Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/205

 

 

 

О.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Н.Амарсанаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Болортуяа, шүүгч Ч.Отгонбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2205000002065 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 28-04 тоотод түр оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шитйгэгдсэн: -1995 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2000 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28-р байрны 04 тоотод өөрийн үеэл дүү Б.М-ыг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ахуйн зориулалттай хутгаар онц харгис хэрцгий аргаар, мөн амь хохирогчийг ойрын төрлийн хүмүүс болох бага насны хүүхдийнх нь дэргэд олон тооны шарх гэмтэл буюу цээжний зүүн урд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч хавирга, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн, бүсэлхийн баруун дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийн болон хэвлийн хөндийн цусан хураа, шилэн хүзүү, зүүн ташаанд хатгагдаж зүсэгдсэн шарх баруун шанаа, хүзүү, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, баруун шанаанд зулгаралт бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.          

Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч О.Б-ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгг зааснаар 15,133,398 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуяад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хутгыг устгахаар шийдвэрлэжээ.    

Шүүгдэгч О.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг холбогдсон хэргийн гэм буруугийн талаар маргадаггүй болно. Хохирлын хэмжээ 18,339,000 төгрөг байгаа. Миний эрүүл мэнд болон өндөр насыг минь харгалзан үзэж, учирсан хохирлыг төлөх боломжоор хангаж нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч анхнаасаа хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч ажилласан. Гэм буруугаа ухамсарлаж байгаа. Шүүхээс оногдуулсан ялд гомдол гаргаагүй. Зөвхөн дэглэм өөрчилж, нээлттэй хорих ангид болгож өгнө үү гэсэн хүсэлтийг нь дэмжиж байгаа. Энэ бол хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Хангаж хэрэгжүүлж өгнө үү...” гэв. 

Прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр О.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. О.Б хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн. Уг гэмт хэргийн шинж болон түүний хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс хорих байгууллагын дэглэмийг тогтоосон нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.Бт холбогдох 2205000002065 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

Анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч О.Б нь согтуугаар 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28-р байрны 04 тоотод өөрийн цуг амьдардаг үеэл дүү Б.М-ыг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ахуйн зориулалттай хутгаар онц харгис хэрцгий аргаар, амь хохирогчийн бага насны хоёр хүүхдийнх нь дэргэд олон тооны шарх гэмтэл учруулан хүнийг санаатай алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн: “...Би талийгаач М-ын төрсөн эгч нь байгаа юм. ...Намайг гэрээсээ явсны дараа манай аавын төрсөн дүү О-ын хүү болох Б ах манай гэрт М болон А, Т нартай хамт амьдарч эхэлсэн, ...Б ахын төрсөн ах, дүү нараас буяны ажилд нь зарцуулаарай гэж надад 900.000 төгрөг өгсөн...” /1хх 29-30/,

насанд хүрээгүй гэрч М.А-ийн: “...өвөө гэж дууддаг Б ах ээжийг хутгалаад алчихсан, манай ээж үхчихсэн, гал тогооноос хутга аваад хутгалчихсан, ээжээс зөндөө цус гарсан, өвөө ээж рүү уурлаад хутгалчихсан өвөө Б ах согтуу байсан, ээж жаахан согтуу байсан. Өвөө Б ах ээж рүү аймаар уурласан би боль гэсэн өвөө Б ах намайг дуугүй бай гэсэн. ...Б ах ээж Мыг хутгалахад үүдний коридор хэсэгт байсан...” /1хх 37-38/,

насанд хүрээгүй гэрч М.Тгийн: “...өвөө гэж дууддаг Б манай ээжийг алчихсан. Гал тогооноос хутга аваад хутгалчихсан, ээжээс зөндөө цус гарсан би ээжгүй болсон, өвөө, ээж хоёр хэрэлдсэн маргалдсан, тэгээд хутгалчихсан. ...гал тогооноос хутга аваад хутгалсан, том хутга байсан. Б ах гал тогооны өрөөнөөс аваад шууд ээжийг хутгалаад алчихсан ээжээс цус их гарсан. ... Б ах ээжийг хутгалаад ээж коридорт газар унасан, ах бид хоёр уйлаад боль боль гэсэн...” /1хх 46/,

гэрч Г.Д-ын: “...2022 оны 9 дүгээр сарын 9-ний 02 цагийн үед ...би нойлын өрөө орохоор том өрөөнөөс гарах үед Б.М том өрөөний үүдний хэсэгт хана налсан байдалтай шалан дээр сууж байсан, толгой нь зүүн талын мөр хэсэг рүүгээ хүзүүгээр нугарсан байдалтай, хоёр хөл нь шулуун хөлөө жийсэн байдалтай, хоёр гар нь гуяны хэсэгт байрласан байдалтай, цагаан хар өнгийн богино шорт, торон хар өнгийн цамцтай байсан ба эргэн тойронд Б.М-ын баруун талын хөлийн хажууд шалны хулдаасан дээр цус болсон хөлдөөгчийн хажууд хойд хэсэгт шалан дээр ус болон цус холилдсон шингэн зүйл байсан. Б.М-ыг хөдлөхгүй байхаар нь хоёр гарын шууны дотор хэсгийг үзэхэд хэвийн байсан ба цамцыг нь сөхөж үзэхэд хүйсний хажуу зүүн дээд хэсэгт хутгаар үүсгэгдсэн байхаар шарх учирсан байсныг харсан. ...Би О.Б хэзээ орж ирээд гарсан гэдгийг мэдээгүй унтаж байсан. Учир нь, би нойргүйдэх өвчтэй бөгөөд нэг унтахаараа өөрөө сэрэхээс нааш сэрдэггүй, унтаж байгаа хугацаандаа маш сайн унтдаг. ...” /1хх 51-52/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2403 дугаартай шинжээчийн: “...Талийгаач Б.М-ын цогцост цээжний зүүн урд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч хавирга, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн, бүсэлхийн баруун дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх үнхэлцгийн хөндий болон хэвлийн хөндийн цусан хураа, шилэн хүзүү, зүүн ташаанд хатгагдаж зүсгэгдсэн шарх баруун шанаа, хүзүү, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс шарх нь ир үзүүр бүхий зүйлийн, цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс цээжний урд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч хавирга, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн, бүсэлхийн баруун дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий болон хэвлийн хөндийн цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт, шилэн хүзүү, зүүн ташаанд хатгагдаж зүсгэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь цээжний зүүн урд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч хавирга, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн, бүсэлхийн баруун дээд хэсэгт хэвлийн хөндийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. 2022.09.09-ний өдрийн 12:25 цагт цогцсын гадна үзлэг хийх үед талийгаач нь нас бараад 10-12 цаг болсон байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” гэсэн дүгнэлт /1хх 79/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд/1хх 3-13/, цогцост үзлэг хийсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14-19/,

шүүгдэгч О.Бын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би архи ууж байгаад ганцаараа гэрээс гараад, гадаа агаарт хэсэг байж байгаад гадаа бүрэнхий болсон байхад буцаад гэртээ ороход Д унтчихсан, М хоёр хүүхэдтэйгээ сэрүүн байж байсан бөгөөд би гэртээ ороод ямар шалтгаанаар гэдгээ санахгүй байгаа ч гэсэн нэг мэдсэн чинь М бид хоёр миний унтдаг жижиг өрөөнд маргалдаж байгаад миний уур хүрээд гал тогооны өрөөнд байдаг шүүгээнээс бор өнгийн бариултай, жижиг хутга аваад М руу явж очоод түүнийг зогсож байхад нь гартаа барьж очсон хутгаараа нэг удаа биеийнх нь урд хэсэг рүү хутгалтал хажууд байсан А, Т хоёр “Өвөө болиоч ээ" гээд орилж байсан болон талийгаачийг хутгалсан гэдгээ би сайн санаж байна. ...” гэсэн мэдүүлэг /1хх 182-183/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 9-нд шилжих шөнө шүүгдэгч О.Б нь согтуугаар өөрийн үеэл дүү Б.М-ыг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэрт нь, бага насны хоёр хүүхдийнх нь дэргэд хэрүүл маргаан үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, олон удаагийн шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар ахуйн зориулалттай хутгаар хутгалж алсан талаар хэргийн үйл баримт тогтоогдож байна. Түүний тус үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...онц харгис хэрцгийгээр...”, 2.7 дахь заалтад заасан “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, ...болохыг мэдсээр байж;” 2.8 дахь заалтад заасан “..гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэсэн хүндрүүлэх шинжүүдтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээс О.Бт 16 жилийн хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний онц харгис хэрцгийгээр гэмт хэрэг үйлдсэн арга, хоёр хүүхдийх нь дэргэд хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алсан үйлдэл, гэмт хэргийн хэр хэмжээ, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ. 

Иймд шүүгдэгч О.Бын гаргасан “...ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын хэвээр  үлдээхээр давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 2023/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ