Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01133

 

Я.Борцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 515 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар магадлалтай,

Я.Борцэцэгийн нэхэмжлэлтэй

Булаг аймаг дахь Шүүхийн Тамгын газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Борцэцэг нь 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн шүүхэд үйлчлэгчээр ажилд орж ажиллах хугацаандаа хамт олныхоо дунд нэр хүндтэй, удирдлагаас өгсөн үүргийг цаг бүрт нь гүйцэтгэхээс гадна үндсэн ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан. Тамгын газрын дарга 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 95 дугаартай тушаалаар чөлөө зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 өдрийн ажил тасалсан гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тушаал гаргасан. Миний ээлжийн амралтын мэдэгдэл 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажлын 22 хоног амрахаар хуваарь гарсан ч уг мэдэгдлийг надад үзүүлээгүй. Анх ээлжийн амралтын хуваарь гарахад би “эрт амармаар байна” гэж Тамгын даргад хэлсэн. Гэтэл үйлчлэгч н.Ариунгэрэл нь 7 сард би амраад өвчтэй хүүхдээ рашаанд авч явах хэрэгтэй байна гэхэд Тамгын дарга хоёр үйлчлэгч хоорондоо тохир гэсэн учраас бид тохиролцоод Тамгын даргад хэлэхэд н.Ариунгэрэл нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс амарч, хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө буюу мөн оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орж, намайг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж амраарай гэж надад хэлсэн.

Тухайн үед би Булган аймгийн Баян-Агт сумын 90 жилийн ойд явах байсан тул н.Ариунгэрэлтэй ингэж тохиролцож энэ тухайгаа Тамгын даргад хэлэхэд тухайн үедээ хэлээд чөлөө аваад яваарай гэсэн. Н.Ариунгэрэл нь тохиролцсон 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрүүдэд ажилдаа очоогүй тул Тамгын дарга 27-ны өдөр миний утас руу залгахад манай нөхөр “сумынхаа 90 жилийн ойд явах гэсэн юм” гэж хэлсэн байсан. Тэгээд удалгүй дахиад залгахад нь намайг утсаа авахад “Яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ” гэхээр нь “Ойд явах гэсэн юм” гэдгээ хэлэхэд “юу яриад байгаа юм. Ажилдаа ир” гэхэд нь н.Ариунгэрэлтэй тохиролцсон тухайгаа айгаад хэлж чадаагүй. Үүнээс болж нөхөртэйгөө муудалцаад сумынхаа наадамд явж чадаагүй. 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажилд орох байснаа мэдээгүй, надад ээлжийн амралтын мэдэгдэх хуудсыг танилцуулаагүй. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ирэхэд н.Дөлгөөнболд дарга надад ажлаас халсан тушаалыг танилцуулахад нь сэтгэл санаа тавгүй байсан тул хэсэг өрөөндөө орж байж байгаад даргын өрөөнд орж “ядаж надад сахилгын арга хэмжээ авч өгөөч. Намайг уучлаарай, миний буруу, би 2 жил ажиллаад тэтгэвэртээ гарна 10 гаран сая төгрөгийн цалингийн зээлтэй намайг уучлаарай” гэж зовлонгоо ярьсан ч тушаал гарсан учраас одоо ямар ч аргагүй гэсэн. Намайг ажлаас халсан шалтгааныг ноцтой зөрчил гэж үзэхгүй, бидний хооронд үл ойлголцол үүссэн. Урьд нь ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Миний үндсэн цалин ТҮ-1-4 буюу 430 000 төгрөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Я.Борцэцэг О.Ариунгэрэл гэдэг 2 үйлчлэгч ажилладаг. Амралтын хуваарь танилцуулахад хоёулаа 7 дугаар сард амарна гэсэн тул ээлжийн амралтынхаа хуваарийг тохироод ир, үйлчлэгчгүй байж болохгүй гэхэд тэд тохиролцож О.Ариунгэрэл нь 6 сард хүүхдээ рашаан сувилалд авч явах тул 6 дугаар сарын 25-ны өдрөөс амраад Я.Борцэцэг нь Баян-Агт сумын 90 жилийн ойд явна гэдгээ хэлэхэд нь Я.Борцэцэгт “Шалтгаан байж болно. О.Ариунгэрэл үйлчлэгчийг ажилдаа орохоос өмнө Баян-Агт сумын 90 жилийн ой болвол тухайн үед нь надад хэлээд чөлөө зөвшөөрлөө аваад яваарай” гэж хэлсэн. Я.Борцэцэг О.Ариунгэрэл нар хоорондоо тохирчихсон гэж байгаа ч энэ хоёрыг амралтынхаа хуваарийг тохироод ир гэсэн болохоос биш хэзээ хаашаа явах, хэн нэгнийгээ оролж ажиллахаа тохир гэж хэлээгүй. Баян-Агтын наадам 8 дугаар сарын 01-03-ны өдрийг хүртэл болсон. Я.Борцэцэг нь 7 дугаар сарын 27, 28, 29-ны өдрүүдэд ажлаа тасалж, Ямар нэгэн чөлөө зөвшөөрөл надаас аваагүй. Ингээд 1 дэх өдрийн өглөө үйлчлэгч ирсэн тухай тахараас асуухад ирээгүй, өнөөдрөөс эхлээд амарч байгаа гэсэн яриа гарсан байна үнэн юм уу гэж надаас асуухаар нь түүнтэй утсаар залгаж нөхрөөр нь дамжуулж Я.Борцэцэгт “Таны амралт чинь 30-ны өдрөөс шүү дээ” гэж хэлэхийн завдалгүй “би наадамд явах гэж байна” гээд утсаа таслаад дахиж залгахад утсаа аваагүй. 28-ны өдөр О.Ариунгэрэлтэй цэвэрлэгээ хийлгэх тухай хэлж цэвэрлүүлсэн.

Я.Борцэцэгийн амралт 27-ны өдрөөс биш 30-ны өдрөөс эхлэх байсан учраас 29-ний өдөр өгөх ёстой байсан. Амралтын мэдэгдлийн хувьд амрах хугацаа нь болоогүй байхад ажлаа тасалж явсан учраас мэдэгдлээ аваагүй явсан. Амралтын тушаал, хавсралт хуудсуудыг долоо хоног бүрийн хоёр дахь өдрийн 08 цаг 30 минутаас сонсгол дээр шүүгч ажилчдад танилцуулсан. Үүнийг бүгд мэдэж байгаа. Я.Борцэцэг өмнө нь ч гэсэн орж ирээд хэд хоног амрахаа асуухад нь нийт 22 хоног амрах тухайд нь хэлж байсан. 8 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орох байтал 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тасалж, 9 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагт ажилдаа ирэхдээ уучлалт гуйсан бол өөр байх байсан. Нийтдээ 4 хоног ажлаа тасалсан. Ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой. Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн 5.2.1-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас удаа дараа хоцорсон чөлөө зөвшөөрөлгүй явсан болон энэ зөрчлийн талаар мэдэгдэн сануулснаас хойш давтан гаргасан, 1 хоногоос дээш хугацаагаар ажлаа тасалсан” гэж заасны дагуу 4 хоног ажлаа тасалсан учраас ноцтой зөрчилд тооцно гэж үзсэн. О.Ариунгэрэлтэй тохирсон гэж байгаа ч тухайн үедээ утсаар мэдэгдсэн бол зохицуулах боломжтой байсан гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 515 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Борцэцэгийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Булган аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Я.Борцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 515 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Борцэцэгийг Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 5 095 000 төгрөгийг хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Я.Борцэцэгт олгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтад “чөлөөлөгдсөн болохыг дурдаж” гэсний дараа “хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газраас 96 470 төгрөг гаргуулж төрийн санд оруулж, нийгмийн даатгал болон бусад суутгалыг зохих хувиар суутгахыг хариуцагч байгууллагын санхүүд даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Булган аймаг дахь шүүхийн Тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байсан Я.Борцэцэг нь 2015 оны 7 дугаар сарын 27-29, 8 дугаар сарын 31-ний өдрүүдэд нийт 4 хоног ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан учир Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 95 дугаар тушаалаар ажил олгогчоос түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас удаа дараа хоцорсон буюу чөлөө зөвшөөрөлгүй явсан, ...1 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцална”, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.8.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 сарын дотор 1 ба түүнээс дээш өдөр- ажил тасалсан...бол ажил тасалсанд тооцно”, 7.1.8-д “шүүгч, ажилтан өөрөө өвчлөх, ...зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар захиргаанд урьдчилан мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авч чадахгүйд хүрвэл утас цахилгаанаар болон ямар нэг байдлаар Тамгын газрын даргад заавал мэдэгдэх бөгөөд хугацаандаа мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно”, 7.1.10-т “...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн, хугацаанаасаа өмнө амарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” гэсэн заалтуудыг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасан ажлаас халах шийтгэл ногдуулсан. Магадлалын үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Я.Борцэцэг 4 өдөр ажил тасалсан нь тогтоогдсон... гээд амралтын мэдэгдлийг хүлээлгэн өгөөгүй гэх тайлбарыг няцааж чадаагүй, нөхөртөө зодуулаад нүүрэндээ хөхөрсөн талаараа даргад хэлж чадаагүй учир хүндэтгэх шалтгаантайгаар ажлаа тасалсан...” гэсэн утга бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Я.Борцэцэгийг ажилд нь эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Я.Борцэцэг ээлжийн амралтын хуваарь, хэд хоног амрахаа мэдэж байсан, өөрөө амралтын мэдэгдлээ авалгүйгээр ажлаа таслаад явсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд Давж заалдах шатны шүүх “4 өдөр ажил тасалсан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн байдаг. Я.Борцэцэг нөхөртөө зодуулж нүд нь хөхөрсөн гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаар ямар нэг нотлох баримт анхан шатны шүүхэд болон Тамгын газарт ирүүлээгүй, хэргийн материалд авагдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар давж заалдах шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаанд тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 116 дугаар зүйлийн 116.3., 166 дугаар зүйлийн 166.4.-т заасныг тус тус зөрчсөн. Я.Борцэцэгт чөлөө олгосон баримт байхгүй, чөлөө аваагүйгээ өөрөө хүлээн мэдүүлдэг, үйлчлэгч О.Ариунгэрэлд “миний оронд ажлаад өгөөч” гэж хэлсэн гэх боловч тэр нь худлаа гэдэг нь баримтаар тогтоогдсон байхад магадлалын үндэслэх хэсэгт “...Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.3-т “шүүгч, ажилтнуудын ажлын 1-3 өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар олгоно” гэж зааснаас үзэхэд ...ажилчид чөлөө авах хүсэлтээ амаар гаргах боломжтой байх тул нэхэмжлэгчийг чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, чөлөөний хуудас хэргийн материалд авагдаагүй байхад хийсвэр дүгнэлт хийн, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Я.Борцэцэг нь Булган аймгийн Шүүхийн Тамгын газарт холбогдуулан  үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 95 дугаар тушаалд Я.Борцэцэгийг 2015 оны 7 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд, 8 дугаар сарын 31-ний өдөр нийт 4 хоног ажил тасалсан гэсэн үндэслэлийг зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтыг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэл бий болсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд хуулиар тогтоосон хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах журамтай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан бөгөөд Я.Борцэцэг нь 2015 оны 7 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд ажил тасалсныг ажил олгогч тухайн өдөр нь илрүүлсэн боловч хуульд заасан дээрх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй байна. Уг зөрчилд хугацаа өнгөрснөөс хойш буюу 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 95 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авсан нь хуулийн уг зохицуулалтад нийцэхгүй юм. Мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч ажилдаа очоогүй үйл баримт тогтоогдож байх боловч  ажил олгогчийн зүгээс ээлжийн амралтын мэдэгдлийг ажилтанд гардуулснаа нотлоогүй тул 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байжээ.

Иймд зөрчилд арга хэмжээ авах хугацаа өнгөрснөөс гадна ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тул Я.Борцэцэгийг үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 5 095 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх “ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй нэр томьёог магадлалд  тусгасан нь буруу болохыг дурдаж, шүүх бүрэлдэхүүнд анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Дөлгөөнболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА