Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/275     

 

 

2023            03             09                            2023/ДШМ/275                                                                                                                                                                                                                           Ч.Г-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

яллагдагч Ч.Г-,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/31 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар эсэргүүцлээр эрүүгийн 00 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          0,

          Ч.Г- нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Hyundai Sonata маркийн 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 5 дугаар гудамж руу баруун гар тийш эргэж орохдоо зорчих хэсэг дээр хэвтэж байсан Х.Ч-ыг дайрч амь насыг нь хохироосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн цаг хугацаанд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлдээ мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Тээврийн прокурорын газраас: Ч.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... прокурор яллагдагчийн хүсэлтийг шийдвэрлэж, прокурорын санал үйлдэхдээ яллагдагчийн холбогдсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх санал үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй ... хууль тогтоогч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр хуульчилсан байхад мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдоно. Нөгөө талаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь яллагдагчаас нийт 10.503.000 төгрөгийн баримттай болон баримтгүй зардал нэхэмжилснийг яллагдагч Б.Г- 8.400.000 төгрөг төлсөн байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцогдохгүйн дээр, хуульд зааснаар хохирол нөхөн төлсөнд тооцохгүй бөгөөд хүний амь насыг мөнгөн дүнгээр илэрхийлж төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу буюу “... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан...” эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэр гарах боломжгүй ...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

          Прокурор В.Батдэлгэр бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... яллагдагч Ч.Г- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурорын зүгээс хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэсэн. Улмаар Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх талаар эрүүгийн хариуцлага оногдуулах саналыг танилцуулахад, зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн болно. Гэвч шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй.”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэсэн заалтуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр прокурорт буцааж буй нь шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх зарчмыг алдагдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/53 дугаартай захирамжийн үндэслэлийг хянуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.”  гэв.

          Ч.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас яллагдагч Ч.Г-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, тус гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “... прокурор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан яллагдагчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй ... шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэр гарах боломжгүй ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргахаар хуульчилсан ба прокурор үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх журамтай.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагч Ч.Г-аас “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигтай холбоотой төлбөрийг төлж, хохирогч гомдол, саналгүй болсон ...” хэмээн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг “... 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ... ” гэсэн саналыг шүүхэд гаргахдаа хуульд заасан журмыг зөрчжээ.

          Учир нь, прокурор яллагдагч Ч.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “... хорих ял оногдуулахгүйгээр тэсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн журмын дагуу шүүхэд санал гаргах байтал мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтласан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

          Өөрөөр хэлбэл шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шийдвэр гаргах эрх хэмжээтэй байхаар хуульчилсан байхад прокурор нь тус журмыг зөрчсөн байх тул прокурорын “... шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх зарчмыг алдагдуулж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/31 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Батдэлгэрийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН