| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03055/И |
| Дугаар | 102/ШШ2024/04852 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/04852
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/04852 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,*-дугаар хороо, Эрдэнэтолгой * дугаар гудамж, * тоотод оршин суух, * овогт * * /рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, *ын Удирдах газар, өөрийн байранд байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,635,586 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.* нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *д холбогдуулан 7,635,586 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *ын Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэст барилга хариуцсан инженер, байцаагчаар 2017 оны 5 дугаар сард ажилд орсон. Миний бие ажлын байрны ажил үүргээ ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу гүйцэтгэж байгаад 2019 оны 4 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл жирэмсний чөлөө авсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 3 нас хүрэхгүйгээр ажилд орсон боловч би өөрөө болон хүүхэд удаа дараа өвдөж, байнгын эмнэлгээр эмчилгээ хийлгэх хэрэгцээ шаардлага гарсан тул хуульд заасны дагуу ажил олгогчид хүүхдээ 3 нас хүртэл харах чөлөө хүссэн өргөдлийг гаргасан. Ажил олгогчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/III/323 дугаартай тушаал гаргасан бөгөөд уг тушаалын хугацаа 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дууссан байна. Ажил олгогчийн зүгээс намайг хууль ёсны чөлөөтэй ажлын байр хэвээр хадгалагдаж байх хугацаанд миний нийгмийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дагуу төлж байх учиртай байтал миний нийгмийн даатгалыг 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар хүртэл төлөөгүй байсан бөгөөд сүүлд нөхөн төлөлтийг хийхдээ 2022 оны 1 дүгээр сараас 5 дугаар хүртэл төлж 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Миний бие 2021 оны 12 дугаар сард дахин жирэмсэлж 2 дахь хүүхдээ тээж эхэлсэн бөгөөд 2022 оны 7 дугаар сарын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авахаар нийгмийн даатгалд хүсэлт гаргатал нийгмийн даатгалын төлөлт дутуу тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлээр тэтгэмжээ авч чадалгүй хохирсон. Хариуцагчид холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3808 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба 2022 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нь нөхөн төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдсөний дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргаж амаржсаны тэтгэмжээ нөхөн авахаар хандсан ч 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 148 дугаартай албан бичгээр ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон тул ажил олгогчоор нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай гэсний дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 7,635,586 төгрөгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: * хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Г.* нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин жирэмсэлж, үүнтэй холбоотой жирэмсний тэтгэмжээ авах хүсэлт гаргасан боловч харьяа Нийгмийн даатгалын хэлтсээс татгалзсан хариу авчээ. Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор хуульд заасан ба энэхүү тэтгэмжийг Нийгмийн даатгалын байгууллага олгохоор хуульчилсан. Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 100%-иар бодож олгохоор заасан ба нэхэмжлэгчийн хувьд 7,635,586 төгрөгийн шаардлагаа хэрхэн нотолж буй нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 12 сарын дундаж цалин хөлс, орлого нь шаардаж буй 7,635,586 төгрөг болох тооцооллыг ямар үндэслэлээр гаргасан нь тодорхойгүй байна. * ХНН-ээс Г.*ын хүүхэд асрах чөлөөтэй байх үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлсөн болох нь өөрийнх тайлбараар нотлогдож байна. Ажил олгогч өөрийн үүргээ бүрэн биелүүлсэн байх түүнд учирсан гэх хохиролд 7,635,586 төгрөгийг хариуцан барагдуулах этгээд биш байх тул хариуцагчаар харьяа Нийгмийн даатгалын байгууллагыг татах ёстой. Өөрөөр хэлбэл түүний шаардаж буй тэтгэмжийг ажил олгогч бус төр хариуцан олгох ёстой, нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг зөрчсөн хууль бус шийдвэрийг * ХНН гаргаагүйг анхаарна уу. Нийгмийн даатгалын байгууллагын албан бичигт дурдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна гэх зөрчлийг ажил олгогчоос нөхөн төлж зөрчлийг арилгасан байх тул нэхэмжлэгч тэтгэмжээ Нийгмийн даатгалын байгууллагаас шаардан авах эрх нь үүссэн байна. Ажил олгогчоос даатгуулагчийн шимтгэл төлөлтийг нөхөн төлж зөрчлөө бүрэн арилгасан тул төрийн зохих санд төвлөрсөн байгаа хуульд заасан тэтгэмжээ хариуцсан төрийн байгууллагаас нэхэмжлэх ёстой ба төрийн байгууллагаас хариуцан төлөх ёстой тэтгэмжийг ажил олгогч өмнөөс нь төлөх үндэслэлгүй. Иймд Г.*ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 148 тоот албан бичиг /хх 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн * дугаар тогтоол /хх 6/, Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас /хх 22/, Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн тооцоо /хх 22/, Нийгмийн даатгалын тэтгэмжийн програм 2023.06.30 гэх хүснэгт /хх 23/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/12442 дугаар шүүгчийн захирамж /хх 24-25/, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 934 тоот албан бичиг /хх 26/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 11/, Хариу тайлбар /хх 16-17/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг * нь нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүй. Ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон тул ажил олгогчоор нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай гэсний дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 7,635,586 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Ажил олгогчоос даатгуулагчийн шимтгэл төлөлтийг нөхөн төлж зөрчлөө бүрэн арилгасан, төр хуульд заасан тэтгэмжээ хариуцсан Нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэх ёстой гэж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хавтаст хэргийн 6 дугаар талд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн * дугаар захирамж авагдсан байна. Нэхэмжлэгч Г.* нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *д холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 7,921,561 төгрөг гаргуулах, 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд тус шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.
Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн талаар маргаагүй, харин нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж үүргээ биелүүлсэн тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 7,635,586 төгрөгийг төлөх үүрэггүй гэж маргаж байна.
4.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Даатгуулагч, иргэн тэтгэмж авах өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад дараах хугацаанд цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан бөгөөд мөн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор гэж заасан байна. Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгох журмыг баталсан байх бөгөөд уг журмын 3.5-д дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд даатгуулагчид тэтгэмж олгохгүй гэж тусгажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй. Ажил олгогч буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг * нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үүргээ биелүүлээгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн * дугаар захирамжаар тогтоогдсон бөгөөд ажил олгогч буюу хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д даатгуулагчийн эдлэх эрхийг заасан бөгөөд 33 дугаар зүйлийн 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх гэж заасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн тооцоо баримтаас үзвэл тэтгэмж олгох хоног 43 гэж, жирэмсний олговол зохих тэтгэмжийг 3,817,793 төгрөг гэж тодорхойлжээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийт 7,635,586 төгрөгийг гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д заасны дагуу ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 7,635,586 төгрөгийг өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
5. Г.*ын нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн шаардлагатай хамааралтай тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 137,119 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, улсын орлогоос 137,119 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.*д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *аас 7,635,586 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * овогт * *д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *аас улсын тэмдэгтийн хураамжид 137,119 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, улсын орлогоос 137,119 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.*д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН