Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2024/00510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг *** сумын 3-р баг, Жаргалант 9-20 тоотод оршин суух, *** овгийн ***-ийн ***-ийн нэхэмжлэлтэй,  

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуульд холбогдох

ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлөх тушаал гарсан өдрөөс шүүх хурал болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***  (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч *** , хариуцагчийн өмгөөлөгч О.Аюурзана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлөх тушаал гарсан өдрөөс шүүх хурал болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие боловсролын салбарт 2007 оноос хойш тасралтгүй тогтвор суурьшилтай 17 жил ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/56 дугаартай ерөнхий боловсролын *** сургуулийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *** сумын *** сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч *** нь намайг ажлын хариуцлага алдаа дутагдал зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Говь-Алтай аймгийн *** сумын *** сургуулийн захирлын Б/56 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, Говь-Алтай аймгийн *** сумын *** сургуулийн бага ангийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажлаас чөлөөлөх тушаал гарсан өдрөөс шүүх хурал болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулиас хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн хариу тайлбар: Өөрөө тайлбартаа боловсролын байгууллагад 17 жил ажилласан гэж байна. 2019 онд *** сургуулийг анх байгуулагдахад гуравдугаар сургуулиас шилжин очсон багш нарын нэг бол ***  багш байгаа. Алдаа дутагдал гаргаж байгаагүй, эцэг эхчүүдээс санал гомдол ирж байгаагүй гэж хэлдгийг би няцаах бодолтой байна. Яагаад гэхээр хамгийн анх 2019 онд *** сургууль байгуулагдахад эдний анги хамгийн олон хүүхэдтэй буюу 42 хүүхэдтэй байсан. Төгсөхөд үндсэн ангиас 20 хүрэхгүй хүүхэд үлдэж бусад хүүхдүүд нь шилжсэн бөгөөд нэг өдөр 7 хүүхэд шилжиж байсан.  2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хичээлийн жилийн төгсгөлд бүх багш нар хийсэн ажлаа 3 минутад багтаагаад тайлан тавъя гэдэг байдлаар удирдлагуудын зүгээс тайлан тавих хугацааг зарлаад 06 дугаар сарын 11-ний өдөр бага ангиуд тухайн өдөр тарчихсан байсан. Энэ хугацаанд тайлан тавиад явахад сургуулийн “хүчирхэг хамт олон” групп дээр тавина гээд тавихад ***  багш бид нар яагаад тайлан тавих ёстой юм бэ, удирдлагууд эхлээд тавьчих, бид нарын ярьсан юмыг нийлүүлээд сургуулийн тайлан гаргадаг биз дээ, бүгдээрээ тавихгүй шүү гэдэг байдлаар хувь хүмүүс рүү ярьсан, хүмүүсийг тайлангаа тавихгүй гэдэг байдлаар эсэргүүцлийн ажил хийж групп дээр тавьсан. Энэ талаар баримтыг хэргийн материалд гаргаж өгсөн. Манай сургуулиас ганцхан ***  багш тайлангаа тавиагүй. Орон нутгийн сангийн хөгжлийн хөтөлбөрөөс бид нар 10,000,000 төгрөг аваад бүх ангиа, коридоруудаа тухайн үедээ шаардлага хангасан ийм камеруудаар хангаж тавьсан. Энэ камер байх хугацаанд ***  багш 2 удаа камерыг эвдээд хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сард өөрөөр нь төлүүлсэн байгаа. Энэ талаар баримт нь авагдсан байгаа.  Эхний удаад 180,000 төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаасаа гаргаж байсан. Дараагийн удаа өөрөөр нь төлүүлсэн байгаа. Улаанбаатар хотоос камерын компани ирээд эвдэрхий камерууд, сайжруулах шаардлагатай камеруудыг сайжруулсан. ***  багш шашны зан үйлийн үйл ажиллагаа явуулахдаа камерыг бол байнгын унтраадаг. Дараагийн дугаарт  2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар багш нар 48 хоног амардаг ийм ажлын онцлогтой. 08 дугаар сарын 28-ны өдөр тушаалын дагуу ажилдаа ирэх байсан. Гэвч энэ багш ажилдаа ирээгүй. Мөн Боловсролын ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу энэ жил багаар бодоход долоо хоногийн өмнө сургууль цэцэрлэгийн багш нарыг ажилд нь оруулаад хичээлийн бэлтгэлээ хангаж ажиллана уу гэсэн ийм чиглэл 2024 оны 08 дугаар сарын 16-ны мөдрийн 0576 дугаар чиглэл өгөгдсөн. Энэ багш 5 дугаар ангиа төгсгөөд 1 дүгээр анги авах байсан. Нэгдүгээр ангийн багш нар онцлогтой байдаг. Бага ангийн сургалтын менежер Ачитбаасан багш энэ багш руу холбогдоод 08 дугаар саррын 21-ний өдрөөс ажил эхэлнэ. Тиймээс ээлжээр суугаад ирсэн хүүхдүүддээ бүртгэлээ хийлгэ гэсэн. Гэвч ***  багш утсаа аваагүй, мессеждээ хариу өгөөгүй. Нөгө хоёр багш бүртгэлээ хийгээд ээлжлээд явсан. 08 дугаар сарын 28-нл ажилдаа орох байх гээд хүлээсэн боловч бас ирээгүй. 09 дүгээр сарын 02-ны өдөр түүх нийгмийн багш Нандинчимэг багшаар өргөдлөө өгч явуулсан. Би эхэндээ энэ хүний өөрийнх нь өргөдөл мөн үү, өөрөө яагаад авч ирж өгөхгүй байгаа юм бэ гэж асуугаад өргөдлийнх нь дагуу өргөдлийг нь хүлээж аваад тушаал гаргасан байгаа гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/56 дугаартай “***-ийн ***-ийг  ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-***-ийн ***-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт, тайлбар:

-Хөдөлмөрийн гэрээ,

-Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын *** сургуулийн хөдөлмөрийн дотоод журам,

-Боловсролын Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/3576 дугаартай “Чиглэл, зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг, Хичээлийн жилийн бэлтгэл хангах, нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулах чиглэл,

-Бүртгэл хяналтын карт №59,

-*** ийн хүсэлт,

-Гар бүртгэл,

-2024-2025 оны хичээлийн жилд 1-р ангид элссэн сурагчдын бүртгэл,

-Говь-Алтай аймгийн *** сумын *** сургуулийн БАЗАН (бага ангийн заах аргын нэгдэл)-ны ажлын цагийн гар бүртгэл,

-Хүчирхэг нь шүү гэх нэртэй групп мессенжер чатын зураг,

-Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/39 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, уг тушаалын нэгдүгээр хавсралт,

-Төрийн анкны гүйлгээний баримтын хуулбар.

6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай “Бага боловсролын багш *** т” мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан бичиг,

-*** сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш нарын 2023-2024 оны хичээлийн жилийн ажил, үйлчилгээний тооцооны хуудас,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотолж буй байдалд эрх зүйн дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

2. Нэхэмжлэгч ***  нь Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлөх тушаал гарсан өдрөөс шүүх хурал болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч  ***  нь Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуульд 2019 оны 04 дүгээр сараас эхлэн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/56 дугаартай тушаал, ***-ийн ***-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/56 дугаартай “***-ийн ***-ийг  ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас чөлөөлжээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч ***  нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан журмын баримтлан нэхэмжлэгч ***  нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/56 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь “...Би боловсролын салбарт 17 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Ажлын хамт олон болон эцэг, эхийн зүгээс ямар нэгэн санал гомдол гаргаж байгаагүй. Зүгээр ажлаа хийж байсан. Гэнэт ажлаас халагдсан учраас буцаад ажилдаа орох, ажилгүй байсан хугацааны цалин мөнгө гаргуулах хүсэлттэй байна....” гэж мэтгэлцжээ.

5. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *** нь “...нэхэмжлэгч *** ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд өөрийнх нь хүсэлт, 7 өдрийн ажил тасалж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн болно” гэж татгалзжээ.

6. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ***-ийн ***-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...Хөдөлмөрийн хууль нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчингүй болсон байхад хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй хуучин хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна” гэж тайлбарлаж байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 5.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 70-р зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлэх хугацаанаас эхлэн 84-100 дугаар зүйлээр зохицуулагдана гэж заасан байх тул 2021 оны 11 ддүгээр сарын 08-ны өдөр байнгын ажлын байран дээр хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

7. Хариуцагч нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар сарын 43.1.1, 78 дугаар сарын 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 7.11 дэх заалт, байгууллагын дотоод журмын 8.2.2 дахь, 9.1.1 дэх заалт, 11.3 дахь хэсэг, 11.15 дахь хэсэг, 15.4 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтуудыг үндэслэн *** ийг ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дахь хэсэгт “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэж, мөн хуулийн 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэж,

Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд

33.3.2 дахь хэсэгт “...тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх” гэж,

Хөдөлмөрийн гэрээний 7.11-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш хоног ажил таслах” гэж,

Байгууллагын дотоод журмын 8.2.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 болон түүнээс дээш хоног ажил тасалбал ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж,

9.1.1-т “ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 хүртэл цаг байна. Зарим тохиолдолд ажлын өдрийн үргэлжлэхийг долоо хоногийн ажлын цагт багтаан зохицуулж болно” гэж,

11.3-т “Багш ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үр дүнг тайлагнаж, өөрийн ажлын чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг удирдлага болон холбогдох албан тушаалтанд цаг алдалгүй танилцуулж ажиллана” гэж,

11.15-д “Байгууллага болон хамт олон, ЗАН (заах аргын нэгдэл), секц, сургуулиас зохион байгуулж гүйцэтгэж байгаа ажлыг мушгин гуйвуулах, зохион байгуулалтыг эвдэн, нэр төрийг үл хүндэтгэх, сургууль хамт олны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахыг хориглоно” гэж,

15.4-т “Байгууллагын зураглал бүхий хэсэгт байршуулсан камерийг санаатайгаар хаах, халхлах, унтраахыг хориглоно” гэж,

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

 

8. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт:

- ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан,

- хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх 2 үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Давтан зөрчлөөр халаагүй. Ноцтой зөрчил гаргасан гэдгээр  халсан. Ямар нэгэн шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан гэдэг байдлаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан” гэж, “...шүүхээс ямар үндэслэлээр ажлаас чөлөөлснийг тодруулахад өмнөх тайлан мэдэгдэл хамаагүй, зөвхөн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр чөлөөлсөн” гэж тайлбарлаж байна.

Дээрх хуулийн зүйлд заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Ажил олгогчоос ажилтантай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэлийн талаар заасан байна. Үүнд: 7.11-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш хоног ажил таслах” гэж заажээ.

9. Нэхэмжлэгч *** т хариуцагч байгууллагчаас Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай бага боловсролын багш *** т мэдэгдэл хүргүүлэх тухай “Бага боловсролын багш ***  нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.14 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, 7 дугаар сарын 7.1, 7.2, 7.13, 7.17 дахь заалтуудыг зөрчсөн нь Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.15, 11.17, 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг тус тус зөрчиж Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахгүй, удаа дараа зөрчсөн тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр ажлаас чөлөөлөх болсныг үүргээр мэдэгдэж байна” гэх мэдэгдэл хүргүүлжээ.

Нэхэмжлэгч ***  нь Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/39 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын 51 дүгээрт зааснаар 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлжээ.

10. Боловсролын ерөнхий хуулийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/3576 тоот албан бичгийн хавсралтад “хичээлийн жилийн бүтэц, орон нутаг, сургуулийн онцлогтой уялдуулан хичээл сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хичээл эхлэхээс нэгээс доошгүй долоо хоногийн өмнө эхлүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн багш нарын ээлжийн амралтад боломжит зохицуулалт хийх” гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *** “...***  багш 08 дугаар сарын 21-ний өдрөөс ирж ажиллах боломжтой байсан. Бага ангийн заах аргын нэгдлийн групп дээр бичсэн байсан. Ганцхан ***  багшаас мэдээлэл, тодорхойлолт ирээгүй байгаа” гэж тайлбарлаж, нэхэмжлэгч “...21-ээс хойш ирж нэгдүгээр ангиа ав гэдэг зүйл хэлээгүй. Албан ёсоор 28-нд *** багш ярьсан” гэж тайлбарлаж байх ба ажил олгогчид Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийг нэхэмжлэгч *** т мэдэгдсэн, танилцуулсан болох нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *** ийг уг чиглэлийг мэдэж байсан гэж үзэх боломжгүй юм. 

Нэхэмжлэгч ***  “...Миний оронд ажиллах багшийг 08 дугаар сарын 28-ны өдөр авсан байсан учраас хүсэлт өгсөн” гэж тайлбарлаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч *** “08 дугаар сарын 30-ны өдөр яаралтай тушаал гаргаж Ням-Од багшийг авсан” гэж нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжин тайлбарлаж байна.

Говь-Алтай аймгийн *** сумын *** сургуулийн БАЗАН (бага ангийн заах аргын нэгдэл)-ны ажлын цагийн гар бүртгэлд “1б ***  гэж нэр бичигдсэн хэсэгт цаг бүртгээгүй хоосон байх ба ***  гэж нэр бичиж 29-ний өдрөөс эхлэн цаг бүртгэсэн байна.

11. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч *** ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын арга хэмжээ авсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ***  нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн, ажил олгогч нь нэхэмжлэгчид 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн байдал, мөн Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийг мэдэгдээгүй байдал, 08 дугаар сарын 29-ний өдрөөс ***д ажлын цагаа бүртгүүлсэн байдал, хариуцагч байгууллагын төлөөлөгч *** нь 08 дугаар сарын 30-ны өдрөөс багш ***ыг ажилд авсан гэж тайлбарлаж байгаа зэргээр нэхэмжлэгч *** ийг 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч *** ийн миний оронд хүн авсан байсан тул ажиллах боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч *** ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан гэх зөрчлийг эргэлзээгүйгээр нотолж, тогтоолгүйгээр тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байна.

12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *** ийг Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар сарын 43.1.1, 78 дугаар сарын 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 7.11 дэх заалт, байгууллагын дотоод журмын 8.2.2 дахь, 9.1.1 дэх заалт, 11.3 дахь хэсэг, 11.15 дахь хэсэг, 15.4 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *** ийг Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

14. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заажээ. 

Нэхэмжлэгч ***  нь Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/39 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын 51 дүгээрт зааснаар 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан байх тул нэхэмжлэгч *** ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх буюу ээлжийн амралт авахаас өмнөх гурван сарын хугацааны цалин 2024 оны 03, 04, 05 сар буюу 11,909,500+2,909,493.84+3,203,467.80=8,022,461.64 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 66 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 8,022,461.64:66=121,552.44 төгрөг байна.

2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал ажлын 67 өдрөөр тооцож үзвэл *** т олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 121,552.44*67 =8,144,013.48 /найман сая нэг зуун дөчин дөрвөн мянга арван гурван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг байх тул үүнийг Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулиас гаргуулан нэхэмжлэгч *** т олгох нь үндэслэлтэй байна.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч *** ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуульд даалгах нь зүйтэй байна.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 8,144,013 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 145,254 төгрөг, нийт 215,454 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулиас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархчуул овгийн ***-ийн ***-ийг  Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Дархчуул овгийн Рагчаагийн Эрдэнэчимэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,144,013.48 /найман сая нэг зуун дөчин дөрвөн мянга арван гурван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулиас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч *** т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар *** ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуульд үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 8,144,013 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 145,254 төгрөг, нийт 215,454 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын *** сургуулиас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ