Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 02071

 

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02112 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Э-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 315 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Энь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 200 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол /13311/, Хүннү гудамж, 119 дүгээр байр, 201 тоот, 169.42 м.кв талбайтай, Ү-2204101231 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлийн хүүг сар бүрийн 09-ний өдөр төлөх, Зээлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүүгийн хамт төлж дуусгах, хугацаа хэтэрсэн нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний дагуу “Хаан банк” ХХК дахь Э.Э-ийн 5057312532 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 150 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлийн хугацаанд зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй нэхүүлж байж 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 000 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 200 000 000 төгрөг, зээлийн хүү 15 000 000 төгрөг, алданги 100 000 000 төгрөг, нийт 315 000 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Эшүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Э.Гмөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлдүүлэхийг надаас гуйсан. Миний бие боломжгүй гэж хэлэхэд Э.Г“би өөр хүнээс зээлэхээр болчихлоо чи барьцаа гаргаад өгөөч” гэж хүссэний дагуу барьцааны гэрээнд гарын үсэг зурахаар Баянзүрх дүүргийн нотариат дээр уулзахад Д.Г барьцаа нь Э.Э-ийн нэр дээр юм чинь зээлийн гэрээг Э.Э-ийн нэрээр байгуулъя гэсний дагуу зөвшөөрч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Д.Г-аас авсан мөнгийг Э.Галбадралд шилжүүлсэн. Эхний 148 000 000 төгрөгийг Б.Түмэндэмбэрэлийн 5041085991 тоот дансанд, дараагийн 49 000 000 төгрөгийг Э.Галбадралын 5034359077 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Д.Г Э.Гнар хоорондоо ярилцан гүйлгээ хийж байсан ба төлбөр болон эргэн төлөх хугацааг хоорондоо тохирсон болно. Э.Галбадралаас зээлийн гэрээний талаар тодруулахад “асуудалгүй, 15 000 000 төгрөгийн хүү төлсөн, бид хоёр ярилцаад мөнгө орж ирэхээр зээлээ барагдуулахаар тохирсон” гэж хэлсэн. Мөн зээлийн хугацаанд зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй нэхүүлж байж 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 000 000 төгрөг өгсөн. Д.Г зээлийн хүү болон үндсэн төлбөрийг төлөхийг шаардаж байгаагүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ дуусснаар 3 сарын дараа үндсэн зээл болон хүүгээ өгөхгүй байгаа шүү. Тиймээс энэ хэвээрээ байвал удахгүй хуулийн байгууллагад хандах талаар надад мэдэгдсэн. Зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Э-ээс 315 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204101231 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол /13311/, Хүннү гудамж, 119 дүгээр байрны 201 тоотод байрлах, 169.42 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 315 000 000 төгрөг гаргуулж, Д.Г-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 751 263 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-ээс 1 751 263 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Э-ээс 315 000 000 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204101231 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол /13311/, Хүннү гудамж, 119 дүгээр байрны 201 тоотод байрлах, 169.42 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 315 000 000 төгрөг гаргуулж, Д.Г-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт зээл 200 000 000 төгрөг, хүү 15 000 000  төгрөг, алданги 100 000 000 төгрөг, нийт 315 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гадна үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 200 000 000 төгрөг, хүү 15 000 000 төгрөг, алданги 100 000 000 төгрөг, нийт 315 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Зохигчийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 200 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь нэг сарын 5 хувийн хүүтэй, сар бүрийн 09-ний өдрийн дотор төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-5/

 

Зээлдүүлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаан банк дахь Э.Э-ийн эзэмшлийн 5057312532 тоот дансанд 150 000 000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч нь зээлээр авсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Талууд гэрээндээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Э.Энь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч Д.Г нь алданги шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч Д.Г нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Э-ээс зээл 200 000 000 төгрөг, хүү 15 000 000 төгрөг, алданги 100 000 000 төгрөг нийт 315 000 000 төгрөгийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Зохигч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, зээлдэгч өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол /13311/ Хүннү гудамж, 119 дугаар байр, 201 тоот хаягт байршилтай, 169.12 м.кв талбайтай үйлчилгээний зориулттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ./хх-6-7/

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэйг анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй асуудлаар, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдсэн гэх  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Д.Г болон Э.Гнарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Э.Энь өөрт учирсан хохирлоо Э.Галбадралаас шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                                        ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                               Д.БАЙГАЛМАА