Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

   2018          01          03                                      12

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч: С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овогт Сүхбаатарын Тд холбогдох эрүүгийн 1703 0000 10124 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 49 настай, тусгай дунд боловсролтой, суурь өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 18-27 насны хүүхдүүдийн хамт тоотод оршин суух,

1996 онд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 123.4, 211.1-д зааснаар 8 жил хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 жил, 28 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар, Бууч овогт Сүхбаатарын Т.

 

           Шүүгдэгч С.Т нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 08 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гурван Билэг” их дэлгүүрийн хойд талын замд 38-75 УНК улсын дугаартай, “Т.Приус” маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Т мэдүүлэхдээ:

Би 2017 оны 7 дугаар сарын 17-ны өглөө 9 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 38-75 УНК улсын дугаартай, “Т.Приус” маркийн автомашинтай 3, 4 дүгээр хорооллын замаар баруунаас зүүн тийш явж байгаад “Гурван билэг” их дэлгүүрийн явган хүний гарцан дээр машиныхаа зүүн урд талаар явган зорчигчийг мөргөсөн. Осол болсны дараа өөрийн гар утсаар цагдаа болон түргэн тусламж дуудах гэсэн боловч миний гар утас цэнэггүй байсан тул зогсоол дээр байсан таксины жолоочийн утсаар цагдаа болон түргэн тусламжид дуудлага өгсөн. Эхлээд цагдаа дараа нь түргэн тусламж ирсэн. Би хохирогчид нийт 883 000 төгрөг өгсөн. Энэ гэмт хэрэг миний буруугаас болж гарсан. Би өөрийн буруугаа хүлээж байна. Би машинаараа халтуур хийж, заримдаа хувиараа барилгын ажил хийж орлого олдог. Манай гэр бүлийн хүн 106 дугаар сургуульд үйлчлэгчэээр ажилладаг. Энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирогчийн эмчилгээтэй холбоотой зардлыг төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Н мэдүүлэхдээ:

...2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нөхөр бид 2 зуслан дээр байж байгаад хотод орж хүнсний зах орж идэж уух юм цуглуулах гээд “Гурван билэг” дэлгүүрийн урд замаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарах гээд зүүнээс баруун гар тийш явсан урсгалыг гатлаад баруунаас зүүн гар тийш явсан урсгалаар гарч байхад 1 машин миний баруун гар талаас мөргөсөн. Би явган хүний гарцаар гарч байсан гэжээ. (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)

 

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 870 тоот дүгнэлтэд:

           1. С.Нын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан далд хугарал, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой.

           2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хавтаст хэргийн 36 дугаар хуудас)

 

Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн магдалгаанд:

1. “Т.Приус” маркийн, 38-75 УНК дугаартай автомашины жолооч С.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Самдангийн Нмаа нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Т нь 1996 онд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 123.4, 211.1-д зааснаар 8 жил хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 жил, 28 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 08 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гурван Билэг” их дэлгүүрийн хойд замд 38-75 УНК улсын дугаартай, “Т.Приус” маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас машинаараа хохирогч, явган зорчигч С.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан далд хугарал, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Нын мэдүүлэг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн магадалгаа, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 870 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас С.Тулгын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч нийт 883 000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршигийг бүрэн төлсөн гэж үзэв. 

 

Хохирогч С.Н нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршигийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Бууч овогт Сүхбаатарын Т-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Т-ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Т нь торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч С.Н нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОЮУН