Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/234

 

 

 

 

Т.Ж, Т.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оргилбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/155 дугаар “Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай”  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Т.Ж, Ж.Анарт холбогдох эрүүгийн 2209000002408 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

1. 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

2. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй;

Яллагдагч Т.Ж, Ж.А нар нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эцэг эхчүүдийн дунд зохион байгуулагдсан спорт тэмцээний дараа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Ууган төв”-ийн караокед үйлчлүүлэх үедээ маргалдаж улмаар харилцан зодолдож Т.Ж нь Ж.Аын эрүүл мэндэд “тархи доргилт, зулайд шарх, хамар, баруун нүдний доод зовхи хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар, баруун нүдний доод зовхи хацрын дээд хэсэг, зүүн нүдний дээд зовхи, баруун шилбэ, шагай, зүүн шилбэнд цус хурапт хамрын хянганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, Ж.Ань Т.Жгийн эрүүл мэндэд “...баруун гарын долоовор хурууны хумс хууларсан шарх, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Яллагдагч Т.Ж, Ж.А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Яллагдагч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг тус тус гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 6.5, 6.6, 6.7-д заасан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно” гэх заалтын дагуу хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ. Тодруулбал, ...хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15790 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Т.Жгийн биед баруун гарын долоовор хурууны хумс хууларсан шарх, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдож, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр хохирогч Т.Жгийн биед хөнгөн хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус хуульчилсаны дагуу нэмэлт шинжилгээ хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Нэмэлт шинжилгээгээр хохирогч Т.Жгийн баруун гарын долоовор хурууны хумс хууларсан шарханд гэмтлийн зэрэг тогтоогдох бол ямар гэмтэл болох, бусад гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх, тогтоогдох бол ямар гэмтэл болохыг тодруулан дүгнэлт гаргуулах шаардлагатай бөгөөд ингэснээр яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой...” гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.     

Прокурор А.Оргилбаяр эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Яллагдагч Т.Ж, Ж.А нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. ...Гэтэл шүүх яллагдагч нарын дээрх хүсэлтийг хэлэлцэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт хуульчилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам, онцлог, зарчимд нийцэхгүй байна.

2. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Шүүх захирамждаа “...Дээрх дүгнэлтээр хохирогч Т.Жгийн биед хөнгөн хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна” гэж яагаад тодорхойгүй, бүрэн биш гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Мөн шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15790 дугаартай шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байгаа бол шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж гаргасан дүгнэлтийн талаар тайлбарлуулах, эсхүл дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрхтэй.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна гэж үзэхээр байна.

Мөн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг захирамжлах хэсэгт удирдлага болгоогүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/155 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Т.Ж, Ж.А нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн 2209000002408 дугаартай эрүүгийг хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Яллагдагч Т.Жд учирсан гэмтлийг шинжээч эмч 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15790 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...баруун гарын долоовор хурууны хумс хууларсан шарх, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдож, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэж тогтоосон байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тодорхой биш гэж дүгнэсэн баруун гарын долоовор хурууны хумс хууларсан шархыг шинжээч эмч үзлэгээр тогтоосон, бусад гэмтлүүд болох “Зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт гэмтлүүд”-ийг ч тодорхой зааж, энэ гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “...Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/; ...” гэмтэл гэсэн шалгуураар гэмтлийн хөнгөн зэрэгт орохыг тогтоожээ.

Иймд шүүх захирамждаа шинжээчийн дүгнэлтийг яагаад тодорхойгүй, бүрэн биш гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаарх дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар зөвтгөж шийдвэрлэлээ.

Харин прокурорын эсэргүүцэлдээ бичсэн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлээр давж заалдах шатны шүүх гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. 

Хэрэв давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр шийдвэрийг гаргавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална. ...” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар зөрчигдөнө.

Иймд давж заалдах шатны шүүх 2209000002408 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгохгүйгээр хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/155 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэрэг прокурорт очтол Т.Ж, Ж.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ