Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *******

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****

 

, түрээсийн төлбөр 7.800.000 /долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2015/01268/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч *********, түүний өмгөөлөгч *********, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Арбулаг сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тэр үеийн нам, захиргааны хоёр даргад зориулан барьсан 96м2 орон сууцыг хууль журмаар аймгийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаар тогтоолын дагуу хувьчлан авч өөрийн хувийн өмч болгож авсан. Арбулаг сумын хүнсний цехийн дарга хийж байсан ********* нь 2007 онд надтай ирж уулзаад сумандаа ирж талхан цех ажиллуулах гэсэн юм, байр хэрэгтэй байна гэхэд нь итгэж дэмжээд хувьчилж авсан байрандаа үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн. Тэгээд дараа нь 2008 оны сүүлээр ********* нь Шуудан банкнаас зээл авах гэсэн юм байрныхаа хувьчилж авсан бичиг баримтаа өгөөч гэж гуйхад нь өгсөн боловч миний байрыг барьцаалж 5.000.000 төгрөгийн зээл аваад төлж чадахгүй болохоороо Улаанбаатар хот явсан сураг гарсан. Одоо надтай ямар ч холбоогүй байгаа. Миний орон сууцыг банк нь надаас зөвшөөрөл авахгүйгээр зээлийн өрөнд хурааж аваад 2009 оноос хойш Төрийн банк нь Арбулаг сум дахь салбараа оруулж одоо болтол үндэслэлгүйгээр эзэмшилдээ авч үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрийн орон сууцаа авахаар 2010 онд Баттогтох захиралтай уулзахад *********ийн авсан зээл 5.000.000 төгрөгийг өгвөл байраа авч болно гэсэн. 2011 онд мөн энэ асуудлаа Хадгаламж банкны захиралд хэлсэн ч тодорхой арга хэмжээ аваагүй. Төрийн төв банкны гүйцэтгэх захирал М.Батсайханд 2013 оны 09 сард хандсан боловч албан ёсоор хариу өгөөгүй. Ингэж явсаар цаг алдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай банкинд хамаагүй гэж байна. Шуудан банкны үйл ажиллагааг Хадгаламж банк үргэлжлүүлээд явсан. Дараа нь Хадгаламж банкны үйл ажиллагааг Төрийн банк эрх залгамжилж авсан ба миний байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Банк хүний хөрөнгийг авчихаад, хүн мөнгөө төлөхгүй байхад өөр хүний хөрөнгийг хураагаад авчихдаг зүйл байж болохгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээн дээр миний нэр байдаг бөгөөд банк барьцаанд авахдаа надаас зөвшөөрөл авах ёстой байсан. Би банктай гэрээ хийж байраа барьцаанд тавиагүй. Банк нь *********тэй зээлийн гэрээ хийсэн байгаа. Уг банк нь миний асуудлыг шийдэж өгөхгүй чирэгдүүлж байгаа бөгөөд өмчлөгч миний эд хөрөнгийг үндэслэлгүйгээр шударга бусаар эзэмшилдээ ашиглаж байгаа тул Төрийн банкны Хөвсгөл салбараас 96мхэмжээтэй оррон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү. Би шүүхэд мөн түрээсийн төлбөр 7.800.000 төгрөгийг Төрийн банкны Хөвсгөл салбараас гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол банкны ерөнхийлөгчийн ************ тоот тушаалаар Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зарим актив, пассив хөрөнгө болон салбар тооцооны төвийг ажилтнуудын хамт Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлэн ажиллаж байна. Монгол шуудан банк хязгаарлагдмал хариуцлагатай компани, Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани, Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компани нь иргэн *********ын нэхэмжлэлд дурдсанчлан Арбулаг суман дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор иргэн *********тай хийсэн ямар нэгэн зээлийн гэрээ, түрээсийн гэрээ болон бусад нотлох баримт байхгүй байдаг. Иргэн *********ын нэхэмжлэлд дурдсанчлан 2009 онд иргэн ********* гэх хүн Арбулаг сумын Монгол шуудан банкнаас 5.000.000 төгрөгийг зээл авахдаа одоо Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын байршиж буй үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан гэдэг бөгөөд улмаар зээлдэгч гэх ********* нь зээлээ төлж чадахгүй болсон тул тухайн үл хөдлөх хөрөнгийг Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани нь зээлийн төлбөртэй үл маргах журмаар авах санал тавьсны дагуу 3.859.000 төгрөгөөр 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдан авч, холбогдох журмын дагуу шилжүүлэн авсан гэдэг. Иргэн *********ын гэх уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үед төлөгдөж дууссан бөгөөд Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид уг зээл шилжиж ирээгүй байдаг. Харин уг үл хөдлөх хөрөнгө Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөлд Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани дах банкны эрх хүлээн авагч болон Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулагдсан зарим актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу балансаар шилжиж ирсэн байдаг. Иргэн *********ын нэхэмжлэлд дурдсанчлан уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлдэгч гэх *********ийн авсан зээлтэй холбоотой зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн хувийн хэрэг зэрэг холбогдох нотлох баримтууд байхгүй байна. Одоогийн байдлаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэр дээр байдаг. Иргэн ********* нь иргэн *********ийг хариуцагчаар татан оролцуулах нь зүйтэй бөгөөд Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компани нь иргэн ********* болон иргэн ********* иргэний эрх зүйн харилцаа, гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг үүсгээгүй болно. Иймд иргэн *********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкны Хөвсгөл салбарын ерөнхий нягтлан бодогч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 9-63 тоотод оршин суух, ************* дугаар регистртэй, *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал Шуудан банк гэж байх үед эхэлсэн юм билээ. Тухайн байрыг 2007 онд зээл авсан хүн банкинд барьцаа хөрөнгө болгож тавиад зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан учир үл маргах журмаар банк өөрийн өмчлөлд авсан юм билээ. Банкны барьцаанд байгаа эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн газар шууд бүртгэдэг. Шуудан банкинд бүртгэлтэй байсан учир дараагийн банкиндаа шилжиж ирсэн. Банкны хөрөнгө дээр бүртгэлтэй хөрөнгөө бүртгэж авдаг түүнээс тухайн хөрөнгө хаанаас яаж ирснийг судалдаггүй. Одоо эргэж материалыг нь харах гэхэд манай байгууллагын архивт байдаггүй. Өмнөх үеийн баримтыг төв архивт хүлээлгэж өгсөн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөс зөвшөөрөл авч байж банкны барьцаанд тавьдаг. Гэхдээ тэр үед *********, ********* нарын хооронд ямар харилцаа үүссэн тухай мэдэхгүй учир нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл тодорхой бус санагдаж байна. Төрийн банк, Хадгаламж банктай нэгдэхэд *********тай холбоотой ямар нэгэн нотлох баримт байгаагүй бөгөөд түүнтэй байгуулсан ямар нэгэн зээлийн гэрээ байдаггүй. Банк нь уг орон сууцыг эзэмшиж эхэлсэн үеэсээ татвар төлж байгаа, ямар нэгэн өр байхгүй. ********* нь манай банктай түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд түрээсийн төлбөр 7.800.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Манай банк Арбулаг суманд байрлах 96 м2 талбайтай сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********* нь Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 7.800.000 /долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч ********* түрээсийн төлбөр 7.800.000 /долоон сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзан шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч ********* нь ********* талхан цехийн үйл ажиллагаа явуулахаар миний сууцны байрыг ашиглаж байсан, би банктай гэрээ хийж байраа барьцаанд тавиагүй, банк нь ********* тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авсан, зээлийн үлдэгдэл төлбөрт үл маргах журмаар барьцаанд байсан байрыг хурааж авсан, *********, ********* нарын хооронд ямар харилцаа үүссэн талаар мэдэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ********* Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд байрлах, 96м2 орон сууцыг хувьчилж авсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 1999 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан *********ын өргөдөл, Арбулаг сумын 5 дугаар багийн 3 дугаар байрны 1 дүгээр орцны 1 тоот сууцны талбайн үнэлгээ, орон сууц ашиглах эрхийн бичиг зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Аймгийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг үндэслэн захирамжлах нь: 1. Сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд 280.0 мянган төгрөгийн үнэтэй данстай байсан 2 айлын орон сууцыг аймгийн орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр сумын Засаг даргаар ажиллаж байгаа *********д хувьчилж өгсөн тул байгууллагын үндсэн хөрөнгийн данснаас хасч зохих тооцоог хийж дуусгахыг ерөнхий нягтлан бодогч /Ж.Наранцэцэг/-д зөвшөөрсүгэй гэх бичилттэй Хөрөнгө данснаас хасах тухай 75 дугаартай захирамжийн хуулбар, албан тушаалтны 2010-2013 онуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол шуудан банк хязгаарлагдмал хариуцлагатай компани татан буугдаж, Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид эрх үүргийг нь шилжүүлсэн бөгөөд мөн тус банкыг албадан татан буулгаж, эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, зарим актив, пассив хөрөнгө болон салбар тооцооны төвийг ажилтнуудын хамт Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлэн ажиллаж байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Албадан татан буулгах тухай А 157 тоот тушаал, Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А 153 тоот тушаал, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө болон эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрх шилжүүлэх 009/2013Б-ХА/166 тоот гэрээ, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Төрийн банкинд шилжүүлсэн үндсэн хөрөнгө дансны үлдэгдэл зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 55 тоот захирамж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0176701 дугаартай гэрчилгээ, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/37 дугаартай захирамж зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Төрийн банкны эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, орон байшингийн татвар, газар эдэлбэрийн зардал төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд ********* нь дээрх хуулинд зааснаар орон сууц албадан чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй юм.

Гэвч зохигч болох *********, Шуудан банк /Төрийн банк/-ны хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд байрлах, 96 м2 орон сууцыг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан харилцаа үүссэн эсэх, *********, ********* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, худалдсан эсэх талаар ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг нэхэмжлэгч нотлож чадахгүй байх бөгөөд ********* нь миний өмч хувьчлалаар худалдаж авсан 96м2 орон сууцанд үйл ажиллагаа явуулахаар ашиглах, банкны зээлийн барьцаа хөрөнгөөр Шуудан банкинд барьцаалахаар харилцан тохиролцсон, банк надаас зөвшөөрөл авахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд *********, Шуудан банк /Төрийн банк/-ны хооронд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэв нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг *********ид ашиглуулахаар өгсөн бол үүний улмаас учирсан хохирлоо түүнээс нэхэмжлэх эрхтэй юм.

Иймд *********ын нэхэмжилсэн орон сууц албадан чөлөөлүүлэх тухай Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 246.950 төгрөг төлсөн бөгөөд орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл нь үнэлж болохгүй нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тул түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, түрээсийн төлбөр 7.800.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 139.750 төгрөг, нийт 209.950 төгрөгийг төлөх бөгөөд илүү төлсөн 37.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж нийт 209.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн дотоод дансны хуулга дээр өөрийн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх тул нотлох баримтанд үнэлээгүй болно. Өөрөөр хэлбэл Төрийн банкны Хөвсгөл салбар нь тус иргэний хэргийн хариуцагчаар оролцож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч *********ын нэхэмжлэлтэй хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 37.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА