Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04894

 

 

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04894

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын 9/1, 8 давхарт байрлах *ХХК /рд:*/,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*дүгээр хороо, * дугаар хороолол, СОТ-ын 2 байр,* тоотод оршин суух хаягтай, * овогт ** /рд:*/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,836,190.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарболд,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.

/нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *ХХК нь хариуцагч С.*т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,836,190.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.* нь *ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БЗГ21-0333 тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,899,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. 2024 оны 5-р сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,107,121.99 төгрөг, төлөх ёстой хүү 651,030.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,237.99 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 1,836,190.30 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч С.* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 516 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Барьцаат зээлийн гэрээ /хх 5-7/, Хур системийн лавлагааны маягт /хх 8/, Зээлийн төлөлтийн дансны хуулга /хх 9/, Нэхэмжлэх /хх 10/, Бэст электрониксийн нэхэмжлэх /хх 8/, Зээлийн тооцооллын хүснэгт /хх 9/,

 

4. Хариуцагчаас баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчтай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,107,121.99 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 651,030.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 71,237.99 төгрөг, нотариатын зардалд 6,800 төгрөг, нийт 1,836,190.30 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч С.* нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БЗГ21-0333 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-нээс үзэхэд нэг талаас *ХХК, нөгөө талаас С.* нар байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 1,899,900 төгрөгийг 24 сарын хугацаатай буюу 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, сарын 3,3 хувь хүүтэй зээлж авчээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор С.*ийн өмчлөлийн 3,799,900 төгрөгийн бүхий эд хөрөнгийг барьцаалсан байх бөгөөд зээлийг эргэн төлж барагдуулснаар барьцаа зүйл үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч *ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн зээлийн хүүг талууд тохиролцон тогтоохоор заажээ. Түүнчлэн, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор зохицуулсан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн ба Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Харин нэхэмжлэгч *ХХК нь хариуцагч С.*ээс Барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,107,121.99 төгрөг, зээлийн хүү 651,030.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,237.99 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 1,836,190.30 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн ...Үндсэн зээлийн үлдэгдэл 1,107,121.99 төгрөг, төлөх ёстой хүү 651,030.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,237.99 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 1,836,190.30 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэх тайлбарыг хариуцагчаас эсэргүүцээгүй, мөн үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан БЗГ21-0333 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний 2.3-т ...Бараа борлуулагчийн данс руу бэлэн бусаар шилжүүлэх гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч С.*тэй гэрээ байгуулж, гэрээний дагуу HP Laptop 15s-eq2108AU маркийн зөөврийн компьютерийн төлбөрт 1,899,900 төгрөгийг Сайн электроникс ХХК-д шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, гэрээний улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй.

 

Хэдийгээр 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БЗГ21-0333 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний 2.7-т Хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан боловч хариуцагч С.* нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.

 

Иймд хариуцагч С.*ээс нийт 1,764,951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 71,237.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 43,189 төгрөгийг нөхөн төлүүлнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*ээс 1,764,951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 71,237.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*ээс 43,189 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН