Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ************

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч155/2016/0158/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч ********* нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би техник мэргэжлийн сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1978 оны 7 сарын 30-нд механикжуулагчаар ажилд ороод 1991 оны 12 сарын 28-ныг хүртэл тасралтгүй 13 жил тракторын комбайнчаар ажиллаад сангийн аж ахуйн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх үеэр төрсөн нутаг Улаан-Уул руугаа яваад эргэж очоогүй бөгөөд төрөлх нутаг Улаан-Уул сумынхаа 10 жилийн сургуульд 1992 оны 1 сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл орсон гарсан тушаал байхгүй учраас ажиллаж байсан маань тооцогдохгүй байна. Иймд миний 1978 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 10 жилийн сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч ********* Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн даргын ***********дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйгаас 1980 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Должин овогтой Нямжийгийн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ******** ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний түүвэр, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10/49 дугаартай албан бичиг, Тариалан сумын Сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Улаан-Уул сумын 10 жилийн сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан *********гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний түүвэр, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Багш ажилчдад 1992 оны ээлжийн амралт олгох болон орон тооны цомхтгол хийх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1994 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай Иргэний нэхэмжлэгч томилох тухай тушаалын хуулбар, *********д Сум нэгдлийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олгосон Дурсамж, Сум нэгдлийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон Мандат, Улаан-Уул сумын 10 жилийн сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1993 оны 5 дугаар сарын 09-ний өдөр олгосон Баярын бичиг, *********гийн Тариалангийн сангийн аж ахуйд ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зургууд, гэрч В.Батмөнхийн ********* Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1978 оноос 1992 оныг хүртэл трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1959-1994 оныг дуустал трактор, комбайны жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх мэдүүлэг, гэрч С.Мөнхбаярын ********* Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн Баянхошуу бригадад 1978-1991 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн Таван толгой бригадад 1975-1992 оны 7 дугаар сарыг дуустал трактор, комбайны жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх мэдүүлэг, гэрч Б.Пүрэвсүрэнгийн ********* Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус сургуульд 1990-2006 оныг хүртэл тогоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч *********гийн Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ************** гэх хүмүүсийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **************** Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хөдөлмөрийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ