Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч А.Амгалан,

Хохирогч О.Наранбаатар,

Шүүгдэгч Н.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наташагийн Бт холбогдох 1729000750045 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Аврора” баарны гадна иргэн О.Наранбаатартай маргаж, улмаар хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: ”2017 оны 10 дугаар сарын 27-ны амралтын өдөр ажлын залуустайгаа “Аврора” бар руу орж суугаад 2, 2 пиво аваад нэг нэг пиво уучихаад сууж байтал гаднаас манай ажлын залуус орж ирээд өөр ширээнд суусан. Удаагүй намайг дуудсан. Би ширээ рүү нь очиж суусан. Тэгээд бүжиглэе гээд байж байтал хоёр бүсгүй бас бүжиглэж байсан. Батбаатар тэр хоёр бүсгүйн дугаарыг нь аваад өгөөч гээд гуйхаар нь би яахын бэ, гэсэн. Тэр үед нөгөө хоёр бүсгүй гараад явсан. Батбаатар намайг цуг гарчхаад ирье гэхээр нь хамт гарсан. Тэгэхэд нөгөө хоёр бүсгүй машины зогсоол дээр машиндаа суух гэж байхад нь бид хоёр машиных нь хаалган дээр очоод нөгөө бүсгүйгээс дугаараа өгөөч гэж гуйсан. Бүсгүй дугаараа өгөхийг зөвшөөрөөгүй, дахиад гуйгаад байж байтал нэг үл таних залуу мөрнөөс эхлээд татсан. Би эргэж хараад яасан гэхэд нөгөө залуу “Наад хоёроо зүгээр явуулаач” гээд зандрангуй байдлаар хэлэхээр нь миний уур хүрээд “чи таньдаг юм уу, чамд хамаатай юм уу” гээд маргалдсан. Тэгээд Батбаатар машины нөгөө талаас тойрч гарч ирээд нөгөө залууг аваад “Аврора” барнаас урагшаа явсан. Би Батбаатар нөгөө залуу хоёрын араас очиход нөгөө хоёр хоорондоо муудалцаад, өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Би очоод нөгөө залуугийн баруун шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгтэл арагшаа цементэн дээр саваад унасан. Тэгээд босгох гэсэн чинь босохгүй байхаар нь анхны тусламж үзүүлсэн боловч ухаан орохгүй байсан. Би тэгээд бар руу куртик авах гэж ороход манай ажлын залуучууд “..найз нь гээд хэдэн залуус чамайг хайгаад яваад байна. Чи явсан дээр байх..” гэхээр нь би тэндээс гараад кемп рүүгээ явсан. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Наранбаатар мэдүүлэхдээ: ”Тухайн өдөр би ажлынхаа газрын ах нарыг “Аврора” гэх бааранд хүргэж өгчхөөд байж байтал баарны гадаа хоёр залуу хоёр бүсгүйг явуулахгүй хоргоогоод байхаар нь очоод “боль” гэж хэлсэн. Үүнээс болж бидний хооронд маргаан гарсан. Гэтэл баарны гадаа зогсож байхад нөгөө хоёр залуугийн нэг нь буюу Б нь ирээд миний шанаа руу цохих шиг болсон. Үүнээс хойш би ухаан алдсан байсан тул юу болсон талаар сайн мэдээгүй. Тухайн үед би архи, согтууруулах ундаа огт уугаагүй. Сэрэхэд ажлынхаа кемпэд ирчихсэн, орондоо хэвтэж байсан. Боос эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн. Одоо миний хувьд нэг жилийн хугацаанд ажил хийж болохгүй гэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин, бусад зардалд 2,700,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 35-40 дүгээр хуудас/,

Хохирогч О.Наранбаатар /РД:МН95050511/-ын: ”...би 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой кемп дээр байж байгаад хамт ажилладаг Алтансүх, Оюунбаатар, Нямбазар нарын хамт Цогтцэций сумын төвд ирээд “Аврора” бааранд орж бид хоёр хоёр лааз пиво уусан. Бааранд сууж байгаад би машинаа халаахаар баарнаас гарч машин байсан зогсоол руу очтол тэнд 2 эмэгтэй машинтайгаа явах гээд нэг залуу явуулахгүй хаалгыг нь онгойлгоод хоргоогоод байгаа бололтой байхаар нь тийшээ очоод 2 эмэгтэйг явуулахгүй байсан залууд хандаж “ наад хоёр хүнээ явуулаач” гэж хэлэхэд нөгөө залуу үг сөргөөд бид хоёр маргалдсан. Хоёр эмэгтэйг хоргоогоод байсан залуу хүрч ирээд шууд намайг гараараа цохисон, би арагшаа саваад унах шиг болсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, нэг сэрэхэд машинд явж байгаа юм шиг байсан. Дахин юу болж байгааг мэдээгүй ухаан балартсан байсан, сэрэхэд маргааш өдөр болчихсон би кемп дээр орондоо орж унтсан байсан. Би эрүүл мэндээрээ хохироод эмчилгээ хийлгэсэн, энэ хохирлыг буруутай этгээдээр барагдуулмаар байна. Учирсан хохирлыг төлчихвөл гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

     Гэрч Э.Чимэгээгийн: ”...”Номадс” баарны караокед сууж байгаад манай хүү Наранбаатар машинаа харах гэж гараад хоёр эмэгтэйг хоёр залуу хоргоогоод байхаар нь боль гэж хэлсэн чинь нэг залуу нь ирээд миний хүүгийн толгойн ард хэсэгт цохисон гэсэн. Чухам юугаар цохиж гэмтээснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

     Гэрч Ч.Батбаатарын: ”...Б араас хүрч ирээд нөгөө залуу руу “миний баруун чих дүлий шүү, зүүн чихэнд хэлээрэй” гээд баруун гараараа бас хаана нь мэдэхгүй, нэг газар цохитол тэр залуу ухаан алдахдаа хойшоогоо унасан. Наранбаатарын биеийн ар талаараа хойшоо савж унахад нь түүний унасан газар хатуу цементэн талбай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 29-30 дугаар хуудас/

Гэрч П.Алтансүхийн: “...Наранбаатарын толгой хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгтэл Наранбаатар хойшоо дагзаараа саваад газар ухаан алдаад унаад өгсөн. Би очоод яасан юу болсон талаар асуугаад Наранбаатарыг босгох гээд оролдоход тэрээр босоогүй, тэгээд баар руу хамт явсан найзууддаа хэлээд буцаад гараад иртэл нөгөө цохисон болон хамт байсан хүмүүс нь бүгд байхгүй болчихсон байсан. Тэгээд тэндээс Наранбаатарыг өргөөд машиндаа суулгаад буцаад тэнд байсан хүмүүсээс ямар хүн цохисон талаар асуухад мэдэх хүн байгаагүй. Тэгээд бид хэд тэндээсээ кемп рүүгээ явсан.” /хх-н 15-16 дугаар хуудас/,

Гэрч Г.Элбэгийн: “...би баарнаас тамхи татах гээд гараад ирэхдэ манай ажлын Б нэг танихгүй залууг цохиход нөгөө залуу ар талаараа саваад ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би Боос юу болсон талаар асуухад тэрээр юу ч хэлээгүй. Нөгөө ухаан алдсан залууг босгох гээд тэнд байсан хүмүүс оролдож байх хооронд тэр залуутай хамт явсан найзууд нь гарч ирээд маргалдах гээд байхаар нь Бийг түрүүлээд явуулчихсан. Ухаан алдсан залууг найзууд нь машиндаа хийгээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/,

Гэрч Ш.Баяртөгсийн: “...хамгийн сүүлд би Жалан-Аажавын хамтаар араас нь гартал баарны үүдний хэсэгт нэг үл таних залуу ухаангүй хэвтсэн хажууд нь найз нь юм шиг жижиг залуу байсан. Тэгээд би юу болсон талаар Элбэгээс асуухад “мэдэхгүй унасан юм шиг байна” гээд бид нар тамхилчхаад буцаад баар руу орцгоосон. ...би татаж унадаг өвчтэй юм болов уу гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-н 18 дугаар хуудас/,

Гэрч Л.Төгсжаргалын: “...Наранбаатарын баруун талын хацар нь бага зэрэг хавдсан ба өөр ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан. Наранбаатар хэлэхдээ ар дагз зовуурлаж өвдөж байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-н 19 дүгээр хуудас/,

Гэрч Г.Тунгалагтуяагийн: “...би найз Мөнхтуяатай “Номадс” бааранд сууж байгаад 23 цаг 45 минутын үед гарч машиндаа суутал хоёр танихгүй залуу ирж машины хаалга нээж зогсчхоод “утасны дугаараа өгчих” гээд зогсож байтал цагаан цамц хар малгайтай залуу ирээд “ та нар наад хоёр эмэгтэйгээ зүгээр явуулчих” гэж хэлтэл нөгөө хоёр залуу миний машины хаалгыг хаагаад буцаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр явсан.” гэх мэдүүлэг /хх-н 20 дугаар хуудас/,

Гэрч Ж.Түвшинтөрийн: “...Наранбаатар, Оюунбаатар, Алтансүх, Нямбазар нарын хамт “Номадс” бааранд орсон. ...Алтансүх гаднаас орж ирээд гараад ир гээд дуудахаар нь бид гурав гараад очтол Наранбаатар баарны үүдэнд ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд юу болсон талаар Алтансүхээс асуухад хүнд цохиулчихсан гэж хэлсэн. Тэгээд тэр хавиар цохисон хүмүүсийг хайгаад олоогүй, бид хэд машиндаа суугаад кемпдээ ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 21 дүгээр хуудас/,

Гэрч Х.Амартүвшингийн: “...би хамт ажилладаг хүмүүстэйгээ “Аврора” бааранд 22 цаг өнгөрч байхад орж үйлчлүүлсэн. Тэгээд цагийг нь сайн санахгүй байна баарнаас тамхи татахаар гараа ирсэн нэг танихгүй залуу ухаан алдаад газарт унасан байсан. Тэгээд юу болсон талаар асуугаад байж байтал тэр залуугийн найз нь ирээд машиндаа суулгаад аваад явсан”. гэх мэдүүлэг /хх-н 22 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямбазарын: “...Наранбаатар, Оюунбаатар, Алтансүх, Түвшинтөр нарын хамт “Номадс” баарны караокед 21 цагийн үед ороод хүний нэг нэг пиво, нэг мартин вино захиалж уугаад сууж байтал Алтансүх гаднаас орж ирээд “гараад ир, Наранбаатар хүнд цохиулсан юм шиг байна” гээд дуудахаар нь би гурав гараад очтол Наранбаатар баарын үүдэнд ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд юу болсон талаар Алтансүхээс асуухад “хүнд цохиулчихсан” гэж хэлэхээр нь ойр хавиар цохисон хүмүүсийг хайгаад олоогүй. Тэгээд машиндаа суугаад бид хэд шууд кемп рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/,

Гэрч С.Жалан-Аажавын: “...би хамт ажилладаг хүмүүстэйгээ 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой “Аврора” бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад баарнаас тамхи татах гээд гарахад нэг танихгүй залуу ухаан алдаад газар унасан байсан. Мэддэг хүн нь энэ хүнд эмнэлгийн анхны тусламж өгөөч гээд зогсож байтал ухаан алдсан залуутай хамт явж байгаа бололтой жижиг биетэй залуу гарч ирэхээр нь бид нар орлоо гээд бааранд буцаад орсон.” гэх мэдүүлэг /хх-н 24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Оюунбаатарын: “...Наранбаатар, Түвшинтөр, Алтансүх, Нямбазар, нарын хамт “Номадс” баарны караокед ороод пиво, Мартин нэртэй вино уусан. Тэгээд сууж байтал орой баар хаах үед Алтансүх гаднаас орж ирээд “гараад ир” гээд дуудахаар нь Түвшинтөр, Нямбазар бид гурав гараад очтол Наранбаатар баарны үүдэнд ухаан алдаад уначихсан байсан. Юу болсон талаар Алтансүхээс асуухад хүнд цохиулчихсан” гэж хэлэхээр нь ойр хавиар цохисон хүмүүсийг хайгаад олоогүй. Тэгээд машиндаа суугаад бид хэд шууд кемп рүү явсан.” гэх мэдүүлэг /хх-н 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Уянгын: “...тухайн өдөр би ажил дээрээ байсан. Баар хаах цаг болж байсан шиг санагдаж байна. Гадаа гартал баарны үүднээс холгүй эрэгтэй хүн газар уначихсан хүмүүс өргөөд  босгож байсан. Би тэр хүмүүст хандаж “юу болоод байгаа юм бэ, зодолдоод байгаа бол цагдаа дуудах уу” гэхэд тэнд байсан хүмүүсээс нэг хүн нь “манай найз зүгээрээ, одоо бид нар ингээд явлаа” гээд нөгөө хүнээ аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 28 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 13736 дугаартай шинжээчийн: “...О.Наранбаатарын биед дагз ясны шугаман хугарал, тархины эдийн зүүн духны дэлбэнд няцрал, зүүн чамархайн тархины эдийн голомтот няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 79 дугаартай шинжээчдийн: “...О.Наранбаатарын биед дагз ясны шугаман хугарал, тархины дух чамархайн эдийн няцрал, тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

     Н.Бийн яллагдагчаар өгсөн: “...хэсэг яриаг нь чагнан зогсож байгаад дургүй хүрээд баруун гараараа нөгөө залуугийн баруун шанаа руу  нь нэг удаа хүчтэй цохичихсон чинь тэр залуу зогсож байсан цементэн талбай дээр арагшаа саваад уначихсан. ...миний араас ирж татаад бас өөрөө эхэлж үгээр өдөөд байхаар нь уур хүрээд бас дээр нь пиво уучихсан халамцуу байсан учир ийм зүйл хийчихсэн. Тэр залуу ч бас нэлээд согтуу байсан. ...хэрэв хохирол нэхэмжилбэл би ойрын хугацаанд хохирлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар хуудас/

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 57 дугаар хуудас/,

Н.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58 дугаар хуудас/,

Н.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 61-63 дугаар хуудас/,

Н.Бийн фото зураг, гарын дардас /хх-н 64-65 дугаар хуудас/,

Хохирогч О.Наранбаатарын өвчний түүх /хх-н 67-74 дүгээр хуудас/,

Н.Бийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаар мэдээлэл /хх-н 76-80 дугаар хуудас/,

Хохирогч О.Наранбаатарын хохирлын баримтууд /хх-н 82-85 дугаар хуудас/,

Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн: шүүгдэгч Н.Бийн дипломын хуулбар, үнэмлэхний хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримт нийт 9 хуудас, хохирогчийн нэхэмжлэлтэйгээ холбогдуулан гаргасан нийт 8 хуудас баримт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч О.Наранбаатарын биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Н.Бийн хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны орой согтуугаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Аврора” баарны гадна иргэн О.Наранбаатартай маргаж, улмаар хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болох мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн хохирогч О.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/ болон гэрч нарын мэдүүлэг / хх-ийн 11, 15-16, 17-24, 26, 28 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 13736 дугаартай шинжээчийн: “...О.Наранбаатарын биед дагз ясны шугаман хугарал, тархины эдийн зүүн духны дэлбэнд няцрал, зүүн чамархайн тархины эдийн голомтот няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 79 дугаартай шинжээчдийн: “...О.Наранбаатарын биед дагз ясны шугаман хугарал, тархины дух чамархайн эдийн няцрал, тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч О.Наранбаатарын 2,700,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан нотлох баримт нь хангалтгүй, үнэлэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох саналаас тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 6,000 /зургаан мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Наташагийн Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 6,000 /зургаан мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 6,000 /зургаан мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 20 /хорь/-н сарын хугацаанд тус бүр 300,000 /гурван зуун мянга/-н төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Наранбаатарын гаргасан 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээр хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Н.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН