Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 02027

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02795 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 95 334 ам.доллар буюу 265 791 192 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц

Хариуцагчийн өмгөөлөгч А.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь “О” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №06/04, №06/07 гэрээ, мөн оны 8 дугаар сарын 02-ны өдөр №8/01 худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж автомашин техникүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Гэрээнд зааснаар төлбөрөө төлсний дараа машин болон техникийн бичиг баримтыг шилжүүлэхээр тохирсон. Эдгээр худалдах, худалдан авах гэрээнд зааснаар “О” ХХК 2013 оны 6 сарын 15-ны №06/04 гэрээгээр авсан 3 ширхэг автомашины нийт үнэ 136 000 ам.доллароос 70 800 ам.долларыг 2013 оны 6 дугаар сарын 15-ны, үлдэгдэл 65 200 ам.долларыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өгөхөөр, харин №06/07 тоот гэрээгээр авсан 1 ширхэг техникийн 82 000 ам.долларын 40 000 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр 6 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 42 000 ам.долларыг 2013 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцсон. Мөн №8/01 тоот гэрээгээр авсан 2 ширхэг техникийн нийт үнэ 180 500 ам.долларын 50 000 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 30 500 ам.долларыг, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50 000 ам.долларыг, 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 50 000 ам.долларыг тус тус төлж барагдуулна гэж тохиролцсон. Гурван гэрээний үнийн дүн 398 500 ам.доллар бөгөөд хариуцагч 354 364 ам.доллар төлж 44 136 ам.долларыг төлөөгүй. Ханшийн зөрүүгийн 19 420 ам.доллар болж байна. Төлбөр тооцоог дуусгах талаар харилцан тооцоо нийлж баталгаа үйлдэж хариуцагч төлбөрөө дуусгана гэж зөвшөөрч байсан. Хариуцагчаас төлбөрт ирүүлсэн төгрөгийг манай дансанд орж ирсэн өдрийн Монгол банкны ханшаар бодож тооцсон болно. Гэрээ ёсоор 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар буюу 2310 хоногоор тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү гарсан тул хуулийн дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар тооцсон болно. Иймд гурван гэрээний үлдэгдэл 63 556 ам.доллар, алданги 31 778 ам.доллар нийт 95 334 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн 2 788 төгрөгөөр тооцож нийт 265 791 192 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-тай гэрээний төлбөр тооцоотой холбогдуулан удаа дараа тооцоо нийлж байсан ба гэрээний үлдэгдэл төлбөрийг 44 135 ам.доллар байхаар харилцан тооцож баталгаажуулсан. “О” ХХК нь “Б” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 15, 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд дараах гэрээг байгуулсан юм. Үүнд: Худалдах, худалдан авах гэрээ 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 136 000 ам.долларын гэрээний төлбөрөөс 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 58 948 000 төгрөг буюу 41 131 ам.доллар төлсөн. 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 180 500 ам.долларын төлбөрөөс 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 30 620 000 төгрөг буюу 20 318.51 ам.доллар, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 45 630 000 төгрөг буюу 30 278.7 ам.доллар, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 50 000 000 төгрөг буюу 33 178.50 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 80 000 000 төгрөг буюу 53 085.6 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөг буюу 13 271.4 ам.доллар төлсөн. 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнэд 82 000 ам.доллароос 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 55 000 000 төгрөг буюу 38 376.47 ам.доллар төлсөн. Өөрөөр хэлбэл, “О” ХХК нь “Б” ХХК-тай худалдах, худалдан авах тухай 3 гэрээг байгуулсан ба тус гэрээнүүдийн дагуу 6 ширхэг техник худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээний нийт төлбөрт 354 364 ам.долларын төлбөрийг төлсөн.

Харин “Б” ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №6/07 гэрээнд заасан PY160G автогрейдерийн төлбөрт 44 135.62 ам.долларын төлбөрийг төлөөгүй байгаа ба дээрх төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно. Учир нь “Б” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №6/07 гэрээгээр PY160G автогрейдерийг 82 000 ам.доллароор манай байгууллагад худалдсан бөгөөд худалдан авагчийн зүгээс гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 55 000 000 төгрөг буюу 38 376.47 ам.долларын төлбөрийг төлсөн. Гэтэл “Б” ХХК нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгө /PY160G автогрейдер/-ийг “О” ХХК-д худалдсан байсан ба өнөөдрийг хүртэл тухайн эд хөрөнгийн эрхийн зөрчил арилаагүй байгаа болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2013 оны №6/07 гэрээнд заасны дагуу худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй атал энэхүү үүргээ зөрчиж, эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг манай байгууллагад шилжүүлсэн тул бидний зүгээс тус гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болно. Манай байгууллагын зүгээс худалдагч “Б” ХХК-д хандаж 2013 оны №6/07 гэрээнд заасан эд хөрөнгийн эрхийн зөрчлийг арилгуулах талаар удаа дараа хандаж байсан боловч эд хөрөнгийн зөрчлийг арилгаагүй тул бидний зүгээс үлдэгдэл төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд “ОДНД” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-аас 184 572 570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 81 218 622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 486 906 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч “О” ХХК-аас 1 080 812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Золжаргал өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, улмаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг хангаагүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх үндсэн эрхийг зөрчсөн. Өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 15091 дугаар захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхийг дээрх тайлбараар няцаасны улмаас хариуцагч байгууллага хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй оролцох боломжгүй нөхцөл байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас тухайн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн захирал, түүний өмгөөлөгч оролцсон. Гэтэл хариуцагч талд итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Золжаргал оролцсон нь тэгш бус байдлыг бий болгосон. Өмгөөлүүлэх эрхтэй холбоотойгоор нэг талыг баримталж, уг хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэхэд эргэлзээ бүхий үндэслэл тогтоогдсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг хэлэлцээгүй орхисон. Өөрөөр хэлбэл, энэ хүсэлтийг шийдвэрлэхгүй гэх байдлаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хэрэгт шүүх хуралдааны видео бичлэгийг хавсаргаж, гомдолд холбогдох тайлбар гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу татгалзан гаргах хүсэлтийг татгалзан гарах нөхцөл байдал тогтоогдсон үед шүүх хуралдааны аль ч үе шатанд гаргах эрхтэй. Гэтэл энэ эрхийг эдлүүлээгүй. Ерөнхий шүүгчээс татгалзсан тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэж, тогтоол гаргана гэх заалтыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар Ш.Жамцыг томилсон. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүссэн. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Ш.Жамцыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч компани нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай буюу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани юм. Хувьцаа эзэмшигч болон өмнөх гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хэргийн оролцогч гадаад улсын иргэн байвал өөрийн эх хэл буюу мэддэг хэл бичгээр нотлох баримт гаргах, тайлбар өгөх талаар хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Монгол хэлээр явагдахыг заасан. Ш.Жамцыг томилж байгаа хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн нь Монгол хэл мэддэг эсэх нь тодорхойгүй. Гомдол гаргасны дараа нэхэмжлэгч талаас гаргасан баримтыг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлэхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэнтэй байгуулсан гэрээний огноо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу нэхэмжлэл гаргахаас 5 сарын өмнө байгуулсан. Өмгөөлөгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт эсхүл гэрээгээр оролцох бөгөөд гэрээ байгуулснаас хойш 5 сарын дараа өмгөөлөгч оролцсон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэний хүсэлтээр хэн байгуулсан, хэний гарын үсэг болох нь тодорхойгүй. Маргааны үйл баримтын тухайд талууд 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 06/04, 6/07 тоот хоёр гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулах үед 1 ам.долларын ханш 1 433 төгрөг байсан. 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 8/01 тоот гэрээ байгуулах үед 1 ам.долларын ханш 1507 төгрөг байсан. Талууд ам.доллароор гэрээ байгуулсан боловч төлбөрийг гэрээ байгуулагдах үеийн ханшаар төлөхөөр тохиролцсон нь гэрээний 3.3-т гэрээний үйлчлэх хугацаанд үнэ өөрчлөгдөхгүй гэж заасан. Үүнтэй холбоотой төлөлт хийгдэж талууд 2018 оны 4 дүгээр сар, 2019 оны 3 дугаар сард нийт 2 удаа тооцооны үлдэгдлийн баталгаа хийж, тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийг 44 135 ам.доллар гэж гаргасан. Хариуцагчаас төлсөн төгрөгөөр гүйцэтгэсэн үнийн дүн нь гэрээ байгуулах үеийн ханш буюу 1433 болон 1507 төгрөгөөр тооцоход 44 135 ам.доллар болно. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар ам.долларыг төлнө гэсэн бол талууд 44 135 ам.долларт биш, 63 000 ам.долларт тооцоо нийлэх боломжтой байсан. Гэтэл 44 135 ам.долларт тооцоо нийлж байгаа нь талуудын хооронд гэрээ байгуулах үеийн ам.долларын ханшаар тооцох тохиролцоо байсныг нотолж байна. Гэвч шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. 44 135 ам.долларын төлбөрийн үлдэгдэл нь зөвхөн 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний PY160G автогрейдерийн төлбөртэй холбоотой төлбөрийн үлдэгдэл байдаг. 44 135 ам.долларыг 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1 ам.долларын 1 433 төгрөгийн ханшаар тооцоход 63 245 455 төгрөг болно. Шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг буруу тайлбарлан нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 123 048 380 төгрөг гаргуулж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийг 59 802 925 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн. Энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй байсан тухайд 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/07 тоот 82 000 ам.долларын төлбөртэй гэрээгээр PY160G автогрейдерийг худалдан авсан. 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс тухайн тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг хязгаарласнаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж, эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг хариуцагчид худалдсан. Гэтэл энэ гэрээний дагуу төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах ёстой байсан. Төлбөр барагдуулж дуусахаас өмнө эд хөрөнгө эрхийн зөрчилтэй, хориг тавигдсан байсныг нотолж байна. Тээврийн хэрэгслийн хориг 7 жилийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цуцлагдсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч үүргээ зөрчсөн. Хэрэв хориг цуцлагдсан бол хориг цуцлагдсан төлбөр төл гэх асуудал яригдах ёстой. Гэтэл хориг цуцлагдсан гэдгээ хэлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хориг цуцлагдсан талаар баримт гаргаж, төлбөр нэхэмжилж, шүүх хариуцагч тал гэрээний үүрэг зөрчсөн гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Гурван гэрээний үүргийн төлбөр шаардаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал үлдэгдэл 2 гэрээнд заасан 5 техникийн 2 техникийн нэрийг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Шүүх гурван гэрээний харилцааг дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх алдангийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 222.2.3-т заасны дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй. Нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн, эрхийн зөрчилтэй байгаа учраас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан учраас алданги төлөх шаардлагагүй. Талууд тооцооны үлдэгдлийн баталгаанд алдангийн талаар дурдаагүй, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг тооцож, өмнөх харилцааг хаасан учраас алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй. Маргаан бүхий гурван гэрээг “Б” ХХК-ийн захирал Ш.Жамц байгуулсан гэж бичигдэн гарын үсэг зурагдсан. 2011 оноос 2020 оныг хүртэл нэхэмжлэгч компанийн захирал БНХАУ-ын иргэн байсан. Гэтэл 2013 онд Ш.Жамц нь нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхтэй мэтээр гурван гэрээнд гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Нэгэнт гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлэж байгаа учраас гэрээний хүчин төгөлдөр бус байдлыг шүүх шалгах ёстой боловч шалгаагүй. Хүчин төгөлдөр бус буюу эрхгүй этгээдийн хийсэн хэлцлийн үндсэн дээр төлбөр гаргуулах хууль зүйн боломжгүй. Давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 63 556 ам.доллар, алданги 31 778 ам.доллар, нийт 95 334 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханш 2 788 төгрөгөөр тооцож 265 791 192 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Б” ХХК нь “О” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 06/04 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч “Б” ХХК нь Норд бенз 2529 шинэ загварын 2 ширхэг автомашиныг, 15 тн түлшний 1 ширхэг автомашиныг худалдан авагч “О” ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь Норд бенз 2529 шинэ загварын 2 ширхэг автомашины нэг бүрийн үнэ 55 000 ам.доллар, түлшний автомашины үнэ 26 000 ам.доллар, нийт 136 000 ам.долларыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөхөөр бичгээр тохиролцсон байна. /хх-8-10/

Талууд 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/07 дугаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь РҮ160G маркийн автогрейдерийг /цаашид техник гэх/ худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч уг техникийн үнэ 82 000 ам.долларыг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. /хх11-13/

Түүнчлэн 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 8/01 дугаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь СSС5253 маркийн цистрен усны машин, SE240 маркийн экскаваторыг нийлүүлэх, худалдан авагч нь усны машины үнэ 45 500 ам.доллар, экскаваторын үнэ 135 000 ам.долларыг төлөхөөр тохиролцсон байна. /хх-14-16/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Талууд дээрх гэрээний төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж худалдан авагч “О” ХХК нь 44 135.62 ам.долларыг худалдагч буюу “Б” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар баталгаажуулсан боловч худалдан авагч “О” ХХК нь төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх19-20/

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 44 135.62 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үе буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн валютын ханш 1 ам.доллар 2 788 төгрөгөөр тооцож 123 050 108 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-аас шаардах эрхтэй буюу худалдан авсан зүйлийн үнийн талаар шаардлага гаргасан нь хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үеийн ханш гэж тухайн гэрээний үнийг буцаан төлөх үеийн ханшаар тооцож үүрэг гүйцэтгэхийг ойлгох тул үүрэг гүйцэтгэгч “ОДНД” ХХК-ийн 44 135 ам.долларыг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож төлнө гэх гомдол үндэслэлгүй. Шүүх гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах өдрийг ханшаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцжээ.

“Б” ХХК болон “О” ХХК 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бичгийн баримт үйлдэж 44 135 ам.долларыг “Б” ХХК-д төлөхөөр тооцооны үлдэгдлээ баталгаажуулсан ба үлдэгдэл 19 477 ам.долларыг захирал н.Дэлгэрсайхан “Б” ХХК-ийн захирал Lin Dequgnd-д төлж барагдуулна гэж тохиролцсон. /хх18/

Талууд 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/04 тоот худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6/07 тоот худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 8/01 тоот худалдах худалдан авах гэрээ тус бүрийн 8 дугаар зүйлийн 8.2-т “худалдан авагч тал нь төлбөр төлөх хугацааг хэрүүлбэл хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.3 хуваар алданги тооцож, худалдагч талд төлнө” гэж заасан нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн хэмжээгээр алданги төлөхөөр заасан байхад талуудын гэрээнд алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцохоор тохиролцсон хуульд нийцээгүй, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т зааснаар иргэний эрх зүйн харилцаа нь агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс үүсэх тул нэхэмжлэгч “Б” ХХК нь дээрх гэрээний үүрэгт алданги 31 788 ам.доллар буюу 88 597 064 төгрөгийг хариуцагч “О” ХХК-аас шаардах эрхгүй болно. /хх-10, 13, 16/

Иймд хариуцагч “О” ХХК-аас 44 135.62 ам.доллар буюу 123 050 108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас алданги 31 788 ам.доллар буюу 88 597 064 төгрөг, 19 420 ам.доллар буюу 54 142 960 төгрөг, нийт 142 740 024 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн гаргасан өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэд өмгөөлөгч өвчтэй, амралттай гэх боловч энэ талаарх баримтыг гаргаагүй, хүсэлтээ нотлоогүй байх тул өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулжээ. Шүүх хуралдааны үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах эсэх талаар зохигчоос асуухад татгалзахгүй гэж хариулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт хангаагүй нь шүүгчийг татгалзах үндэслэл болохгүй. Иймд шүүгчээс татгалзан гаргах эрх олгоогүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/02795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-аас 123 050 108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас нийт 142 740 024 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”гэж,

2 дахь заалтын “...1 080 812 төгрөг” гэснийг “...773 192 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 080 813 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

                                                           ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА