Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 0611

 

2017 оны 8 сарын 29 өдөр                   Дугаар 221/МА2017/0611                          Улаанбаатар хот

        

“Б к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0416 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Б к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б к” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжийн “О н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б к” ХХК-д газар эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү ...” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0416 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар “О-н” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.6-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно” гэж заасны дагуу маргаан бүхий газарт хиймэл нуур, цөөрөм, усан сан байгуулсан, мод тарьсан, нөхөн сэргээлт хийсэн, улмаар “усан парк” байгуулахаар холбогдох байгууллагуудад хандаж байсныг тодруулах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 21 дүгээр хурлын тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2009 оны 11/636, 11/182 дугаартай албан бичгүүд, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2010 оны 6/1603 дугаартай албан бичиг-ийг нотлох баримтын шаардлага хангуулан холбогдох байгууллагуудаас гаргуулах, “захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас “Б к” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлтсийн дүгнэлтийг гаргуулж тодруулахаар  хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д гомдол гаргах шүүгчийн захирамжийг тодорхойлсон бөгөөд үүний дотор мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 /Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй/ заалт хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд шүүх  нотолгооны ач холбогдолтой, эсвэл шаардлагагүй гэж үзсэнээ тодорхой үндэслэлтэй шийдвэрлэж, улмаар хэргийн оролцогч гомдол гарган, давж заалдах шатны шүүх уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр заажээ.

Гэтэл шүүхээс 32 дугаар зүйлийн 32.4 /Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй/ хэргийн оролцогчийн эрх, үүргийг зохицуулсан хуулийн зүйлийг баримтлан, энэ нь хэрхэн захирамжийн үндэслэл болж байгаа нь тодорхойгүйгээр нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан нь уг хуулийг зөрчсөн.

Түүнчлэн мөн зүйлийн 122.5-т “Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасны дагуу гомдол гаргах талаар шүүхэд тайлбарласан боловч хүлээн аваагүй болно.

            Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1302 дугаар захирамжаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэж Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрыг дахин шинжилгээ хийлгэх, мөн Нийслэлийн байгаль орчны газрыг шинжээчээр томилсон боловч эдгээр шинжээчийн дүгнэлтүүд гаргаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16-д заасан тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзахаар заажээ. Гэтэл эдгээр тохиолдол үүсээгүй байхад Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газраас нэмэлт дүгнэлт ирүүлээгүй, мөн Нийслэлийн байгаль орчны газраас “дүгнэлт гаргах шаардлагагүй” гэж тодорхойлолт ирүүлсэн нь мөн хуулийн 9.3, 17.1-д тавигдсан асуултын дагуу шинжээч бичгээр дүгнэлт гаргаж, гарын үсэг зурахаар заасныг зөрчсөн, шинжээчээр томилогдсон мэргэжилтэн Ж.Батзолбоог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан нь хэргийн талаар нөхцөл байдлыг мэдэх этгээд гэрч байх, тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй.

Мөн мэргэжилтэн Ж.Батзолбоо нь шүүх хуралдаанд “Бусад талбайд нөхөн сэргээлт хийсэн эсэхийг мэдэхгүй, мод бут тарьсныг зургаар баталгаажуулж авсан нь архивт байгаа, мод таригдсан, байгалийнх эсэх, хэдэн настай зэргийг тогтоох боломжтой, очиж үзээгүй болохоор мэдэхгүй” гэсэн мэдүүлэг өгснөөс үзэхэд тухайн асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүхээс өөрөө нотолгооны ач холбогдолтой гэж үзсэн шинжээчийн дүгнэлт, нотлох баримтаа хэрэгт авагдаагүй, цуглаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон.

Дээр дурдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц баримтууд гэж үзэж байна.

            Иймд шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Б к” ХХК-д анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон нэртэй газарт орших 73 га талбайд ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаартай тусгай зөвшөөрөл олгож, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 28-ны 262 дугаар шийдвэрээр “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 453/А дугаар захирамжаар “Б ц б” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон нэртэй газарт байрлах маргаан бүхий 2 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг газар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар гуравдагч этгээд “О-н” ХХК-д шилжүүлснийг нэхэмжлэгч “Б к” ХХК эс зөвшөөрч “... “О-н” ХХК-д эзэмшүүлсэн 2 га газарт манай компани нөхөн сэргээлт хийсэн, манай компани газар эзэмших эрхийг давуу эрхээр олж авах байсан ...” гэж маргаж, “дээрх А/65 дугаар захирамжийн “О-н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б к” ХХК-д газар эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар шийдвэрээр “Б к” ХХК-ийн 2299А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн байна.

Анхан шатны шүүх “... тусгай зөвшөөрлийн талбай нь гуравдагч этгээд “О-н” ХХК-ийн эзэмшил газартай давхцалгүй..., ... нэхэмжлэгч газар эзэмших талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж байгаагүй ...” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо нэг үндэслэлийг “шүүх дахин шинжилгээ хийлгэхээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн байгаль орчны газрыг шинжээчээр томилсон боловч эдгээр шинжээчийн дүгнэлтүүд гараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэж тайлбарлажээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шинжээч томилж тодруулахаар шийдвэрлэсэн асуудал болох нэхэмжлэгчийн 2299А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай “О-н” ХХК-д эзэмшүүлсэн 2 га газартай давхацсан эсэх, нэхэмжлэгч гуравдагч этгээд “О-н” ХХК-ийн эзэмшлийн талбайд нөхөн сэргээлт хийсэн эсэх нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/964 дүгээр албан бичиг, Нийслэлийн байгаль орчны газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02/368 дугаар албан бичиг, нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газартай байгуулсан “Газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээ”, Газрын техникийн нөхөн сэргээлтийг хийлгэж хүлээн авсан комиссын акт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн 2299А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 73 га талбай нь “О-н” ХХК-д эзэмшүүлсэн 2 га газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй төдийгүй тус хуулийн этгээд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй байсан 73 га талбайдаа газрын хэвлийн нөхөн сэргээлт хийсэн, өөрийн тусгай зөвшөөрөлтэй байснаас бусад талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул шүүх заавал шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компани маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан журмын дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргаж байгаагүй атлаа “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар газрыг давуу эрхээр эзэмших эрхтэй” гэж үзэж, “Б к” ХХК-д газар эзэмшүүлэхийг хариуцагчид даалгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй бөгөөд “Б ц б” ХХК-ийн газар эзэмших эрхийг гуравдагч этгээд “О-н” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу уг маргаан бүхий газрыг эзэмшихээр холбогдох байгууллага, албан тушаалтанд огт хүсэлт гаргаж байгаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий газарт хиймэл нуур, цөөрөм, усан сан байгуулсан, мод тарьсан, нөхөн сэргээлт хийсэн, улмаар усан парк байгуулахаар холбогдох байгууллагуудад хандаж байсныг тодруулах, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 21 дүгээр хурлын тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2009 оны 11/636, 11/182 дугаар албан бичгүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2010 оны 6/1603 дугаар албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас “Б к” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан эсэхийг тодруулах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ...” гэжээ.

Гэвч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэгэнт нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан төдийгүй хүсэлтэд заасан дээрх нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй баримтууд байх тул анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, улмаар шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт “Б к” ХХК-д газар эзэмшүүлэхийг даалгах” шаардлагыг бичилгүй орхигдуулсан, тэрчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийг баримтлаагүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг тодорхой заагаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0416 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3,  31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжийн “О-э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б к” ХХК-д газар эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                             Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН