| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2208000000538 |
| Дугаар | 2023/ДШМ/204 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.5.1., |
| Улсын яллагч | ....... |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ДШМ/204
Г.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Д.Сэргэлэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2208000000538 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
....тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан: -2013 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, 2015 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 10 хоногийн хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 3 сарын баривчлах ял шийтгүүлсэн,
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан;
Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, Н-тын 000 дүгээр гудамжны 00тоотоос иргэн З.Бын эзэмшлийн монетон ээмэг, бөгжийг хулгайлан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 6.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд байрлах Сайн болон барын нүд нэртэй барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан байсан 1 хос монетон ээмэг, 4 ширхэг монетон бөгжийг Н.Өнөржаргалаар чөлөөлүүлэн, түүнд худалдан борлуулахдаа хохирогчийн илүү шилжүүлсэн 425.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 57 (тавин долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлартаа: “...Хэргийг хянан хэлэлцэхдээ миний хувийн байдал буюу өмнө ял эдлэсэн байдлыг түлхүү хэлэлцэж дан ганц яллах талыг баримтласан хэмээн үзэж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие мөрдөн байцаалт, прокурор болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэлд маргаагүй. Гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаагаа илэрхийлэн хохирол нөхөн төлсөн нь үнэн. Г.Н миний бие удаа дараа гэмт хэрэгт холбогдсон нь үнэн бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Миний бие энэ хэрэгт холбогдсон байхдаа гэр бүлтэй болсон бөгөөд эхнэр маань 3 сард төрөх гэж байгаа билээ.
Ийм учир дахин гэмт хэрэгт холбогдохгүй, бусдын адил шударгаар хөдөлмөрлөж амьдарч чадна гэдэгтэй итгэлтэй байна.
Иймд бусдын адил гэр бүлтэйгээ хамт байж хөдөлмөр эрхэлж, зөв шударгаар нийгэмших итгэл хүлээлгэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Нд холбогдох эрүүгийн 2208000000538 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Н-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
1. Г.Н нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, Н-тын 000 дүгээр гудамжны 00тоотоос иргэн З.Бын эзэмшлийн монетон ээмэг, бөгжийг хулгайлан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 6.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч З.Бын: “...Н эгчийн маань хүүхэд. ...2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө сэрээд ажилдаа явах гээд гэрийн баруун хойд талд байх тавиур дээр жижиг даллаганы хайрцаг доор байсан 2 хос буюу 4 ширхэг монетон ээмэг, цоолбор хээтэй сорьцгүй монетон бөгж зэрэг нийт 6 ширхэг монетон бөгж алдагдсан байсан. Би Н руу залгаад ярьтал “Очлоо, очлоо” гээд ерөөсөө ирэхгүй байсан, эд зүйлсийг 2017-2018 оны хороонд шинээр нь худалдаж авч байсан юм. ...” /хх 7/,
гэрч Г.Насанбаатарын: “...2022 оны 02 дугаар сарын сүүлээр манай эхнэр Б надад хандаж “Гэрийн хойно тавиур дээр байсан жижиг авдар дотор байсан миний ээмэг бөгжнүүд алга болсон байна” гэж хэлсэн. Тэр үеэр манай эхнэрийн эгчийн хүүхэд болох Н огт ирэхгүй алга болчихсон байсан. ...Г.Н-ыг ер нь би сайн мэдэхгүй, 2021 оны 9 дүгээр сард Ховд аймаг яваад манай эхнэрийн эгчийн төрсөн хүү нь болохоор ажил төрөл хийлгэх санаатай Улаанбаатар хотод авчирсан юм...” /хх 11/ гэх мэдүүлгүүд,
“Мастер үнэлгээ” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22/003 дугаартай хөрөнгийн үнэлгээ: “...Зуйван цоолбортой талсттай хос монетон ээмэг 1,200.000 төгрөг, голдоо цэгэн шигтгээтэй хос монетон ээмэг 1.500.000 төгрөг, цулгуй, өргөнөөс нарийссан, хумбан хэлбэртэй монетон бөгж 700.000 төгрөг, ташуулдсан, эгнэсэн цэгэн шигтгээтэй монетон бөгж 700.000 төгрөг, ташуу, хөвч хээтэй талстлаг кольцотой монетон бөгж 700.000 төгрөг, талсттай хуримын монетон бөгж 700.000 төгрөг, цоолбор хээтэй монетон бөгж 700.000 төгрөг, нийт дүн 6.200.000 төгрөг...” /хх 13-14/,
Г.Н-ын хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эгч Бын гэрт байхдаа хүмүүст анзаарагдахгүй гэрийн хойд талын даллаганы уутан дотор байсан Б эгчийн 2 хос буюу 4 ширхэг монетон ээмэг, 5 ширхэг монетон бөгжийг нь аваад гарсан. Би Б эгчийг тийшээ хийж байхыг нь харсан юм. Тэгээд ээмэг бөгжнүүдийг нь авчхаад цайзад буудалд байхдаа дуудлагаар ээмэг бөгж авдаг хүний дугаар олоод бүгдийг нь нийлүүлээд 2.760.000 төгрөгөөр бодоод зарчихсан. ...” мэдүүлэг /хх 24-26/ зэргээр,
2. Г.Н нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах Сайн болон барын нүд нэртэй барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан байсан 1 хос монетон ээмэг, 4 ширхэг монетон бөгжийг Н.Ө-аар чөлөөлүүлэн, түүнд худалдан борлуулахдаа хохирогчийн илүү шилжүүлсэн 425.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан болох нь:
хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ө-ын: “...“Ломбардаас алт, монет чөлөөлж, зөрүүг өгнө” гэсэн зарын тавьсны дагуу Н гэх хүн над руу холбогдоод “монетон ээмэг, бөгж ломбардаас чөлөөлүүлнэ" гэхээр нь ярьж тохиролцоод Жанцангийн “Сайн” ломбардаас 11 граммтай, 1 хос монетон ээмэг, 3 ширхэг монетон бөгжийг 862.500 төгрөгийг төлөөд авсан. Мөн “Сайн” ломбардны эсрэг тал 112-ын автобусны буудал талдаа “Барын нүд" гэсэн ломбардаас 4 граммтай монетон бөгж 305.000 төгрөгөөр авсан бөгөөд эхэлж авсан 11 граммтай ээмэг, бөгжийг тус тусад нь граммлахад хос монетон ээмгийг нь 4.1 грамм байсныг 9.1 грамм гэж андуураад Н гэх залууд зөрүү мөнгийг нь өгөхдөө 5 граммын мөнгө илүү өгөөд нийтдээ 765.000 төгрөг шилжүүлчихсэн юм. Мөнгөө шилжүүлчхээд дахиж ломбардаас авсан ээмэг, бөгжөө бүгдийг нь граммлаж үзсэн чинь эхэлж авсан ээмэг, бөгжин дээрээ 5 грамм нэмээд зөрүү мөнгө өгчихсөн байсан. Уг нь бол 340.000 төгрөг өгөх ёстой байсан. Тухайн үедээ Н руу залгаж хэлэхэд яасан юм гэж хэлчхээд тэр чигээрээ яваад өгсөн. Өөрөө 340.000 төгрөг авахаа мэдэж байсан. Надад нийт 425.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх 108-109/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “Г.Н-ын харилцах 5866233922 дугаарын дансанд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15:49 минутад 5622067236 дугаарын данснаас 765,000 төгрөг шилжиж орсон” /хх 125/,
“Сайн” ломбардны компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл: “...00000 гэх хүний нэр дээр бүртгэлтэйгээр 4 ширхэг бөгж, 1 хос ээмэг, нийт 860,000 төгрөгийн барьцаанд тавьсан” нь тусгагдсан /хх 234-237/,
“Барын нүд” ломбардны компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл: “...00000 гэх хүний нэр дээр бүртгэлтэйгээр 4,4 гр 1 ширхэг бөгж 300,000 төгрөгийн барьцаанд тавигдсан” /хх 238-241/,
Г.Н-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг: “...Ломбарданд тавьсан эд зүйлийн хугацаа дуусах гээд байхаар нь би фейсбүүк ухаж байгаад алт, монетон эдлэл ломбардаас чөлөөлж авна гэсэн байхаар нь зарын дагуу 88000000 дугаарын утсаар холбогдож Өнөржаргал гэх эмэгтэйтэй уулзаад ломбардаас монетон ээмэг бөгжнүүдээ чөлөөлүүлсэн. Өнөржаргал гэх эмэгтэй миний данс руу 765.000 төгрөг шилжүүлсэн ба удалгүй дахин залгаад илүү мөнгө буруу шилжүүлсэн байна, зөрүү 425,000 төгрөгийг буцаагаад явуулчих гэхээр нь за гэж хэлээд мөнгийг нь буцааж өгөлгүй хэрэглээд дууссан. ...” /хх 232/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Н-ын “...хохирогч З.Бын монетон ээмэг, бөгжийг хулгайлан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,200,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргийн, “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьсан байсан 1 хос монетон ээмэг, 4 ширхэг монетон бөгжийг Н.Өнөржаргалаар чөлөөлүүлэн, түүнд худалдан борлуулахдаа хохирогчийн илүү шилжүүлсэн 425.000 төгрөгийг илүү шилжүүлснийг мэдсээр байж авсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна.
Шүүх шүүгдэгч Г.Нд тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохирсон.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв, тайлбарлан хэрэглэжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Г.Н-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Н-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ын 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ