Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/237

 

 2023           03              01                                        2023/ДШМ/237

                          

Х.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/1879 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар эсэргүүцлийг үндэслэн эрүүгийн 00 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

0,

Яллагдагч Х.Г- нь 2022 оны 02 дугаар сарын 24-25-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буман залуус хорооллын зүүн талд байсан А.Н-гийн эзэмшлийн, УБИ дугаартай “Toyota hino” маркийн автомашины 2 ширхэг 150а аккумлятор хулгайлж нийт 574.500 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлахдаа, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1301 дугаар захирамжаар “... Дундговь аймгийн Прокурорын газраас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 94 дүгээр яллах дүгнэлтээр Х.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2222000750097 дугаартай эрүүгийн хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. ... Шүүгдэгч Х.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй...” гэх үндэслэлээр хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасан. Мөн Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Г-т холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэж, яллах дүгнэлт үйлдэж, гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж, хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулсан байна. Тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1301 дугаартай захирамжийн биелэлт хангагдаагүй, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Г-т холбогдох хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, шүүх хуралдаанаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэлдээ “... хэргийг зөвхөн прокурор шийдвэр гаргаж нэгтгэх, ингэхдээ хөнгөн ял оногдуулж болох хэргийг хүнд ял оногдуулж болох хэрэгт нэгтгэхээр хуульчилжээ. Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул эрүүгийн хэргүүдийг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. ... Шүүхийн шатанд эрүүгийн хэргүүдийг нэгтгэх хуулийн зохицуулалтгүй ... Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Х.Г-т холбогдох эрүүгийн 2210007100533 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн болно. ...” гэжээ.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... шүүгдэгч Х.Г-ийн хувьд Дундговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 145 дугаартай шийтгэх тогтоол гарч, тухайн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг биелүүлэх боломжгүй байна гэж үзэж байна. Иймд прокурор О.Доржмаагийн гаргасан эсэргүүцлийг дэмжиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлахдаа машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “ ... Тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1301 дүгээр захирамжийн биелэлт хангагдаагүй, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Г-т холбогдох хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй бөгөөд шүүх хуралдаанаар дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж тус тус хуульчилсан.

Хэрэг авагдсан баримтаас үзэхэд Дундговь аймгийн прокурорын газраас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч Х.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Г-т холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн  22110007100533 дугаар хэрэгтэй нэгтгэж, нэг яллах дүгнэлт үйлдэж, гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж, хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд прокурор Б.Одонтуяагаас “Х.Г-т холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэх” талаар дүгнэлт гаргасны дагуу тус шүүхийн 1301 дүгээр шүүгчийн захирамжаар “Х.Г-ийн үйлдсэн гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй” хэмээн дүгнэж, эрүүгийн хэргүүдийг нэгтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй.

Гэвч прокуророос 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 86 дугаар “нэмэлт мөрдөн байцаалтад буцаах”-аар тогтоол гаргасан атлаа дээрх захирамжуудын биелэлт хангагдаагүй буюу захирамжид заагдсан ажиллагааг хийхгүйгээр тус тогтоолыг гаргасан өдрөө яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд буцааж шилжүүлсэн нь хуулд заасан журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхээс тус шүүгчийн захирамжуудын биелэлтийг хангуулахаар хэргийг прокурор буцаасныг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд яллагдагчийн үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэхгүйгээр тус тусад шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах буюу нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгүүлэхээр хуульчилсан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим зөрчигджээ.

Иймд прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурор О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хэлэлцээд 2022/ШЗ/1879 дүгээр шүүгчийн захирамж гаргасан байх боловч хэргийн оролцогч нарт хуулийн хугацаанд гардуулаагүй, мөн прокурор О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан атлаа хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу 2 сарын дараа давж заалдах шатны шүүхэд ирүүлж, хуулийн хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан байх тул холбогдох ажилтан, албан хаагчид зохих хариуцлагыг тооцох нь зүйтэй бөгөөд цаашид ийм төрлийн алдаа, дутагдал гаргахгүй байхыг зориуд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/1879 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар эсэргүүцлийг эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН