| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0030/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/42 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ц-т холбогдох эрүүгийн 1838000060026 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ч.Ц,
Шүүгдэгч Ч.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ... тоотод эхнэр О.А-ын толгой руу цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ... тоотод эхнэр О.А-ын толгой руу цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөөний 07 цагийн үед эхнэр бид хоёр урьд болсон асуудлаас болоод хоорондоо хэрэлдэж маргалдсан. Манай эхнэр нь өнгөрсөн жилээс хойш өөр хүнтэй болчихоод явалдаад байгаа юм. Явалдаад байгаа залууг нь танихгүй. Манай эхнэр гадуур гараад явахаараа 2-3 хоног утсаа салгаад алга болчихдог юм. Тэгээд гэртээ ирээд 2-3 хоног байж байгаад хувцсаа сольж аваад гараад алга болчихдог байсан юм. Тэгээд л өөр залуутай болсныг нь мэдсэн юм. Түүнийгээ бодож байгаад хэрүүл хийсэн. Тэгтэл эхнэр миний хаагуур явах чамд хамаагүй гэсэн утгатай зүйл хэлэхээр нь эхнэрийн урт түрүүтэй өвлийн гутлыг аваад эхнэр лүү шидэхэд толгойг нь оносон. Би эхнэрийн гутлыг баруун гартаа барьж байгаад далайж байгаад шидчихсэн юм. Тэгтэл эхнэрийн толгой хэсэгт оносон. Тэгтэл эхнэр орилоод уйлаад суугаад байсан. Тэгтэл эхнэр цагдаа дуудна гэхээр нь би гараад явчихсан. Зугтаагаад хойно найзындаа очиж байж байгаад гэртээ тэр өдрөө буцаад иртэл манай охин Бямбасүрэн та ээжийн толгойг хагалчихсан байна, эмнэлэг явсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Хохирогч О.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байхад босоод галаа түлэх гээд байж байтал манай нөхөр Ч.Ц секс хийнэ гэхээр нь нөхөртэй хүүхдүүд босчихсон байна яах гэсэн юм бэ гэтэл чи угаасаа ойрд зан ааш чинь буруудаад байгаа, өөр хүнтэй болчихсон байна янхан минь гээд хэрүүл өдөж эхэлсэн. Тэгэхээр нь би урдаас нь хэрэлдсэн. Тэгтэл намайг янз бүрээр хэлж байгаад намайг үсдэж унагаагаад миний өмсдөг түрийтэй гутлаар толгой хэсэг рүү цохичихсон. Тэгснээ манай нөхөр хувцсаа өмсөөд гараад явчихсан. Энэ хооронд манай охин Пүрэвдулам цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Ц.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөөний 07 цаг өнгөрч байхад босоод ээж О.А-ыг босоорой ажилдаа явах цаг болчихлоо гэхэд аав Ч.Ц мэдэж байна шүү дээ гээд уурлаад байсан. Тэгээд аав, ээж хоёр орон дотроо байхдаа юм яриад байсан юу ярьсныг нь мэдэхгүй байна. Манай дүү Бямбасүрэн гал тогооны гэрэл асаасан чинь аав унтраа гээд уурлаад муухай үг хэлээд хараагаад байсан. Тэгтэл манай дүү Бямбасүран аавын өөдөөс уурлаж байгаад гараад явчихсан. ...Тэгээд байж байснаа аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд унахаар нь би гэрээс гарч гүйгээд өөрийнхөө 86785535 дугаараас цагдаа руу залгаад манай аав ээжийг зодоод байна яаралтай ирээрэй гэж хэлсэн. Би гэрээс гараад цагдаа дуудаж байхдаа байшингийн цонхоор хартал манай аав, ээжийн толгой руу гараараа цохиж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Ц.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөөний 07 цагийн үед манай төрсөн дүү Пүрэвдулам над руу утсаар залгаад аав, ээж хоёр хэрэлдээд байна хүрээд ирээч гэхээр нь Бишрэлт зочид буудлаас гараад такси бариад гэртээ яваад очтол манай аав Ч.Ц ээжийн толгой руу гутлаар цохиод хагалчихсан гээд байж байсан. Аав Ч.Ц гэрээсээ гараад явчихсан байсан. Ээж толгойнхоо цусыг угаачихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дугаартай:
1.2. О.А-ын биед зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. О.А-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Ч.Ц-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч О.А- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1838000060026 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР