Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

   2018          01           11                                     49

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч: Ц.Э,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч: Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөх овогт Энхтөрийн Сд холбогдох эрүүгийн 1703 0000 10158 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 4-11 настай 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, Хөх овогт Энхтөрийн С.

Шүүгдэгч Э.С нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн уулзвар замд “Тоёота приус” маркийн, 29-67 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Э, Б.Мнарыг мөргөн Ц.Э, Б.Мнарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.С мэдүүлэхдээ:

2017 оны 9 дүгээр сарын 29-ний 13 цаг 15 минутын үед “Хөх бүрд” худалдааны төвөөс хүнсээ аваад 25 дугаар эмийн сангийн уулзвар руу уруудаж байсан. Тэгээд уулзвар нэвтрэхийн өмнө гэрэл дохиог харахад ногоон гэрэл асаж байхаар нь “уулзвараар шууд гарч болох юм байна” гэсэн бодолтой уулзвар гартал гэнэт толь хаагдаад, хажууд юм цохигдоод унах шиг болсон. Тэгээд тоормосоо гишгээд, аваараа татаад машинаас буугаад хартал Э хүүхдээ тэврээд газар хэвтэж байсан. Тухайн үед би явган хүний гэрлэн дохиог анзаараагүй. Хажуу талаас ордог уулзар болохоор харагдах боломжгүй байсан. Тэр уулзварыг дараа нь очиж харахад дээд талын гэрэл нь зөвшөөрсөн ногоон асаж байгаа бол явган зорчигчийн гэрэл улаан асдаг юм байна лээ. Тухайн үед замын хажуу талын багана явган зорчигчийг халхлаад надад харагдаагүй байсан. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулах талаар даатгалд шаардлагатай бичиг баримтыг өгсөн. Даатгалын газраас хэрэгт хамааралтай хохирлыг гаргаж өгнө гэж хэлсэн. Мөн насанд хүрээгүй хохирогч Мийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хохирол төлөхөд манай эцэг, эх туслана гэж хэлсэн. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байхад хохирлыг төлөх хүсэлтээ мөрдөн байцаагчид гаргасан боловч мөрдөн байцаагч Дэлгэрбат хохирлын баримт гүйцээгүй байна гэж хэлж байсан. Сүүлд байцаагч Дэлгэрбат хохирлын баримтыг танилцуулсан. Надад танилцуулсан хохирлын баримтуудтай маргах зүйлгүй, хохирогч нарын одоо нэхэмжилж байгаа хохирлыг 10 хоногийн хугацаанд төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ц.Э мэдүүлэхдээ:

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр охин Мийг эмнэлэгт үзүүлээд гэр рүүгээ харихаар зам хөндлөн гарсан. Тухайн үед охиноо тэврээд, хүүгээ баруун талдаа хөтлөөд явж байсан. Явган хүний гэрэл асахад урагшаа нэг алхахад машины баруун талаар шүргэгдээд охинтойгоо хамт газар унасан. Машин хажуугаар гарц өнгөрч зогсоод жолооч нь гарч ирсэн. Миний ард олон хүн зогсож байсан. С машинтайгаа цаанаас маш хурдтай ирж байсан. Би гарц дээр тээврийн хэрэгслийг зогсоно гэж бодоод зам гарсан. Энэ талаар гэрчлэх гэрчүүд байгаа. Надад зүүн хөлийн өвдөгний чагтан холбоосын урагдал гэмтэл учирсан бөгөөд дурангийн хагалгаанд 10 дугаар сарын 25-нд орсон. Одоогоор бүрэн гүйцэд эдгэрээгүй байна. Хагалгааны төлбөр 2 500 000 төгрөг байсан бөгөөд эрүүл мэндийн даатгалаараа 75 хувь хөнгөлүүлж төлсөн. Хэрвээ эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй бол хохирлын хэмжээ өндөр гарах байсан. Шүүгдэгчээс хагалгааны зардал болон бусад эмчилгээтэй холбоотой нийт 2 370 320 төгрөгийг нэхэмжилж байна. Би ослын улмаас 4 сар ажлаа хийж чадаагүй ба цалингаа нэхэмжилнэ. Мөн цаашид дахин томографийн зураг авахуулах төлбөрийг нэхэмжилнэ. Хөл бүрэн эдгэрээгүй байгаа учраас ажилдаа ороогүй байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Б.Б мэдүүлэхдээ:

Манай хүүхдийн баруун талын шилбэ хугарсан бөгөөд хавраас имрай хийлгэх хүсэлтэй тул энэ зардлыг өнөөдрийн байдлаар баримтаар гарсан зардал дээрээ нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна. Одоо манай хүүхэд 1 нас 7 сартай. Дөнгөж хөлд орсон байхдаа энэ осолд орсон. Хүүхэд маань одоо явж байгаа. Нийт эмчилгээний зардалд 293 039 төгрөг нэхэмжилж байна. Би тэр замаар өдөрт 4-5 удаа явдаг. Би өглөө болгон хүүхдүүд болон эхнэрээ хүргэж өгч, орой нь авдаг. Манай эхнэр ОХУ-ын Санктпетербург хотод 6 жил сурсан ба тэнд гарцгүй газраар юм уу зөвшөөрөгдөөгүй гэрлээр зам хөндлөн гарвал өндөр торгууль төлдөг учраас гэрлэн дохиогүй газраар зам гардаггүй. С энэ хэрэгт ямар ч гэмшсэн зүйлгүй байгаа бөгөөд цагдаагийн газар нөхөр нь гэх залуу таньдаг цагдаагаа хайж байсан. Осол гарснаас хойш биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Ослын дараа тэр цагдаа болон түргэн тусламж дуудаагүй. Мөн ослын дараа С ах гэх хүн согтуу Гэмтлийн эмнэлэг дээр ирээд биднийг дайрч доромжилсон, цагдаа тэр хүнийг биднээс салгасан гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Энхтуяа мэдүүлэхдээ:

...осол гарсан өдрөө миний 99904153 дугаарын утас руу ярьж осол гаргасан талаар хэлсэн гэжээ. (хавтаст хэргийн 52 дугаар хуудас)

 

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12496 тоот дүгнэлтэд:

1. Б.Мийн биед баруун шилбэний доод 1/3 хэсгийн далд хугарал, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 62 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлтээр гаргасан 1171 тоот дүгнэлтэд:

1. Ц.Эын биед зүүн өвдөгний үений дотор холбоосын урагдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 67 дугаар хуудас)

 

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. (хавтаст хэргийн 14-19 дүгээр хуудас)

 

Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай магадлагаанд:

 “Тоёота приус” маркийн, 29-67 УБР улсын дугаартай автомашины жолооч Энхтөрийн С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.С ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 120 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.С нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн уулзвар замд “Тоёота приус” маркийн, 29-67 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч, хохирогч нарыг мөргөж, Ц.Эын эрүүл мэндэд зүүн өвдөгний үений дотор холбоосын урагдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол,

 Б.Мийн эрүүл мэндэд баруун шилбэний доод 1/3 хэсгийн далд хугарал, духанд цус хуралт хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч Э.Энхтуяа нарын мэдүүлэг, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12496 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлтээр гаргасан 1171 тоот дүгнэлт, мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай магадлагаа зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Тээврийн прокурорын газраас Э.С гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

Хохирогч Ц.Э эмчилгээний зардалтай холбоотой 2 370 320 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Б.Мийн эмчилгээний зардалтай холбоотой 293 039 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгчээ.

 

Э.С нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 10 /арав/ хоногийн хугацаад гэм хорын хохиролд 2 370 320 төгрөгийг хохирогч Ц.Эд, 239 039 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Б.Мийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд төлөхөө илэрхийлсэн болно.

Хохирогч Ц.Э, Б.Мийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах тухай нэмэгдэл ял хэрэглэнэ гэж заагаагүй тул Э.С В ангиллын 640690 дугаартай жолооны үнэмлэх, Т-Приус 29-67 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн 01375298 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хөх овгийн Энхтөрийн С автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.С 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.С нь торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д  зааснаар шүүгдэгч Э.Сос гэм хорын хохиролд 2 370 320 төгрөг гаргуулж хохирогч Ц.Эд, 239 039 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Мийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгосугай.

 

6. Э.Сд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 10 /арав/ хоногийн хугацаанд гэм хорын хохиролд 2 370 320 төгрөгийг хохирогч Ц.Эд, 239 039 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Б.Мийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд төлөхийг даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

8. Хохирогч Ц.Э, насанд хүрээгүй хохирогч Б.Мийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болмогц В ангиллын 640690 дугаартай жолооны үнэмлэх, Т-Приус 29-67 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн 01375298 дугаартай гэрчилгээг Э.Сд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

           10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОЮУН