| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/03654/И |
| Дугаар | 102/ШШ2024/04893 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/04893
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/04893 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, Үйлдвэр баруун бүс-2 байрлах *ХХК /РД: */,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Тээвэрчдийн гудамж* дугаар байр * тоотол байрлах, *ХХК /РД:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: 178,531,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхтулга,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч *ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Хариуцагч *ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2021/7/17-1 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г байгуулж нэхэмжлэгч *ХХК-иас 60x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 1314 ширхэг, мөн 60x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 400 төгрөгөөр тооцож 124 ширхэг, 50x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 237 ширхэг, 40x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 234 ширхэг, 20x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 154 ширхэг, 45x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 117 ширхэг, 30x12 хэмжээтэй пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 235 ширхэг, 2.4-ийн хэмжээтэй гадар булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 133 ширхэг, 1.2-ийн хэмжээтэй гадар булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 80 ширхэг, мөн 1.2-ийн хэмжээтэй гадар булан нэг ширхэгийг хоног тутам 400 төгрөгөөр тооцож 110 ширхэг, 10x10 хэмжээтэй дотор булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 67 ширхэг, 10x15 хэмжээтэй дотор булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 11 ширхэг, 20x20 хэмжээтэй дотор булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 20 ширхэг, V5 маркийн тулаас нэг ширхэгийг хоног тутам 230 төгрөгөөр тооцож 230 ширхэг, 3 метрийн труба нэг ширхэгийг хоног тутам 140 төгрөгөөр тооцож 60 ширхэг, 4 метрийн труба нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 11 ширхэг, 6 метрийн труба нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 452 ширхэг нийт 3589 ширхэг эд зүйлийг хүлээн авч түрээслэсэн. Хариуцагч *ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл барилга, угсралтын бараа материалын түрээсийн төлбөрт 94,698,690 төгрөгийг нэхэмжлэгч компанид гэрээний дагуу төлөх үүрэгтэй байснаас 32,909,750 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний талууд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж 62,105,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг харилцан тооцож баталгаажуулсан ба үүнээс 2022 оны 12 дугаар 27-ны өдөр 13,800,000 төгрөгөөр тооцож Тоёота приус маркийн автомашиныг шилжүүлж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 48,305,440 төгрөг болсон. Хариуцагч *ХХК нь 2021 оны 12 дугаар сарын байдлаар түрээслэсэн нийт 3589 ширхэг эд зүйлээс нэхэмжлэгч компанид 912 ширхэг барилга угсралтын эд зүйлийг хүлээлгэн өгч 2677 ширхэг эд зүйл дээр өвөлжилтийн гэрээг байгуулсан бөгөөд өвөлжилтийн гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр тооцоогүй болно. Хариуцагч *ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгч компанид түрээсийн төлбөрт 56,978,400 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч компани нь өөрийн эзэмшлийн түрээсийн нийт 2677 ширхэг эд зүйлээс 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1902 ширхэг эд зүйл, 2022 оны 9 дүгээр сард 513 ширхэг эд зүйлийг буцаан авсан бөгөөд хариуцагч нь 85,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 6,035,000 төгрөгийн үнэтэй 60x12 хэмжээтэй пум 71 ширхэг, нэг ширхэг нь 85,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 2,210,000 төгрөгийн үнэтэй 50x12 хэмжээтэй пум 26 ширхэг, нэг ширхэг нь 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 5,180,000 төгрөгийн үнэтэй 45x12 хэмжээтэй пум 74 ширхэг, нэг ширхэг нь 68,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 340,000 төгрөгийн 40x12 хэмжээтэй пум 5 ширхэг, нэг ширхэг нь 65,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 3,380,000 төгрөгийн үнэтэй 30x12 хэмжээтэй пум 52 ширхэг, нэг ширхэг нь 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 900,000 төгрөгийн үнэтэй 20x12 хэмжээтэй пум 18 ширхэг, нэг ширхэг нь 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 210,000 төгрөгийн үнэтэй 2,4 м-ийн гадар булан 3 ширхэг, нэг ширхэг нь 55,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 715,000 төгрөгийн үнэтэй 1,2 м-ийн гадар булан 13 ширхэг нийт 19,015,000 төгрөгийн үнэтэй 262 ширхэг эд зүйлийг үрэгдүүлсэн байна. Иймд Барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 48,305,440 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 56,978,400 төгрөг, нийт 105,283,840 төгрөг, гэрээнд заасан алданги 52,641,920 төгрөг, үрэгдүүлсэн эд зүйлийн үнэ болох 19,015,000 төгрөг, эвдэрсэн эд зүйлийг засварлахад зарцуулсан 1,590,500 төгрөг нийт 178,531,260 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус компанийн нэхэмжилсэн 178,531,260 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь манай компани *ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2021/7/17-1 дугаар Барилгын ажил угсралтын материал түрээслэх гэрээг байгуулсан бөгөөд Тооцоо нийлсэн акт /2021он-16/-ыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нийлсэн болно. Уг тооцоо нийлсэн актаар манай компани түрээсийн төлбөрт 62,105,000 төгрөгийн өглөгтэйгээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13,800,000 төгрөгөнд Prius 30 /приус/ машин тооцуулан хасуулж 48,305,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу алдангийг 0,5 хувиар тооцно гэсэн хэдий ч тооцоо нийлсэн актын дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс алдангийг тооцно гэсэн хэдий ч яаж алдангийг тооцсон нь тодорхой биш байна. Мөн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 41,404,100 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн эд зүйлээ үнэлсэн үнэлгээ нь хэт өндрөөр үнэлсэн байна. Бид өвөлжилтийн гэрээг хийгээгүй бөгөөд өвөл барилгын ажил явагдаагүй зогсдог учраас бид үйл ажиллагаагаа явуулаагүй, манай компани үйл ажиллагаагаа 2022 оны 4-р сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн байдаг. Барилгын ажлыг -5 градус болсон тохиолдолд барилгын ажлын үйл ажиллагааг хүссэн хүсээгүй зогсоодог. Түрээсийн төлбөрт нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлсэн хугацаанаас түрээсийн төлбөр төлнө гэж үзвэл 102 хоног буюу 21,020,670 төгрөг, эвдэрсэн эд зүйл засварлахад 2,618,000 төгрөгийг төлөх боломжтой тул нэхэмжилсэн нийт үнийн дүнгээс холбогдох хэсгийг нь хангаж үлдэгдэл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, итгэмжлэл /хх 5/, Барилгын угсралтын материал түрээслэх гэрээ, хавсралт /хх 6-7/, *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 8/, Тооцоо нийлсэн акт 2021 он-16 /хх 9/, Нэхэмжлэх №2021/7/17-1 /хх 10/, Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай /хх 38/, Тооцоо нийлсэн акт 2022 он /хх 40/, Зарлагын баримт /хх 67-88/, Орлогын баримт /хх 89-103/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 18/, Орлогын баримт /хх 22/, *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх 46-48/, итгэмжлэл /хх 49, 54, 65/, Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, хавсралт /хх 108, 109/, Хаан банкны дансны хуулга /хх 110-118/, Төрийн банкны дансны хуулга /хх 119-121/, итгэмжлэл /хх 162/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч *ХХК нь нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ ...Барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 48,305,440 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 56,978,400 төгрөг, нийт 105,283,840 төгрөг, гэрээнд заасан алданги 52,641,920 төгрөг, үрэгдүүлсэн эд зүйлийн үнэ болох 19,015,000 төгрөг, эвдэрсэн эд зүйлийг засварлахад зарцуулсан 1,590,500 төгрөг нийт 178,531,260 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.
3. Хариуцагч *ХХК-иас нэхэмжлэлийг дараах байдлаар эс зөвшөөрсөн. Үүнд:
3.1. Барилга угсралтын материал түрээслэх гэрээний түрээсийн төлбөр 48,305,440 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.
3.2. Өвөлжилтийн гэрээ байгуулагдаагүй тул Өвөлжилтийн гэрээ байгуулсантай холбоотой түрээсийн төлбөр болох 56,978,400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
3.3. Үрэгдүүлсэн эд зүйлийн үнэ болох 19,015,000 төгрөг нэхэмжилж 262 ширхэг эд зүйл үрэгдүүлсэн гэж байна. Тухайн үед ямар нэгэн байдлаар хүлээлцэж өгөөгүй нилээн их пум өгсөн байдаг.
3.4. Алдангийн хэмжээ хэт их байгаа бөгөөд яаж тодорхойлсон нь тодорхойгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч *ХХК, хариуцагч *ХХК нарын хооронд Барилгын угсралтын материал түрээслэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад дурдсан 7 нэр төрлийн, 653 ширхэг барилга угсралтын материалыг хариуцагч *ХХК-д түрээслүүлэх, хариуцагч нь дээрх эд зүйлсийг хөлсөлсний төлбөрт нийт 28,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд түрээсийн гэрээний хугацааг түрээслүүлэгч тал бараа материалыг түрээслэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж, хүлээн авсан өдрөөр дуусахаар тохиролцсон байна.
Гэрээний зүйл, зориулалт, шинж, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх нөхцөл, гэрээний хугацаа зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хариуцагчийн эзэмшил, ашиглалтад гэрээнд заасан барилга угсралтын материалыг түр хугацаагаар шилжүүлэх, хариуцагч нь барилга угсралтын материал ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
4.2. Хавтаст хэрэгт Тооцоо нийлсэн акт 2021 он-16 гэх, мөн Тооцоо нийлсэн акт 2022 он гэх нотлох баримтууд авагдсан байна.
Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн акт 2021 он-16 гэх нотлох баримтаас үзвэл, 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт 62,105,440 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 178,670,000 төгрөгийн 2677 ширхэг эд зүйл хариуцагчийн эзэмшилд байгаа талаар дурдсан байх бөгөөд хариуцагчийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл барилга угсралтын материалыг ашигласан агуулгатай байна.
Хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн акт 2022 он гэх нотлох баримтаас үзвэл, 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт 105,283,840 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 19,015,000 төгрөгийн 262 ширхэг эд зүйл хариуцагчийн эзэмшилд байгаа талаар дурдсан байх бөгөөд хариуцагчийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл барилга угсралтын материалыг ашигласан агуулгатай байна.
Дээрх Тооцоо нийлсэн акт 2021 он-16 гэх баримтыг талууд харилцан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Харин Тооцоо нийлсэн акт 2022 он гэх баримтанд хариуцагч *ХХК-ийн төлөөлөгч Б.Цэгмид гарын үсэг зурсан байх бөгөөд тус компанийн тамга дарж баталгаажуулаагүй байна.
Хариуцагчийн зүгээс дээрх Тооцоо нийлсэн акт 2021 он-16 гэх, Тооцоо нийлсэн акт 2022 он гэх нотлох баримтуудын талаар маргаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн ...нийт 19,015,000 төгрөгийн үнэтэй 262 ширхэг эд зүйлийг үрэгдүүлсэн гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Манай зүгээс ийм хэмжээний үрэгдүүлсэн зүйл байдаггүй. Тухайн үед ямар нэгэн байдлаар хүлээлцэж өгөөгүй нилээн их пум өгсөн байдаг гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.
Гэрээнд барилга угсралтын материалыг хөлслүүлэх хугацааг тодорхой заагаагүй боловч нэхэмжлэгч болон хариуцагч нар 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн акт 2022 он гэх баримтаар хариуцагчийг 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл барилга угсралтын материалыг ашигласан буюу хөлсөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болсон, гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч гэрээний үүрэгт нэхэмжлэгчид 105,283,840 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нотлогдож байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар барилга угсралтын материалыг ашигласны хөлсний үлдэгдэлд 105,283,840 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
4.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд мөн зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Түүнчлэн, мөн зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ.
Гэрээний 5.3-т талууд алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай харшлаагүй байна. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 105,283,840 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгчээс алданги төлбөрт 52,641,920 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний хариуцлага буюу алданги 52,641,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
4.4. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 289 дугаар зүйлийн 289.1.5-т зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй.
Хавтаст хэргийн 89-103 дугаар талд авагдсан орлогын баримтад гэрээний зүйлсүүдийг гэмтээсэн талаар дурдаж, эд зүйлсийг засан сайжруулсан зардлын талаар бичсэн байх тул хариуцагчаас барилга угсралтын материалыг засан сайжруулсан зардалд 1,590,500 төгрөг шаардах үндэслэлтэй.
Түүнчлэн, хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн акт 2022 он гэх баримтаар хариуцагч нь гэрээний зүйл болох 85,000 төгрөгийн үнэтэй, 6012 хэмжээтэй, 71 ширхэг пум буюу нийт 6,035,000 төгрөгийн үнэ бүхий пумыг, нэг ширхэг нь 85,000 төгрөгийн үнэтэй, 5012 хэмжээтэй, 26 ширхэг пум буюу нийт 2,210,000 төгрөгийн үнэ бүхий пумыг, нэг ширхэг нь 70,000 төгрөгийн үнэтэй, 4512 хэмжээтэй, 74 ширхэг пум буюу нийт 5,180,000 төгрөгийн үнэ бүхий пумыг, нэг ширхэг нь 68,000 төгрөгийн үнэтэй, 4012 хэмжээтэй, 5 ширхэг пум буюу нийт 340,000 төгрөгийн үнэ бүхий пумыг, нэг ширхэг нь 65,000 төгрөгийн үнэтэй, 3012 хэмжээтэй, 52 ширхэг пум буюу нийт 3,380,000 төгрөгийн үнэ бүхий пумыг, нэг ширхэг нь 50,000 төгрөгийн үнэтэй, 2012 хэмжээтэй, 18 ширхэг пум буюу нийт 900,000 төгрөгийн үнэ бүхий пумыг, мөн нэг ширхэг нь 70,000 төгрөгийн үнэтэй, 2.4 метр хэмжээтэй, 3 ширхэг гадар булан буюу нийт 210,000 төгрөгийн үнэ бүхий гадар буланг, нэг ширхэг нь 55,000 төгрөгийн үнэтэй, 1.2 метр хэмжээтэй, 13 ширхэг гадар булан буюу нийт 715,000 төгрөгийн үнэ бүхий гадар буланг, бүгд 262 ширхэг буюу 19,015,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг үрэгдүүлсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний зүйл болох барилга угсралтын материалыг засан сайжруулсан зардалд 1,590,500 төгрөг, гэрээний зүйл болох 262 ширхэг эд зүйлсийн төлбөрт 19,015,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна.
5. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *ХХК-иас нийт 178,531,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,051,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ХХК-иас 1,051,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *ХХК-иас 178,531,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,051,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ХХК-иас 1,051,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН