| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02081/И |
| Дугаар | 102/ШШ2024/04851 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/04851
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Өнөр хороолол, * байр, * тоотод оршин суух хаягтай, * овогт* * /рд: */,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 8 байр, 361 тоотод оршин суух хаягтай, * овогт*ын * /рд:*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, * байр, * тоотод оршин суух хаягтай,*овогт * * /рд: */,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, * байр, * тоотод оршин суух хаягтай, * Боржигон овогт ** /рд: */,
Нэхэмжлэлийн шаардлага: 55,407,733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Замэндий,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч А.*, * нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: С.*, Д.* нар нь 2022.04.21-ний өдөр Бидний нөхөд ХЗХ-ноос анх 38,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатайгаар А.*, * нарт мөнгө зээлж өгсөн. Ингэхдээ өөрсдийн амьдардаг Баянгол дүүргийн 19-р хороо, 57 байр, 11 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалбарт барьцаалж тус зээлийг гаргуулсан. Одоо тус зээл нь төлөгдөөгүй ба нийтдээ үндсэн зээл нь 38,000,000 төгрөг хэвээрээ байгаа ба зээлийн үндсэн хүү сарын 4%-иар бодоход 1,520,000 төгрөг сар бүр нэмэгдэж байна. Мөн нэмэгдүүлсэн хүү 20%-иар тооцож бас хэтэрсэн хугацааны хүүг хадгаламж зээлийн хоршооноос төлөхийг удаа, дараа шаардаж төлөхгүй бол барьцааны байрыг худалдан борлуулж өөрсдийн хохирлоо барагдуулах талаар шаардаж байна. А.* болон эхнэр * нарын хувьд анхандаа зээлийн үндсэн хүүг төлж байгаад сүүлийн 2024 оны 1 дүгээр сараас эхлэн төлөхөө больж, утсаар холбоо барьж чадахгүй байна. Хөгшин настай хүмүүст худал хэлж, хулхидаж, байрыг нь барьцаанд тавиулаад төлж барагдуулах боломжгүй, хүнээс мөнгө авах ёстой тэрийг авбал өгнө гэх мэтчилэнгээр цаг хугацаа барж байна. ХЗХ-ноос мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж, төлөхгүй бол байрыг худалдаж борлуулна, эсхүл мөн барьцаанд тавьсан тэтгэврийн сар бүр орох мөнгийг зээлийн төлбөр бүрэн дуустал банкны картнаас нь суутгаж авна, мөн Монгол банкны хар жагсаалтанд удахгүй оруулна хожим тэтгэврийн зээл энэ тэр шаардлагатай болох үед зээл авч чадахгүй нөхцөлд оруулна гэх мэтчилэнгээр өдөр бүр зээлийн дарамтанд амьдарч байна. Иймд С.*, Д.* нар нь байраа барьцаалж зээл авч өгсөний нийт зээл буюу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг А.*, * нар нь бүрэн хариуцан төлөхөөр удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж байсан. Бидний нөхөд ХЗХ-ны тооцож нэхэмжилж байгаа дүнг үндэслэж байгаа ба нэг сард 1,570,000 төгрөг зөвхөн хүүнд бодогдож байна өдөрт шилжүүлэхэд 52,333 төгрөгийн хүүгийн өрөнд орж байна. Мөн зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүний өр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх прогрессоор тооцогдоно. Иймд хариуцагч нараас нийт 55,407,733 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч* 38,000,000 төгрөг аваагүй, 34,250,000 төгрөг авсан болно. Харин миний нөхөр А.* энэ хэрэгт ямар ч зээл аваагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Гэрч * шүүхэд өгсөн мэдүүлэгтээ *т огт мөнгө өгөөгүй эхнэр*т мөнгө өгсөн гэдэг. С.* нарын * надаар дамжуулан зээл авсан буюу шилжүүлсэн гэх тайлбар зэргээр нотлогдож байна. Хариуцагч *т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх чөлөө зөрчөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Хариуцагч*ийн Хаан банкны * данс руу С.*ээс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 12,850,000 төгрөг, 5 дугаар сарын 01-ний 10,000,000 төгрөг, 11,400,000 төгрөг, нийт 34,250,000 төгрөг орж ирсэн байна. Хариуцагч* нь нэхэмжлэгч С.*ийн Хаан банк болон Төрийн банкны дансаар мөнгө шилжүүлсэн байна. Үүнд: 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойш мөн оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд мөнгө шилжүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр Д.* нь 4,350,000 төгрөг, нийт 9,850,000 төгрөг өгсөн байдаг. Энэ мөнгөөр * Японд байдаг охиноо эргэж ирнэ гэж хэлээд авсан. 24,400,000 төгрөг үлдэгдэл байна. Эндээс Начин заан ломбардад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 398,000 төгрөг * гэх утгатай данс руу шилжүүлсэн болно.* нь Бидний нөхөд ХЗХ * нь би зээл төлөөдөхье 2022.07.02-ны өдөр *ийн 5015091655 данс руу 1,000,000 төгрөг, 7 дугаар сарын 03-ны өдөр *ийн 5015091655 данс руу 341,000 төгрөг тус тус хийсэн байна. Бидний нөхөд ХЗХ гишүүн болгох төлбөрт * * хоёрт тус бүр 100,000 төгрөг нийт 200,000 төгрөг шилжүүлсэн. Үйлчилгээний хураамж 184,000 төгрөг Бидний нөхөд ХЗХ, нотариатын мөнгө 43,000 төгрөг шилжүүлжээ. Бидний нөхөд ХЗХ рүү* дараах мөнгө шилжүүлэв. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,640,000 төгрөг. *ын Хаан банкны 5026599927 данснаас, 10 дугаар сарын 03-ны өдөр 1,560,000 төгрөг өөрийн Төрийн банкны * тоот данснаас, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 11,527,000 төгрөгийг Төрийн банкны * тоот данснаас, 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, дахин 300,000 нийт 900,000 төгрөг, бүгд 15,627,000 төгрөгийг шилжүүлэв. Нийт 27,245,000 төгрөг Бидний нөхөд ХЗХ * * нарт өгсөн байна. Үлдэгдэл 7,005,000 төгрөг байна. Гэтэл нэхэмжлэгч * * нарын нэхэмжилсэн 47,407,733 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байх бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, итгэмжлэл /хх 5/, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3, 6/, Зээл төлөх тухай баталгаа /хх 7/, Баталгаа гаргах нь /хх 8/, Бидний нөхөд ХЗХ-с байр барьцаалан зээлийг төлж, барьцааг чөлөөлж авах тухай /хх 9/, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /хх 10-12/, Хаан банкны дансны хуулга /хх 13-15/, Зээлийн тооцоог илэрхийлсэн хүснэгт /хх 16/, хариу тайлбар /хх 70/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны 77 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 82-83/, Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо 2024 оны 5 дугаар сарын 7-ны 0/18 тоот хүснэгт /хх 84/, Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай /хх 114/,
4. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 24/, Төрийн банкны шилжүүлгийн баримт /хх 29-32, 34/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 33, 35-43/, хариуцагч *ийн хариу тайлбар /хх 48, 56-58/, Зээл төлөх тухай баталгаа /хх 54/, Баталгаа гаргах нь /хх 55/, сөрөг нэхэмжлэл /хх 64-67/, Хүсэлт тайлбар гаргах нь /хх 106-107/, итгэмжлэл /хх 108/, Бидний нөхөд ХЗХ 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 0/23 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд /хх 123/, Тайлбар тооцоо гаргах нь /124-125/, Хаан банкны дансны хуулга /хх 126-127, 129/, Төрийн банкны дансны хуулга /хх 128/,
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.*ыг гэрчээр асуусан /хх 100-103/,
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.*, С.* нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.*, Д.* нар нь Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооноос байраа барьцаалж зээл авч өгсөний нийт зээл буюу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг А.*, * нар нь бүрэн хариуцан төлөхөөр тохирсон гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нараас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Хариуцагч* нь С.*ээс нийт 34,250,000 төгрөг авсан. Бидний нөхөд ХЗХ болон * * нарт нийт 27,245,000 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл 7,005,000 төгрөг гэж үгүйсгэсэн.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Үүргийн харилцаа гэдгийг хэрхэн ойлгох талаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байвал үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ гэжээ. Үүрэг үүсэх үндэслэлийг Иргэний хуулийн 187 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан. Дээрх зохицуулалтаас үзвэл үүрэг нь хууль болон гэрээний дагуу үүсдэг болохыг тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд гэрээ болон хуулийн дагуу үүргийн харилцаа үүссэн эсэхийг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай. Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн тохиолдолд түүнээс гарах үр дагаврыг шаардах эрх үүснэ.
Гэрээ гэдэг нь эрх зүйн үр дагавар үүсгэх зорилго бүхий хоёр болон түүнээс дээш этгээдийн харилцан нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл байх ба нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсан гэж үздэг. Энэ талаар Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах замаар хэн нэг этгээдтэй эрх зүйн үр дагавар бүхий харилцаа үүсгэхийг хүсвэл энэхүү хүсэл зоригоо нөгөө этгээдэд тодорхой, ойлгомжтой, бодитой илэрхийлэх ба үүнийг /хүсэл зориг/ нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж гэрээ байгуулагдсан гэж үздэг байна. Ингэснээр гэрээний үүргийн харилцаа үүсдэг бөгөөд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч гэсэн гэрээний хоёр тал хэн алинаасаа гэрээгээр тохирсон үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүсдэг.
4.2. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Зээл төлөх тухай баталгаа гэх бичгийн нотлох баримтыг үзвэл, Гантөмөр овогтой*, Аюурсэд овогтой * бид 2022.04.21-нд Бидний нөхөд ХЗХ-с* овогтой *ийн БГД 19-р хороо 57 байр 11 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан 38 сая төгрөгний зээлийг С.*, Д.* нарын нэр дээр авсан бөгөөд 2023.03.21 хүртэл зээлийн хүүг төлж ирсэн. Цаашид уг зээлийг 2023.08.01 хүртэл сунган энэ хугацааны 38 сая төгрөгийн хүүг хариуцан зээлийг бүрэн төлж, байрны бичгийг чөлөөлж өгөхөөр тохиролцов. С.*д зээлийн төлбөрөөс бэлнээр 10 сая төгрөгийг 2023.04.ны өдөр өгсөн бөгөөд нийт 38 сая төгрөгийн хүүг хариуцан төлнө. 2023.05.03. Баталгаа гаргасан *, А.* гэж бичээд гарын үсэг зурсан байна.
Мөн хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Баталгаа гаргах нь гэх бичгийн нотлох баримтыг үзвэл, Гантөмөр овогтой* миний бие нь* овогтой *ээр дамжуулан Бидний нөхөд ХЗХ-оос /Гучин найман сая/ төгрөг зээлийг өөрийн эрхэлдэг үйлдвэрлэлд түүхий эд материал татаж авах зорилгоор авсан. Уг зээлийг 2022.04.21-нд анх авсан бөгөөд 2022.05-2023.04 сар хүртэлх хүүг миний бие төлж мөн С.*д 2023.04 сард 10 сая /Арван сая/ төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгөө 2023.10.03 буцаан авч дээрх 38 сая /Гучин найман сая төгрөг/ төгрөгийн зээлний хүүнд Бидний нөхөд ХЗХ-нд төлсөн болно. Үндсэн зээл 38 сая /Гучин найман сая/ төгрөгийг үйлдвэрийн орлогоос 2023.12.31-ний өдрөөр төлж дуусгана. 2023.10.03. Баталгаа гаргасан * гэж бичээд гарын үсэг зурсан байна.
Мөн хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан Бидний нөхөд ХЗХ-с байр барьцаалан зээлийг төлж, барьцааг чөлөөлж авах тухай гэх бичгийн нотлох баримтыг үзвэл, Гантөмөр овогтой* миний бие* овогтой Оюунгэрлээр дамжуулан түүний өмчлөлийн БГД-ийн 19-р хороо, 57-р байрны 11 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалан авсан зээлээ цаашид ч бүрэн хариуцаж өр төлбөрийг дуусгаж барьцааг чөлөөлж өгнө. УБД Ү-2205007535, ГД 000862604. *. 2024.01.31 гэж бичээд гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай Зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээ нь Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо болон нэхэмжлэгч С.*, Д.* нарын хооронд байгуулагдсан байна. Гэрээгээр Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоо нь 38,000,000 төгрөгийг, сарын 4,0 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай нэхэмжлэгч С.*, Д.* нарт зээлдүүлсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр Барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 байр, 11 хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх “Зээл төлөх тухай баталгаа” гэх, “Баталгаа гаргах нь” гэх, “Бидний нөхөд ХЗХ-с байр барьцаалан зээлийг төлж, барьцааг чөлөөлж авах тухай” гэх бичгийн нотлох баримтууд, мөн зохигчийн тайлбар болон гэрч Д.*ийн мэдүүлгээс дүгнэвэл хариуцагч нар нь нэхэмжлэгчид хандан Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршооноос 38,000,000 төгрөгийн зээлийг авхуулахаар тохирч, уг зээлийн төлбөрийг төлөх хүсэл зоригийг илэрхийлсэн болох нь тогтоогдож байна.
4.3. Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй. Хавтаст хэрэгт авагдсан “Зээл төлөх тухай баталгаа” гэх, “Баталгаа гаргах нь” гэх, “Бидний нөхөд ХЗХ-с байр барьцаалан зээлийг төлж, барьцааг чөлөөлж авах тухай” гэх бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч болон хариуцагч нар Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой зээлийн төлбөрийг хариуцагч нар хэрхэн төлөх арга зам, хугацаагаа харилцан тохиролцсон байгаа нь хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нарын зүгээс Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоотой нэхэмжлэгч С.*, Д.* нарын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн эсэх талаар маргаагүй. Харин Зээлийн гэрээний үүргээс 7,005,000 төгрөг үлдсэн гэж маргаж байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.*, Д.* нар 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн “Зээл төлөх тухай баталгаа” гэх, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн “Баталгаа гаргах нь” гэх, 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хийгдсэн “Бидний нөхөд ХЗХ-с байр барьцаалан зээлийг төлж, барьцааг чөлөөлж авах тухай” гэх баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч А.*, * нараас Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Хавтаст хэрэгт авагдсан Төрийн банкны шилжүүлгийн баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримт, Хаан банкны дансны хуулга, Төрийн банкны дансны хуулга баримтуудаар хариуцагч нараас нэхэмжлэгч С.* болон Бидний нөхөд хадгаламж зээлийн хоршоонд нийт 26,418,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.*, Д.* нарын нэхэмжлэлийн шаардлага болох 55,407,733 төгрөгөөс 26,418,000 төгрөгийг хасч үлдэх төлбөр 28,989,733 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,418,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч нараар улсын тэмдэгтийн хураамжид 302,899 төгрөгийг төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*, * нараас 28,989,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*, Д.* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,418,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 394,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*, * нараас 302,899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*, Д.* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН