Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00226

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ************* Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2016/00150 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1979.6.25-наас 1988.2.4-нийг дуустал барилга угсралтын конторт тракторчноор, 1988.2.5-наас 1992.12.25 дуустал барилга угсралтын трестэд тракторчин, бульдозерчнаар тус тус ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэнээс дээрхи хугацаа ажиллаж байснаар тооцогдохгүй байна. Иймд миний ажилд орсон, гарсан тушаалуудыг үндэслэн 1979.6.28-наас 1992.12.25-ныг дуустал барилга угсралтын контор, барилга угсралтын трестэд тракторчин, бульдозерчнаар ажиллаж байсан байдлыш тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

********* нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд тракторчноор, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тракторчин, бульдозерчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч ********* нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд тракторчноор, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тракторчин, бульдозерчнаар ажиллаж байсан болох нь Шинэнхүү овогтой Тагарваад 1979 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нээж олгосон №10149 дугаартай жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай Ажилд томилох тухай, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч ********** нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд тракторчноор, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тракторчин, бульдозерчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хүсэлт гаргагч ********* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН