Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 0510

 

                                               “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                        Нийслэлийн Засаг даргад холбогдох

                                                 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                             Г.Банзрагч,

                                            Д.Мөнхтуяа,

                                            П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Ц.Ундрал.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0534 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:       

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, түүний өмгөөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Ж.Б нар. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэрээр: Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.5-43.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын З ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.          

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0534 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч “З” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.  

            Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “З” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэрээр тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн боловч давж заалдах шатны шүүх дээрх алдаа зөрчлийг залруулалгүй хэвээр үлдээсэн тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргахдаа “З” ХХК-д мэдэгдээгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “сонсох ажиллагааг” явуулаагүй гэж маргасан. Хариуцагчаас “Сонсох ажиллагааг” явуулсан эсэх талаар шүүхэд тайлбар ирүүлэхдээ “... иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-28.1.3.-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй” гэсэн. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд энэ тайлбараа үгүйсгэж “... сонсох ажиллагаа явуулаагүй гэж андуурсан байна, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа явуулсан бөгөөд энэ талаар өөрийн Ulaabaatar.mn сайтад байршуулсан, мөн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр маргаан бүхий захиргааны актыг тус өдөрт нь мөн сайтдаа байршуулж уг захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн...” гэж тайлбарлаж маргасан. Харин нэхэмжлэгчийн зүгээс бид энэ сайтад байршсан мэдээллийн талаар мэдэхгүй, энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй тул энэ сайтад үзлэг хийлгэж, тэрхүү мэдээллийг нотлох баримтаар бэхжүүлж үнэлэх талаар шүүгчид хүсэлт гаргасан боловч шүүгч “...сайтад байгаа мэдээлэл бол нийтэд илэрхий баримт учраас шууд шүүх хуралдаан дээр үзээд явж болно гэх агуулгатай тайлбар хэлж, нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. /энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй байх гол нөхцөл байдаг. Үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй байх нь нийтэд илэрхий байх шинжийг тодорхойлдог бөгөөд эдгээрт байгалийн үзэгдэл, онцгой үйл явдлууд, нийгэм, улс төрийн амьдралын үйл явдлууд хамаардаг. Нэхэмжлэгч “З” ХХК нь маргаан бүхий захиргааны актыг 2018 оны 01 дүгээр сарын буюу 6 сарын дараа мэдэж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг мэдэгдээгүй, энэ талаар сонсох ажиллагаа хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож маргаж байхад шүүгч сайтад байгаа мэдээлэл нь нийтэд илэрхий баримт, энэ талаар маргаангүй гэж үзээд шүүх хуралдаан дээр уг мэдээллийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

6. Сайтад байгаа мэдээлэл “нийтэд илэрхий үйл баримтын” дээрх шинж, гол нөхцөлийг хангаж чадахгүй байгаа тул нийтэд илэрхий баримт гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь сайтад байгаа мэдээллийг мэдэхгүй, энэхүү мэдээллийг үйл явдлын талаар хариуцагчтай маргаантай байхад шүүх хэргийг эргэлзээгүй шийдвэрлэх үүднээс энэхүү мэдээлэл байгаа сайтад 2 талыг байлцуулан үзлэг хийж, нотлох баримтыг баталгаажуулах ёстой байсан. Гэтэл Ulaanbaatar.mn сайтаар дамжуулан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн гэх хариуцагчийн тайлбар, үндэслэл болгож байгаа сайтын мэдээллийг нэхэмжлэгчид харуулж, танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Анхан болон давж заалдах шатны шүүх “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0534 дугаартай магадлал нь тус тус хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

8. Нэхэмжлэгчээс түүний Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 75 дугаартай шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Зээгт нэртэй газарт 27.23 га талбайд 2042 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаагаар, М\/-017223 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийн талбайн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан эрхээр хангаагүй, бидэнд тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй.

9. Уг асуудлаар шүүхүүд “2017 оны 03 дугаар сард өөрийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна” гэж дүгнэсэн. Гэтэл уг мэдээлэл нь яг нэхэмжлэгч рүү чиглэсэн эсэх, түүний ямар эрхийг хэрхэн зөрчих гэж байгаа талаар тодорхой мэдэгдээгүй /тусгай зөвшөөрлийг цуцлах, эсвэл газрын хэвлий ашиглах эрхийг хүчингүй болгох/, зөвхөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийгдэх гэж байгаа ажлыг мэдээ хэлбэрээр гаргасан төдийгүй мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан сонсох ажиллагаа явуулах журам, огноо, байрлал, захиргааны шийдвэрийн холбогдох зүйл заалт, бусад мэдээлэл, үндэслэлийн талаар заагаагүй, тэдгээрт тайлбар гаргах боломж, хэлбэрийг зааж өгөөгүй нь сонсох ажиллагаа явуулах тухай хуулийн агуулгад нийцээгүй. Иймд уг захиргааны актыг гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн, оролцогчийн эрхийг хангахгүй байна.

10. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргаас газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон ба харин нэхэмжлэгч компанийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байгаа төдийгүй, Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авсаар байгаагаас үзэхэд уг захиргааны акт хуульд нийцсэн, бодит байдалд хэрэгжих боломжтой, зөрчилгүй байх шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдож байна. Мөн шүүхүүдээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, эсвэл нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаар алинаар нь дүгнэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй болсон. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч “З” ХХК-ийн газрын хэвлийг ашиглах тухай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газар эрх хэмжээний хүрээнд өөрийн олгосон тусгай зөвшөөрлөө хүчингүй болгох эрхтэй. Харин Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй атлаа өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

11. Өөрөөр хэлбэл 2014 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдаж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх Ашигт малтмалын газраас Нийслэлийн Засаг даргад шилжсэн тул 2014 оноос өмнө олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх Нийслэлийн Засаг даргад олгогдоогүй, нэхэмжлэгч компанийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 12.  Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч “З” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

14. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “З” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн “Зээгт” нэртэй газарт 27.23 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч, ашигт малтмалын ашиглалтын MV-017223 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байх ба маргаан бүхий, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор “З” ХХК хамрагдаж, тус компанийн ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгожээ. 

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...зааснаас үзэхэд нэхэмжлэгч “З” ХХК-ийн газрын хэвлийг ашиглах тухай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга дуусгавар болгох эрхгүй. ...Ашигт малтмал, газрын тосны газар эрх хэмжээнийхээ хүрээнд ...хүчингүй болгох эрхтэй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

16. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болохоор, мөн зүйлийн 5-д газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгохоор зохицуулсан. 

17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газрын хамтарсан шалгалтаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт явуулахад “З” ХХК нь анх тусгай зөвшөөрөл олгосон, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс маргаан бүхий акт гарсан 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хүртэл хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг, хуульд заасан “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

18. Нэхэмжлэгч “З” ХХК-д анх Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-017223 дугаар тусгай зөвшөөрөл олгосон. Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар газрын хэвлийг ашиглагч нь олгосон зориулалтын дагуу газрын хэвлийг ашиглах эрх, үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчил гаргавал мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зааснаар газрын хэвлийг ашиглах эрхийг нь дуусгавар болгохоор, уг эрхийг зөвшөөрөл олгосон байгууллага нь хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт үйлчилж байжээ.

19. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдаж, тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална: ...37.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заасан. 

20. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг энэхүү хуулиар нарийвчлан зохицуулсан, тухайлбал аймаг, нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байхаар заажээ, тиймээс нэхэмжлэгч “З” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийн MV-017223 дугаар тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

21. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан эрхээр хангаагүй, тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

22. Хариуцагч захиргааны байгууллагаас 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өөрийн үйл ажиллагааг өдөр тутам мэдээлдэг вэбсайтаар, захиргааны байгууллагаас шалгалт хийсэнтэй холбоотойгоор түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар /олон нийтэд/ мэдээлж, мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж гарсан талаар мөн өдөр нь тус сайтаар маргаан бүхий актыг байршуулж мэдээлсэн, мөн Нийслэлийн байгаль орчны газраас А/609 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн оршин байрлах хаягаар хүргүүлсэн нөхцөл байдлууд тогтоогджээ. Иймд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

23. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0446 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0534 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Х.БАТСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                                           Б.МӨНХТУЯА