Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Бд холбогдох 1729000910005 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Эс Эм Эс Ти” ХХК-ийн эзэмшлийн 87-28 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн Хоняан /Hongyan/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсгийн заалтыг зөрчиж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт буюу Ухаа худгийн уурхайгаас 12 дахь км-т жолооч Д.Нэргүйн жолоодож явсан “Таван толгой шин” ХХК-ийн эзэмшлийн 21-87 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Д.Нэргүйн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 22-нд уурхайгаас нүүрс ачуулахаар 87-28 ӨМӨ улсын дугаартай машинаа жолоодоод нүүрс тээвэрлэлт явагддаг засмал замын Гашуун сухайт талаасаа 225 дахь километр, Ухаа худаг талаасаа 12 дахь километрт урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалд нэг ачаатай машин эвдэрсэн бололтой зогсож байсан. Би тэр машины хажуугаар нь зөрөөд өнгөрч явтал тэр машины зогссон байсан хойноос урагшаа чиглэлтэй урсгалаар нэг ачаатай машин эвдэрч зогссон машиныг тойроод гараад ирэхээр нь би зам чөлөөлж өгөхөөр жолоогоо замын баруун гар талын шороон далан руу шахаж дарахад далан нурж, машин хазайхаар нь машин унах нь гэж сандраад машинаа хөдөлгөж, зүүн гар тийш нь жолоогоо залж, замын эсрэг урсгал руу орох үед ачаатай, эсрэг чиглэлд явж байсан машинтай мөргөлдсөн. Тэгээд машинаас буугаад гараад иртэл нөгөө машины кабин дотроос жолооч нь “намайг хурдан гаргаач ээ” гэхээр нь би лоомоор хаалгыг нь хөшиж онгойлгоод жолоочийг гаргасан. Жолооч “миний гар хугарчихсан юм шиг байна” гэсэн. Ингээд би цагдаа, түргэн дуудаж иртэл нь тэр жолоочийн гарыг нь сойж уяад хүлээж байтал түргэн ирээд авч явсан.“ гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12 дугаар хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 13-16 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 17-18 дугаар хуудас/,

Хохирогч Д.Нэргүй /РД:ЙР79092711/-н: ”...би баруун гар талруугаа шахаад зогсож байтал өөдөөс том оврын ачааны машин чиглээд ирсэн. Тухайн машины жолооч үрүүлийн хүрдээ дийлэхгүй байсан юм шиг байсан. Тэгээд миний унаж явсан машиныг ирээд мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Ослын улмаас миний зүүн гар,  тохойн дээд тал буюу харь хэсгээр хугарсан ба толгойн орой хэсэгт язарсан, баруун гарын сарвуу жаахан гэмтэл авсан, өөр гэмтэл бэртэл учраагүй. “Таван толгой шин” ХХК-ийн эзэмшлийн машиныг би Ганц модноос унаж гарч ирсэн байсан. Миний биед учирсан гэмтэлд эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг болсныг С.Б болон “Эс Эм Эс Ти” ХХК-ийн зүгээс төлж барагдуулсан. Би ажилгүй байсан 2 сар эмчилгээ хийлгэсэн энэ хугацаанд ажил хийж байсан бол орох ёстой байсан 4 удаагийн тээврийн хөлс буюу 4,000,000 төгрөгийг С.Бгээс нэхэмжилж байна. Өөр гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч “Таван толгой шин” ХХК-ийн төлөөлөгч Э.Энхманлайгийн: “...би “Таван толгой шин” ХХК-нд тээвэр хариуцсан менежерээр ажилладаг. Манай компанийн эзэмшлийн 21-87 ӨМӨ улсын дугаартай автомашинд нэлээд их хэмжээний эвдрэл учирсан. Ослын үед тухайн автомашиныг Д.Нэргүй жолоодож явсан. Компанийн зүгээс автомашинтай холбоотой нэхэмжлэл, гомдол санал байхгүй. Эд зүйлийн үнэлгээтэй танилцсан санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 27-28 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч “Эс Эм Эс Ти” ХХК-ийн төлөөлөгч Ц.Мөнхтайваны: ”....манай компанийн зүгээс ослын улмаас автомашинд учирсан хохирлыг нөхөн төлөх талаар харилцан тохиролцоод засварт оруулсан байгаа. Хохирогч Д.Нэргүйн эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг хх/-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №14656 дугаартай шинжээчийн “...Д.Нэргүйн биед зүүн бугалга ясны хугарал, толгойн оройн хуйханд шарх, баруун хөлийн эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас /,

Замын цагдаагийн шинжээчийн: “...Хоняан /Hongyan/ маркийн 87-28 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Фотон маркийн 21-87 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Нэргүй нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна” гэх дүгнэлт /хх-н 41-42 дугаар хуудас/,

“Вендо” ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “Таван толгой шин” ХХК-ийн эзэмшлийн 21-87 ӨМӨ улсын дугаартай автомашинд “...уг автомашин нь урд талаараа мөргөлдсөний улмаас кабин чихэгдэж унасан, рам гулзайсан, урд тэнхлэг гулзайж хугарсан, рулийн механизмууд гулзайж хугарсан, урд буфер болон гэрэлтүүлэгч хагарсан, хөдөлгүүр болон хурдны хайрцаг хагарсан, цээж утас болон хэрэглээний цахилгаан систем тасарсан, кабины дэр болон нугас амортизаторууд гулзайсан, агаар шүүгчийн гэр, хоолой хагарсан, радиаторууд чихэгдсэн байдалтай байлаа. Уг чиргүүл нь урд хэсгээрээ мөргөлтөд өртсөний улмаас тэвшний урд хана болон баруун баганууд чихэгдэж доод хэсгээрээ ханзарсан, тэвшний зүүн урд булан чихэгдэж гулзайсан, тэвшний зүүн болон баруун урд хаалганууд гулзайж гажсан, багажны сав чихэгдсэн байдалтай байлаа. Ослын улмаас учирсан хохирол зах зээлийн үнэлгээгээр чиргүүл 2,730,000 төгрөг, толгой 19,430,000 төгрөгөөр тогтоогдсон” гэх тайлан /хх-н 48-49 дүгээр хуудас/,

“Вендо” ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “Грийнлэйд Ричис” ХХК-ийн эзэмшлийн 48-24 УНО улсын дугаартай “Нордбенз” маркийн автомашинд “...баруун хаалга, урд салхины шил ослын улмаас учирсан хохирол зах зээлийн үнэлгээгээр 480,000 төгрөгөөр тогтоогдсон” гэх тайлан /хх-н 66 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Бгийн яллагдагчаар өгсөн:”...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Гашуун сухайт талаас 225 км, Ухаа худаг талаас 12 км-т би замын баруун гар талын шороон далан руу машинаа шахаж зогсоогоод нөгөө машиныг өнгөрөөтөл далангийн шороо нурж машин хазайхаар нь машин унах нь гэж сандраад машинаа хөдөлгөж зүүн гар тал тийш нь жолоогоо залж замын эсрэг урсгал руу орох үед ачаатай чиглэлд явж байсан Фотон маркийн автомашинтай мөргөлдсөн тэгээд машинаас буугаад гараад иртэл нөгөө машиныг кабин нь салаад миний машины хажууд газар унасан байсан. Кабин дотроос жолоо нь “намайг хурдан гаргаач ээ” гэхээр нь би лоомоор хаалгыг нь хөшиж онгойлгоод жолоочийг гаргасан. Жолооч “миний гар хугарсан юм шиг байна” гэсэн. Ингээд би цагдаа, түргэн дуудаж иртэл нь хүлээж байгаад, нөгөө жолоочийг түргэний машинд суулгаж явуулсан, удалгүй цагдаа нар ирж үзлэг хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,

С.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 63 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны захирагчийн албаны тодорхойлолт /хх-н 64 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Бгийн гурван талаас нь харуулсан гэрэл зураг, гарын дардасны бланк /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 72 дугаар хуудас/,

С.Бгийн арилжааны банкнуудад харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 74-77 дугаар хуудас/,

Хохирогч Д.Нэргүйн эмчилгээний зардлын баримтууд /хх-н 80-83 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч “Эс Эм Эс Ти” ХХК-иас хохирогч Д.Нэргүйд шилжүүлсэн мөнгөний баримт /хх-н 86 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн лавлагааны хуулбар /хх-ийн 89-92 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Эс Эм Эс Ти” ХХК-ийн эзэмшлийн 87-28 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн Хоняан /Hongyan/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт  “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт буюу Ухаа худгийн уурхайгаас 12 дахь км-т жолооч Д.Нэргүйн жолоодож явсан “Таван толгой шин” ХХК-ийн эзэмшлийн 21-87 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Д.Нэргүйн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох саналын хэмжээнд торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч П.Нэргүй нь мөрдөн байцаалтын шатанд ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Бг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бг 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд тус бүр 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Нэргүйн гаргасан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй С.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН