| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/05740/И |
| Дугаар | 102/ШШ2024/04720 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/04720
| 2024 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/04720 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө *, Стадион Оргил-1, Хаан цамхаг хаягт оршин байх, Хаан банк /рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, зүүн ард аюуш, 9 гудамж, *тоотод оршин суух, * овогт * */РД:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, зүүн ард аюуш, * гудамж, * тоотод оршин суух, * овогт ** /РД:*/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-80 байр, * тоотод оршин суух, Хорхойтбарган овогт Нэргүйн Долгормаа /рд: */,
Зээлийн гэрээний үүрэгт 135,966,045.66 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал оролцов.
/нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч *, Н.* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 135,966,045.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *гийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*, Н.* нар нь нэхэмжлэгч Хаан банк ХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр * тоот Зээлийн гэрээ байгуулж 140,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээнд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж 48 сар болгосон. Дээрх зээлийн гэрээний барьцаанд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр * тоот Барьцааны гэрээ, * тоот Барьцааны гэрээ байгуулж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-80 байр, 24 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн * дугаартай, 59 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, бараа материал тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 33,846,488.13 төгрөг, зээлийн хүүнд 27,646,240.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг, нийт 61,492,728.89 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 165 хоног хугацаа хэтэрсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч *, Н.* нараас зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 106,153,511.87 төгрөг, хүүгийн үлдэгдэл 29,602,705.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 198,328.53 төгрөг, нэхэмжлэгчээс гарсан зардал болох нотариатын үйлчилгээний төлбөр 11,500 төгрөг, нийт 135,966,045.66 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нараас шүүхэд тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, итгэмжлэл /хх 7-8, 65-66, 78-79/, Зээлийн гэрээ /хх 9-14/, Барьцааны гэрээ /хх 15-19/, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 20-21/, Зээлийн бүртгэлийн карт /хх 22-23/, Зээлийн өргөдөл /хх 24-27/, *ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/, Н.*ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 29/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа /хх 30-32/, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 64/, Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай /хх 83-85/, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 86-87/, Зээлийн бүртгэлийн карт /хх 88/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 89/.
4. Хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн баримт байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ хариуцагч *, Н.* нартай 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр * тоот Зээлийн гэрээг байгуулсан тул зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 106,153,511.87 төгрөг, хүүгийн төлбөрт 29,602,705.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 198,328.53 төгрөг, нэхэмжлэгчээс гарсан зардалд 11,500 төгрөг, нийт 135,966,045.66 төгрөгийг хариуцагч *, Н.* нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээний дагуу хариуцагч *гийн барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Р.*нь дээрх нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр байжээ.
Хариуцагч Н.* нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байжээ.
Хариуцагч * нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байжээ.
Гэвч хариуцагч *, Н.*, * нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. З , аар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Хаан банк ХК болон хариуцагч *, Н.* нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр * дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч *, Н.* нарт 140,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 21,6 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож зээл олгожээ.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөө №* тоот Барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-80 байр, 24 тоот хаягт байршилтай, 59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Мөн №* тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулж, барьцааны зүйлийн үнэ нь 76,632,000 төгрөг бүхий бараа материалыг барьцаалсан байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
4.2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 165 хоног хугацаа хэтэрсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч *, Н.* нараас шаардсан нь хууль зөрчөөгүй.
4.3. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагч *, Н.*, * нарын зүгээс зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд хариуцагч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.
Иймд хариуцагч *, Н.* нараас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн * тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 106,153,511.87 төгрөг, үндсэн хүүнд 29,602,705.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 198,328.53 төгрөг, нийт 135,954,545.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.
4.4. Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 11,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.
4.5. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнд хариуцагч нарт үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч *, Н.* нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.
4.6. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн * тоот зээлийн гэрээ нь Хаан банк ХК болон *, Н.* нарын хооронд байгуулагдсан. Иймд * нь энэ гэрээний оролцогч биш тул зээлийн төлбөрийг хариуцахгүй. Харин барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.
Дээр дурдсанчлан талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банк ХК нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг 182,042,998.47 төгрөг болгож ихэсгэсэн бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага болох 182,042,998.47 төгрөгийн 46,065,452.81 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,296,314.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *, Н.* нараас 837,780.23 төгрөгийг, *гаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *, Н.* нараас 135,966,045.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *, Н.* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-80 байр, 24 тоот хаягт байршилтай, 59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,296,314.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *, Н.* нараас 837,780.23 төгрөгийг, *гаас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН