Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04632

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04632

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, * байр, * тоотод оршин суух, *овогт * * /рд: */,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байх, *,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,

гэрч *,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.

                                                                                                            

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч *т холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн * дүгээр тогтоолоор Ш.*гаас 239,991,150 төгрөгийг гаргуулж, * олгохоор шийдвэрлэсний дагуу хариуцагчаас төлбөрт хураагдсан хөрөнгийг шинжээч томилж, үнэлүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4-176/18303 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээтэй танилцахыг мэдэгдсэний дагуу 2023.09.29-ний өдөр хөрөнгийн үнэлгээтэй танилцсан. Шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланд Ш.* миний өмчлөлийн эрхийн бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 байрны 2 тоот хаягт байрлах 95,5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 342,522,155 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхээ хэрэгжүүлэн доор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөгч Ш.* миний бие үнийн санал өгсөн боловч төлбөр авагчаас хөрөнгийн үнийн саналыг авсан эсэх нь тодорхойгүй, тэр талаар надад мэдэгдээгүй, шинжээч томилохоос өмнө тохиролцох ажиллагаа явуулаагүй болно. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасан шинжээч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохоос татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулаагүй, энэ зүйлийн 43.7-д заасны дагуу шинжээчийг татгалзан гаргах эсэх талаар надаас тодруулаагүй, үнэлгээчин *ыг шинжээчээр оролцуулахыг огт мэдэгдээгүй, шинжээч томилох тухай тогтоолыг танилцуулаагүй, дээрх хуульд заасан шинжээчийг татгалзан гаргах эрхээр төлбөр төлөгчийг хангах арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй. Шинжээч *ыг хөрөнгийн үнэлгээний тайланг хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, хүлээлцсэн гэх актыг шийдвэр гүйцэтгэгч баталгаажуулаагүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээ мэдэгдэх хугацаа тоолох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан үйл явц, үр дүнг баталгаажуулахаар тэмдэглэл үйлдээгүй үүргээ биелүүлээгүй, хууль зөрчжээ. Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнээр хөрөнгийг үнэлсэн гэж үзэхээр байна. Тухайлбал, шинжээчийн дүгнэлт тайлангийн 8 дахь хуудаст орон сууцыг үнэлэхдээ тус байршилд ойр орон сууцны зориулалттай, арилжаалагдсан орон сууцыг харьцуулж үнэлгээ тогтоосон. Орон сууцны өртөг болон орлогын хандлагын аргаар үнэлээгүй, тооцоололд шаардлагатай таамаглал дэвшүүлэхэд хүрэлцэхүйц мэдээлэлгүй үнэлгээ тогтоосон. Гэтэл аливаа хөрөнгийн үнэ цэнэ нь өөрийн өртөг, жишиг үнэ, орлогоор тооцогдож, зах зээлийн бодит үнийг тодорхойлох байтал үнэлгээ хийх орон сууцтай ойролцоо нийтэд худалдан борлуулахаар мэдээлсэн орон сууцны үнийг үндэслэн арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээ тогтоосон нь орон сууцны үнэлгээг бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Шинжээчийн тайланд дурдсан харьцуулалт хийсэн орон сууцнууд бодит үнэ, өртөгийг тодорхойлох, харьцуулалт хийх боломжит үнэ гэж үзэхгүй байна. Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгө нь 1 давхарын үйлчилгээний зориулалттай 8 нэрийн барааны зөвшөөрөлтэй болон хуулийн этгээд, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа 700-800 сая төгрөгийн хөрөнгийг бодит бус, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Түүнчлэн бодит үнэ цэнийг тогтооход учир дутагдалтай байгаа нь орон сууцны зах зээлийн үнэ ханшид нийцээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг зөрчиж, үндэслэлгүй үнэлгээ хийсэн болохыг харуулж байна. Иймд Ш.* миний өмчлөлийн эрхийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 байрны 2 тоот хаягт байрлах 95,5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 342,522,155 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.         

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн * дүгээр тогтоолоор Ш.*гаас 239,991,150 төгрөгийг гаргуулан * олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн *дугаар тогтоолоор явуулж эхэлсэн. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 байрны 2 тоот хаягт байрлах 95,5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн * дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн * дугаар тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Ш.*гаас үнийн санал авахад 630,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч * үнийн санал авахад зах зээлийн бодит үнэлгээ буюу шинжээчээр үнэлүүлэх санал гаргасан. 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9/345 тоот шинжээч томилох тухай тогтоолоор үнэлгээ тогтоолгоход Ш.*гийн барьцаа хөрөнгийг 342,522,115 төгрөгөөр тогтоосон байна. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээний талаарх тайланг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4-171/18302, * дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээтэй холбогдож гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 20/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын * тоот Үнэлгээний мэдэгдэл /хх 5/, * ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 6-14/, гэрэл зураг /хх 15-18/, Тусгай зөвшөөрөл дугаар 03/0582 /хх 19/, Тэда дүнгээ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 21/, итгэмжлэл /хх 70/,   

     

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 25/, хариу тайлбар /хх 30/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 31/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн * дүгээр тогтоол /хх 32-33/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 34/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 35, 36/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх 37, 38/, Ш.*гаас *т үнийн санал өгөх тухай /хх 39/, * *т гаргасан хүсэлт /хх 40/, Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид хууль тайлбарласан тухай, тэмдэглэл /хх 41-42/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт /хх 43/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43-51/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4-171/18302 тоот Төлбөр авагчид үнэлгээний мэдэгдэл албан бичиг /хх 52/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн * тоот Төлбөр төлөгчид үнэлгээний мэдэгдэл албан бичиг /хх 53/,    

   

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч *ыг гэрчээр асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ш.* нь *т холбогдуулан өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 байр, 2 тоот хаягт байрлах 95,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 342,522,155 төгрөгөөр үнэлсэн * ХХК-ийн * дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төлбөр төлөгч Ш.* миний бие үнийн санал өгсөн боловч төлбөр авагчаас хөрөнгийн үнийн саналыг авсан эсэх нь тодорхойгүй, тэр талаар надад мэдэгдээгүй, шинжээч томилохоос өмнө тохиролцох ажиллагаа явуулаагүй, шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнээр хөрөнгийг үнэлсэн, орон сууцны өртөг болон орлогын хандлагын аргаар үнэлээгүй, тооцоололд шаардлагатай таамаглал дэвшүүлэхэд хүрэлцэхүйц мэдээлэлгүй үнэлгээ тогтоосон, шинжээчийн тайланд дурдсан харьцуулалт хийсэн орон сууцнууд бодит үнэ, өртөгийг тодорхойлох, харьцуулалт хийх боломжит үнэ гэж үзэхгүй байна.

 

3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1* дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.Лхагважав болон хариуцагч Ш.* нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, хариуцагч Ш.*гаас 277,890,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн * дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 байр, 2 тоот хаягт байршилтай 95,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1699 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн * дугаар тогтоолоор хариуцагч Ш.*гаас 238,640,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын *-ны өдрийн *тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. 

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 байр, 2 тоот хаягт байршилтай 95,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр * тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болох төлбөр төлөгч Ш.* нь 630,000,000 төгрөгийн санал гаргасан, харин төлбөр авагч М.Лхагважав нь үнийн саналыг зөвшөөрөхгүй, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9/345 дугаар тогтоолоор  шинжээчээр г томилж, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 байр, 2 тоот хаягт байрилтай 95,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

 

*” ХХК-ийн шинжээч *ын * дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 342,522,115 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр * дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Ш.*д хүргүүлсэн байх боловч уг мэдэгдлийг төлбөр төлөгч хэзээ хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан дээрх мэдэгдэл баримтаар тогтоогдохгүй байна. Төлбөр төлөгчөөс үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан байна.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна: 8.2.1.хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх, 8.2.2.хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэж заасан.

“*” ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзвэл, хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн болон өртгийн хандлагын аргаар үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон байна. Ийнхүү зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ тухайн маргаан бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцтай харьцуулсан орон сууцнуудын мэдээллийг Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдаагүйгээс зах зээлийн хандлагын тооцооллыг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гийн Б.Зах зээлийн хандлагын тооцоолол хэсгийн Үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн харьцуулсан тооцоолол хүснэгтийг үзвэл харьцуулсан хөрөнгүүдийн байршил тодорхойгүйгээс үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 342,522,115 төгрөг буюу нэгжийн үнийг 3,586,619 төгрөг гэж тогтоосон нь үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл, тухайн үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгө нь нэг давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай байх бөгөөд харьцуулсан хөрөнгүүд хэдэн давхарт байршилтай орон сууцнууд болох нь тодорхой бус байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гийн * мэдээлэл хэсэгт өмчлөгч:*, Өмчлөгчийн хаяг: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 135 дугаар байр, 232 тоот гэж бичсэн нь тухайн Хөрөнгийн үнэлгээний тайланг Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 байр, 2 тоот хаягт байрилтай 95,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн тайлан гэж үзэх боломжгүй байна.    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч *ыг шүүх хуралдаанд гэрчээр асуусан бөгөөд шинжээч *аас “...Бүгд 1 давхарт байгаа. Нэг давхрын үйлчилгээний талбай худалдана гээд зах зээлийн мэдээлэл гэдэг дээр биччихсэн байсан. ...Хаягийн мэдээллээ буруу тавьсан байна. Замын урд талд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, хойд талд Баянгол дүүрэг байгаа гэх мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай 95,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн * ХХК-ийн * дугаартай үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон * Энгельс гудамж, 28 дугаар байр, 2 тоот хаягт хаягт байршилтай 95,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 342,522,155 төгрөгөөр үнэлсэн * ХХК-ийн * дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.БАЯРСҮРЭН