| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/05917/И |
| Дугаар | 102/ШШ2024/05047 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/05047
| 2024 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/05047 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, * дугаар * мянгат гудамж, * байр, *тоотод оршин суух * овогт * * /РД:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Хасбаатар * гудамж, * дугаар сургуулийн баруун талд АОС, * тоот * хауст оршин суух * овогт* * /РД:*/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 107,458,718 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 185, 185А тоот зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу 13,744,289 төгрөг гаргуулж, Toyota alphard маркийн * улсын дугаартай, мөн Toyota prius маркийн **улсын дугаартай автомашинуудыг Ц.*ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг А.*д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ц.*ээс 107,458,718 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нар дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
А.*, Ц.* нар харилцан тохиролцож 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр №185 тоот зээлийн гэрээ, №*фидуцийн гэрээг байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 4,0%-ийн хүүтэйгээр зээлэхээр гэрээ байгуулсан. Ц.* нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хугацаандаа хийхгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх талаар Ц.*ээс удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсээр байсан. Мөн Ц.*ийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр №* Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Зээлийн гэрээ, №* фидуцийн гэрээг тус тус байгуулж, Тооцооны үлдэгдлийн баталгааг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлдэгч Ц.* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр фидуцийн гэрээ байгуулан Ц.*ийн өмчлөлийн * улсын дугаартай Toyota Prius30 /Тоёота приус/ маркийн автомашиныг тус тус зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж машиныг өөрөө унаад явсан байдаг. Үндсэн зээл 34,784,953 төгрөг, хүү 15,891,676 төгрөг, алданги 56,782,089 төгрөг, нийт 107,458,718 төгрөгийг Ц.*ээс гаргуулан А.*д олгуулах, зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэхээр гэрээ байгуулсан гэх боловч хариуцагч Ц.* нь нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөг зээлж авсан зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлд дурдсан 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ нь анхнаасаа дүр үзүүлсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын дагуу хүчингүй гэрээ юм. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 185, 185А тоот зээлийн болон фидуци гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Ц.* нь Сток бласт ХХК-иас 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 18,821,737 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 19,278,263 төгрөг нийт 38,100,000 төгрөг шилжүүлэн авсан. Харин иргэн А.*гаас 40,000,000 төгрөг зээлж авсан зүйл байхгүй бөгөөд хуулийн мэдлэг дутмаг байдлын улмаас иргэн А.*тай 2021.02.08-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан. Тиймээс 2021.02.08-ны өдрийн зээлийн болон фидуцийн 185, 185А тоот гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл бөгөөд А.* нь Сток бласт ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд биш тул энэ гэрээ нь хүчингүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 тус тус заасны дагуу 2021.02.08-ны өдрийн 185, 185А тоот зээлийн болон фидуци гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу 13,744,289 төгрөг гаргуулж, Toyota Alphard /Тоёота алпард/ маркийн * улсын дугаартай, мөн Toyota prius /Тоёота приус/ маркийн 0250УНЕ улсын дугаартай автомашинуудыг Ц.*ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг А.*д даалгах гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд А.*, Ц.* нар харилцан тохиролцож 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 185 дугаартай Зээлийн гэрээ, 185А дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн * Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, * дугаартай Зээлийн гэрээ, * дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулсан. Гэрээнд заасны дагуу 40,000,000 төгрөгийг Сток Бласт ХХК-иас Ц.*ийн эзэмшлийн Голомт банкинд дахь 2805108164 дугаартай данс руу 2021 оны 2 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр 3 хувааж шилжүүлсэн. Энэхүү 40,000,000 төгрөг нь А.*н захиран зарцуулах эрхтэй мөнгө байсан гэдгийг Сток Бласт ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн байдаг. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлд дурдсан дээрх гэрээнүүд нь Ц.*ийн хүсэлтийг үндэслэн байгуулагдсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Хариуцагчийн төлөөлөгчөөс гаргаж буй сөрөг нэхэмжлэл нь ямар нэг нотлох баримтгүй, үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, Зээлийн гэрээ №185, хавсралт /хх 5-7/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ №185А /хх 8-9/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 10/, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх 11/, Зээлийн гэрээ №*, хавсралт /хх 12-14/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ №* /хх 15-16/, Зээлдэгч Ц.*ийн зээл төлөлтийн хүснэгт /хх 17/, Зээл хүсэгчийн анкет /хх 18/, Алтансувд овогтой *д хүсэлт гаргах нь /хх 19/, итгэмжлэл /хх 44/, Голомт банкны шилжүүлгийн баримт /хх 50-52/, Сток бласт ХХК-ийн 2023/95 тоот албан бичиг /хх 66-67/, Зээлдэгч Ц.*ийн зээл төлөлтийн тооцоолол /хх 105/, Хариу тайлбар гаргах нь /хх 113/,
6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх 45/, Хариу тайлбар /хх 72/, Сөрөг нэхэмжлэл /хх 97/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 100-104/, итгэмжлэл /хх 122/, Сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /165/,
7. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Голом банк ХК-ийн 14/ХХ/03-1428 тоот албан бичиг, хавсралт /хх 64-65/, Автотээврийн үндэсний төвийн №162 лавлагаа /хх 83-85/, Д.Энхтуулаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 109-111/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 13/7444 тоот албан бичиг, хавсралт /хх 162-163/,
Хариуцагчийн хүсэлтээр Хаан банк ХК-ийн 29/6770 тоот албан бичиг, хавсралт /60-63/, Хаан банк ХК-ийн 29/8819 тоот албан бичиг, хавсралт /хх 92-95/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 784 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 128-131/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 9/9303 албан бичиг, хавсралт /хх 154-156/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.*н нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Ц.*ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Зээлийн төлбөрт 34,784,953 төгрөг, зээлийн хүү төлбөрт 15,891,676 төгрөг, алданги төлбөрт 56,782,089 төгрөг, нийт 107,458,718 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөгийн зээл аваагүй. 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нь Сток бласт ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд биш тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар 2021.02.08-ны өдрийн 185, 185А тоот зээлийн болон фидуци гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу 13,744,289 төгрөг гаргуулж, Toyota Alphard /Тоёота алпард/ маркийн * улсын дугаартай, мөн Toyota prius /Тоёота приус/ маркийн 0250УНЕ улсын дугаартай автомашинуудыг Ц.*ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг А.*д даалгах гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг хариуцагчид Сток бласт ХХК-иас шилжүүлэн өгсөн 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.*г захиран зарцуулах эрхтэй мөнгө байсан гэдгийг Сток бласт ХХК-иас албан бичгээр тайлбарыг ирүүлсэн. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлд дурдсан дээрх гэрээнүүд нь Ц.*ийн хүсэлтийг үндэслэн байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үгүйсгэсэн.
6. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Хэрэгт нэхэмжлэгч А.* болон хариуцагч Ц.* нарын хооронд 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 185 дугаартай зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр хариуцагч Ц.* нь нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай буюу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл, 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ. Мөн зээлдэгч нь зээл болон хүүг гэрээний хавсралтад заасан эргэн төлөх графикийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө 185А тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, 6529 УНЯ улсын дугаартай, ANH100202389 арлын дугаартай, Toyota Alphard /Тоёота алпард/ маркийн автомашин, 0250 УНЕ улсын дугаартай, ZVW305412957 арлын дугаартай, Toyota prius /Тоёота приус/ маркийн автомашинуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон байна.
Мөн хэрэгт талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан * дугаартай зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь 48,301,502.88 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй хариуцагчид зээлүүлэх, зээлдэгч нь зээл болон хүүг гэрээний хавсралтад заасан эргэн төлөх графикийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө * тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, 6529 УНЯ улсын дугаартай, ANH100202389 арлын дугаартай, Toyota Alphard /Тоёота алпард/ маркийн автомашин, 0250 УНЕ улсын дугаартай, ZVW305412957 арлын дугаартай, Toyota prius /Тоёота приус/ маркийн автомашинуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон байна.
Түүнчлэн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 185 дугаартай Зээлийн гэрээний 4.2.1 заалт, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан * дугаартай Зээлийн гэрээний 4.2.1 заалтуудад зээлийн гэрээний хавсралт 1-д заасан үндсэн зээл болон зээлийн хүүг Хаан банк дахь А.*гийн 5111485212 тоот харилцах дансанд хийнэ гэж тус тус заасан нь зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйг тодорхойлсон байна.
6.2 Сток бласт ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 08, 09-ний өдөр Голомт банк дахь хариуцагчийн 2805108164 дугаар данс руу 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Голомт банкны шилжүүлгийн баримт, дансны хуулга баримтаар нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх дансыг өөрийн данс мөн эсэхэд болон 40,000,000 төгрөгийг бусдаас шилжүүлж авсан үйл баримтын талаар маргаагүй. Хариуцагч нь дээрх 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.*гаас зээлээгүй, мөнгийг Сток бласт ХХК шилжүүлсэн гэж маргасан.
Хэргийн 19 дүгээр талд Алтансувд овогтой *д хүсэлт гаргах нь гэх бичгийн нотлох баримт авагдсан байна. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, Цэцэг овогтой * миний бие 2021.02.08-ны өдөр авсан 40,000,000 төгрөгийн зээлээ хил хаагдсанаас болж төлж чадалгүй 2022.02.17-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 34,784,952, хүүний төлбөр 6,819,230, алданги төлбөр 6,697,320 байгаагаас 2022.03.01-ний дотор хүүний төлбөр болох 6,819,230 төгрөгийг төлж зээлийн гэрээг шинээр 38,133,612 төгрөгөөс эхлүүлэх хүсэлтэй байна. Хэрвээ би хэлсэн хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд 6529 УНЯ улсын дугаартай Alphard автомашинаа хураалган грашид хадгалуулахыг зөвшөөрч байна. Хүсэлт гаргасан Ц.*, 2022.02.17, 89898932 гэж гарын үсэг зурсан байна.
Хариуцагчаас дээрх Алтансувд овогтой *д хүсэлт гаргах нь гэх бичгийн нотлох баримтын хүсэлт гаргасан Ц.* гэсний ард зурагдсан гарын үсгийг өөрийнх мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Алтансувд овогтой *д хүсэлт гаргах нь гэх бичгийн нотлох баримт дээрх гарын үсэг нь хариуцагч Ц.*ийнх мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 784 дугаар шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Ц.*ийн гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байгаа нь тогтоогдсон болно.
Алтансувд овогтой *д хүсэлт гаргах нь гэх бичгийн нотлох баримтаар үндсэн зээлийн төлбөрт 34,784,952 төгрөг, хүүний төлбөрт 6,819,230 төгрөг, алданги төлбөрт 6,697,320 төгрөг, нийт 48,301,502.88 төгрөгийг хариуцагч Ц.* төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул Алтансувд овогтой *д хүсэлт гаргах нь гэх бичгийн нотлох баримтаар хариуцагч Ц.*ийг зээлийн төлбөрт 34,784,952 төгрөг, хүүний төлбөрт 6,819,230 төгрөг, алданги төлбөрт 6,697,320 төгрөг, нийт 48,301,502 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас Алтансувд овогтой *д хүсэлт гаргах нь гэх бичгийн нотлох баримтаар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан Алтансувд овогтой *д хүсэлт гаргах нь гэх бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн ...Гэрээнд заасны дагуу 40,000,000 төгрөгийг Сток бласт ХХК-иас Ц.*ийн эзэмшлийн Голомт банкинд дахь 2805108164 дугаартай данс руу 2021 оны 2 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр 3 хувааж шилжүүлсэн гэх тайлбар, Сток бласт ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/95 тоот тайлбар, мэдүүлэг хүргүүлэх тухай албан бичиг, Голомт банк дахь хариуцагчийн 2805108164 дугаар данс руу 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтуудыг харьцуулан үзвэл хариуцагчийг нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөгийг зээлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх гэрээнүүдэд зохигчид өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсэг зурсан, гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6.3 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл 40,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Иймд нэхэмжлэгч нь зээл 40,000,000 төгрөгийг Голомт банк дахь хариуцагчийн данс руу шилжүүлсэн байх тул тэдний хооронд зээлийн гэрээг байгуулсан тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Нэгэнт бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог тул нэхэмжлэгч А.* Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 34,784,952 төгрөг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгүүдэд зааснаар зээлийг ашигласны хариу үүрэг буюу хүү болох 15,891,676 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах эрхтэй.
6.4 Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар гэрээгээр тохиролцсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Харин Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтыг үндэслэж алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн тал хувь болох 25,338,314.5 төгрөгөөр тогтооно.
6.5 Харин фидуцийн гэрээ нь барьцааны гэрээнээс ялгаатай бөгөөд үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчээс бодитоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангах эсвэл үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө төлөх баталгаа болгож өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг шүүхийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг автомашинуудаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
7. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*ээс нийт 76,014,943.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*д олгож, үлдэх 31,443,774.5 төгрөгт холбогдох хэсгийг, мөн фидуцийн зүйл болох * улсын дугаартай, Toyota Alphard /Тоёота алпард/ маркийн автомашин, 0250УНЕ улсын дугаартай, Toyota prius /Тоёота приус/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь уг шаардлага, үндэслэлийг ...талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэж үгүйсгэсэн.
Талуудын хооронд 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 40,000,000 төгрөгийн зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу 13,744,289 төгрөг гаргуулж, Toyota alphard маркийн * улсын дугаартай, мөн Toyota prius маркийн * УНЕ улсын дугаартай автомашинуудыг Ц.*ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг А.*д даалгах шаардлагыг хангах боломжгүй.
Тодруулбал, байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэн багтаажээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхыг, 56.1.2-т аливаа гэрээний талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, байгуулсан хэлцлээрээ ямарваа нэг үр дагавар гаргахыг хүсээгүй дүр үзүүлж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг тус тус заасан.
Мөн аливаа этгээд хуулийн хүрээнд, бие даан, чөлөөтэй хэлцэл хийх эрхийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгээр хамгаалдаг бөгөөд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй болохыг уг хуулийн заалтаар зохицуулжээ. Түүнчлэн, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болохыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан.
Дээр дурдсанчлан зээлийн гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 43 дугаар зүйлийн 43.2.1.-д заасан шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56,1.2, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив.
9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 538,025 төгрөгийг төлүүлнэ. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.*ээс 76,014,943.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,443,774.5 төгрөгт холбогдох хэсгийг, фидуцийн зүйл болох * улсын дугаартай, Toyota Alphard /Тоёота алпард/ маркийн автомашин, 0250УНЕ улсын дугаартай, Toyota prius /Тоёота приус/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.*д холбогдох 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 185, 185А тоот зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу 13,744,289 төгрөг гаргуулж, Toyota alphard маркийн * улсын дугаартай, мөн Toyota prius маркийн * УНЕ улсын дугаартай автомашинуудыг Ц.*ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг А.*д даалгах тухай хариуцагч Ц.*ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 765,443.59 төгрөгийг, хариуцагч Ц.*ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*ээс 538,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН