Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

  2018          01          10                                      33

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мцэцэг,

шүүгдэгч: М.М,

шүүгдэгч: Н.Б,

шүүгдэгч: Н.Ба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаван мянган овогт Магсарын М, Гурван загал овогт Намжилжавын Б, Сайханзул овогт Намсрайсүрэнгийн Ба нарт холбогдох эрүүгийн 2017 2602 1393 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 02-20 насны 3 хүүхдийн хамт, тоотод оршин суух,

2001 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, регистрийн дугаар, Хаван мянган овогт Магсарын М.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач, нийгмийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, Гурван загал овогт Намжилжавын Б.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ухаан, улс төр судлаач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 10-17 настай хоёр хүүхдийн хамт, Ба тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЕЮ, Сайханзул овгийн Намсрайсүрэнгийн Ба.

 

            Шүүгдэгч М.М нь “2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М гал” төвийн гадаа Н.Б, Н.Ба нартай бүлэглэн Г.Няг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан”,

Шүүгдэгч Н.Б нь “2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М гал” төвийн гадаа М.М, Н.Ба нартай бүлэглэн Г.Няг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан”,

Шүүгдэгч Н.Ба нь “2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М гал” төвийн гадаа М.М, Н.Б нартай бүлэглэн Г.Няг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.М мэдүүлэхдээ:

Би Солонгос улсад 10 гаруй жил ажиллаж байгаад ирсэн юм. Монголд ирээд найзуудтайгаа нийлж махны худалдаа эрхэлдэг. Би өөрийн холбогдсон хэрэгт гэмшиж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ямар нэг байдлаар маргах зүйлгүй. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Архи ууж яваад ийм хэрэгт холбогдсон. Дахин ийм асуудалд орохгүй, гэм буруугаа ойлгож байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Б мэдүүлэхдээ:

Тухайн хэрэг болох үед цагаан машинтай хэсэг хүмүүстэй хэдэн залуус муудалцаж байхаар нь би салгах гэж очсон. Тэгэхэд нөгөө залуус биднийг цагаан машинтай хүмүүстэй андуурсан байх. Би Мтэй багын найзууд бөгөөд хааяа уулздаг. Тухайн үед болсон асуудалд гэмшиж байна. Хохирогч бидэнтэй харилцан муудалцсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3 400 000 төгрөгийг бид гурав хувааж төлсөн. Гэм буруугаа ухамсарлаж байна. Шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хүлээхэд бэлэн байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Ба мэдүүлэхдээ:

Би сард 650 000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Тухайн баарны эзэн манай найз бөгөөд би гадаа болж байгаа зодооныг салгах гэж очоод нүүр рүүгээ өшиглүүлээд уур хүрээд ноцолдсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ня мэдүүлэхдээ:

...2017 оны 6 дугаар сарын 09-ний орой их сургуулийн ангийн найз Ууганбат, Эрдэнэбилэг нарын хамтаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах “М гал” төвийн 1 давхарын “Аяриш” пабад их сургуулийн уулзалтын талаар ярилцахаар орцгоосон. Тэр газарт сууж байх үедээ 2 шил “Соёмбо” архи хувааж ууцгаасан. Бид гурвыг сууж байх үед танил найзууд маань бас ирсэн бөгөөд тэр архинаас ууцгаасан. Удалгүй хамт сууж байсан найзууд маань явж, Ууганбат, Эрдэнэбилэг нарын хамт үлдээд, сууж байгаад 01 цагийн орчим тус пабаас гараад явсан. Түрүүлээд Эрдэнэбилэг гарчихсан үүдэнд зогсож байсан. Ууганбат бид хоёр араас нь гарахад араас зөөгч “сүүлд авсан цэвэр усны тооцоо дутуу байна ахаа” гэж байсан. Яг тэр үед Эрдэнэбилэгтэй пабын гадна үүдэнд цагаан машинтай хүмүүс маргалдаж байх шиг байсан. Ууганбат бид хоёр эргэж ороод усны тооцоо хийчихээд гараад ирэхэд манай найз Эрдэнэбилэгийг халзан толгойтой, саарал цамцтай, өндөр, биерхүү, 40 орчим настай залуу бариад авчихсан зогсож байсан. Цагаан машин дотор сууж байсан хүмүүс дотроос нэг нь “тооцоогоо хийж чадахгүй муу гөлөгнүүд, наад муу гөлөгнүүдээ байлгаж бай” гэж хэлж байх шиг байсан. Тэгж байтал ногоон цамцтай махлаг тарган хүн 2-3 залуутай гарч ирсэн. Сүүлд асуухад тэр хүн өөрийгөө тэр пабын захирал Баяраа гэж өөрийгөө хэлж байсан. Баяраа гэдэг хүн тухайн үед бид гуравт хандаж “тооцоогоо бүрэн хийж чадахгүй юм уу та нар” гэж хэлж байсан. Би халзан топгойтой хүнээс Эрдэнэбилэгийг салгаад авах гэтэл Ууганбат бид хоёрыг тэр халзан толгойтой залуу нэг нэг удаа нүүр рүү цохисон. Эрдэнэбилэгийг салгаж аваад цааш холдоод явах гэтэл халаасанд маань байсан гар утас, 70 000 төгрөг байхгүй байсан. Би тэд нарыг авсан гэж үзээд буцаж очоод гар утас мөнгөө авъя” гээд нэхсэн. Би гар утас, мөнгөө нэхэхэд тэр хүмүүс дотор байсан цагаан малгайтай цамцтай бор залуу “хөгшөөн маргалдах хэрэггүй” гээд над руу ирсэн. Би утсаа, мөнгөө авчихмаар байна гэхэд халзан толгойтой залуу болон хамт байсан залуус нь ирээд учир зүггүй над руу дайраад нүүр, ам, толгой, шүд рүү өшиглөж гараараа цохиж эхэлсэн. Хэн нь яаж цохисныг анзаараагүй. Энэ дундаас халзан толгойтой залуу Ууганбатыг дахин нүүр рүү нь цохих үед би дундуур нь орж салгатал халзан толгойтой залуу нэг залуутай нийлж намайг татаж, дахин нүүр рүү цохисон. Хоёр найзыгаа аваад тэд нараас салгаад урдуур нь ороод “одоо боль, яасан гэж зодож байгаа юм бэ” гэтэл дахин бүгдээрээ ирээд бид гурвыг нийлж зодсон. Намайг унагаж байгаад толгой түрүүгүй өшиглөсөн. Би ухаан алдаад газарт унаад нэг сэртэл дээрээс 4-5 уулаа өшиглөөд, дэвсээд зогсож байсан. Тэгж байгаад тэр залуус бүгдээрээ паб руугаа орчихсон гэжээ. (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ууганбат мэдүүлэхдээ:

...2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр найз Ня, Эрдэнэбилэг нарын хамтаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аяриш” нэртэй паб руу орсон. Тус паб дотор нэмж найзууд маань ирсэн. Бид нар нийлж хоёр шил “Соёмбо” архи хувааж ууцгаасан. Нэмж ирсэн найзууд маань явж Эрдэнэбилэг Ня бид гурав пабад үлдээд сууж байгаад шөнө 01 цагийн орчим тус пабнаас гарсан. Яг гарах гээд алхаж явтал араас пабын бармен бололтой нэг залуу дуудаад “ахаа сүүлд авсан нэг усны тооцоогоо хийгээрэй” гэж хэлсэн. Эрдэнэбилэг пабын гадна үлдээд Ня бид хоёр буцаж орж тооцоогоо пабын барментэй хийгээд буцаж гартал пабын үүдэн дээр Эрдэнэбилэгтэй 2 залуу хэрэлдэж маргалдаж байсан. Би очоод тэр залуусыг “юунаас болж маргалдаад найзыг маань дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлээд би тэр хоёр залуутай маргалдаж эхэлсэн. Халзан толгойтой залуу эхлээд учир зүггүй гараараа миний нүүр рүү нэг удаа цохиод авсан. Би яаж байгаа юм бэ гээд барилцаад авсан. Хажуу талаас Эрдэнэбилэг, Ня хоёр салгах гэтэл халзан толгойтой нөхөр Ня руу дайраад эхэлсэн. Тэгээд тэр хүмүүс бүгдээрээ Ня руу дайрсан. Тэд нар Няг газар унагааж байгаад хэдэн талаас нь өшиглөөд эхэлсэн гэжээ.  (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ:

...би 2017 оны 6 дугаар сарын 09-ний орой 00 цагийн орчим “М гал” төв дээр найз Ууганбат, Ня хоёр дээр очсон. Тэр газар очоод бид нар нийлээд 2 шил “Соёмбо” архи ууцгаасан. Манай өөр найзууд бас нэмэгдэж ирж архинаас уусан. Удалгүй найзууд маань яваад Ууганбат. Ня бид гурав үлдсэн. Тус пабаас 02 цагийн орчим гарсан бөгөөд бид гурвыг гарч байтал бармен нь усны тооцоогоо хий гэж хэлэхээр нь би пабын үүдэнд үлдээд Ууганбат, Ня нар буцаж паб руу орсон. Би пабын гадна зогсож байтал паб дотроос 2 эрэгтэй, 2 эмэгтэй гарч ирээд миний хойно зогсож байсан цагаан өнгийн жийп рүү суусан. Тэр 4 хүний бүдүүн залуу нь над руу ирээд “хөөе ахын дүү” гэхэд нь эргэж харсан чинь “гөлөг минь замаас зайлаач, чи яасан том бацаан бэ” гэсэн. Та яахлаараа хүн амьтан доромжилдог билээ гээд түүнтэй маргалдсан. Тэгж байтал пабаас Ууганбат, Ня нар гараад ирсэн. Ууганбат намайг өмөөрч тэр залуутай маргалдсан. Тэгж байтал пабаас 4-5 залуучууд гараад ирсэн. Гарч ирэнгүүтээ Ууганбат, Ня хоёрыг цохиод дайраад байсан гэжээ.  (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Баяржаргал мэдүүлэхдээ:

...2017 оны 6 дугаар сарын 09-ний орой найз Батэй хамт “М гал” төвийн ажлын оффисын өрөөнд сууж байгаад 03 цагийн орчим түүнийг гаргаж өгөх гээд хамт гарахад “М гал” төвийн гадна талд хүмүүс маргалдаж байгаад хороондоо зодолдож эхэлсэн. Би салгах гэж оролдсон. Манай найз Ба бас салгах гэж оролдсон. Тэгээд нэг хэсэг хүмүүс нь машинд суугаад явсан гэжээ. (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас)

 

      Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7791 тоот шинжээчийн дүгнэлтэд:

      1. Г.Нягийн биед тархи доргилт, дээд уруулын цус хуралт, үүдэн дээд 2 шүдний хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун дал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас)

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36-43 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 103 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Ба ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 104 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.М 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан гэжээ. (хэргийн 105 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч М.М нь 2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М гал” төвийн гадаа Н.Б, Н.Ба нартай бүлэглэн хохирогч Г.Няг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын цус хуралт, үүдэн дээд 2 шүдний хугарал, хамар ясны хугарап, хамар, баруун дал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Б нь 2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М гал” төвийн гадаа М.М, Н.Ба нартай бүлэглэн Г.Няг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын цус хуралт, үүдэн дээд 2 шүдний хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун дал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Ба нь “2017 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М гал” төвийн гадаа М.М, Н.Б нартай бүлэглэн Г.Няг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын цус хуралт, үүдэн дээд 2 шүдний хугарал, хамар ясны хугарал, хамар, баруун дал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Г.Ня, гэрч Б.Ууганбат, Д.Эрдэнэбилэг, Ш.Баяржаргал нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7791 тоот дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Г.Ня нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 551 172 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж  өгсөн боловч шүүгдэгч нар нь хохирогчид 3 400 000 төгрөг төлсөн байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Г.Ня нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэгийг хэрэгт хадгалах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хаван мянган овогт Магсарын М, Гурван загал овогт Намжилжавын Б, Сайханзул овогт Намсрайсүрэнгийн Ба нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Мийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар,

Н.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар,

Н.Баг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М.М нь торгох ялыг 2 сар /хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг,

Н.Б нь торгох ялыг 2 сар /хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг,

Н.Ба нь торгох ялыг 2 сар /хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.М, Н.Б, Н.Ба нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.М, Н.Б, Н.Ба нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Г.Ня нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.М, Н.Б, Н.Ба нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.М, Н.Б, Н.Ба нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН