Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

   2018         01            08                                    25

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Одончимэг,

шүүгдэгч: Ч.Ч,

шүүгдэгч: С.Б,

шүүгдэгч: Э.Х,

шүүгдэгч: З.С

хохирогч: Э.Х,

хохирогч: З.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэчингомбо овогт Сэдбазарын Б, Хатигин овогт Энхбаатарын Х, Хатагин овогт Чоймболын Ч, Боржигин овогт Занабаатарын С нарт холбогдох эрүүгийн 1705 0068 90171 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй,  ам бүл 4, нөхөр, 5-17 настай 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, Дэчингомбо овогт Сэдбазарын Б.

 

Монгол Улсын иргэн, 1945 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 73 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, кино механикч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, хүүгийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, , Хатагин овогт Чоймболын Ч.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 9-22 насны 3 хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, , Боржигин овогт Занабаатарын С.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, циркийн жүжигчин мэргэжилтэй, ам бүл 2, 2 настай охины хамт тоотод оршин суух,

1999 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 816 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, , Хатигин овогт Энхбаатарын Х.

 

             Шүүгдэгч З.С нь Ч.Чтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд Э.Хг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаа, баруун сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн хацар, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

             шүүгдэгч Ч.Ч нь З.Стой бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд Э.Хг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаа, баруун сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн хацар, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

             шүүгдэгч С.Б нь Э.Хтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд З.Солонгыг зодож, эрүүл мэндэд нь дух, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дух, хүзүү, зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,

             шүүгдэгч Э.Х нь С.Бтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд Э.Хг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаа, баруун сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн хацар, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-З.С мэдүүлэхдээ:

Энэ хэрэг гардаг өдөр би ээж, дүү нарынхаа хамт эгчийнхээ хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэж хоолонд орсон юм. Тэр үед ээж маань пальто аваад буцаасан, мөнгөө авч чадахгүй байна гэж бидэнд хэлэхээр нь тэр дэлгүүрт нь очиж худалдагч Бтай уулзаад “манай ээж танайхаас авсан пальтогоо буцаасан юм байна, та нар мөнгийг нь өгөлгүй, настай хүнийг олон удаа  явуулж байна” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө худалдагч миний урдаас уурлаж, бас манай ээжийг хуруугаараа чичлээд эхлэхээр нь би уурласан. Тэр намайг үсдэж байгаад хажуу талын лангуунаас Х гэх эмэгтэйг дуудаж ирүүлээд түүнтэй нийлж, миний үснээс зулгаасан. Би Б, Х нартай зодолдож, үсдэлцсэн. Би болсон асуудлыг хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Х намайг түүний 2 настай хүүхдийг үсдсэн гэж байна. Би хүүхдийг үсдээгүй. Ээж нь хүнтэй зодолдохоор хүүхэд уйлсан байх. Би Х, Б нарт үсдүүлээд, 2 гараараа Х, Б нарыг үсдэж байсан. Бид нар 180 000 төгрөгийн пальтоны асуудлыг зохицуулах гэж цагдаа дуудаад өнөөдрийн хэмжээнд хүрч 450 000 төгрөгөөр торгох ял сонсож байгаа нь хүнд байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Ч мэдүүлэхдээ:

Энэ асуудлаас болж дэлгүүрийн маникан унагаасан гэдгийг мэдэж байна. Гэхдээ эвдрээгүй. Би бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Б мэдүүлэхдээ:

Ч гуай 9 дүгээр сарын 05-нд “пальто таалагдаад байна. Энэ пальтог цааш нь тавиулъя, юм аа ломбардад тавиад авна” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө над руу өдөржин утсаар яриад орой нь 20 цагийн үед ирээд пальто авсан. Тэгээд маргааш нь пальтогоо буцаахаар нь “би танд энэ пальтог зарж өгөөд мөнгийг нь өгье, би таны мөнгийг шууд гаргаж өгөх боломжгүй” гэж хэлээд пальтог хүлээж авсан. Гэтэл маргааш нь Ч гуай над дээр ирээд 20 000 төгрөг нэхэхээр нь би өгөх боломжгүй байсан. Нөгөөдөр нь Ч гуай, охинтойгоо хамт ирээд над руу дайраад байхаар нь би айсандаа Хг дуудсан. Тэр өөрийг нь дуудахыг сонсоод манай лангуунд орж ирсэн. Тэгээд бид нар муудалцсан. С эхлээд миний хэвлийн тус газар өшиглөсөн. Х бидний хоорондын асуудлыг зохицуулах гэж ирсэн. Энэ үйл явдал болох үед Хгийн 2 настай, миний 5 настай охид байсан. Намайг Хг дуудах хооронд С миний 5 настай охиныг үсдсэн. Дараа нь бид нар хоорондоо үсдэлцэж байх явцад тэр Хгийн 2 настай охины үсийг зулгаасан харагдсан. Би “яагаад хүүхэд үсдэж байгаа юм бэ” гэхэд тавихгүй байсан. Хгийн 2 настай хүүхдийн хуйх улайсан байсан. Хгийн нүд рүү С “Нокиа” маркийн гар утсаа шидсэн учраас нүдний гэмтэл хожим илэрч магадгүй гэж бодоод шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Бид нар анх шүүх эмнэлгийн дүгнэлт гараад хэрэг үүсдэг гэдгийг мэдээгүй. Түргэн зангаасаа болоод ийм байдалд хүрсэн. Цаашид аливаа асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй гэж бодож байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Х мэдүүлэхдээ:

Би Сд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ С миний охиныг үсдсэн үйлдэлд нь гомдолтой байна. Хувь хүний зүгээс надаас уучлалт гуйгаасай гэж хүсэж байна. Гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотойгоор нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-З.С мэдүүлэхдээ:

Бид нар үл ойлголцоод цагдаа дуудсан ба бүгдээрээ шүүх эмнэлэгт үзүүлэх талаар ойлголтгүй байсан. Гэтэл жижүүрийн цагдаа шүүх эмнэлэгт үзүүл гээд шүүх эмнэлэгт үзүүлж, компьютер томографийн зураг авахуулсан. Тэгээд Х бид хоёрт тус бүр 120 000 төгрөгийн хохирол гаргасан байсан. Ээжийн пальтоны мөнгийг мөрдөн байцаалтын шатанд бидэнд өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.Х мэдүүлэхдээ:

Солонгыг миний 2 настай хүүхдийг үсдсэнд харамсаж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Хэрлэнчимэг мэдүүлэхдээ:

...нөгөө худалдагч эмэгтэй С.Б лангуунаасаа гараад нэг эмэгтэй Э.Хг дуудаад, хоёулаа болсон. Гараараа чичээд байхаар нь манай дүү С “гараа больё” гээд гарыг нь цохиод авсан чинь нөгөө худалдагч эмэгтэй С.Баяржавхалан манай дүү Солонгыг үсдэж авсан. Манай ээж Ч болиулах гээд сүүлд орж ирсэн Э.Хгийн үснээс зулгаахад нөгөө эмэгтэй ээжийг үсдээд зулгаасан. Тэгээд хүмүүс орж ирээд болиулсан. ...дахин С тэр 2 эмэгтэйтэй /С.Б, Э.Х/ үсдэлцсэн гэжээ. (хэргийн 32-33 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Түвшинзаяа мэдүүлэхдээ:

...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” төвийн 3 давхарт байрлах 3-2а тоот лангуун дээр ирж ажлаа хийсэн. Тэгээд лангуун дээрээ ганцаараа сууж байхад яг хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна. Үдээс хойш хажуу талын Бгийн лангуунд хүмүүс хэрэлдэж, муудалцсан чимээ гарч байсан. Ер нь бол хүнтэй хэрэлдэж маргалдах асуудал байдаг учраас би тоогоогүй, тэр хэрүүл маргаанд оролцоогүй, лангуу руу нь орж хараагүй. Тэгтэл гэнэт 2 хүүхэд уйлаад түжигнэсэн чимээ согсогдохоор нь би нэг юм болж байгаа юм байна гээд Бгийн лангуу руу нь ороход Б 5 настай хүүхэдтэй, Х гэх хажуу лангууны эмэгтэй 2 настай охины хамт мөн гадны үйлчлүүлэгч гэхээр 2 настай эгч, нэг залуу эмэгтэй гээд нийт 7 хүн байсан. Намайг харахад хоёр хүүхэд байдгаараа уйлчихсан, баруун хойд буланд гадны хоёр хүний 2 талд нь Б, Х нар гурвуулаа бие биенээ үсдсэн байдалтай сууж байсан. Хажууд нь танихгүй 2 настай эгч зогсож байсан. Х тэр эмэгтэйг чи хоёр настай хүүхэд үсдээд байхдаа яадаг юм гээд удаа дараа хэлж байсан. Тэрнээс биш хүүхдийг нь үсдсэн байхыг би хараагүй. Удаагүй хамгаалагч ирээд болиулсан гэжээ.  (хэргийн 37 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Мандах мэдүүлэхдээ:

...Бгийн лангуу руу гүйгээд очиход лангууны баруун урд талын буланд Х хүүхдээ тэвэрчихсэн, Хгийн хүүхдийг нэг танихгүй эмэгтэй баруун гараараа үсдсэн, зүүн гараараа Бг үсдээд доош тонгойлгосон, Бгийн араас нь нэг настай эмэгтэй үсдсэн байсан. Х тухайн үед “чи хүүхэд үсдсэн байна, одоо болиоч ээ” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй хүүхдийн үсийг тавиад бөөндөө бие биенийхээ үсийг тавиад больсон. Тэгээд жаахан байж байснаа Х нөгөө хүүхэнтэй криодорт гарч ирээд бие биенийхээ үснээс зулгаагаад зогсож байхаар нь би очиж салгах гэтэл дийлдэхгүй байсан. Тэгээд хамгаалагч нар ирээд салгаад, цагдаад дуудлага өгсөн гэжээ.  (хэргийн 40 дүгээр хуудас)

 

      Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11256 тоот шинжээчийн дүгнэлтэд:

      1. С биед дух, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дух, хүзүү, гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11294 тоот шинжээчийн дүгнэлтэд:

      1. Э.Хгийн биед тархи доргилт, баруун шанаа, баруун сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн хацар, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-М.Золжаргал мэдүүлэхдээ:

...Э.Хгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гараар цохих, үснээс зулгаах, өшиглөх, унах, эд зүйлээр цохих үед үүсэх боломжтой. Үснээс зулгаах үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой. Хгийн толгойн хуйханд гэмтэл тогтоогдоогүй. Тархи доргилт гэмтэл тогтоогдсон гэжээ. (хэргийн 55 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ:

...хохирогч Солонгын биед учирсан гэмтлийг үзэхэд дух, зулай, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тархи доргилт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хацар, дух, хүзүү, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг саринуулахгүй, биеийн гадаргууны 1 хувьд хүрэхгүй учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

З.С ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 106 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Ч ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 122 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Х 1999 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 816 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн гэжээ. (хэргийн 91 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч З.С нь Ч.Чтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төв дотор “буцаасан пальтоны мөнгийг өгөхгүй байна” гэх шалтгаанаар С.Бтай хэрэлдэж, муудалцан, улмаар Э.Хг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаа, баруун сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн хацар, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

             шүүгдэгч Ч.Ч нь З.Стой бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төв дотор “буцаасан пальтоны мөнгийг өгөхгүй байна” гэх шалтгаанаар С.Бтай муудалцаж, улмаар Э.Хг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаа, баруун сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн хацар, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

             шүүгдэгч С.Б нь Э.Хтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төв дотор З.С, Ч.Ч нартай хэрэлдэн маргалдаж, улмаар З.Солонгийг зодож, эрүүл мэндэд нь дух, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дух, хүзүү, зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,

             шүүгдэгч Э.Х нь С.Бтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төв дотор  З.С, Ч.Ч нартай хэрэлдэн маргалдаж, З.С-г зодож, эрүүл мэндэд нь дух, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дух, хүзүү, зүүн гарын сарвуунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч З.С, Э.Х, гэрч З.Хэрлэнчимэг, Н.Түвшинзаяа, Б.Мандах, шинжээч М.Золжаргал, Т.Чимэд-Очир нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11294, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11256 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч З.С, Э.Х нар нь гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

Иргэний нэхэмжлэгч Э.Халиун ...3 ширхэг маникан эвдэрсэн. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1 ширхэгийг нь 180 000 төгрөгөөр авсан. Эмэгтэй хүний 1 хослол /БНХАУ-аас 120 000  төгрөгөөр худалдан авсан. Маниканы элэгдэл хасагдаад манай байгууллагад 900 000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлсэн боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй тул энэ хэрэгтэй хамт хянан шийдвэрлэх боломжгүй байна. Харин өөрт учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Хохирогч З.С, Э.Х нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дэчингомбо овогт Сэдбазарын Б, Хатигин овогт Энхбаатарын Х нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 Хатагин овогт Чоймболын Ч, Боржигин овогт Занабаатарын С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар

Э.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар,

Ч.Чийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар,

Э.Солонгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Б, Э.Х, Ч.Ч, З.С нар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Х, Ч.Ч, З.С, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Х, Ч.Ч, З.С, С.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний нэхэмжлэгч Э.Халиун нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Х, Ч.Ч, З.С, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Х, Ч.Ч, З.С, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН