| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05767/И |
| Дугаар | 102/ШШ2024/04938 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/04938
| 2024 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2024/04938 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, -* байр, * тоотод оршин суух хаягтай, *овогт Болдын * /рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, *тоотод оршин суух хаягтай,*т овогт * * /рд:*/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч Б.*,
хариуцагч Н.*,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.* нь хариуцагч Н.*д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2012 онд Н.*той танилцаж 2013 оноос хамт амьдарсан. Бид 2015.01.29-нд Орхон аймгийн иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан. Бидний охин * 2015.06.15-нд, охин * 2016.08.25-нд төрсөн. Сүүлийн 2 жилийн хугацаанд бид гэр бүлийн таарамжгүй харилцаатай болсон шалтгаан нь Н.* гэр бүлээс гадуур харилцаатай болж 2021 онд 1 сар тусдаа, 2022 онд 3 сар тусдаа, 2023 онд 6 сарын хугацаанд тусдаа 2024 онд 6 сараас эхлэн тусдаа амьдарч Н.* нь өөрийн хамтран амьдрагчийн хамт байр түрээслэж амьдарч байгаа. Н.* нь гэр бүлийн гадуурх харилцаанаас гадна архи ууж агсан согтуу тавьж, гар хүрч, гэр орны зүйлс эвдэж ёс бус үйлдэл байнга гаргадаг тул би болон миний хүүхдүүд маш их бие болон сэтгэл зүйн хямралд орж байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрэх хүсэлгүй байгаагаа хэлсэн. Гэрлэлтээ цуцлуулж хоёр охиноо өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, мөн орон сууцны зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс хасуулж, байрны өмчлөх эрхийн гэрчилгээнээс Н.*гийн нэрийг хасуулахаар харилцан тохиролцсон. ББСБ-ын зээлийг өөрөө төлж барагдуулна, бид эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Би Б.*тай гэрлэлт цуцлуулахад ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэмж олгоход санал байхгүй. Гэвч Б.*ын ажилладаг *ББСБ-аас Б.* нь өөрөө гүйцэтгэх захирал ажилтай. Миний нэр дээр зээл авч өөрийн нэр дээр машин худалдаж авсан. Тэр зээлийг хаалгуулахыг хүсэж байна. Тус зээлийг Б.* хариуцаж хаавал надад гэр бүлийн эд хөрөнгө хуваах хүүхдүүдэд тэтгэмж олгох тал дээр санал байхгүй болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 9/, охин *, * нарын төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх 6-11/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 292 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх 12/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/01296 дугаар Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх 13/.
4.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 20/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021 онд 1 сар тусдаа, 2022 онд 3 сар тусдаа, 2023 онд 6 сарын хугацаанд тусдаа 2024 онд 6 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. ...Бид цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас гэрлэлт цуцлуулах, охин *, * нарын асрамжийг нэхэмжлэгчид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Мөн эд хөрөнгийн маргаангүй гэсэн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар Н.* болон Б.* нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр * дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр охин *, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр охин * нар төржээ.
4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Харин гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр шүүх гэрлэлтийг цуцалж болохоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заажээ.
Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хэн аль нь гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
4.2. Хариуцагчаас хүүхдүүдийн асрамжийг нэхэмжлэгчид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин * нарыг эх Б.*ын асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.
4.3. Түүнчлэн охин *, * нарыг эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг Н.*гоос гаргуулан хүүхдүүдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт нийцнэ.
4.4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*гоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан*т овогт Нямжавын *, *овогт Болдын * нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин * нарыг эх Б.*ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин * нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг Н.*гоос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*гоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН