| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/00234 |
| Огноо | 2016-02-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00234
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би ***** нэхэмжлэлтэй, ******д холбогдох
УАЗ фургон машины үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* нь 2014 оны 01 дүгээр сард миний эзэмшилд байсан ********* улсын дугаартай цэнхэр өнгийн УАЗ фургон маркийн автомашиныг 6.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Бэлнээр 4.500.000 төгрөгийг өгч үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төлөхөөр авсан боловч өдийг хүртэл төлөөгүй намайг хохироож байна.
Иймд ******* 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ********* нь *********гээс фургон машин худалдан авсан үлдэгдэл 2.000.000 төгрөгийг төлөх нь үнэн гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********гээс УАЗ фургон машины үнэ 2.000.000 /хоёр сая / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ********* нь ....2.000.000 төгрөгийг төлөх нь үнэн .... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *********гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********ас 23.475 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 23.475 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *********д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч *********гийн нэхэмжлэлийн шаардлага 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хариуцагч ********* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *********гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********ас 23.475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 23.475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ