр авагч “Монгол улсын хөгжлийн банк” ХХК, төлбөр төлөгч “Эрд хул” ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Дуламсүрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж, 630 тоотод байрлах 354 м.кв талбай бүхий 2 давхар барилга, 176 м.кв талбай хувийн сууц болон газрыг худалдан борлуулах үнийн саналыг харилцан тохиролцож саналаа ирүүлэх талаар мэдэгдсэн байна.

Төлбөр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг төлбөр төлөгч “ЭХ” ХХК 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр, өмчлөгч Д.Дуламсүрэн мөн оны 3 дугаар сарын 02-ны өдөр, төлбөр авагч “Монголын хөгжлийн банк” ХХК 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлжээ. /хх-59-64/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч  Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэхээр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх эхэсгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд төлбөр төлөгч болон төлбөр авагчийн саналыг тэдгээр харилцан танилцуулсан үйл баримт тогтоогдохгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаар тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй тул Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж, 630 тоотод байрлах 354 м.кв талбай бүхий 2 давхар барилга, Ү-2202007731 дугаарт бүртгэлтэй 176 м.кв талбай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2202000506 дугаар бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий газрыг 220 703 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01706 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж 630 тоот хаягт байрлах Ү-2202014675 дугаарт бүртгэлтэй 354 м.кв талбайтай хоёр давхар барилга, Ү-2202007731 дугаарт бүртгэлтэй 176 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах Г-2202000506 дугаарт бүртгэлтэй 700 м.кв газрын хамт 220 703 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эрд хул” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                       Д.БАЙГАЛМАА