Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/235

 

 

 

Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

яллагдагч Э.Мын өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЗ/55 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн яллагдагч Э.Мын давж заалдах гомдол, Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Мад холбогдох эрүүгийн 2205000002501 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

....тоотод оршин суух хаягтай, урд  2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 01 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;

Яллагдагч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны 01 цаг 00 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хороо, А хотхоны 2 дугаар байр, 000 тоотод байх гэртээ эхнэр Э.Бийг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.          

Баянгол дүүргийн прокурорын газраас: Яллагдагч Э.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

...Яллагдагч Э.М, хохирогч Э.Б нар нь эхнэр, нөхөр буюу албан ёсны Гэрлэлтийн баталгаа бүхий гэр бүлийн гишүүд байна /хх 46/.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, энэ хуулийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хамааруулсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх шинжийг “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл хуулийн энэ зохицуулалтаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байхыг шууд шаардсан буюу нэг удаагийн үйлдлийг нь хамааруулахгүй гэсэн ойлголт байхгүй.

Иймд яллагдагч Э.Мад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй.

Түүнчлэн хяналтын прокурорыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийгээгүй байна гэж шүүх үзэв. Тухайлбал, гэмт хэргийн шинжтэй уг үйлдэл нь согтуугаар үйлдэгдсэн болон “Аюулын зэргийн үнэлгээ”-нд үнэлэлт, дүгнэлт хийхээр байна  гэж шийдвэрлэжээ.   

Яллагдагч Э.М давж заалдах гомдолдоо: “...Тус шүүхийн шүүгчийн захирамжаар ... хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл энэ хэргийн яллагдагч Э.М, хохирогч Э.Б нар нь эхнэр, нөхөр буюу албан ёсны гэрлэлтийн баталгаа бүхий гэр бүлийн гишүүд байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх шинжийг “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан тул яллагдагч Э.Мад холбогдох хэргийг прокурорт буцааж хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй... гэж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр нь хэтэрхий нэг талыг буюу яллах талыг барьж байгаа нь миний эрх зүйн байдлыг хүндрүүлж байна гэж үзэж байна. Эхнэр Э.Бтэй амьдраад бид дундаасаа 3 хүүхдийн эцэг, эх болсон хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх байтугай маргалдах үе ч ховор байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл ангид гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүчирхийллийн хэлбэрийн аль нэгийг байнга үйлдсэн бол гэж заажээ. Гэтэл тухайн үед эхнэр бид 2 хувийн таарамжгүй харьцааны улмаас тохиолдлын шинжтэй Бийн биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн ба би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож яллах дүгнэлтийн хүрээнд шийдэж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ж.Энхжаргал эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь, гэр бүлийн талаарх харилцан хамаарлыг өөр салбар эрх зүйн ойлголтоор буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар тайлбарлаж болох боловч харин гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох нь хууль ёсны зарчимд нийцэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан хүчирхийллийн хэлбэрийн аль нэгийг байнга хийсэн тохиолдлыг ойлгохоор тодорхойлсон байдаг.

Тухайн гэмт хэрэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн агуулга байхгүй буюу яллагдагч Э.М нь эхнэр Э.Бийг гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа, хардалтын улмаас гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт тогтоогдсон тул яллагдагчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж дүгнэсэн.

Тодруулбал, яллагдагч Э.М, Э.Б нар нь хууль ёсны эхнэр нөхөр бөгөөд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байгаагүй, мөн хохирогч Э.Б нь “анх удаа ийм асуудал болж байна” гэдгээ удаа дараа мэдүүлдэг, дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээж аваад тэр даруй хохирогчид асуумж тавьж “Аюулын зэргийн үнэлгээ” хийхэд “хөнгөн" гэсэн үзүүлэлт гарсан зэргээс тухайн гэр бүлийн хувьд ужгирч, даамжирсан таарамжгүй харилцаа болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл байнгын шинжтэй давтагддаг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө яллагдагч, хохирогч нар аль аль нь согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байдаг нь тогтоогдсон, энэ байдал нь яллагдагчийн хувьд гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд харин “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг” Эрүүгийн хуульд тодорхойлон заасан байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЗ/55 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Э.Мын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байхыг шууд шаардсан буюу нэг удаагийн үйлдэл болохыг хамаарахгүйгээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Улсын Дээд Шүүхийн тогтоолд тайлбарласнаар гэр бүлийн хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдсэн байхаар тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг буруу тайлбарлаж шууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагч Э.М нь хохирогчтой гэрлээд 3 хүүхдийн эцэг, эх болсон, 17 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй бөгөөд нэг удаа ч маргалдаж үзээгүй болохоо илэрхийлсэн байдаг. Мөн байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, яллагдагчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч Э.Мын 2022 оны 10 дугаар сарын 10-ны 01 цаг 00 минутын үед Баянгол дүүргийн 000 дугаар хороо, А хотхоны 2 дугаар байр, 000 тоотод байх гэртээ эхнэр Э.Бийг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” хэмээн хүндрүүлэх шинжгүйгээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн зөрчил бүрийг “гэр бүлийн хүчирхийлэл”-тэй холбож ойлгохгүй бөгөөд яллагдагч Э.Мын үйлдлийг “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Шүүгдэгч Э.Мад холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж бичсэн прокурор Ж.Энхжаргалын эсэргүүцэл, яллагдагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр шийдвэрийг гаргавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална. ...” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар зөрчигдөнө.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Мад холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, түүнд гардуулан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЗ/55 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэрэг прокурорт очтол Э.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ