Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 133/ШШ2024/00513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 3-р багт оршин суух, *** овгийн ***-ын ***-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Буудайн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овогтой ***ын *** миний бие 1964 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Одоо 60 настай. Би 1983 оны 06 дугаар сарын 10-нд цэргийн албанд татагдан ардын армид алба хаагаад 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр халагдаж ирээд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгдлийн Буудайн хэсэгт малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл материал баримт байхгүй. Зарим жилийн саруудын бичилт дутуу цалинг сар сард нь тодорхойлж бичилгүй урьдчилгаа гэж бүтэн жилээр бөөнөөр нь бичсэн учраас ажилласан сарууд дутуу юм шиг харагдаж байна. Хөдөлмөрийн дэвтэр нотлох баримтууд шагнал урамшуулалын бичиг баримтууд 1990 онд гэр шатахад үрэгдсэн тул ажилласан жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Буудайн хэсэгт тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай Ажилд томилох тухай тушаалын Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 497 дугаартай архивын лавлагаа, 1987-1989 онуудын цалингийн тооцооны хүснэгт.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ***  нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Буудайн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. ***ын *** нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Буудайн хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай ...цэргийн албанаас халагдаж ирсэн ...***  нарыг Буудайн Урт Хүрэмтийн хэсэгт малчнаар томилсугай гэх Ажилд томилох тухай тушаалын Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 497 дугаартай ...тус аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Буудайн хэсэгт малчин байсан ***ын *** нь гээд 1987 оны 2, 5, 7-12 дугаар сар, 1988 оны 01-10 дугаар сар, 1989 оны 01-12 дугаар саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, 1987, 1988, 1989 онуудын цалингийн тооцооны хүснэгт,

-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ...***ын *** БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 137 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986.06.15-ны өдөр 619897 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр 1987 оны 1, 3, 4, 6 дугаар сар, 1988 оны 11, 12 дугаар сарын цалин тасалдсан байгаа хэдий ч тухайн үеийн нийгмийн онцлог, нэгдэлд ажиллаж байсан малчны хөдөлмөрийн тасралтгүй ажилладаг байсан хөдөлмөрийн онцлогийг харгалзан ажилласнаар тогтоосон болно.

4. Иймд *** овгийн ***-ын ***-г  1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Буудайн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-ын ***-г  1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Буудайн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ