Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/05027

 

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/05027

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *дүгээр хороо, Төгс орчин-1 хотхон, * байр, өөрийн байранд байрлах * ХХК /рд:*/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, СОТ 2-1 байр, * тоотод байрлах хаягтай,*ХХК /рд:*/,

Нэхэмжлэлийн шаардлага: 16,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,

хариуцагчийн төлөөлөгч *,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч*ХХК-иас 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: * ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр*ХХК-тай 01-13/01 тоот Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Төгс орчин-1 хотхоны гадна бохирын шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу шугам угсралтын ажлын хөлс, материалын хамт 145,000,000 төгрөг гэж тохиролцож, ажлын хөлсөнд * ХХК-иас нийтдээ 156,000,000 төгрөгийн автомашин болон бэлэн төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл*ХХК нь илүү өгсөн төлбөр болох 11,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй тул уг мөнгө болон алданги уг мөнгөний 50% болох 5,500,000 төгрөг нийт 16,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: 11,000,000 төгрөг илүү төлөгдөх шалтгаан нөхцөл анхнаасаа өөрөөр яригдаж төлөгдсөн. Тэгээд хуулийн дагуу хийгээгүй болохоос хэлсэн ярьснаасаа бүгд зөрөлдсөн асуудлууд дээр манай талаас буруу зүйл байхгүй. Би 11,000,000 төгрөгийг төлөхгүй гэж хэлээгүй. Төлөх нөхцөл байдлыг өөр нөхцлөөр хангаж өгнө гэж ярилцсан тохиролцсоноосоо буцсан нь нэхэмжлэгч юм. Ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээнийхээ хугацаанд надад ажил гүйцэтгэх гэрээгээ биелүүлэх хугацаа олгоогүй. Ажил гүйцэтгэл хийгдээд дууссаны дараа норм нормативынхаа хувьд ус хэрэглээнийхээ мөнгийг зохицуулж чадаагүй. Маш олон удаа өвөл шугамын хөлдөлт гаргасан. Тэр болгон дээр би хөлдөлтийг гэсгээж өгсөн. Дараа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын хашаагаар явах төлөвтэй зургийг надад өгсөн. Иргэний нисэхийн хашаагаар орохооргүй зураг гэж хэлж зуруулж, зураг төслийн инженер н.Хулан гэдэг эмэгтэй дээр 2,3 жилийн өмнөх хийгдсэн байсан. Дараа нь Иргэний нисэхийн хашаа татагдаад хашаа руу нь орох шугам угсрагдах шаардлагатай болсон. Хайлааст шинэ идэр ХХК-ийн захирал *тай тохиролцоог хийгээд хашаагаар нь явуулах боломж бололцоо хугацааг гаргаж өгөөч тэр хооронд бид нар тохиролцоодохъё гэж надад аман хэлбэрээр хэлсэн болохоос албан бичгээр гэрээний үүргээ сунгах нэг ч албан хүсэлт өгөөгүй. Улсын комисст ажиллаад дотор гүйцэтгэл бүрэн дуусаж хэрэглээгээ хэрэглэж эхлэх боломжтой байх үедээ тэр хэрэглээгээ хэрэглэхээс өмнө шугам сүлжээн дээр доголдол маш олон удаа гаргасан. Тэр бүрийг би өөрийн хөрөнгөөрөө засаж янзалсан. Хэргийн материал дээр хавсаргасан албан бичгүүд надад ирээгүй. Би тухай бүр нэмэгдсэн өртгийн албан татварыг шивээд төлөөд явж байсан. 11,000,000 төгрөгийн зөрүү болох машиныг намайг хүлээн авахад 11,000,000 төгрөгийг яаж төлөх талаар нотариатаар оруулж гарын үсэг зуруулсан баримтуудын нэг нь ч хэргийн материалд хавсаргагдаагүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, * ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, итгэмжлэл /хх 5/, * ХХК-ийн 02/08-04 тоот албан бичиг /хх 6/, * ХХК-ийн21-10/06 тоот албан бичиг /хх 7/, Төгс орчин-1 хотхоны гадна бохир №01-13/01 тоот гэрээний тооцоо /хх 8/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх 9-14/,

 

4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлээс 11,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 01-13/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг 145,000,000 төгрөгөөр тохиролцсон тул гэрээний төлбөрт илүү төлсөн 11,000,000 төгрөг, мөн алданги төлбөрт 5,500,000 төгрөг нийт 16,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Би 11,000,000 төгрөгийг төлөхгүй гэж хэлээгүй, илүү төлөгдөх шалтгаан нөхцөл анхнаасаа өөрөөр яригдсан. Төлөх нөхцөл байдлыг өөр нөхцлөөр хангана гэж тохиролцсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч * ХХК болон хариуцагч * ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01-13/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.1, 1.2-т зааснаар * ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Төгс Орчин-1 хотхоны гадна бохирын шугамын угсралтын ажлыг барилгын ажлын зурагт тусгагдсаны дагуу БНбД-д нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хийсэн ажлын хөлс, материалын хамт 145,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01-13/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

 

Талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд, эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Гэрээний 1.2-т зааснаар зүйл болох бохирын шугамын угсралтын ажлын хөлс нь материалын хамт 145,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон байна. Тодруулбал, гэрээний 2.1-д нэхэмжлэгч буюу захиалагч нь гадна бохирын шугамын угсралтын ажлын нийт төлбөрөөс 60,000,000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр төлөх ба урьдчилгаа төлбөрийн 50% хувь 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, 50 хувь буюу 30,000,000 төгрөгийг ажил эхлээд 7 хоногийн дараа төлөх бөгөөд үлдэгдэл 85,000,000 төгрөгийг бартер хэлбэрээр /автомашинаар/ ажлын явцад ба дууссаны дараа төлөхөөр тохиролцсон байна.

 

Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Төгс орчин-1 хотхоны гадна бохир №01-13/01 тоот гэрээний тооцоо гэх баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 22,000,000 төгрөгт Toyota prius /Тоёота приус/ маркийн автомашин, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөгт Toyota ist /Тоёота ийст/ маркийн автомашин, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 68,000,000 төгрөгт Audi A6 /Ауди/ маркийн автомашин тус тус шилжүүлэн өгч нийт 156,000,000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн байна. Энэ үйл баримтын талаар хариуцагчаас маргаагүй.

Иймд нэхэмжлэгч * ХХК-д Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөр болох 11,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх үүссэн байх тул хариуцагч*ХХК-иас гэрээний төлбөрт мөнгөн болон бартер хэлбэрээр шилжүүлэн авсан 156,000,000 төгрөгөөс 11,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.

 

4.2. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.

 

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга анзын нэг төрөл ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8 дахь хэсэгт Гэрээгээр тохирсон ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, захиалагч талд төлнө гэжээ. Гэвч хуулийн уг зохицуулалт нь гэрээний үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн тохиолдолд хэрэглэгдэх юм. Өөрөөр хэлбэл, алданги нь үндсэн үүргийг гүйцэтгүүлэхэд чиглэсэн нэмэлт үүрэг ба үндсэн үүрэг биелэгдсэн, гэрээ дуусгавар болсон учир үндсэн үүргийг хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой алдангийг нэхэмжлэгч шаардах боломжгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*ХХК-иас 190,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч*ХХК-иас 11,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*ХХК-иас 190,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН