Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01138

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01138

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т оршин суух, С Т-ын Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух Ш Н-ы Чд холбогдох,

6,194,400 (зургаан сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2024/01103/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ***анд мал маллаж амьдардаг. Би өөрийн малын тоо толгойг өсгөх, үүлдэр угсааг нь сайжруулах зорилгоор өөр газраас хүмүүсээс мал худалдаж авдаг юм. Энэ үүднээс би 2023 оны 4,5 дугаар сарын үед ***ын фэйсбүүк зарын груп дээр Үхэр ,ямаа худалдаж авна гэсэн зар мэдээлэл тавьсан байсан. Уг зарын дагуу ***иийн иргэн Н-ы Ч гэгч хүнтэй утсаар холбогдсон. Энэ хүн ямаа, үхэр худалдана гэсний дагуу уг хүнээс 15 ямаа, 5 үхэр худалдаж авахаар амаар тохиролцсон юм.

Тэгээд уг хүнд 15 борлон нийт 15 ямааны 550.000 төгрөг, 3 бяруу, 2 шүдлэн үхэр нийт 5 толгой үхрийн үнэ болох 2.150.000 төгрөг бүгд 2.600.000 төгрөгийг өөрийнхөө 000000000 дугаарын ХААН банкны данснаас тухайн хүний өгсөн ХААН банкны 00000000 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед ***анд очиж уг хүнээс 15 ямаагаа авсан.

Харин үхрийн тухайд бол Үхэр хариулж байгаа айлын хүмүүс байхгүй байна. Араас чинь аваачиж өгье. гэж хэлээд өгөөгүй юм. Үхрийн тухайд 3 бярууг тус бүрийг нь 350 000 төгрөгөөр, 2 шүдлэн үхрийг тус бүрийг нь 500 000 төгрөгөөр тооцож нийт 2,150,000 төгрөг өгсөн байсан. Гэтэл уг хүн үүнээс хойш надаас авсан мөнгөндөө өгөх ёстой үхрээ өгөөгүй төдийгүй сүүлдээ утсаа авахгүй зугтаагаад байдаг болсон.

Би арга ядсандаа энэ хүнийг намайг залилсан гэж үзээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байсан.

Би уг хүнээс үхрээ авах гэж ***аас *** хүртэл үхэр ачих ачааны машинаар 2 удаа ирж очсон. ***аас *** руу нэг талдаа 400км нийтдээ 800 гаруй км газар явсан. Уг замаар 2 удаа явсан гэхээр нийт 1600 км газар явсан. Тухайн үед дизельтүлш 3800 төгрөгөөр авч явсан.Манай ачааны машин 100 км замд 18 литр түлш зарцуулж байсан гэхээр нийтдээ 288 литр 1,094,400 төгрөгийн дизель түлш зарцуулсан. 2023 онд нэг удаа очиж ямаагаа авсан, 2024 онд үхрээ авах гэж нэг удаа очоод утас нь ч холбогдоогүй, олдоогүй буцаж ирсэн.

***т оршин суудаг Ш овогт Н-ы Чгээс надтай хийсэн аман хэлцлийн дагуу өгөх ёстой 3 толгой бяруу, 2 толгой шүдлэн үхэр нь энэ жил нас нэмээд 3 шүдлэн үхэр, 2 хязаалан насны үхэр болсон тул 3 шүдлэнгээ 900,000 төгрөгөөр үнэлж, 2 хязаалангаа 1,200,000 төгрөгөөр үнэлээд 2,400,000 төгрөг нийт үнэ 5,100,000 /таван сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулах, мөн уг хүн хэлцлээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээгүйн улмаас *** руу ***аас 2 удаа ачааны машинаар ирж буцсан зардал болох 1,094,400 / нэг сая ерэн дөрвөн мянга дөрвөн зуун / төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нийтдээ 6,194,400 /зургаан сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун / төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т-ын Э-гийн тус шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 6,194,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлтэй танилцлаа.

2023 оны 8 дугаар сарын 20-дийн үед Т.Э-д 15 ямаа, 5 үхэр зарсан нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн болох 6,194,400 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Мөн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, маргах зүйлгүй.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Н.Чд холбогдуулан 6,194,400 (зургаан сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох нийт 6,194,400 (зургаан сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,060 (нэг зуун арван дөрвөн мянга жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Чгээс 57,030 (тавин долоон мянга гуч) төгрөгийг, улсын орлогоос 57,030 (тавин долоон мянга гуч) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Э-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т.Э-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Чд холбогдох 6,194,400 (зургаан сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Ч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,194,400 (зургаан сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөгийг нэхэмжлэгч Т.Э-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,060 (нэг зуун арван дөрвөн мянга жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Чгээс 57,030 (тавин долоон мянга гуч) төгрөгийг, улсын орлогоос 57,030 (тавин долоон мянга гуч) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Э-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН