| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05405/И |
| Дугаар | 102/ШШ2024/05048 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/05048
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Нисэхийн * дүгээр гудамж, * тоотод оршин суух * овогт ** /рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух * овогт * * /рд:*/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*,
хариуцагч Б.*,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Б.*д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие нөхөр Б.*тай 2013 онд танилцаж, улмаар бид 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин * 2014.08.15-ны өдөр төрсөн. Би 2018 онд Швейцарь улсад амьдрах болсон бөгөөд бид тус тусдаа амьдраад 8 жил болж байна. Түүнээс хойш Б.*тай уулзаагүй, харилцаа холбоо тасраад 8 жил гаруй хугацаа болж байна. Бидний хооронд хүүхдийн асрамж болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Охин маань надтай амьдарч байгаад Швейцарь улс руу ээж рүүгээ явж, одоо тус улсын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид суралцдаг. Тэнд очоод 2 жил болж байгаа. Амьдрах нөхцөл нь сайн болохоор ээж рүү нь явуулсан. Хүүхдийн маань эрх ашиг ирээдүйд энэ нь хэрэгтэй байгаа учраас гэрлэлт цуцлуулах, охиноо ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 3/, *, Б.* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4, 5/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, *гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 257 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх 8/.
4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бид тус тусдаа амьдраад 8 жил болж байна” гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч * болон хариуцагч Б.* нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1107000993 дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр охин * төржээ.
4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 257 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
4.2. Гэрлэгчид насанд хүрээгүй охин *г эхийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *г эх *ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасантай нийцнэ.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан * овогт * *, Буурал овогт ** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *г эх *ийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т олгосугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН