| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05285/И |
| Дугаар | 102/ШШ2024/04634 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04634
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/04634 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай *, Ш/Х-22, */рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр, 0 тоотод оршин суух * овогт * * /рд:ч*/
Зээлийн гэрээний үүрэгт 15,627,865.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,
хариуцагч П.*,
хариуцагчийн өмгөөлөгч*,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч П.*ээс зээлийн гэрээний үүрэгт 15,627,865.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: П.* нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ/КР/20181226-1 тоот кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 24 сар хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 5,112,415.43 төгрөг, зээлийн хүүний төлбөр 5,379,043.01 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү төлбөр 4,274,396.57 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү төлбөр 862,010.86 төгрөг нийт 15,627,865.87 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч П.*ээс Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 15,627,865.87 төгрөгийг гаргуулан Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 8,507,074 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хууль зүйн үндэслэлийн хувьд банк, банк бус зээлийн эрхтэй хуулийн этгээдээс мөнгөн зээл гаргахдаа зээлийн гэрээнд зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүүг зайлшгүй тогтоох ёстой. Талуудын хооронд байгуулсан кредит картын гэрээнд кредит картын гэрээг 2 жилийн хугацаатайгаар байгуулсан гэж үзэж болохоор байна. 5,112,415 төгрөгийн 2.0 хувийн хүүгээр 2 жилийн хугацаанд үндсэн зээлийн 48 хувь буюу 2,453,959 төгрөгийг үндсэн хүүд зөвшөөрч байгаа. Харин зээлийн гэрээнд зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг 1.0 хувиар бодсон байна. Нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар үндсэн зээлийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр зохицуулсан байдаг. Иймээс 1.0 хувийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн хүүгийн 20 хувиар нь нийтдээ 3 жил 10 сар буюу 46 сарын хугацаанд 940,700 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг бодох нь зүйтэй гэж бодож байна. Иймд зөвшөөрч байгаа үнийн дүн нь нийт 8,507,074 төгрөг болж байгаа учраас хуулийн дагуу төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4, 22/, Голомт банкны гүйцэтгэх захирлын 317 дугаартай Эрх олгох тухай тушаал /хх 5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, Кредит картын гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт /хх 7-10/.
4. Хариуцагчаас хариу тайлбар болон бичгийн баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *ХК-ийн нэхэмжлэлээс 8,057,166.64 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 7,570,699.23 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: П.*ээс кредит картын гэрээний зээлийн үндсэн төлбөрт 5,112,415.43 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 5,379,043.01 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүний төлбөрт 862,010.86 төгрөг, нийт 15,627,865.87 төгрөг гаргуулах,
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагаас 8,507,074 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Кредит картын гэрээг 2 жилийн хугацаатайгаар байгуулсан тул 2 жилийн хугацааны зээлийн хүүний төлбөр төлнө. Мөн нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар үндсэн зээлийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр зохицуулсан байдаг гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт нэхэмжлэгч Г*ХК болон хариуцагч П.* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ/КР/20181226-1 дугаартай Кредит картын гэрээ авагдсан.
Дээрх гэрээгээр хариуцагч П.*эд нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй картыг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны сарын хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцож олгожээ.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд кредитын картын гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Г*ХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
4.2. Талуудын байгуулсан Кредит картын гэрээ-ний 3.5-д Кредит картын зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эрхийн хэмжээнээс хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.1-д зааснаар тооцно гэж, 3.6-д Карт эзэмшигч нь төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.1-д зааснаар тооцно гэж, гэрээний 2.1-д зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь гэж, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь гэж тус тус заажээ.
Дээрх заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтад үндэслэн зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 4,274,396.57 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 862,010.86 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.
4.3. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч П.* нь зээлийн гэрээ үргэлжлэх хугацаанд төлбөрийг эргэн төлөх хуваарийг тогтмол зөрчсөөр байхад банк хууль болон гэрээнд зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлдэгчийг илүү хүндрүүлсэн нөхцөлд оруулсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий байхад зээлдүүлэгч гэрээг цуцлаагүй нь үүргийн хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг талуудын байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон буюу 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгож шийдвэрлэв.
Ийнхүү тооцоход 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/КР/20181226-1 дугаартай Кредит картын гэрээ-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5,112,415.43 төгрөг, зээлийн хүү 2,453,959.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 490,791.8 төгрөг, нийт 8,057,166.64 төгрөг болох бөгөөд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдтэй харшлахгүй гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*ээс 143,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г*ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.*ээс 8,057,166.64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г*ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,570,699.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,090 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.*ээс 143,865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г*ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН